Мазаалай бонд буюу Чингис бондын хойд дүр айсуй

Олон улсын санхүү, бизнес шинжилгээний Financial Times сувгаар Монгол улс гуравхан жилийн дараа дахин олон улсын бондын зах зээлд бонд гаргаж, хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрийн ширээнд суух болсон тухай мэдээлжээ.  Уг сувгийн мэдээлж байгаагаар энэ долоо хоногт хэд хэдэн барууны банкнуудыг оролцуулсан хөрөнгө оруулалтын гэрээ явагдах төлөвтэй байна.

Мөн АНУ бодлогын хүүгээ өсгөж, түүхий эдийн үнэ унаж, Хятадын өсөлт удааширсан нь шинэ тутам зах зээлүүдэд чиглэсэн бондын хүү, хөрөнгө оруулалтын үнэ нэг жилийн дотор огцом нэмэгдэхэд хүргэсэн гэж дурдсан байв.

Монгол улсын хувьд Чингис бондыг Испанийн хүүгээс ч доогуур өртгөөр босгож байсан ч дөнгөж өнгөрсөн 5 сард л 4,5 хувь байсан бондын хүү 8,64 хувь хүртэл өсөж ирснийг доорх графикт харуулж байна.

 

Энэ удаагийн бондын хүү хэд вэ? Үнийн дүн хэд вэ? Хаанах гаргаж байгаа вэ? Хөгжлийн банк уу? Арилжааны банк уу?  Одоохондоо нээлттэй олон асуулт байна, зарим таамаглал хийж үзье.

Хөгжлийн банкны хувьд гүйцэтгэх захирал Н.Мөнхбат бондын өр тавьснаар бий болох хөгжил, бондын өрийн төсвийн бодлого, төгрөгийн ханшид үзүүлэх ачаалал гэх мэтэд ач холбогдол өгөхөөс илүү хөрөнгийн зах зээл дээр амжилттай тоглох тухай цэвэр санхүүгийн операц талаас харсан илтгэл тавьж байсан удаатай. Манай улсын өрийн статистикийг 2015 оны гуравдугаар улирлын байдлаар нэгтгэснийг эндээс харж болно.  Ийм байдалтай байхад бондын дахин зохион байгуулалт биш ямар нэг урсгал хэрэглээнд зориулж бонд хэвлэж байгаа бол ёстой харин ямар бандийн юм бэ гэдэг нь тэр байх. Энэ жил шинэ бонд гаргах магадлал ба эрсдэлийн талаар энд мөн таамаглаж байсан.  Өнгөрсөн 5 сард Засгийн газар 1 тэрбум ам.долларын гадаад бонд арилжих эрх Сангийн сайд Ж.Эрдэнэбатад өгсөн байдаг(энд). Тэр нь биеллээ олж байж магадгүй. Хэрвээ тийм бол хямд хүүтэй зээлээ өндөр хүүтэй зээл авч дарах араандаа оржээ. 1 тэрбумыг авч байгаа бол бүгд Чингис бондын төлбөрт зарах хугацаа болоогүй, тэгэхээр 5 сард баталсан ёсоор төсвийн ачааллыг жигдлэх буюу төсвийн алдагдлаа нөхөхөд зарах нь. 

Арилжааны банкнуудын аль нэг нь авч байгаа бол эдийн засгийн хундаам үзүүлэлтүүд болон банкны үзүүлэлтүүд муудаж байгаа ийм нөхцөлд Засгийн газрын баталгаа гаргуулж авч байх магадлалтай.  Засгийн газрын баталгаа манай гадаад өр мөн нь мөн. Гэхдээ  хувийн байгууллага ЗГ үнэт цаас эзэмшиж байгаа бол  тэр дүнтэй нь дүйцэх хэмжээний баталгааг улсаас гаргах, уг баталгааг өрийн таазад оруулахгүй байх хуулийн зохицуулалт хийгдсэнийг өмнө нь хэдэн нийтлэлд хөндсөн.

Өөрөөр хэлбэл Засгийн газар үнэт цаас хэвлэж өр тавина, тэрийг нь худалдаж аваад байх тусам дахиад нэг нугалж гадаад өр тавих боломж үүсээд байна гэсэн үг. Икс банк 500 сая долларын Засгийн газрын үнэт цаас эзэмшдэг бол 500 сая доллар гаднаас зээлэхдээ төрөөс баталгаа гаргуулж болно. Төлж чадахгүйдээ тулж хөрөнгө оруулагчид төрөөс мөнгөө нэхвэл Засгийн газар дотоодын үнэт цаас хэвлэж Икс банкинд худалдах замаар зээлсэн мөнгөө өнөө хөрөнгө оруулагчдад нь өгөх юм байх. Өгөх юм байхгүй л дээ, яг нэхээд ирвэл.  Өнгөрсөн 5 дугаар сард Худалдаа Хөгжлийн банк яг ийм бонд гаргасан. Хуулийхаа дагуу улсын баталгаатай бол улсын хөгжлийн хөтөлбөрийн дагуу зарах, өөрөөр хэлбэл Чингис бондын хойд дүрийн үүрэг гүйцэтгэх ёстой ч эх сурвалжаас тодруулахаар хувийн бонд гэж сөргөдөг нэг хачин үзэгдэл байдаг.  

2015 онд Засгийн газар баруун солгойгүй үнэт цаас хэвлэж, тэрийг нь банкнууд нь баруун солгойгүй худалдаж авсан тул баталгаа гаргуулаад зээл авах боломж үүсэх нь үүссэн байх ёстой. Арилжааны банк бие даагаад улсын баталгаагүй авч байх хувилбар байгаа ч тэртэй тэргүй хөгжиж байгаа зах зээлд бондын өртөг өндөр, зээлжих зэрэглэл доогуур, 2015 онд банкны салбарын хамаг үзүүлэлт уруудсан, дээр нь баталгаа гаргуулаад арай хямд хүүтэй босгох боломж байхад, баруун солгойгүй авсан ЗГ-ын үнэт цаасныхаа хэргийг гаргаж, тэр механизмаа ашигласан л болов уу.

Хөрөнгө оруулагчдад Оюутолгойн далд уурхайн төсөлд гарсан ахиц эергээр нөлөөлж байх магадлалтай ч өмнөх бондын улстөрөөс ангид зарцуулалт, эрүүл хяналт зэрэг асуудал, эдийн засгийн байдлаас болоод энэ удаа нэлээн хүү өндөртэй бонд босож байгаа сураг байна.  Мөн Мазаалай гэж нэр хүртэж байгаа сурагтай.

Бонд босгоход хамгийн тохиромжгүй есөн шидийн нөхцөл бүрдсэн цаг дор ийнхүү он гарав уу үгүй юу шинэ бонд мэндлэх нь. Малчдын, ипотекийн гээд элдэв хямд хүү амлаж эхэлсэн жил өндөр өртөгтэй бонд ч нэмж авчирч байна.  Бидний хувьд хэчнээн хүүгийн зөрөөтэй ч аль болох том өрөө хааж, юу ч юм бэ гарамгай сэтгэж гаргадаг популист бодлого, үрэлгэн төсвийн урсгал зардалдаа зарчилгүй дуусаасай гэж залбирах л үлдлээ. Говийн ховор амьтан, Монголын санхүү хоёр устаж, дампууралгүй шиг эргээд сэхэх сайн цаг ирэх болтугай.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4865

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%