Нийтлэл 04 сарын 12, 2016

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийг 2018 онд 6.2% өснө гэж үзлээ

Дэлхийн банк Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа шинэчилж өчигдөрхөн олон нийтэд танилцууллаа.

Зураг. Дэлхийн банкнаас хийсэн Зүүн Ази, Номхон далайн эдийн засгуудын өсөлтийн таамаглал

Эх сурвалж. World Bank East and Pacific Economic Update, Apr 2016

 

Гол дүгнэлтүүд:
- Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг тогтвортой байх буюу 2015 онд 6.5%,  2016 онд 6.3%, 2017-2018 онуудад 6.2%-ийн өсөлттэй байна гэж таамаглаж байна.

- Аажмаар удааширч байгаа БНХАУ-ын эдийн засаг 2016 онд 6.7%, 2017 онд 6.5%, 2015 онд 6.9% өснө. Хувийн хэрэглээг дэмжиж байгаа учраас хөдөлмөрийн зах зээл, өрхийн орлого хүчтэй өссөөр байна. Үйлчилгээний салбарт барьж буй зөөлөн бодлогын улмаас үйлчилгээний салбарт хийж буй шилжилт цаашид үргэлжилнэ.

- Тус бүс нутагт таваарын экспортын орлогоос хамааралтай орнууд байдаг. Таваарын зах зээлийн сөрөг нөхцөл байдал эдгээр орнуудад бүтцийн шинэчлэл хийх шаардлагатай байна.

- Зүүн Ази, Номхойн далайн улс орнуудын төлөв харилцан адилгүй байна. Филиппин, Вьетнам хамгийн өндөр өсөлттэй буюу 2016 онд 6% өсөх төлөвтэй. Индонезийн хувьд амжилттай хэрэгжүүлж байгаа шинэчлэл, хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдээс хамаарч 2016 онд 5.1%, 2017 онд 5.3% өсөх хандлагатай байна.

- Жижиг эдийн засгууд болох Лаос, Монгол, Папуа Гвинейд таваарын зах зээлийн үнэ, гадаад эрэлтийн бууралт хүчтэй нөлөөлсөөр байх болно.

 

2018 он хүртэлх Монгол Улсын эдийн засгийн төсөөлөл


Эх сурвалж. World Bank East and Pacific Economic Update, Apr 2016

 

Монгол Улсын эдийн засаг 2015 онд 2.3%-ийн өсөлттэй байхаар байгаа бол 2016 онд 0.7% болж удаашрахаар байна. Уул уурхайн салбар гадаад эрэлт, үнийн бууралтын улмаас буурах ба Оюу толгойн II шатны хөрөнгө оруулалтаас хамаарч уул уурхайн бус салбар аажмаар сайжрах төлөвтэй. Инфляци 2016 онд 3.8%, 2017 онд 5%-тай байна.

Барилга, жижиглэнгийн зах зээл зэрэг хөдөлмөр түлхүү ашигладаг салбарын өсөлт саарч байгаа нь цалингаас хамааралтай өрхүүдэд сөргөөр нөлөөлнө. Цалинтай ажилчдын тоо 2015 онд өмнөх жилийн 49.4%-аас 47.6% болж буурсан. Цалингийн орлого багассанаар хот дахь ядуурлын түвшин нэмэгдэх, нэг цалинтай ажилтанд ногдох цалингүй хүмүүсийн тоо нэмэгдэх төлөвтэй байна.

Монгол Улсын урт хугацааны өсөлтийн төлөв хүчтэй хэвээр байгаа хэдий ч богино хугацааны сорилтууд хүчтэй нөлөөлж байна. Хамгийн ойрын сорилт бол 2017-2018 онуудад төлөх 1,080 сая ам.долларын эргэн төлөлт болж байна.

Гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь 2015 онд 65% болж өссөн нь Монгол Улсыг гадаад зах зээлийн санхүүгийн тогтворгүй байдал, ханшийн шок, санхүүжилтын хумигдаж байгаа зэрэг нөхцөлүүдэд ихээхэн эмзэг болгож байна.

Сангийн бодлого төсвийн алдагдлыг бууруулах, гадаад өрийг оновчтой түвшинд барихад, мөнгөний бодлого үнийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын уян хатан ханшийг барих, гадаад валютын нөөцийг шаардлагатай түвшинд байлгаж гадаад сөрөг нөлөөлөг бууруулахад чиглэх хэрэгтэй байна гэж Дэлхийн банкны хэвлэлд дурджээ.

Монгол Улсын эдийн засгийг 2018 онд яагаад 6.2% өснө гэдэг шалтгааныг тус хэвлэлд тодорхой тусгаагүй ч Оюу толгойн уурхай, мөн дотоодын улс төрийн нөхцөл байдал харьцангуй тогтвортой болж магадгүйтэй холбоотой гэж үзэж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon