Нийтлэл 03 сарын 03, 2016

Дотоодын нийт бүтээгдэхүүн: Дэлхий ба Монгол

Дэлхийн нэрлэсэн ДНБ 2014 онд 77.8 триллион ам.долларт хүрсэн байна. Үүний 63.6 хувийн үйлчилгээний салбар, 30.5 хувийг аж үйлдвэрлэлийн салбараас бүрдүүлж байгаа бол 5.9 хувийг хөдөө аж ахуйн салбараас бүрдүүлж байна.

Зурагт улсуудын ДНБ-ний бүтцийг үйлчилгээ, аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн секторуудаар ангилж харуулжээ. Зургаас харахад ихэнх том эдийн засагт үйлчилгээний салбар өндөр жин эзэлж байгааг харж болохоор байна.  

АНУ-ын нэрлэсэн ДНБ-ний хэмжээ 2014 онд 17.4 триллион ам.долларт хүрч дэлхийн хамгийн том эдийн засаг хэвээр байна. АНУ-ын ДНБ-ий 79.7 хувийг үйлчилгээний салбар, 19.1 хувийг аж үйлдвэрийн салбар, 1.12 хувийг хөдөө аж ахуйн салбараас бүрдүүлж байна. АНУ-ын эдийн засаг нь үйлчилгээний салбарын хэмжээгээр дэлхийн улсуудыг тэрүүлж байна.

Дэлхийн хоёрдох том эдийн засаг бол Хятад улс юм. Хятад улсын нэрлэсэн ДНБ 2014 онд 10.35 триллион ам.долларт хүрсэн бөгөөд үүний 45.5 хувийг үйлчилгээний салбараас, 45.5 хувийг аж үйлдвэрлэлийн салбараас бүрдүүлж байгаа бол үлдсэн 9 орчим хувийг хөдөө аж ахуйн салбараас бүрдүүлж байна. Ихэнх томоохон эдийн засгуудын хувьд үйлчилгээний салбар өндөр жин эзэлж байхад Хятад улсын хувьд аж үйлдвэрлэлийн салбар нь үйлчилгээний салбартайгаа ижил түвшинд байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Хятад улс нь аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байсан бөгөөд сүүлийн үедүйлчилгээний салбарыг илүү хөгжүүлэх бодлого баримталж байна. Энэтхэг улс мөн хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх жинг бууруулж, үйлчилгээний салбарыг түлхүү хөгжүүлэх бодлого баримталж байна. 

 

Монгол Улсын 2014 оны ДНБ-ий бүтэц, тэрбум ам.доллараар

 

Монгол Улсын нэрлэсэн ДНБ 2014 онд дэлхийн ДНБ-ий 0.0154 хувь буюу 12 тэрбум ам.долларт хүрч, 132 дугаарт жагсаж байна. Нэрлэсэн ДНБ-ий 46 хувийг үйлчилгээний салбар, 37 хувийг аж үйлдвэрийн салбар, 17 хувийг ХАА-н салбараас бүрдүүлж байна.

Сэтгэгдэл бичих

    • Амар
    • 2017-02-15

    үүнийг ойлгох мэдэх хэрэгтэй

arrow icon