ШИНЖЛЭХ УХААН: Яагаад бага хооллох нь урт наслахад тустай вэ?

50-иад жилийн өмнө дээжилж авсан хэсэгхэн хөрс хүн төрөлхтнийг аварч ч мэдэх шимт хөрс болно гэж хэн тааж төсөөлсөн бол? Дээж авсан тэр газар нь хүний толгойн хэлбэртэй аварга чулуун соёлоороо танигдах алдарт Пасха арал байсан нь цаанаа учиртай ч юм шиг. Үгүй дээ л тэрхүү тусгаарлагдмал арал бол орчин үежилтийн таагүй нөлөөнөөс хэсэгтээ ангид байж ирсэн газар юм. Тиймдээ ч ийм өнчин арлаас хачин жигтэй бактери оллоо гээд тэгтэл гайхах явдал гараагүй биз.

Харин тэр бактери нь нэгэн гайхмаар онцгой шинж чанар бүхий бодисыг үйлдвэрлэж байжээ. Тэр бол рапамицин гэх бодис. Пасха арлын уугуул нэр болох Rapa Nui гэх үгнээс улбаалж өгсөн нэр. Энэ бодис нь “төрөл бүрийн амьтан ургамлын насыг уртасгадаг” шидтэй эд бөгөөд, насжилт судлаачдын хувьд бол өнөөдрийн байдлаар бараг цорын ганц найдвар нь гэхэд болно.

 

Нас уртассан нь

-     Сүүн тэжээлт амьтны хамгийн өндөр насыг мэдэгдэхүйц уртасгасан хамгийн анхны тохиолдол нь энэ эм юм.

Хамгийн өндөр нас” гэдэг нь, тухайн сүргийн хамгийн өндөр насалсан эхний 10%-ийн дундаж насыг хэлдэг бөгөөд, энэ утга өсөхийг “хөгшрөлт саарсны нотолгоо” гэж үздэг.

Хулгана дээр хийсэн туршилтаас (2009) харвал, рапамицин хэрэглэсэн группд эрэгчин дээр 9%, эмэгчин дээр 14%, дундажаар 12%-ийн хамгийн урт наслалтын уртсалт ажиглагдсан гэнэ (хүнээр яривал 100 нас давсан).

Насжилт судлаачид эрт цагаас нааш “хөгшрөлт сааруулах бодис” мөрөөдсөөр иржээ. Тэр бол ердөө нас уртасгах зорилго төдий биш. Хөгшрөлт саарснаар түүнээс улбаалах олон өвчний шалтгаан, хор урхагийг бүхэлд нь сааруулах замыг нээхийг ч үгүйсгэхгүй.

   Рапамицин бол үүнд одоогийн байдлаар хамгийн магадлал бүхий нэр дэвшигч юм.

 

Өсөлт ба хөгшрөлт

Илчлэгийг хязгаарласнаар (буюу хооллох ёстой хамгийн бага хэмжээгээр хооллож, “бараг өлсгөлөн төлөв” хүртэл хооллоо багасгах) нас уртсаж, хөгшрөлтөөс улбаалах олон өвчний үүсэлтийг сааруулж болдог нь хулгана дээрх туршилтуудаас нэгэнт тогтоогдсон зүйл. Тэгвэл яагаад хоол багасахаар урт насалдаг юм бол?

Тэр бол “нэгэн зүйл уураг” муу нүүрээ нуудгаас болдог гэнэ. Тэр уургийг TOR (Target of Rapamycin буюу рапамицины бай) гэдэг. Нэрэнд нь мөнөөх рапамицин гэх Пасха арлаас улбаатай бодисын нэр орсон нь ч тохиолдлынх биш. Учир нь энэ уургийн ажил бол рапамицинд саад болох.

Энэхүү TOR гэх уурагт сайн муу хоёр нүүр бий.

“Сайн нүүр” нь гэвэл хүний өсөлтийг тэтгэж өгдөг явдал.

-     TOR нь залуу насанд өсөлт хөгжилтөд туйлын чухал үүрэгтэй.

Харин хүний хөгшрөлтийг ч тэтгэж орхидог "муу нүүртэй".

-     Өтөл насанд ч идэвхжилт үргэлжилбэл эсийн үйл ажиллагааг доголдуулж, организм эвдрэхэд хүрнэ.

Бид бүхэн өсөлт болон хөгшрөлт гэж ярьдаг боловч, үнэндээ нэг үзэгдлийг илэрхийлэх хоёр үг билээ. Ердөө л өрнөх цаг үеэрээ ялгарна. Үржлийн үе хүртлэх хэсгийг “өсөлт” гэж нэрлэж, түүнээс хойшихыг нь “хөгшрөлт” гэнэ. Нэг ёсондоо “хөгшрөлтийг сааруулах” гэдгийг үржлийн үеийн дараах “өсөлтийг саатуулах” гэж хэлж ч болно гэсэн үг.

TOR нь үндсэндээ өсөлтийг тэтгэдэг. Өөрөөр хэлбэл тэр нь бас шууд утгаараа “хөгшрөлтийг ч тэтгэдэг” гэсэнтэй утга нэг болно. Эсрэгээрээ нас уртасгах найдвар төрүүлээд буй Rapamycin “өсөлтийг саатуулах” буюу “хөгшрөлтийг сааруулах”-тай холбогдоно. Энд дарахаар тэнд товойж, тэнд дарахаар энд овойх ярвигтай холбоо бол чухамдаа TOR ба рапамицины энгийн хамаарал юм.

 

TOR ба Рапамицин

Тийм бол залуу байхдаа бол TOR-ийг тултал нь зүтгүүлбэл сайн байх нь. Тэгээд үржлийн үеэ өнгөрөхөөр түүний оронд рапамицинээр өсөлтөө хазаарлаад байхад болох нь байна. Гэхдээ хэрэг явдал тийм ч амаргүй. Нас ахиад ч мөн л TOR-ийн идэвхжилт гол төлөв өндөр хэвээрээ л байна. Улмаар хөгшрөлт ч түргэсч орхино.

Яагаад тэгдэг вэ гэхээр, тэр нь “хоол тэжээл хангалттай байгаа” учраас тэр.

TOR гэдэг машин хоол байх л юм бол бүгдийг нь өсөлтийн хүч болгон хувиргаж орхино. Бие махбод хөгширч эхэлж, өсөхөө зогсох насанд хүрсэн ч ялгаагүй. Харин рапамицин бол ямагт хүлээцтэй, хүнс хомсдох  үеэр л сая ханцуй шамлан ажилд гарна. Тэгээд улайрсан TOR-ийн хөлийг тушихаар ажиллаж эхэлнэ. Илчлэгээ хязгаарлаж түр зуур ч болов өлсгөлөн төлвийг бий болговол, хар аяндаа рапамицин гарч ирнэ. Агсан нөхөрт агсрах шалтгаан өгөх хэн нэгэн хэрэгтэй байдгийн адилаар, TOR-д ч бас идэвхитэй ажиллах шалтгаан байдаг, тэр нь хэт идэлт байдаг хэрэг.

 

Их цэвэрлэгээ

TOR-ийн үйл ажиллагаа ямар муу талтай вэ? Өсөлт хэчнээн үнэ цэнэтэй ч гэлээ, TOR нь хийснээ цэвэрлэхдээ хойрго. Өсөлтийн явцад бий болсон гэмтсэн митохондрия болон бүрэн бус эсүүд тэр чигтээ хөглөрч үлдэнэ. Тийм сохор өсөлт зарим нэг уургийн хэт үйлдвэрлэлтийн шалтгаан ч болно. Зарим хэсгийн хэт өсөлт ойр тойрондоо муугаар нөлөөлнө. Мөн хэт ихээр хийгдсэн уураг нэг дор цуглахаараа тээртэй нэгэн болж хувирна. Жишээ нь, судас хатуурлын шалтгаан болдог гөлгөр булчингийн эс болон ясыг сүйтгэдэг остеокластын эс, хавдар цулцан зэрэг хүсээгүй өсөлтийг ч өдөөж орхидог. Тийм замбараагүй байдал гэдэг зүйрлүүлж хэлбэл яг л өнөөгийн манай гажсан нийгэм мэт харагдана. Сул доройг үл хайхрах эдийн засгийн харгис өсөлт, явцуу хүрээний хэт хөрөнгөжилт, баян хоосны тэнцвэргүй ялгарал, тэгээд тэндээс бүрэлдэн тэлэх харанхуй ертөнц...

Харин хүнс хомсдоод ирвэл TOR томоожиж эхэлж, ядуу баатар рапамициныг сонсож эхэлнэ. Рапамицины нөлөөгөөр өсөлт нь саарсан бие махбод дотор идэгдсэн бохирдсон эсүүдийн их цэвэрлэгээ явагдаж эхэлнэ.

Аутофаги гэж нэрлэгдэх тэрхүү их цэвэрлэгээний ажлаар гэмтсэн митохондрия засварлагдаж, хэвийн бус ажиллагаатай эсүүд задарч дахин боловсруулагдана. Хэдий хүнд гэмтэлтэй ч бай өөр хэн нэгний эд анги ч болж болно шүү дээ. Ийм маягаар бие доторхи хогнууд шинэ түүхий эдийн эх үүсвэр болон ашиглагдаж гарна.

 

Өлсгөлөн

-     Үндсэндээ бол эсүүд амь насанд нь аюул учирсан гэж мэдрэхээр TOR-ийн идэвхижилт буудаг. Үр дүнд нь уургийн үйлдвэрлэл болон эсийн үржил саарч, тэр хэмжээгээр хэмнэгдсэн энерги  ДНХ-ийн засвар зэрэг “хамгаалалт”-ын ажлуудад зарцуулагдаад явна.

Эсүүдийн амь насанд аюул учрахгүй л бол даруухан рапамицин өөрөө гарч ирнэ гэж үгүй. Түүнийг дуудаж гаргаж ирдэг нь зөвхөн илчлэгийн хязгаарлалт буюу өлсгөлөн юм.

Өлсгөлөн төлөв TOR-ийн идэвхижлийг бууруулдаг нь 1990-д оны үеэс нээгдсэн зүйл бөгөөд, өлсгөлөн урт настай холбогддог нь түүнээс ч эртнээс танигдсан байдаг. 1935 онд залуу хархнуудад өгөх хоолыг нь хасахаар учиргүй урт насалдаг болохыг харуулсан нь Корнеллын их сургуулийн профессор Макэй байлаа. Түүнээс хойш илчлэг хязгаарлах нь (хөрөнгөний) бактериас аалз, цаашлаад нохой, сармагчин зэрэг зүйл бүрийн амьтад дээр нас уртасгадаг болохыг баталсаар ирж. Урт хугацаанд илчлэг хязгаарласан хөгшин макак сармагчин ер бусын эрүүл байж, жинхэнэ наснаасаа хамаагүй залуухан жавхаалаг харагддаг.

 

Судалгааны ажлын түүхэн үр дүн

TOR-ийн ажиллагаа тодорхой болж ирсэн нь 2000-д оноос эхтэй. 2003 онд Унгарын судлаач Веллай туузан хорхойн дундаж наслалтыг 2 дахин уртасгаж үзүүлэв. Тэр бол генийг нь өөрчилж TOR-ийг саатуулсны үр дүн. Тохиолдлоор TOR-ийг саатуулах генийн мутацид өртсөн хулганын наслалт 30 сараас 5 жил болон уртсав. Ийнхүү TOR болон рапамицин, тэгээд илчлэгийн хязгаарлалтын хоорондын хамаарал тодрон гарч ирсэн нь урт наслах хүслийн гал дээр тос асгаж өгчээ.

Тэр үеэр, 2009 онд зарлагдсан нэгэн судалгааны үр дүн энэ төрлийн судалгааны түүхэнд эргэлт болов.

-   Рапамицин өгсөн хулганууд өгөөгүй хэсэгтэй харьцуулахад хөгширсөн эрэгчингүүдийн дундаж наслалт 28%, эмэгчингүүдэд 38% хүртэл уртассан.

Стронг, Харрисон, Миллер нарын эл судалгааны хамгийн сонирхолтой нь туршилтанд орсон хулганууд нь хөгшин хулганууд байсанд бий. Бэлдмэлээ хулганын тэжээлд тохируулж холих гэсээр нэлээд хугацаа алдсан тул, рапамицин өгч эхлэх үед нэгэнт хулганууд нь 20 сартай болчихсон байж (хүнээр ярьвал 60 нас). Тиймээс хэн нь ч амжилттай болно гэж төсөөлсөнгүй.

Тэгтэл харин нөгөө хулгануудын нас нь уртсаад байна гэнэ. Өөрөөр хэлбэл, хэдий өндөр настай ч урт наслах хичээл зүтгэл “хэзээ ч оройтдоггүй” байх нь.

-     Үүнээс харахад, рапамицин нь насны эцэст ч үр нөлөөгөө хадгалдгийг төсөөлж болно.

Мэдээж илчлэг хязгаарлах нь нас уртасгах цорын ганц зам биш. “Эрүүл хөгшрөлт” биеллээ олохын тулд илүү өргөн хүрээний ээдрээтэй механизм ажиллаж байгаа нь тодорхой. Гэлээ ч тэр том сүлжээг компьютертай зүйрлэх юм бол түүний CPU (буюу төв процессор), өөрөөр хэлбэл хамгийн чухал хэсэг нь TOR юм. Тиймээс TOR-ийн сүүдэрт нуугдсан рапамициныг анхааралтай судлах нь урт наслах судалгааны мэдээжийн үр дагавар гэлтэй.

 

Оньсого ба тохиолдол

-     Ер нь ингэхэд хөгширтлөө наслах механизм гээч юм хэрхэн яаж хувьсаж ирсэн юм бол?

Энэ бол биологичидын толгойг гашилгадаг “оньсого”-уудын нэг.

Амьд биетийн зорилго бол “үржих”. Үржлийн үе нь дууссан хойно ч урт наслуулж, “илүү цагийн ажил” хийлгэхийн утга учир чухам юунд байдаг юм бол? Илчлэг хязгаарлаж, нас уртасгах механизм нь ямар нэг өөр зорилготой нэмэлт “урамшуулал” маягийн юм биш байгаа? Тийн тунгаах судлаачид бий.

Жишээлбэл, амьтад хүнс хомсдох үед, ердийн үедээ иддэггүй зүйлийг хүртэл иддэг болж болно. Чингэмэгц тэр мэт идэж хэвшээгүй хүнсэнд нь “хор” агуулагдаж байх магадлал өндөрсөнө. Тиймээс хүнс дутагдахад бие организм хамгаалалтын системээ ажиллуулдаг байхаар хувьсаж, “тохиолдлоор хөгшрөлтөө зогсоодог” болсон байж мэдэх юм гэнэ.

Илчлэг хязгаарлахад үүсдэг ид шидийн үр дүн үнэхээр тийм “тохиолдлын бэлэг” юм болов уу?

 

Хөгшрөлт зогсоох мөрөөдлийн эм

Рапамицинээр уртасгах боломжтой насыг хулганаас баримжаалан тооцвол хүний 10-15 настай дүйнэ.

-     Энэ бол том амжилт юм. Бодит байдал дээр хөгжингүй орнуудад дундаж наслалт 20-р зуунд ихээр өссөнөөс хойш өнөө үед бол олимпын рекорд шиг ямх ямхаар л ахидаг болоод байгаа.

Жишээ нь Америкт гэхэд, дундаж наслалт 20-р зуунд 50% илүү өссөн боловч, сүүлийн 10 жилийн өсөлт дөнгөж 2% хавьцаа явна.

Гэвч, энэ бодис маань хараахан төгс биш.

Rapamycin-ийг эм болгож хэрэглэвэл цусан дахь холестрол ихсэж, цус багадалт үүсэж, шарх эдгэрэх нь удаашрах зэрэг сөрөг үр дагаврууд гарна. Өөрөөр хэлбэл одоогоор рапамицин хөгшрөлт зогсоох мөрөөдлийн эмэнд нэр дэвших боломжгүй гэсэн үг. Харин түүний оронд урьдчилан сэргийлэх эм болж болох юм.

-     Өтөл насанд гардаг элдэв доройтлууд (зөнөх, яс сийрэгжих, хараа муудах, хорт хавдар гэх мэт)-г  удаашруулах, урьдчилан сэргийлэх эм болж болох магадлалтай.

Азаар ч юм уу эзээр ч юм уу, рапамицин тэр чигээрээ “хөгшрөлт зогсоох мөрөөдлийн эм” болж чадахгүй. Ямартай ч  иргэншлийн сүүдэрт сүүлдэж өртсөн Пасха арлын хөрс хүн төрөлхтөнд “хөгшрөлгүй урт наслах” мөрөөдөл үнэн болох боломжийг дэлгэн үзүүлнэ. Өнөөдөртөө магадлалаас хэтрэхгүй яриа байж болох. Гэлээ ч хөгшрөлт саарах процессийг мэдэж авна гэдэг нь хангалттай том ач холбогдолтой юм

Буддын сургаальд “уур, шунал, мунхаг 3 бол энэ ертөнцийн гурван хор буюу” хэмээн сургадаг. Давтан нуршиж байгаачлан, үнэхээр ч хоолонд шунана гэдэг бие эрхтний хувьд шууд утгаараа хор болдог бололтой. Харин тэр тухай мэдэж авснаар гурван хорын нэгийнх нь зах зухаас ч болов анзаарч чадах болов уу. Тэглээ гээд гурван хорын нэгээс ангижрах эсэх нь тусдаа асуудал. 

-     Хөгшрөлтийг сааруулахын тулд хүнд хэцүү хоолны дэглэм барина гэдэг амьдралгүй яриа.

Чухам амьдраллаг яриа гэвэл өнөөдөртөө энэ л юм уу даа. Хуучин цагийн ужиг дадал энэ мэт "амьдраллаг"-ийн дундуур цаашид ч үргэлжилсээр байх биз ээ...

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4675

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%