ОРОСУУД БАРУУН БОЛОН ӨМНӨД ЦЭРГИЙН ТОЙРГУУДЫН ХҮЧИЙГ НЭМЭГДҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2016 оны 5 дугаар сарын 4-нд Москва хотод оросын цэргийн дээд удирдлагын хуралд оролцсон ОХУ-ын БХЯ-ны сайд, армийн генерал С.Шойгу "Батлан хамгаалах яам оросын хилийн ойр орчимд цэргийн хүчээ зузаатгаж буй НАТО-ийн хүчний үйлдэлд хариу болгон хэд хэдэн арга хэмжээ авч байгаа. Тухайлбал энэ онд багтаж баруун цэргийн тойрогт 2 нэгж дивиз, өмнөд цэргийн тойрогт шинээр нэг дивизийг тус тус байгуулах болно," гэж мэдэгдэв.

 

АНУ-ын цэргийнхэн оросын аюул заналхийллээс хамгаалах нэрээр оростой хил залгаа баруун европ болон балтын тэнгисийн орнуудад төрөл бүрийн радар, радио болон радиолокацын станцууд, тагнуулын мэдээлэл цуглуулах/боловсруулах төвүүдийг байгуулж идэвхитэй ажиллуулж байгаа юм. Түүнчлэн америкчууд өнгөрсөн хугацаанд Польш, Болгар, Литва, Латви, Эстони, Румын зэрэг орнуудад 250 нэгж гаруй танк, хуягт тээвэрлэгчийг байрлуулаад байсан бол өнөөдөр/2016.05.05/ гүрж улсад америкийн "Абрамс М1" танкууд сургуулийн буудлага хийхээр хүрэлцэн ирээд байна. Нөгөө талаар НАТО-ийн цэргийн идэвхитэй үйл ажиллагаа оросуудыг ийм эрс алхам хийхэд хүргэсэн байх талтай. Тухайлбал өнгөрсөн оны 11 дүгээр сард НАТО-ийн цэргийн хүчин, оросын түрэмгийлэлээс хамгаалах зорилготой 36 мянган цэрэг, 60 нэгж усан онгоц, 200 нэгж нисэх онгоц оролцсон "Trident Juncture 2015" нэртэй томоохон цэргийн сургуулийг хийж байв.

 

Оросууд НАТО-ийн энэ бүх үйлдлийг зүгээр нэг хараад, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үе үе мэдэгдэл хийгээд зүгээр суугаагүйн томоохон нотолгоо болж байна. Тэгэхээр баруун чиглэлийн хоёр цэргийн тойргийг тус бүр нь 10 мянган хүнтэй гурван дивизээр хүч нэмэгдүүлэх шийдвэр өнгөрсөн онд гарч бэлтгэл ажлыг тухайн цаг мөчөөс эхлүүлсэн бололтой гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Одоогоор эдгээр мотобуудлагын дивизүүд байрлах газар тодорхойгүй байгаа хэдий ч хэвлэлд дурьдсанаар бол оросын Ростов-на-Дон, Воронеж, Смоленск хотуудын ойролцоо байгуулагдах өндөр магадлалтай байна. Ер нь өнгөрсөн онд оросын баруун цэргийн тойрогт төрөл бүрийн 30, харин өмнөд цэргийн тойрогт 17 гаруй цэргийн анги, салбар шинээр байгуулагдсан.

ЗХУ задарсаны дараа ганц ч танкийн армигүй болоод байсан оросууд 2016 оны 2 дугаар сарын 1-нд гвардын 1 дүгээр танкийн армийг сэргээн, дахин байгуулах шийдвэр гаргасан. Ингэхдээ ерөнхий цэргийн 20 дугаар армийн ихэнх бие бүрэлдэхүүнийг шинэ танкийн армид шилжүүлсэн бололтой. Армийн штаб нь Москва хотын ойролцоо байрлаж буй энэхүү танкийн армид "Т-72Б3", "Т-80" загварын ойролцоогоор 500 гаруй нэгж танкууд бий.

 

Дүгнэлтийн оронд: Зүүн европын болон балтын тэнгисийн орнуудад үүсээд буй айдас, эмх замбараагүй байдал, дотоодын тогтворгүй байдал, улс төр, үзэл бодол, шашины зөрчилтэй байдлыг ашиглан АНУ/НАТО-ийн цэргийн хүчин оросын хилд тулж ирсэн. Оросууд хариу арга хэмжээ авч хоёр жилийн дотор ерөнхий цэргийн нэг, танкийн нэг армийг шинээр байгуулж баруун, өмнөд цэргийн тойргуудыг хүч нэмэгдүүлээд байна. Байдал энэ хэвээр үргэлжилбэл олон улсын цэрэг-улс төрийн байдал хаашаа ч эргэж мэдэхээр байгаа ба олон улсын анхаарлын төв байгаа улс орнууд өөрсдийн цэрэг зэвсгийн хүчээ илт базааж эхэлсэн. Зүүн европд дайны оч үсэрч томоохон хэмжээний зэвсэгт мөргөлдөөн гарвал манай улсад шууд бусаар нөлөөлж болзошгүй тул одооноос анхааралтай, бэлтгэлтэй байх хэрэгтэй байна. Нөгөө талаар хэрвээ НАТО/Орос хоёр мөргөлдвөл, хятад улс энэ бүхнийг зүгээр хараад суулгүй, одоогийн өмнөд хятадын тэнгис, хөрш залаа улсуудтай маргаантай байгаа газар нутаг, арал, усан хилийн асуудлыг зэвсгийн хүчээр шийдчихэж магадгүй гэсэн болгоомжлол ч байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5564

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%