Цагаан сар цуврал: Сар шинийн идээ шүүс

Тавгийн идээний гол сүнс нь ул боов юм. Таваг засахдаа идээнийхээ боовыг 3,5,7,9 гэх мэтээр сондгой үеэр жаргал, зовлонг ээлжилж жаргалаар эхлээд жаргалаар дуусгахаар тохируулж өрдөг заншилтай. Есөөс дээш үеэр идээ өрөхгүй учир нь монголчууд есөн үеэр овог, удмаа тооцон үүний дараа яс хагалах ёс үйлдэж цус холилдох зүйлгүй болдог хэмээн үздэг. Гурван үе идээг залуу гэр бүл хориос гучин насны, таван үеийг гучаас тавин насны гэх мэтээр үеийн тоо нь өсч явсаар далаас дээш настан есөн үе идээ тавих учиртай хэмээн хөгшчүүд сургадаг. Иймээс айл болгон заавал есөн үе боов өрөх шаардлагагүй гэсэн үг. Дээр нь цагаан идээ, еэвэн, ёотон, чихэр зэргээр чимдэг. Цагаалга хэмээн цагаан будаа агшааж бэлдэнэ. Үүнээс гадна цагаан сараар хүүхдэд өгөх самнай, жижиг дугуй боов хийдэг.

Гол идээний нэг бол хонины ууц юм. Ууц гэж ер нь юу юм бэ, заавал түүнийг айл бүр тавих ёстой юу гэдэг асуудал өнөөдөр гарч байна. Ууц гэж хонины нуруу бүхлээрээ сээрээс хойш ахар сүүл хүртлэх хэсгийг хэлнэ. Ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр хавирга, шагайт чөмөг дагуулж болно. Дөрвөн өндрөө зочныхоо баруун гар талд байхаар, сээрийн нарийн үзүүр, шаантыг борви, далны маяа, хавирганы дотор талыг ууцныхаа харцага тал руу нааж, харцгыг зочны зүг харуулж тавьдаг. Монголчууд зөвхөн халуун хошуут хонин сүргийнхээ дундаас хүч тарга сайтайг нь сонгож ууц тавьдаг. Эртнээс уламжилж ирсэн монгол зон олны гүн хүндэтгэлийн энэ идээ шүүсийг голдуу төрийн хүндэтгэл, шашны баяр болон олон нийтийг хамарсан хурим найр, том хэмжээний баяр наадам, ёслолын үед л хэрэглэдэг байлаа. Ууцны оронд үхрийн өвчүү чанавал өехий дор дал, дөрвөн өндөр хавирга, шаант богтос зэргийг тавьж болно.
Малтай айл бол ууц тавихад нэг их хүндрэл гарахгүй байхаа, хотынхонд бол ямар нэг гэр бүлийн баяр, насны ой, хурим зэрэг онцгой тэмдэглэлт үйл явдал давхцсан үед л тавихаас бусад үед бол гар доорхи идээгээр цагаан сарыг тэмдэглэх нь зохистой. Иймээс ууц тавих гэж улайран хөөцөлдөх шаардлагагүй, дур боломжтой нь тавиг, бусад нь гарын дор байгаагаараа л тэмдэглэцгээе.
Өнөөдрийн нийгмийн гол давхрага болсон жирийн иргэдэд маань өндөр үнэтэй ууц тавих боломж хомс тэгээд ч орчин цагийн хүмүүсийн хандлага, ахуйн нөхцөл байдлаас шалтгаалан энэ бүхнийг өөрчлөх шаардлага зайлшгүй урган гарч байгаа юм. Өнөөгийн даяаршиж буй ертөнц, эрчимтэй хөгжлийн явцад бид цэвэр нүүдэлчин амьдралаар явах боломжгүй тул өөртөө хэрэгтэйг нь авч, хөгжлийн явцаас хоцролгүй амьдрах чадвараа дээшлүүлэн, язгуур соёлоо баяжуулж байх шаардлагатай болжээ.
Иймээс айл бүр өнөөгийн амьдралд хэрэгжүүлэх боломжгүйн дээр агуулга, хэрэглээгээрээ шаардлага хангахгүй болсон зарим зүйлээс татгалзах нь зүйн хэрэг юм.

 

Ёс заншил, агуулга

Хуучин цагт шинийн нэгний өглөө эртлэн гарын алганы хээ харагдах үеэр баримжаалан босдог байв. Өнөөгийнхөөр бол үүр хаяарч эхлэх 6.50 -7.00 цагийн үе юм уу даа. Өглөө 8 цаг гэхэд нар мандана. Битүүний энэ орой лам нар шөнөжин Цэдэрлхам хурж энэ бурхны тахилгыг дуусгаж хоноод өглөө нь Очирдарь бурхандаа мөргөж ерөөл тавьж өлзий хутаг оршооно.
Балданлхам бурхан орчлон дэлхийг тойрон явсаар газарт бууж ирдэг хэмээн энэ өглөө түүнд зориулан Цэдэрлхам хурж хоносон лам нар золгоцгоож залгуулаад сүсэгтэн мөргөлчин олон ирж оролцдог уламжлалтай. Зурхайч нар ирж буй жилийн өнгө төрхийг тодорхойлж, шинийн гуравнаас эхлэн цагаан сарын их ерөөл, шинийн арван дөрвөнд хамгийн том хурал болж энэ үеэр монголчууд өргөнөөр ирж бурхан болоочдынхоо хойноос буяны ерөөл, хурал ном хуруулж энэ жилийнхээ заслыг хийлгэдэг заншилтай. Шинийн эхний арван тав хоног бол бурхан багшийн их дүйцэн өдөр агаад ид хувилгаан үзүүлж хийсэн буян аривжих тул хүмүүс өргөнөөр сүм хийдэд ирж мөргөл үйлддэг билээ. Нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёр суудал нийлсэн байж болзошгүй тул салгуулах дом хэмээн өмнөх битүүний орой мөлжиж орхисон хонины толгойн эрүүг нь хамтдаа зааж салгадаг домтой. Шинийн нэгний өглөө хувхай хоосон хэмээх модон хохимой өдөр тул түүнийг элбэг дэлбэг болгохын тулд идээ цагаа, сэтгэл санааны ариунаар их бэлэг дэмбэрэлтэй өдөр болгодог нь жилийн явцад ийм өдөр тохиосон ч түүний хорлолд өртөхгүй байх учиртай юм.
Монголчууд мандаж буй нар, тэргэлж буй сар, дэлгэрч буй цэцэг, ирж буй шувуудыг харах нь хийморлог зүйл хэмээн үздэг. Шинийн нэгний өглөө ургах нартай уралдан эрчүүд ойролцоох уулын орой дахь овоонд сүүтэй цай, цагаан идээнийхээ дээжийг тэнгэр, хангайдаа өргөж, хийморийн зүг гарч хишгийн зүгээс ирнэ. Өндөрлөг газрыг тэнгэр газрын зааг хэмээн үзэж хоёр гараа дээш өргөн хурайлж тэнгэр хангайдаа хурайлан залбирдаг хуучны нэгэн дууг:

Цагаан сарын шинийн нэгэндээ
Цагаан идээгээрээ гэрээ дүүргээд
Цагаан эсгийгээ гаднаа дэвсээд
Тэнгэр бурхандаа мөргөмүү...

хэмээн дуулж иржээ. Эрт дээр цагаас эцэг хан тэнгэр, эх хатан дэлхий хэмээн биширч ирсэн монголчууд бидний хувьд овоо бол дээд хан тэнгэрт ойртох өндөрлөг гэсэн утгатай. Овоонд гарна гэдэг нь тэнгэр бурхандаа улам ойртох өндөрлөг газар, уулын оройгоос шүтэх боломжийг илүү бүрдүүлж буйн нэг илрэл агаад монгол хүний ирээдүйн зам мөр, хагацал, учрал, гүн итгэл агуулагдсан дотоод сэтгэхүйн орон зай дахь сүсэг бишрэлийн нэг оргил юм. Энэ өглөө монголчууд наран гарах зүгт нарыг тойрон эргэлдэх газар дэлхийтэйгээ хамт тэмүүлэн ургахын улаан нарнаар тэнгэр бурхандаа залбирч хурайлдаг заншилтай бөлгөө. Ингэж монголчууд эрт дээр үеэс сар шинийг дорноос ургах өглөөний улаан нарнаар угтан бүх хүн амьтан нэг нас нэмж өвлийг өнөтөй даван урин дулаан хаврын тэргүүн барс сартай золгодог нь европ болон баруун зүгийн шинэ жилээс эрс ялгаатай юм. 

Их хүрээний монголчууд Богд уулын ар хормой дахь Эрдэнийн овоо хэмээх намхан довцог болон Тасганы овоонд сар шинийг угтан гарсаар ирсэн уламжлал, заншлаа өнөөг хүртэл хадгалсаар иржээ. Миний багад шинийн нэгний өглөө манай Бургалтай нутгийнхны гарч заншсан уул бол Эрдэнэтолгой гэж намавтар толгой байв. Энэ уулын орой дээр морьтой, явган яаж ч гарахад хялбар, настай буурлууд морин тэрэгтэйгээ хүрчихдэг юм. Аав маань намайг дагуулж гараад л гэр бүлийнхнийхээ мөр зүгийг гаргадаг байж.
Иймээс хүмүүс овоог сонгохдоо гэрт ойр, нар харагдах, гарахад амар байдлыг харгалзах ба алс хол тэртээд өндөр оргилд барагтай л бол гардаггүй байж. Хийморийн зүг гарч, буян хишгийн зүгээс ирж, гэрийн эзэн бусдыгаа төлөөлөн мөрөө гаргаад гэртээ буудаг ёс ч бий. Шинийн нэгний өглөөний наран мандахыг харах нь зөн бэлгэдэл, мөрөөдлийн совин агуулах агаад хүний сэтгэлд ямагт нэгийг бодогдуулдаг эрхэм зүйл байдаг. Хэдийгээр би аав ээжтэйгээ байх тэр жаргалтай үед бага балчир байсан ч тэр өглөөг урьд өдрүүдээс нь эхлэн онцгой өндөр сэтгэгдэлтэйгээр хүсэн хүлээж байсан нь өнөөг хүртэл санаанаас минь ер гардаггүй юм. Ингэж надад энэ заншил уламжлан үлдсэнийг дагаж сүсэглэн явсаар өдгөө үр хүүхдүүддээ, ач зээ нартаа үлдээхийг хичээж байна. Хот суурин газрын хүмүүст ийм боломж ховорч хүүхэд багачуудаа заавал сар шинийн биш ч гэсэн өглөөний наран мандахыг, арван тавны болон шинийн сар гарах, хаврын шувууд ирж, цэцэг навч дэлгэрэхийг нэг ч удаа атугай харуулж эх байгалийн бусад уран үзэгдлүүдийг тайлбарлаж сонирхуулж мэдрүүлэхийг хичээгээрэй. Нүдээр үзэж биеэр мэдэрсэн зүйлийг хүүхэд амьдралдаа мартахгүй эх байгалийн үзэсгэлэн, уран сайхныг шүтэж хайрладаг болно.
Овооноос бууж гэртээ ирээд бурхандаа залбирч, үр хүүхэд нь эцэг эхдээ, дүү нь ахдаа золгосны дараа өөрсдийн садан төрлийн настангуудад, дараа нь айл саахалтаар өргөн золголт болж сар шинэд сайн орсныг тэмдэглэнэ. Сар шинэд нэг гэрийн эр эм хоёр золгодоггүй учир бол тэндий бие сэтгэл нэг хэмээн үздэгт оршино. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд хоорондоо золговол хүүхдийн хүйс солигдоно хэмээн цээрлэдэг байжээ. Нас сацуу хүмүүс хоорондоо гар зөрүүлэн золгох ба хэрэв хэн нэг нь түрүүлж гэрлэсэн бол нөгөөх нь түүнд хүндэтгэл үзүүлж тохойг нь түшиж золгодог ёс бий. Энэ өдрүүдэд нэг гэрийн эр эм хоёр ам зөрөхийг муу ёр хэмээн цээрлэдэг.
Хөөрөг зөрүүлэх нь угаас зөвхөн монголчуудын нэгэн өвөрмөгц заншил, зөрүүлсэн хүнд итгэл хүндэтгэл үзүүлж, цаашид сайн харилцаатай байхын бэлгэдэл буюу хиргүй цагаан, харгүй зөв санаа агуулж буйн баталгаа юм. Хөөргийг нас тогтсон хүмүүс голдуу хэрэглэх ба хэрэв залуу хүмүүст хөөрөг баривал ахмад нь түүнийг эрийн цээнд хүрч буйг нь хүндлэн үзэж буйн илрэл болно. Хөөргийг гардан авч үнэрлээд буцаана.

Энэ үе бол ахмад буурлууд төрөл садантайгаа уулзаж, хүүхэд залуус нь удам угсаа, ураг овгоо хэлцэн мэдэж авах чухал завшаан болдог. Ахмад буурлуудаасаа эхлэн онцгой хүндэтгэл үзүүлж золгохдоо хөгшид өтгөс, өөрсдийн эцэг эх, төрөл садангийн ахмад хүмүүст хадаг барин, задгай нугалаа бүхий ам талыг золгох хүн лүүгээ харуулж дэлгэсэн алган дээр нь эрхий хуруунд тулгаж тавих ба ахмадуудад хадгаа үлдээх ч ёс бий. Хадаг баранзад, нанзад, вандан, соном, даш гээд олон янз, өнгө ба монголчууд ахмад настан болон эцэг эхдээ урт наслахын бэлгэдэл, хүний дүрстэй, цэнхэр Аюуш хадгаар голдуу золгодог. Хадаг авсан хүн онцгойлон нандигнаж эвхээд хүндтэй газар тавина. Хөх хадаг төрөл саданд, цагаан хадаг эх хүнд, шар хадаг сүм хийд лам нарт гэх мэт өнгөөр ялгах ба найман тахилт хадгаар хүндэтгэлийн золголт хийдэг ёс бий. Хуучин цагт энэ өдөр олныг хамарсан үйлс, хөгжөөнт тоглоом, шагай, хорол, шар нохой гүйлгэх, сээр хуга шаах, шагайт чөмгийн шагайг эрхийгээр мулт дарах, унасан морьтойгоо бооцоотой уралдах, адуу шургуулж уургалах зэргээр нааддаг байлаа.
Элдэв сонин хачин үйл явдал, үлгэр, оньсого хэлж, тоглоом наадмаа үргэлжлүүлж энэ оройг бүгдээр цэнгэн өнгөрөөнө. Орчин үед хуучны зарим тоглоом, наадам мартагдсан тул өөрсдийн боломжоор тэдгээрээс сэргээх нь монгол ахуй соёлынхоо өвийг сэргээх буянтай үйл болно.

Хуучны хүмүүжил ба өнөөгийн хандлага

Цагаан сарын үеэр ахмад буурлууд маань хүүхэд залуусдаа сургаал үгээ хүргэх илүү боломжтой болдог. Монголчууд өндөр настан дээдсээ ямагт хүндэтгэн “буурлаас үг сонс” хэмээдэг нь тэдний мэдлэг, амьдралын арвин туршлагаас суралцах тухай юм. Учир нь хүн хэдий урт наслах тутам төдий ихээр сайн мууг үзэн, ухаан нэмж, амьдрал дунд хат суун, арвин туршлага хуримтлуулдаг. Иймээс ахмад үеэ хүндлэн дээдлэх явдал бол монголчуудын нэг онцгой зан чанар бөгөөд нүүдэлчин удамтай бидний хойч үеийн ухамсар, ухаанд шингэж үлдэх учиртай чухал хандлага юм. Тэр арвин их туршлага, мэдээлэлтэй, амьдралын амьд сурах бичгийг өвч биедээ агуулсан настнуудаа бид зөвхөн цагаан сараар ч бус үргэлж хүндэлж, биширч явах ба энэ уламжлал нь үр удамдаа өвлөгдөн очихдоо тэдний цаашид ямар хүн болох зан төлөвийнх нь тодорхой хэсгийг бүрдүүлэх учиртай. Монголчууд эрт дээр цагаас үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх өөрийн гэсэн амьдралын арга ухаантай байсан бөгөөд боловсрол, мэдлэг зөв хүмүүжих хүрээлэн буй орчин түүний ёс заншлыг сурч мэдэхээс эхэлдэг байв. Аливаа осол эндэгдлээс биеэ хамгаалах болон нийгэмд амьдрах чадвар, ёс зүй, зан суртахуун зэргийг ахмад настан нь хойч үедээ заан сургаж байх нь муу бүхнээс эртлэн хамгаалж буй хэрэг юм. Их түймрийн өмнө цурам татах лугаа адил. Ингэж зөв хүмүүжсэн хүүхэд цаашид ямар ч өндөр хөгжил, өөр соёл иргэншил дунд орсон ч багаас нь суулгасан зан заншил, ёс суртахуунаа гээхгүй, хүмүүжилд нь элдэв муу юм холилдохгүй унаган зан төрх нь эвдрэхгүй тул хүнлэг чанараа үл алдах дархлаатай болдог. Ингэж олон зууны явцад монголчуудын ёс зүйн тогтолцоо өвгөөс эцэгт, эцгээс хүүд гэх мэтээр уламжлагдан бий болсон түүхтэй юм. Багаас ингэж олж авсан суурин дээр боловсрол, мэдлэг лавтай суудаг тул түүнийг хир буртаг мэт угаагаад л арилгачихдаг зүйл биш юм. Үүний тул эцэг эхчүүд яах ёстой вэ?
Аав ээж, ахмадууд маань өсвөр үеэ шууд тэг, ингэ гэж тулган сургах буюу залхуу муугаар нь дуудаж зандрахаас илүү өөрсдөө хэлсэндээ хүрч, шинэ соргог сонин зүйл ярьж дэлхий байгалийн элдэв үзэгдлийг тайлбарлаж хүүхдүүдтэй байнга ажиллан, тэдэнд зөв асуулт тавьж, сурч мэдэх эрмэлзлийг хөгжөөснөөр өөрсдөө тэдний дуурайл болохыг хичээх нь чухал. Миний хүү өнөөдөр ямар дүн авав? гэхээс илүү. өнөөдөр шинэ юм юу сурав гэх мэтээр асууж сурсан зүйлд нь урам хайрлаж бай. Яагаад гэвэл хүүхэд дүн авахын төлөө сургуульд явж буй бус, шинэ зүйл сурч мэдэхийн тулд явж буйгаа ойлгох болно. Энэ бол хүүхдүүдээ халамжилж мэдлэг, хөгжил дэвшилд шамдуулж тэдэнд олж авсан мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх чадамж, хүч хөдөлмөрөөр зүг чигээ олж амьдрах итгэл суулгаж буй онцгой чухал зүйл бөгөөд мэдлэг хичнээн байвчиг түүнийгээ боловсруулж амьдралд хэрэгжүүлэх чадамжгүй цаашид амьдралд дэм болох нь үгүй. Эцэг эхчүүд өөрсдөө муу үлгэр үзүүлвээс хүүхдэд дамжих болно. Ингэж ухаант буурлууд маань өсвөр үеэ амьдралд дөрөөлөх дөрөөг нь бөхөлж, гарыг нь ганзганд хүргэснээр тэднээсээ юуны өмнө монгол ёс заншил, жудагтай, ухаалаг хүн гаргаж авч байжээ. Энэ бол эрдэм мэдлэгийн дээр зан заншил, ёс зүй, жудаг, хүмүүжил бүхий зөв хүн бий болгох хуучны философи юм. “Хүний сайн хүүхдээсээ” гэж. Ёс зүй шудрага үйл дээр тогтож, шудрага бус явдал хариуцлага хүлээдэг байх. Зөв хүн болох эхлэл бага наснаас тавигддаг. Иймээс багаас нь зөв хүмүүжил олгоход эцэг эхчүүд маань үлгэр дууриалыг үгээр бус биеэр үзүүлж байх нь нэн чухал гэдгийг давтан сануулъюу.

Хүүхдүүдээ “Чи заавал тийм, ийм хүн болох хэрэгтэй, түүнтэй нөхөрлөж үл болно мэтээр дотоод ертөнцөд хэтэрхий цөмөрч орох нь хүүхэд өөрийн гэсэн байр суурьгүй, өөртөө итгэлгүй болгодог. Ийм хүүхэд найз нөхдөө өөрөө сонгох боломжгүй болж санасан бодсоноо, мөрөөдлөө эцэг эхээсээ нуух, эмээх, амьдралын идэвхгүй болох зэрэг уршиг дагуулдаг. Энэ асуудал бол элдэв муу зуршил, муу сэжиг бүхий хүмүүсээс эцэг эхчүүд хүүхдээ хамгаалж тэднээс тусгаарлах хориглох үндсэн үүргийн тухай бус гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Иймээс гол нь хэтэрхий их зав, чөлөө бүхий назгай байдлаас сэргийлж, тэдэнд байнга найдвар хүлээлгэж, аливааг бие даан давж гарах тэсвэр хатуужилд бэлдэн, зан төлөв, хүнлэг ёс жудаг, шудрага, бүтээлч амьдралын хандлага, нийгмийн харилцаанд хэрхэн оролцох ба эцэг эх, ахмад хүмүүсийг хүндлэх тухайд анхаарах нь зөв гэж бодном. Энэ бүгд “Хайр нь дотроо хал нь гаднаа” хэмээх хуучин үгийн амин сүнс агаад хүмүүжил гэдэг нэг том агуулга дор багтана. Хүнтэй мэндлэх, харьцахаас эхлээд олон нийтийн газар биеэ авч явах, бусад хүмүүст хүндэтгэл үзүүлэх гэх мэт хамгийн энгийн зүйлээс эхлээд төлөвшил, нийгмийн харилцаанд оролцох, амьдралын сонголтоо хэрхэн яаж хийх, цаашид ар гэрээ, үр хүүхдээ хэрхэн өсгөж авч явахад нь хэрэг болдог.

Эдгээр энгийн боловч маш чухал зүйлийг бид анзааралгүй явсаар харамсах үе ч хааяа тохиодог тал бий. Иймээс эцэг эхчүүд тэвчээртэйгээр энэ бүгдийг хойч үедээ уйгагүй зааж сурган дадал хэвшил болгох шаардлагатай. Хүүхдийг зөв ёс суртахуунтай хүмүүжүүлэх нь өнөөгийн хэллэгээр бол түүнд дотоод сэтгэл, хүмүүнлэг ухааны боловсрол олгож буй хэрэг юм. Ингэж бид залуусынхаа ёс суртахуун, хүмүүжлийн үзэл баримтлалыг зөв суулгаж ийм тогтолцоог нийгэмд бий болгосноор ухаалаг, төлөв түвшин иргэдийг нийгэмдээ, ирээдүйдээ бэлдэж өгч байгаа юм шүү дээ. Эндээс ухаалаг иргэн, бидний хүсч мөрөөдөж буй “ухаалаг төр” бүрдэнэ.
Иймээс цагаан сар бол зөвхөн найр наадам бус үе удам, ахан дүүс, садан төрөл, яс үндэстнийг ойртуулж монгол ахуй соёл, ёс заншил, эв нэгдэл, өв уламжлалаа улс орон даяараа сэргээдэг, бид бол монгол үндэстэн гэдгээ бүү март хэмээн үлдээсэн эцэг өвгөдийн маань гэрээсийг тээж яваа үндэсний баяр юм.Энэ бүхэн хоорондоо нарийн сүлбээ, нягт холбоотой салгаж үл болох зүйл. Ингэж явсны ачаар бид эх хэл, соёл, ёс зүй, зан заншлаа хадгалж чадсан үндэстэн юм. Бид үр хүүхдээ бусдаар хүмүүжүүлж өсгөдөггүйн адил МУ-ын иргэд нь гадны орны ёс заншлаар хүмүүжиж түүнд хэт уусах нь үндэсний ёс жудаг, зан заншлаа орхих аюултай. Энэ бүхнийг нуршин ярихын учир бол эх хэл, ёс заншил, соёлоо хойч үе бүрдээ ямагт дамжин залгамжлуулж байх нь үл тасрах холбоос бүхий учигтай гэдгийг онцлох гэснийх юм. Үүнийг умартваас хэл соёл нь, зан заншил нь, ёс жудаг нь байсаар атал тэр дунд хүн нь сууж өхгүй байх нь хаяагүй үзэгдэх болсон өнөө үед бид монгол гэх өнгө төрхөө алдах эрсдэл араасаа дагуулж буйд байгаа юм. Ингэвээс монгол үндэстэн гэх юмгүй болох аюулд хүрнэ.
Эх оронсог үзэлгүй, өөрийн гэсэн үндэсний соёл, ёс заншил, хүмүүжилгүй, мянган хүний дунд нэг жирийн хүн ороход тэр дороо уусч өөрчлөгдөх аюултай байдаг. Мянган гадны иргэдийн дунд орсон нэг монгол хүн мөн л адил уусна. Ийм нийгэм байх нь улс орон гаднаас бус дотроосоо үндэсний аюулгүй байдлаа сульдаах замыг нээж өгдөг. Үүнээс улс үндэстнээ хамгаалах гол арга нь иргэд нь эх оронсог, өөрийн гэсэн хэл, үзэл бодол, өв соёл, хэв заншил, ёс жудагтай тэр нь үр хүүхдүүдэд нь дамжиж бэхжсэн үндэсний үзэл баримтлалтай байх явдал юм. Монгол соёл уламжлал, ёс заншил дээр монгол хүний хэв шинж бүрэлдэх ба үүнээс улс орны маань хэв шинж тогтоно. Хэрэв үүнийг умартваас монгол, монгол биш болно.
Хэдхэн үгийн солион дээр тэр хүн, ямар шүү хүн бэ гэдгийг ахмад буурлууд маань баримжаалж чаддаг. Иймээс биеэ зөв авч, хүмүүстэй зөв харьцан, ярьж хэлснээсээ буцахгүй байж хүний итгэлийг даах бол бусад хүмүүс Танд хариу итгэнэ. За гэж амласан л бол умарталгүй байж, хэрэв биелүүлэх боломжгүй бол эргэж заавал мэдэгдэж хүлцэл өчих нь ёс зүйд нийцнэ. Маргааш гэж амлаад маргааш нь өөрөө хэл үггүй, ор сураггүй алга болчихож огт болохгүй. "Монгол хүний ЗА гэдэг үг бол андгай юм шүү" хэмээн монголын суут, мэргэн ухаантан Бямбын Ринчен авугайн айлдварыг ухварлан ойлгож хэрэгжүүлцгээе.
Залуус, хүүхдүүд ахмад хүмүүстэй цуг болвоос ахмадаас түрүүлж ам уралдан, үг яриаг нь таслан дундуур нь орж эрээ цээргүй юм ярих, идээ будаанд ахмадаас түрүүлж хүрэхийг тэвчих нь ёс зүйд нийцнэ. Цагаан сараас бусад үед ч мөн адил. Энэ бол монголчуудын уламжлалт хүмүүжлийн язгуур агаад залуус нь зөв, хүнлэг нөхөрсөг, өтгөсөө хүндлэж бусдад тусалж сурах эхлэл болдог байлаа. Зөв хүмүүжсэн хүүхэд амьдралаа зөв авч явна. Энэ бүхэн тэдэнд амьдралын замдаа өөрсдийн дур хүслийн дагуу чөлөөтөй зөв сонголт хийж, хань ижлээ сонгохдоо өөртөө итгэлтэй байхад нь, бие дааж цаашид хөгжиж дэвжихэд нь гол үндэс суурь нь болно. “Буруу өсгөсөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэж багад нь хүүхдээ хэтэрхий эрхлүүлж, даруулгагүй өсгөснөөс эцэст нь эцэг эхчүүд өөрсдөө гүнээ харамсах явдал амьдралд бас тохиодог. Иймээс цагаан сар бол өсвөр үеэ зөв хүмүүжүүлж төлөвшүүлэх тухайд жилдээ ганц удаа ч болов сануулдаг баяр юм.
Цагаан сараар хүн бүр үндэсний шинэ хувцас, нандин эдлэл болгоноо гарган хэрэглэж, үгийн сайныг тунгааж, эвийн сайныг шүүж, сайн сайхан, бэлгэ дэмбэрэлтэй юм ярьж, элдэв муу үг хэлэх, хэрэлдэхийг цээрлэдэг. Гаднаас орж ирсэн хүн эхэлж мэндчилж нэр усаа хэлж, хүний нэрийг бүтнээр нь дуудах агаад үг хэл яриандаа цэгцтэй байж цэвэр сайхан ярьж бусдын яриаг таслалгүй сонсох ба тэр үеэр өөр зүйлд анхаарал хандуулах нь зохисгүй. Гэрийн эзэн хариу мэндчилж зочин хаана суухыг зааж өгнө. Идээ будаанд гэрийн хүмүүс зөвшөөрсний дараа хүрч, ярих сэдвээ, хэлэх үгээ зөв сонгож, хүний сэтгэлд нийцэм тод сайхан ярьж бай, үгээ бүү ид гэж хөгшчүүд маань миний багад сургадаг байв.
Монгол хүмүүс уулзангуутаа л ажил хэрэг, арилжаа наймаа, авгай хүүхэн яриад эхэлдэггүй. Мэндлэхдээ аажуу тайвуун, хүндэтгэлтэй хандахыг эрхэмлэдэг заншилтай үндэстэн юм. Жишээ нь: “Та амархан сайн байна уу”, “Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу” хэмээн хариуд нь “Амар сайн байнаа”, Сар шинэдээ сайн орлоо” “Та сар шинэдээ сайн оров уу” гэх мэтээр мэндчилж яриа эхэлнэ. Энэ бүхэн харилцан бие биенээ хүндэтгэж буйн илрэл юм. Иймэрхүү л байдлаар өмнө үед өсвөр үеэ багаас нь л төлөв даруу, мөс жудагтай хүн болгох ул суурийг тавьж байжээ. Юу байна?, Юутайв? гэж мэндлэх, аливаа хүнийг “хүүш”,"хөөе", "чи" "энэ чинь", “наадах чинь” хэмээн дуудах нь монгол ёс биш.
Багаас зөв хүмүүжиж өссөн хүүхэд цаашдаа өөрийгөө зөв авч явах бүрэн чадвартай болоод энэ суурин дээрээ боловсрол мэдлэгээ дээшлүүлж байлаа. Ийм хүн жинхэнэ мэдлэг чадвартай, зөв хүмүүжил, ёс жудагтай болдог гэж үздэг байв. Иймээс ахмад буурлууд маань хүмүүжлээр нь дамжуулж өсвөр үеэ хөгжүүлж шинэ үе, шинэ үзэл санааг тээгч бүтээлч, чадварлаг иргэн болгох гэсэн далд санаа нь энд агуулагдаж буй.
Миний багад аав ээж маань малын зүс, нас, яс, үе мөч болгоныг асууж зааж сургадаг байлаа.Энэ нь тэр үед хүүхэд залуусд малчин монгол хүний амьдрал, ахуй соёлын нэн чухал зүйлийг сургах суурь болж байжээ. Малын зүс нэрлэж мэдэхгүй, асуух нурууг нугалахад хэлэх хэлц үгийг ойлгохгүй, орон гэрийнхээ ханын амыг эвлүүлж сураагүй, “нохойн амаар нийлүүдэг” бол тийм хүн олны элэг доог болдог байлаа. Асуух нурууг мөлжсөн хүн асуух нурууг нугалах уу? хэмээн гэрийн эзнээс асууж байж нугалдаг хуучны заншил л даа. Асуух нуруу бол хүн болон сээр нуруутан амьтны ар биеийн гол тулгуур болох нурууны хэлхээ ясны эцэс бөгөөд ууцны ястай нийлж буй адгийн нуруу юм.“Нохойн амаар нийлүүлэх” гэдэг нь гэрийн ханаа дугуйлахдаа буруу эвлүүлснээс унь өлгөх онигүй болгохыг хэлнэ.
Хот суурин газраас хөдөө очсон хүнд ийм зовлон багагүй тохиолддог тухай бид яахан мартах билээ. Нэгэн залуу эмэгтэй хөдөө хадмындаа очиход бэрээ зочны ёсоор хүндлэн орой нь өвчүү, сүүж чанаж өглөө нь шинэхэн бүрсэн элгэн таргаар дайлж дараа нь шарга морь унаж хадмын хамт малд явж гэнээ. Тэрээр буцаж гэртээ ирээд нөхөртөө ингэж ярив гэнэ. Надад орой сайхан мах чанаж өгсөн нөгөө олон хуруутай юу билээ тэрийг бас дундаа нүхтэй юу билээ тэрийг чанаж өгсөн, өглөө нь уушгин тараг уусан тэгээд дараа нь нэг шар морь унаад хадамтайгаа мал цуглуулахаар явсан гэж ярьсан гэдэг. Ийм байдалд орохгүйн тулд монгол ёс заншлын холбогдолтой иймэрхүү зүйлийг орчин цагийн хүмүүс ч мэдэж байхад илүүдэхгүй буйзаа. Энэ бол тэр үеийн амьдралын шаардлага орчин нөхцөл тухайн үеийн ахуй амьдралын хэрэглүүр болж байсан хуучны зүйл гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
Орчин цаг үе, нийгмийн хөгжил, дэвшлээ дагаад энэ бүхэн өөрчлөгдөж буйг бид мэдэрч байгаа. Өнөөдөр арван таван толгойтой атгаалжин хар мангас гэж үлгэр яриад хүүхдийн ой ухааны мэдрэмж, оюуны хэрэгцээг хангахгүй болжээ.
Энэ бол зүй ёсны өөрчлөлт эндээс бид үр хүүхдээ өнөөгийн амьдралд нь бэлдэх зайлшгүй шаардлага өмнө буйг санаж, дээрхээс агууллагын хувьд сургамж авах нь л бүхнээс чухал гэдгийг хэлэх нь зүй буйзаа

 

Холбоотой:

Цагаан сар цуврал: Монголын цагаан сар, бид бол Монголчууд

Цагаан сар цуврал: Цагаан сар цуврал, Цагаан сарын өмнөх бэлтгэл

Н.Бадарч


avatar
    • золоо
    • 162.158.178.*

    Цагаан сар дуу хэзээ үүссэнныг мэдэх хүн байна уу (' _')

    • ЗОЧИН 026
    • 59.153.114.*

    ЗӨВ ШҮҮ

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4982

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%