Эртээ урьд цагт нэгэн нам амьдран суудаг байжээ. Нам нисдэг 570 машинтай. Нисдэггүй дэллика маркын машинтай байв. Нисдэг 570 машинаа намын байрныхаа баруун талд, нисдэггүй дэллика машины намын байрны зүүн талд сойдог байв. Хув бор намд минь хундан цагаан хандивлагч олдоосой, засаг тэнгэрээ тахих юмсан гэж өдөр болгон бодож залбирна. Засгийн тааллаар болж хув бор намд нь хундан цагаан хандивлагч олджээ. Тэгсэн засгийн газрын хар хэрээ нисч ирээд хундан цагаан хандивлагчийг нь АТГ-газар бариад өгчихөж гэнэ. Үүнд нь уурссан нам нисдэг хар 570 хөлөглөж очоод засгийн хар хэрээний хов зөөж хэлдэг хошууг нь тас цавчиж оронд нь хороон засаг дарга болгосугай гэсэн тушаал өлгөөд явуулж гэнэ. Үүнд нь хорссон засаг намын нөхдийг нь хорлуулахаар Таван толгойт, Оюутолгойт хоёр чөтгөрийг илгээжээ. Хоёр чөтгөр намын байрны цонхоор хэрхэн хорлохоо хүлээж харж байв. Хоёр чөтгөрийг хүлээж байсан нам энэ үед зурагтын нэвтрүүлэг, өөрийн радио, сайт гурваа нийлүүлэн чанаж буцалгаад бас хүлээж байв. Яг цонхоор харах үед нь халуун зурагт, радио, сайтаа нүүр рүү нь цацаж орхилоо. Хоёр толгойн нүүрийг шалз түлсэнд засаг хорсож ниргээд ир хэмээн АТГ, ЦЕГ гэдэг хоёр луугаа явуулж гэнэ. Энэ үед намын гишүүд намын байраа хаяад гадаад руу дүрвээд явчихаж гэнэ. ЦЕГ, АТГ гэх хоёр луу намын байрыг үнс болтол нь ниргэв. Энэ үед намын нөхөд 570 хэмээх нисдэг хар машинаараа нисч очоод ЦЕГ, АТГ гэх хоёр луугийн сүүлийг нь тас цавчиж, авилгаж, хээл хахуулийг нь олонд дэлгэж гэнэ. Үүнд нь хорссон засаг 570 машиныг нь дэлбэлээд ир хэмээн хоёр Автоплазагийн толины хулгайчийг явуулж гэнэ. Үүнийг нь мэдсэн намын нөхөд нисдэг 570 машинаа байрныхаа зүүн талд, нисдэггүй дэллика машинаа баруун талдаа байрлуулж гэнэ. Өнөөх хоёр хулгайч нь ирээд дэллика машинхан 4 дугуйг хулгайлж тоосго ивээд мөн толь, антень гэх зүйлүүдийг нь хулгайлж гэнэ. Намын нөхөд засгийн хоёр чоно хулгайчийг гүйцэж очоод үйлдэд дээр нь илрүүлж гаднах хувцсыг нь тайлаад нүцгэн дүн өвөл хөөгөөд явуулж гэнэ. Үүнд ихэд хилгэнэсэн засаг:

- Үтэр түргэн миний өмнө авчир гэж зарлиг болгов. Нам засгийн өмнө хүрч ирээд сөгдөв.
-Жаа засагтаан би ирлээ.
- Чи чинь яахаара миний засгийн хэрээг АТГ-т барьж өгдөг билээ?
-Жаа би хув бор намд минь хундан цагаан хандивлагч олдоосой. Засаг тэнгэрээ тахих юмсан гэж залбирч байтал хув бор намд минь хундан цагаан хандивлагч дөнгөж олдоод БОНД босгож зах зээл дээр гаргаж байтал танай хар хэрээ ирээд АТГ-д барьж өгсөн тул арга буюу хар хэрээний хов зөөж хэлдэг хошууг нь тас цавчиж оронд нь хороон засаг дарга болгож өгөх тушаал батлах бичиг өлгөсөн билээ..
- За тэр чиний зөв. Тэгвэл хө чи яагаад Таван толгойт, Оюутолгойт хоёр чөтгөрийн нүүрийг олон улсын тавцанд унагааж шалз түлж орхив? гэхэд
- Жаа та хув бор намын бодлогыг унагааж хорлоод ир гэсэн үү? эсвэл намын байрны цонхоор шагайгаад бай гэсэн үү?
- Хув бор намын бодлогыг унагаагаад ир гэсэн юм.
- Гэтэл хув бор намын бодлогыг унагаахын оронд намын байрны цонхоор шагайгаад байхаар нь тв, радио, сайт гурвыг цацаж нүүрийг нь түлж орхисон гэв.
- Тэр чиний зөв. Тэгвэл чи яагаад АТГ, ЦЕГ газар гэдэг хоёр луугийн сүүлийг тас цавчиж, луйвар булхай мэдээллийг олонд дэлгэв?
- Жа та намын нөхдийг шалгаад ир гэсэн үү? нарийн бичигийг нь шоронд хийгээд ир гэсэн үү?
- Намын нөхдийг шалгаад ир гэсэн юм.
- Намын нөхдийг шалгахын оронд нарийн бичиг туслахыг барьж хориод намын байрыг ниргээд байхаар нь тэгсэн билээ..
- За тэр чиний зөв болог. Тэгвэл чи яагаад хоёр хулгайчийн хувцсыг нь тайлаад дүн өвлийн хүйтэн, хаврын хавсарганаар хамаг хувцсыг нь тайлаад нүцгэн хөөж явуулдаг билээ?
- Та нисдэг 570 машиныг тоноод ир гэсэн үү? Нисдэггүй дэллика машиныг тоноод ир гэсэн үү?
- Нисдэг 570 машиныг нь тоноод ир гэж явуулсан юм.
- Жаа тэгтэл тэр хоёр хулгайч чинь нисдэггүй дэллика машины толийг суйлж, дугуйг нь тонохоор нь би тэгсэн билээ гэв. Яах ч араггүй болсон засаг намыг өршөөж, одооны сонгуульд бэлд гэж хэлээд явуулж гэнэ. Ингээд амар сайхандаа жаргаж гэнээ...


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5544

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%