Улаанбаатар ийм байгаа нь чиний буруу биш, Улаанбаатар ийм хэвээрээ үлдвэл чиний буруу

Хүний амьдралыг утгатай, жаргалтай болгоход тусалдаг хоёр зүйл бий гэдэгт би итгэдэг. Нэг нь ажил, нөгөө нь хайр. Ажил, хайрын аль аль нь жижиг мэт боловч чухал үйлээс эхэлдэг.

Сайн ажил бол амьдралын нэг утга

Хүн идэвхтэй амьдралынхаа дийлэнх хэсгийг ажилдаа зориулдаг. Хүн зүгээр нэг мөнгө олох, алдар нэрд хүрэх зэрэг арга хэрэгсэл төдийгөөр ажлаа хардаг бол амьдрал нь тийм ч эрхэм үү гэдэг эргэлзээтэй. Харин ажил нь бусдын амьдралд эерэг өөрчлөлт авчрах, үнэт зүйл бүтээх, хэрэгжүүлэх зорилготой байвал хүний амьдрал илүү утгатай болдог. Ийм ажлаа олсон хүн ажилдаа “орж,” хэр их цаг, хүч зарцуулж байгаагаа ч үл анзааран жаргалтай байдаг. Жишээлбэл, 30 настайдаа шүүгч болсон хүнд шийдэж буй хэрэг бүр нь чухал, ялангуяа эрх чөлөө, өмч хөрөнгө, нэр хүнд зэрэг хүний амьдралын хамгийн чухал хэсгийн хувь заяаг эцэслэн шийддэг учраас тухайн тохиолдолд бүрт аль болох чигч, төвч, хараат бусаар хандаж шийдвэрээрээ шударга ёсыг тогтоохыг хичээн 30 жил ажиллавал энэ ажил нь тэр хүний амьдралыг хэзээ ч устаж үгүй болохгүй үнэт зүйл болгоно. Мөн, хуульч хүний хувьд өөрийн үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд хууль болон Хуульчийн мэргэжлийн дүрмийн шаардлага, зарчмын дагуу чадахаараа хичээл зүтгэл гаргаж, хараат бус, мэргэжлийн түвшинд ажилладаг бол түүний амьдрал мөн л утга төгөлдөр болно.

Хууль зүйн сургуулийн багш гурван төрлийн ёс зүйн үүрэгтэй. Юуны өмнө, багш хүн хууль дээдлэх ёс, шударга ёс, хүний эрх зэрэг ардчиллын үнэт зүйлсийн дагуу өөрийн зааж буй хичээлийн сэдвийг зөв танин мэдэж, уг мэдлэгийг эзэмших, ур чадвараа хөгжүүлэх, хандлага, үнэт зүйлээ төлөвшүүлэхэд оюутанд туслах, дэмжих ёстой. Түүнчлэн, их сургуулийн багш бол тухайн чиглэлийнхээ академик болон бодлогын судалгааг хараат бус, тогтмол хийж шинэ мэдлэг бүтээх, нийгэмд тулгамдсан асуудлыг тодорхойлж оновчтой шийдлийг санал болгоход хувь нэмэр оруулдаг байх нь ач холбогдолтой. Мөн, хуулийн багш бол өөрийн мэргэшсэн чиглэлээрээ ардчилсан улсын иргэний боловсролд хувь нэмэр оруулах, хууль, дүрэм, журмын төсөл боловсруулах, саналаа өгөх, мэргэжилтний хувьд үгээ хэлж нийтийн хэлэлцүүлгийг илүү үндэслэлтэй, ухаалаг болгох зэргээр нийгэмд чиглэсэн ажлыг тогтмол хийх шаардлагатай. Би хуулийн багшийн хувьд эдгээр гурван төрлийн үүргийг чадахаараа сайн гүйцэтгэхийг хичээж ирсэн бөгөөд ингэж чадаж байвал миний амьдрал илүү утгатай санагддаг, жаргалтай байдаг.

Хайр бол жаргалын үндэс

Ажил чухал боловч зөвхөн ажилдаа бүхнээ зориулсан хүний амьдрал сайн амьдрал гэж бодвол эндүүрэл болно. Хүний амьдралыг ажлаас дутуугүй эрхэм болгодог зүйл бол хайр. Хайрыг өргөн агуулгаар ойлгож болно. Амьдралын ханиа хайрлах хайр. Аав ээж, ах эгч, дүүгээ хайрлах хайр. Үр хүүхэд, ач зээгээ хайрлах хайр. Найз нөхдөө хайрлах хайр гэх мэт. Хүн өөрийн амьдрал дахь хамгийн чухал хүмүүсээ хэр сайн ойлгож байна вэ, хэр их цаг зарцуулж байна вэ, нөхцөлгүйгээр тусалж чадаж байна уу, бие даасан хувь хүн гэж хүлээн зөвшөөрч хүндэлж чадаж байна уу, өөрсдийн зорилгодоо хүрэхэд нь дэмжиж урамшуулж чадаж байна уу гэдэг бол чухал асуултууд. 

Эцэг эхийн хувьд үр хүүхдээ хайрлах, ялангуяа зөв хайрлах бол жаргал, бас ёс суртахууны үүрэг. Мэдээж, үр хүүхдээ эрүүл, гачигдалгүй, боловсролтой, сайн хүн болгож өсгөх нь эцэг эхийн эн тэргүүний үүрэг. Үүнээс гадна, эцэг эх бол нэг талаар хүүхдийнхээ амьдрах нийгмийг хүмүүнлэг ардчилсан нийгэм болгоход чадахаараа хувь нэмэр оруулдаг байх ёстой. Зөвхөн миний хүүхэд элбэг хангалуун байх төдийгүй Монгол Улс бүхэлдээ баян орон болох нь хамаагүй дээр. Гэвч, Монгол дарангуй дэглэмтэй болж, иргэд чөлөөтэй, тэгш байх эрхээ алдвал хэчнээн баян байгаад ч миний хүүхэд сайн амьдарч чадахгүй. Баялгаас илүү эн тэргүүний зүйл бол зөвхөн миний хүүхэд төдийгүй хүн бүр хүний эрхэм чанартай гэж хүлээн зөвшөөрөгдөж, амьдралаа өөрийнхөөрөө зохиох, төлөвлөх, хэрэгжүүлэх эрх чөлөөтэй байх, хүний хувьд тэгш хандуулдаг байх явдал. Миний хүүхдийн амьдарч буй нийгэмд бүхэлдээ хүний эрхэм чанарыг хүндэлдэг байхгүйгээр миний хүү эрхэм чанартай гэж хүлээн зөвшөөрөгдөхгүй, тийм баталгаа бүрдэхгүй. Эцэг эхийн нийгэмдээ хүлээсэн үүрэг олон жижиг мэт боловч чухал үйлээс эхэлдэг. Жишээлбэл, УИХ-ын болон бусад сонгуульд оролцох, сайн бодлогыг дэвшүүлж буй нам, улс төрчид саналаа өгөх, нийтийн ашиг сонирхлын төлөө үгээ зоригтой хэлэх, хөдөө зугаалгаар явахдаа хогоо хаяхгүй байх, боломжтой бол хүмүүсийн тарьсан хогийг аваад явах, ус хэрэглэхдээ ариг гамтай хандах, машинаа голын усанд угаахгүй байх, замын хөдөлгөөнд оролцохдоо бусад жолоочийг хүндлэх, ногоон гэрэл, гарц дээр явган зорчигчид зам тавьж өгөх гээд дурдаад байвал дуусахгүй чухал үүрэг бий. Эцэг эх энэ үүргээ тухайн тохиолдол бүр дээр биелүүлбэл энэ нь өөрөө хүүхдэдээ үлгэрлэл болоод зогсохгүй бүх нийтийн хууль мэт болж арчилсан, иргэншсэн нийгмийн соёл болж төлөвшинө.

Тэрэгтэй парад

Манай Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, энэ эрхээ баталгаатай эдэлнэ. Энэ эрхийг бодитой хэрэгжүүлэхийн тулд төр ажиллах ёстой ч иргэдийн оролцоо үүнээс дутуугүй хэрэгтэй билээ. Эцэг эхийн хувьд, ирээдүйд эцэг эх болох хүний хувьд, ах эгчийн хувьд, ерөөсөө илүү хүмүүнлэг нийгэмд амьдрахыг хүсэгчдийн хувьд оролцвол зохих нэгэн арга хэмжээ бол жил бүр зохион байгуулагддаг Машингүй өдрийн “Тэрэгтэй парад” юм. Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ нь замын хөдөлгөөнийг явган зорчигчид, хот төлөвлөлтийг хүүхдэд илүү ээлтэй болгоход иргэдийн төдийгүй шийдвэр гаргагчид, хэрэгжүүлэгчдийн анхаарлыг хандуулах зорилгоор уг жагсаалыг 2016 оны 6-р сарын 4-ний өдрийн 11:00-13.00 цагт Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэл зохион байгуулах гэж байгаа ажээ. Энэхүү жагсаалын удирдамжид тулгуурлан агуулгыг танилцуулъя.

Замын хөдөлгөөнийг илүү аюулгүй, хүнлэг болгоё

Хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд сигнал (дуут дохио) хэрэглэхгүй байх нь хотын соёлын нэгээхэн хэсэг, иргэд амгалан, тайван амьдрах нөхцөл. Замын хөдөлгөөний дүрмийн 6.1-д зааснаар жолооч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх эсхүл суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах гэсэн хоёрхон зорилгын аль нэгнээр сигнал дарах эрхтэй бөгөөд өөр үед сигналдах нь хориотой. Гэтэл хувийн болон нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар ямар нэг хязгаарлалтгүйгээр сигналыг хүссэн үедээ дарж, хүүхэд, хөгшдийг цочоож, хүмүүсийн амгалан, тайвныг алдагдуулах нь түгээмэл боллоо. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн энэ үйлдэлд замын цагдаа хариуцлага тоодоггүй, үл тоодог нь харамсалтай.

Явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн ногоон гэрлийн асах хугацаа хангалттай урт биш. Хүүхэдтэйгээ хамт яваа эцэг эх болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэн ногоон гэрлээр амжиж зам хөндлөн гарах бараг боломжгүй. Үүний хажуугаар Замын хөдөлгөөний дүрмийн 12.7, 13.2-т заасан "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө" гэх заалт төдийлөн хэрэгждэггүй. Мөн, уг дүрмийн 12.1-т заасан "жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө" гэх заалт хэрэгжих нь өдрийн од шиг ховор. Ногоон гэрэл ассан байсан ч жолооч явган зорчигчид бус харин эсрэгээрээ явган зорчигч баруун, зүүн эргэж буй машинд зам тавьж өгөхөөс аргагүй байдаг, энд тэндээс машин ирээд мөргөчих вий гэсэн байнгын айдастай явдаг нь хачирхалтай.

Надад тохиолдсон нэгэн харамсалтай жишээ бий. Би Япон, АНУ-д 7 жил сурч, судалгаа хийж, ажиллаж байгаад 2013 онд Монголдоо буцаж ирсэн юм. Япон, АНУ-ын аль алинд нь жолооч ногоон гэрэл эсхүл гарц дээр явган зорчигчид зам тавьж өгөх хуультай төдийгүй соёлтой. Миний нэг найз мөн тэр үед надтай хамт Монголд буцаж ирж таарсан. Тэгээд нэгэн өдөр тэр найзтайгаа явж байв. Ногоон гэрэл асахаар нь гарцаар зам хөндлөн гарч байхад нэг машин ирээд найзыг минь мөргөөд унагачхав, би ч золтой л мөргүүлчхээгүй. Найз маань эмнэлэг, цагдаа гээд бөөн юм болж хэдэн өдрөө алдсан. Монголд бол хүүхдэдээ ногоон гэрэл асахаар замаар гарах эрхтэй гэж хэлэхэд ч аюултай. Энэ байдлыг өөрчлөхгүй бол та, эсхүл таны хүүхдэд ч ийм зүйл тохиолдох эрсдэл ямагт байсаар байх болно. Энэ мэт асуудлыг зохицуулсан хууль дүрэм бэлээхэн байсаар атал хэрэгжилт нь хангалтгүй, хэрэгжилтэд нь хяналт тавьж, хариуцлага тооцдоггүй зэргээс болж, иргэдийн тэр дундаа хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөөр.

Хүүхдэд ээлтэй хотыг цогцлооё

Хүүхэдтэй болсон эцэг эх бүрт тулгардаг нэг бэрхшээл бол хүүхдээ салхилуулах орчин. Улаанбаатар хотын оршин суугчид хүүхдээ салхилуулах, тоглуулах талбай, ногоон байгууламж хомс, одоо буй ихэнх тоглоомын талбай 1990-оноос өмнөх үеийн хот төлөвлөлтийн ачаар бий болсон. Сүүлийн хэдэн жил томоохон хэмжээний цэцэрлэгт хүрээлэн байгуулж эхэлсэн ч хүртээмжгүй байна. Дүүрэг, хороо бүрт цэцэрлэгт хүрээлэн байхгүй тул эцэг эхчүүд тэр бүр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж очих цаг хугацааны болоод санхүүгийн боломж хомс. Орон сууцны дэргэдэх нийтийн эзэмшлийн талбай өдрөөс өдөрт хумигдаж, хувийн өмчийн барилга, гаражд шахагдсаар байна. Шинээр баригдаж буй орон сууц, хороолол оршин суугчдадаа зориулсан амрах, салхилах талбайгүй байх нь элбэг.

Мөн хотын хэмжээгээр явган хүний зам дутагдалтай, байгаа замууд нь энхэл донхол, бартаа саад ихтэй тул хүүхдээ хөтлөөд явах, тэрэгтэй нь түрээд зорчиход тохиромжгүй байна. Бас явган хүний замын хөвөө ихэвчлэн намсгагчгүй байдаг. Олон нийтийн үйлчилгээний газар, төрийн байгууллага, орон сууц зэрэгт хүүхдийн тэрэгтэй болон тэргэнцэртэй хүмүүс ороход тохирсон налуу зам байдаггүй.

Ямар ч ардчилсан улсын хот төлөвлөлт юун түрүүнд хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэд суурилах ёстой. Ийм ч учраас тодорхой тооны хүн амын дунд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тоглоомын талбай, ногоон байгууламж байхаар төлөвлөж, ингэхдээ дээр дурдсан эрхийг хангах үүднээс заавал мөрдөх ёстой стандарт тавьдаг. Гэтэл манай улсад хүний эрхэд ээлтэй хот төлөвлөлт алга. Үүний үр дүнд бидний ирээдүй болсон хүүхдүүд тоглох, салхилах газаргүй, олдсон жаахан зайндаа машины хорт утаа, шороо тоосонд дунд өсч бойжиж байна. Эцэг эхчүүд хүүхдээ тэврээд (тэрэгтэй нь түрээд) энхэл донхол болсон замаар тохь тухгүй зорчиж, "явганаас осолдох"-д ойрхон амьдарч байна.

Эдгээр шалтгааны улмаас эцэг эхчүүд сайн дурын үндсэн дээр нэгдэж, төрөөс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ баталгаатай эдлэх нөхцөл, боломжийг хангахыг шаардаж, "Тэрэгтэй парад 2016" тайван жагсаалыг зохион байгуулах гэж байгаа юм байна. Иргэд бид ийм шаардлагыг төрийн байгууллага, албан тушаалтанд тавьж, иргэний энэ эрхийг хүндлэхийг бусдадаа уриалж байж л өөрчлөлт ирнэ, эрүүл, аюулгүй орчинд амьдардаг болно. Тиймээс, аавын хувьд энэ арга хэмжээнд би эхнэр, хүүтэйгээ оролцох болно, мөн таныг ч оролцоосой гэж уриалж байна. Нэгэн фэйсбүүк найз маань "Ертөнц ийм байгаа нь чиний буруу биш. Ертөнц ийм хэвээрээ үлдвэл чиний буруу" гэсэн Герман дууны үгийг пост хийснийг хэд хоногийн өмнө уншсан. Үе үеийнхэн хийх ёстойгоо хийж, хувь нэмрээ оруулж ирсэн учраас өнөөдөр бид тусгаар тогтносон, ардчилсан Монгол Улсад амьдарч байна. Бидний үеийнхэн өнөөгийн нийгэм дэх шударга бус, хүнлэг бусыг чадахаараа өөрчлөх ёс суртахууны үүрэгтэй, энэ үүргээ эс биелүүлбэл амьдралын жамаар эндээс явахдаа өөрийнхөө эсхүл үр хүүхдийнхээ өмнө өөрийгөө буруутгаж харамсаж магадгүй.

  • Хаштагууд:
  • #UB

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4867

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%