Нийтлэл 02 сарын 24, 2016

Гадаад компаниуд Хятадад интернет контент борлуулах боломжгүй болно

Хятад улсад гуравдугаар сарын 10-наас гадаад компанийн хийсэн интернет контент түгээх, худалдаалахыг  хориглох дүрэм хэрэгжиж эхлэнэ.

Шинэ дүрмээр гадаад компани, гадаад компанитай хамтарсан, Хятад компанийг худалдаж авсан, нэгтгэсэн компанийн компанийн хийсэн текст, газрын зураг, тоглоом, анимэйшн, аудио, видео тэргүүтэй бүх төрлийн интернэт контент түгээхийг хориглоно. Дижитал хэлбэрт оруулсан ном, бичгийн бүтээл, урлагийн бүтээлүүд ч хамрагдах аж.

Хятад компанитай хамтран ажиллах замаар түгээх боломжтой ч харгалзах төрийн албадаас зөвшөөрөл авах ёстой. Мөн сервер, хадгалах байгууламж, системүүд бүгд Хятадад байрлах ёстой.

Энэ зохицуулалтад гадаадын медиа контент, мэдээ мэдээлэл ч өртөх магадлалтай. Пенсилванийн их сургуулийн профессор Ж.Л.Лисле  “гадаадын сэтгэлгээ, үзэл сурталд хориг тавих хамгийн далайцтай, хамгийн шинэ төрлийн хязгаарлалтын нэг гээд, цаашид хийгдэх илүү өргөн хүрээтэй интернет зохицуулалтын нэг алхам” гэж үзжээ.

Хятадын интернет контентын зах зээл бол хурдтай тэлж буй асар том зах зээл юм. Frost & Sullivan маркетингийн судалгааны фирмээс гаргасан судалгаагаар анимэйшн дүрүүдийн хувцас болон тоглоом зэрэг “үүсмэл контент”-ийг оролцуулаад зөвхөн анимэйшний борлуулалт 2013 онтой харьцуулахад 14,6% -ийн өсөлттэй буюу 87,1 тэрбум юанын зах зээл болсон. Уг салбар сүүлийн жилүүдэд байнга хоёр оронтой тоогоор өсөж байгаа агаад 2009 оноос хойш жилд дунджаар 24 хувь өссөн супер зах зээл болоод байна. Энэ хурд Японы 8.7%-ийн өсөлтийг хэдийн давж, Япон, Өмнөд Солонгос зэрэг технологийн өндөр хөгжилтэй орны том компаниудын хараанд орсон салбар болоод байсан билээ.  2016 он зөвхөн анимэшний төрлөөр 145,3 тэрбум юанын зах зээл болтлоо өсөх төлөвтэй байгаа агаад энэ нь анимэйшн үйлдвэрлэлийн эх орон Японы 1,5 тэрбум иенийн зах зээлээс ч том болно гэсэн үг.

Хятадын засгийн интернет контент, мэдээллийн технологи,  соёлын үйлдвэрлэлийн хөгжлийг идэвхтэйгээр дэмжихийн сацуу түрүүлж хөгжсөн гаднын бүтээгдэхүүнүүдээс зах зээлээ хамгаалах хатуу зохицуулалтаа үргэлжлүүлсээр байна. Тус улс Google, Yahoo, Amazon, Twitter, Facebook зэрэг мэдээлэл, хайлт, худалдаа, олон нийтийн сүлжээний хамгийн том вэбүүдийн хэрэглээг хязгаарлаж, тэдгээрийг орлох дотоодын системүүдээ хөгжүүлж ирсэн билээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon