Хөрсний бохирдлыг хөрсөн дээр нь буулгая

"Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй"

Монгол Улсын Үндсэн хууль 16-р зүйлийн хоёр

Хүний нөлөөллөөс болж бохирдсон хөрсийг байгаль эх ойролцоогоор 7000 мянган жилийн дараа цэвэр болгодог. Мэдээж хүний оролцоо орвол үүнээс ч бага хугацаанд хөрсийг эрүүлжүүлж болно.

Улаанбаатар хотын хөрс “хамгийн их бохирдолтой” гэсэн ангилал уруу шилжээд олон жил өнгөрч байна. Шинжилгээгээр нийслэлийн хүн ам оршин сууж байгаа нийт талбайн 70 орчим хувь нь хамгийн их бохирдолтой, 25 нь дунд зэргийн бохирдолтой нь, үлдсэн нь маш бага бохирдолтой гэж гарсан. Тэр дундаа хамгийн их бохирдолтой гэх бүсийг бүхэлд нь гэр хорооллын айлууд эзэлж байгаа бөгөөд задгай хаясан хог, нүүрсний үнс, модон жорлонгууд хөрсийг хамгийн ихээр бохирдуулдаг гэдэг нь батлагдчихсан. Гэвч одоог хүртэл үр дүнтэй хэрэгжүүлсэн “онц” арга хамжаа хараахан гарч ирээгүй л байна.

Гэр хорооллын айлууд бүгд шахуу нүүрс хэрэглэж өвлийг давж, шатсан нүүрснийхээ үнсийг ил задгай хаях нь ус уухтай адил болчихсон.

Гэтэл цахиурын исэл гэх бодис үнсний 70 хувийг бүрдүүлж, агаарт дэгдсэн тохиолдолд амьсгалын замаар дамжин хүний уушиг  харлах, уушигны хавдар үүсэх зэрэг өвчлөлүүдийг бий болгодог.

Түүнчлэн хөрсний бохирдлоос шалтгаалсан халдварт болон халдварт бус өвчнүүд нэлээд бий. Гэр хороололд нэг айлын хашаанаас хөрсний дээж авч байхад нь тэр айлын хүүхдүүд нь талх боорцгоо идээд зогсож байгаа дүр зургийг бишгүй харсан гэдгийг мэргэжлийн ажилтнууд хэлсэн. Гэтэл эдгээр хүүхдүүд тоглож байгаа хөрснөөсөө, түүн дээр унагаж идсэн зүйлээрээ дамжуулаад төрөл бүрийн гэдэсний халдварт өвчнөөр өвчилж, бохир гарын шар, цусан суулга зэрэг өвчнүүдийг тусдаг байна. Үүнээс гадна хийн хэлбэрээр агаарт дэгдсэн тоос, тоосонцроор дамжуулаад харшлын янз бүрийн өвчин, идээт үрэвсэл зэрэг нь гарч хүүхдийн биед тууралт өгдөг.

Гэхдээ маш чухал нэг баримтыг дурдахад өнгөрсөн онд газарзүйн хүрээлэнгийн ажилтнууд Улаанбаатар хотын 340 цэгээс хөрсний дээж аван, зургаан төрлийн хортой элементийн судалгаа хийхэд хөрсөнд байж болох “хар тугалга”-ны хэмжээ 2.5 хувиар илүү байгаа нь тогтоогдсон байна. Үүнтэй зэрэгцээд хөрсөн дэх “хар тугалга”-ын агууламж ихсэхэд тухайн орчинд амьдарч байгаа хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж дагаад өндөр болж байгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн шинжилгээгээр нотолжээ.

Хүүхдийн цусанд хар тугалгын хэмжээ ихэсвэл юу болох вэ ?

Олон улсын стандартын дагуу хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ таван микрограмм/дл байх атал нийслэлийн гэр хорооллын хүүхдүүдийнх 15-19 микрограмм/дл  байгаа нь ДЭМБ-аас баталсан зөвшөөрөгдөх хэмжээнээс даруй дөрөв дахин их байна.  Энэ нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг муутгаж, цусний эргэлтэд сөргөөр нөлөөлж, бөөрний дутагдалд орох зэрэг олон өвчний эх үндсийг тавьдаг. Түүнчлэн бохирдсон хөрснөөс хүүхдийн бие рүү нэвчиж байгаа хар тугалгын 50-80 хувь нь тухай хүүхдийн биед шингэж, үлдсэн нь өтгөн болон хөлс хэлбэрээр гадагшилдаг. Үүнд ихэвчлэн 12-15 насны хүүхдүүд илүү өртдөг болох нь судалгаагаар нотлогджээ.

Түүх сөхвөл 1990 онд манай улс хөрсөн дэх хар тугалгын стандартыг ОХУ-тай адил зарчмаар мөрддөг байж. Үүний дагуу бол хөрсөн дэх хар тугалгын агууламж нь 20 мг байх ёстой гэсэн үг. Харин одоо 100 мг болгож стандартыг нэмж тогтоосон. Гэтэл тухай үед нийслэл хотын хөрсөнд шинжилгээ хийхэд зөвшөөрөгдсөн хэмжээнээс 3-4 дахин илүү байна гэсэн хариу гарч байж. 

Өөрөөр хэлбэл хөрсний бохирдлын хэмжээ ихсэх тусам түүнийгээ дагаад хар тугалгын хөрсөнд байх стандартын хэмжээ нь нэмэгдээд байна гэсэн үг.

Бодит байдал

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт хүүхдийн хамгийн ихээр очдог газруудад хөрсний бохирдол хамгийн их байна гэсэн судалгаа гарч. Зарим газартаа нянгийн бохирдол гэхэд л 90 хувьтай гарсан байна. Энэ нь хүүхэд гэртээ , сургууль явах замдаа, сургуулийн эргэн тойронд ч гэсэн дээд зэргийн бохирдолтой газарт амьдарч байна гэсэн үг. Бас хүн амын өсөлтөд нь харьцуулсан судалгаанаас харахад халдварт өвчлөлтийн тоо энэ дүүрэгт харьцангуй өндөр байна гэсэн албан бус үзүүлэлтийг хүртэл мэргэжилтнүүд гаргажээ.

Энд нэг сургуулийн эргэн тойрон дахь нөхцөл байдлыг зургаар харууллаа. Баянзүрх дүүрэг, Улаанхуаранд байрлах Ерөнхий боловсролын 68-р дунд сургууль.

Тус сургуулийн эсрэг талд тоосгоны үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд эргэн тойрны гуу жалга нь хогоор дүүрчээ.

Түүнчлэн гэр хорооллын бохирыг сорж авчран төв бохирын хоолойд холбодог байшин сургуулийн яг хажууд нь байрладаг. Тус сургуулийн хүүхдүүд “Машин ирэх болгонд маш муухай үнэр гардаг” гэж хэлсэн. Үнэхээр л машин ирээд соруулсан бохироо суллаж байхад маш муухай үнэр гарч байсныг цохон тэмдэглэмээр байна.

Мөн үхсэн амьтны сэг  гуу жалганд байгаа дүр зургийг ч эндээс олж харна. Нэмээд хэлэхэд хүүхдүүдийн сургууль хүрэх зам нь засмал биш шороон. Үүгээр нь машин зөрөх болгонд маш их тоос гарч, түүний хажуугаар нь бага насны хүүхдүүд зорчдог байна.

Мэдээж энэ дүр зураг Улаанбаатар хотын гэр хороололд байрлах нэгэн сургуулийн бодит байдал.Үүний цаана маш олон сургуулиуд бий. Шийдвэр гаргагчид хүүхдийн эрхийн тухай маш олон зүйлийг ярьж, хэлэлцэж, хууль баталдаг ч бодит байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй байгаагийн энгийн нэг жишээ бол энэ. Тиймээс хөрсний бохирдлыг хөрсөн дээр нь буулгаж ярих цаг нь хэдийн болжээ учир мэдэх хүмүүсээ.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5139

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%