Нийтлэл 06 сарын 26, 2016

МИНИЙ УЛС ТӨРД ОРЖ БУЙН 8 ШАЛТГААН...

Өнөөдөр бид Монголоо нэхэл хатуутай нэхэх цаг болсон. Ийн нэхэх хэд хэдэн учир шалтгаан байна.

1. Бид Монгол өв соёлоо, зан уламжлалаа нэхэх цаг болжээ. Мөнгө хөрөнгөнөөс өөр үзэл санаа, итгэл үнэмшил, үнэт зүйлгүй болсон манай үндэстний нүцгэрч үлдсэн оюун санаан дээр харийн элдэв бусын шашин соёлын хог ирж шавлаа. Монголоо сайн мэдэхгүй атлаа харийг шүтэн бишэрдэг болж байна. Харахад зүс царай нь монгол боловч дотоод мөн чанараараа монгол биш болж байна. Мөн чанараа алдвал бид үндэстэн биш болно. Өнөөдөр бид мөн чанараа нэхэх цаг болсон.
2. Монгол төрөө нэхэх цаг болсон. Үндэстнийхээ эрх ашгийг эрхэмлэдэг биш, харин харийн дохио зангаагаар хөдөлдөг, цөөнх санхүү-улс төрийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг төртэй болсон. Бид харьжсан төрийг зайлуулж, монгол төрөө нэхэх цаг болжээ.
3. Бид хөгжил дэвшлээ нэхэх цаг болсон. 26 жил боллоо. Хүний бүхэл бүтэн нэг үе өнгөрлөө. Бид хүссэн, зорьсноороо хөгжиж чадсангүй. 20-хон жилийн дотор улс хэрхэн хөгжидгийг бид Солонгос, Сингапур зэрэг улсын жишээнээс харж байгаа. 26 жилийн өмнө бидэнтэй нэг гараанаас эхэлсэн Казахстан хэрхэн өөрчлөгдсөнийг бид мэднэ. Астанад очсон хүн Улаанбаатартайгаа харьцуулж хараад бид чинь яачихаа вэ хэмээн өөрсөддөө гомдож гол горойхоор байгаа.
4. Бид бүтээлч чадвараа нэхэх цаг болсон. Өнөөдөр Монголчууд бид баялаг бүтээгч биш хэрэглэгчид болж хувирсан. Хэрэглэгч ард түмэн хөгжиж дэвшдэггүй. Бид 1 кг зэсээ 4 доллараар зардаг бол Герман улс 1 кг зэсийг микро систем, чипс болгоод 40 000 доллараар зарж байна. Бидний орлогынхоо 71 хувийг баялгаа ухаж гарган зараад олдог бол Герман улс орлогынхоо 70 хувийг оюуны патентаасаа бүрдүүлж байна. Бид бүтээлч чадвараа нэхэх цаг болсон.
5. Бид тусгаар тогтнолоо нэхэх цаг болсон. Хил хязгаартай төдийгөөр ТТ баталгааждаггүй. Хамгийн түрүүнд бидний Эдийн засгийн Тусгаат тогтнол баталгаагүй байна. Өргөн хэрэглээний бараагаараа Хятадаас 86 хувь хараат, бензин шатахуунаараа Оросоос 98 хувь хараат. Хуучин Соц үед Москвад найтаахад Монголд ханиад хүрдэг байсан бол өнөөдөр Москва, Бээжинд найтаахад Монголд цусан хатгаа авах хэмжээнд хүртлээ бидний эдийн засгийн тусгаар тогтнол эмзэг болчихсон.
6. Бид бүтэн цул улс үндэстнээ нэхэх цаг болсон. Нийгмийн ялгарал туйлдаа хүрлээ. Хүн амын маань 21.6 хувь нь үгээгүй ядуурсан, 42 хувь нь ядуурлын ирмэг дээр айдас хүйдэстэй дэнжигнэж байхад 3-хан хувь нь дэлхийн баячуудын эгнээнд шилжсэн. Дээдэс нь доодсоо "Залхуу арчаагүй, тэнэгтээ ядуурсан" гэж нохойноос дор үздэг, доодос нь дээдсээ "Бидний хүнд амьдралын шалтгаан эдэнд бий" гэж жигшдэг болсон. Нэгнээ хүлээн зөвшөөрч чадахгүй зөрчилт ангит нийгэм бий болсон. Бид бүтэн цул үндэстнээ нэхэх цаг болсон.
7. Бид эв нэгдлээ нэхэх цаг болсон. Эрх баригч улс төр-санхүүгийн бүлэглэлүүд маань ард түмнээ турхиран улс төржүүлж, жалгандаа багтахгүй болтол нь талцуулж, хувааж байна. Эв нэгдэлгүй болохоороо бид бусдын тугын дор бөхийдөг. Өнөөдөр бид өөр хоорондоо талцаж хэмлэлдсээр хөгжлийн хамаг нөөц чадамжаа шавхлаа. Тэгээд зогсохгүй өр зээлд гавлуулан гинжлүүлж, тэр гинжнийхээ нэг үзүүрийг улс дамнасан санхүүгийн бүлэглэлүүдийн гарт атгуулчихсан сууж байна.
Бид эв нэгдлээ нэхэх цаг болсон.
8. Бид эрүүл саруул ухаанаа нэхэх цаг болсон. Бид зөв шударга нэгнээ, үнэн зөвийг ярьж буй, хэрэгтэй хууль, төсөл, хөтөлбөр, санал санаачилга дэвшүүлж буй нэгнээ хэний ямар намынх байхаас үл хамааран тал талаасаа түрхрэн дэмжих эрүүл саруул ухаанаа алдаж, зөвхөн өөрийн намынх нь, бүлэглэлийнх нь биш бол ямар ч сайхан санаачилгыг татан нурааж, ямар ч зөв хүний нүүр өөд адгийн муухай угаадас цацдаг болсон. Бид үндэснийхээ эрх ашгийн дээр нам бүлэглэлийнхээ эрх ашгийг залдаг тийм солиотой зарчимтай болсон.
Бид эрүүл ухаанаа нэхэх цаг болсон.
.

Чухам ийм олон нэхэх зүйл байгаа учраас л би улс төрд орж байна. Хойш ухардаг, хувиа боддог цаг байхгүй болсон. Яагаад гэвэл бид дахиад ийм бодлогогүй төр, дампуурсан улс төр, зарчимгүй явдалтайгаар хэдэн жил болбол засаж залруулахад нэн хүнд байдалд гулсаж мэдэхээр байна.

Би 3 хүүхэдтэй. Хожмын өдөр үр хүүхэд маань надаас "Таны, та нарын үед улс орон маань элгээрээ хэвтсэн юм билээ шүү дээ. Та нар яагаад хий хоосон үглэж шүүмжлэхээс өөр юу ч хийгээгүй юм бэ? Яагаад үр хүүхэд бидэнтэй ийм хүнд хэцүү амьдрал, хөгжил дэвшилгүй улс орныг өвлүүлсэн юм бэ?" гэж асуух вий гэдгээс эмзэглэж байна.
Тиймээс л би УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа болно. Ачаа үүрэх ёстой бол үүрэх цаг нь ирсэн. Би одоо 48 настай. хар бор хатуу хүнд амьдрал ч туулсан, улс төрийн ч ажил хийлээ. Төрийн албанд удирдах ажлыг чамгүй хугацаанд хашиж туршлага хураав. Дэлхийг бөөрөөр нь хэдэнтээ тойров.
Өнөөдөр хэрвээ би, бид зүтгэхгүй бол бидний өмнөөс хэн зүтгэх бол хэмээн хүлээж суудаг цаг биш. Энэ харанхуйг хэн нэг нь гэрэлтүүлчихдэг болоосой хэмээн гасалж сууж цаг биш.
Зүтгэх ёстой цаг нь ирсэн бол зүтгэе. Зүтгэх зүтгэхдээ бүр хүнд араандаа хийгээд зүтгэх цаг болжээ гэж би бодож итгэж байна.
Чухам иймээс л би УИХ-д нэр дэвшиж байгаа болно.

Сэтгэгдэл бичих

arrow icon