Нийтлэл 11 сарын 03, 2016

ЗЭН: Хүсвэл хясаж, орхивол олдоно

Нэгдүгээр хэсэг ЗЭН: Яг одоо, яг энд өөрийн амь насаар амьдар

 

Гурав. Сургаал гэдэг хэрэгжүүлж гэмээнэ анх үр дүнгээ өгнө.

“Эс үйлдэж хоосон үхвээс, эцэст харамсана. Сайн оточ өвчнийг мэдэж, тан үйлдэнэ. Уух эсэх нь оточийн хариуцлага бус авай.”
Кумаражива

“Юу ч хийлгүй хоосон үхвээс эцэстээ харамсах нь мэдээж биз ээ. Би, эмч хүн өвчтний байдалд тааруулж хамгийн сайн тохирох эмийг өгдөг шиг сургаал оюунаа номлодог. Түүнийг хэрэглэх үгүй нь эмчийн хариуцлага биш шүү дээ.”

Бо модны дор гэгээрлийг олсон бурхан Будда 80 насалж ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хүртлээ, Энэтхэгийн уудам нутгаар хэрэн хэсүүчилж, ард олны тусын тулд сургаал номоо айлдаж байжээ. Дээрх үг нь тэрээр нирваан дүрийг олохынхоо өмнө үлдээсэн эцсийнх нь сургаал байсан гэдэг.

Бурхан Будда өөрийнхөө өвчнийг (амьдралын зовлон зүдгүүр) эдгээж чадсан. Түүний төлөөх эмийг (зөв амьдрах дадал) тэрээр олсон. Бид ч гэсэн тэр эмийг хэрэглэвэл (зөв аргаар амьдарвал), бурхан Буддагийн адилаар зовлон зүдгүүрээс ангижирч чадна. Гэвч сургаал ном гэдэг эм уух заавраас цааш хэтрэхгүй. Зааврыг уншсан төдийхнөөр, эмийн үйлчилгээ илрэхгүйтэй адил.

Өөр нэг жишээгээр зүйрлэвэл, бурхан Будда аз жаргалын ууланд авирч чадсан. Ингэж чадсан тэрээр өөрөө сайн замч болон бидний төлөө үй олон сургаал номыг үлдээсэн аж. Тэдгээрийн үсэг нэг бүр нь уулын орой өөд зааж чиглүүлэх замын хажуугийн тэмдэг мэт. Гэвч, замын тэмдэг гэдэг замын тэмдгээс хэтрэхгүй. Бурхан Будда хэдий бидний замч боловч, биднийг тэвэрч эрхлүүлэхгүй, үүрч мацахгүй. Замын тэмдгийн зааснаар уул өөд мацах эзэн нь өөр хэн ч биш, бид өөрсдөө юм.

Одоо, энд, бурхан Буддагийн сургаалыг хэрэгжүүлэх эсэх нь биднээс өөрсдөөс маань л шалтгаална.

 

Дөрөв. Хүсэх аваас хясаж, орхих аваас олдоно.

“Эс хонжив.”
Хөх хадны бичмэл

Одоогоос 1500 орчим жилийн өмнө Зэн буддизмыг үндэслэгч Бодьдарма гуай Энэтхэгээс Хятадад ирж байжээ. Тэгээд, бурхны шашинд элэгтэй Хятадын их хаанд уригдсан юм гэнэ. Их хаан Бодьдармагаас асуусан нь:

-Би олон арван хуваргыг залж, Буддын сургаалыг Энэтхэг хэлнээс Хятад хэл рүү орчуулуулж, сүм хийд ч босголоо. Миний энэ их хичээл зүтгэлийг юу гэж бодож байна?

Бодьдарма гуай шулуухан ийн хэлжээ.

-Эс хонжив.

Ямар ч ашиг алга гэж. Их хааны өөдөөс хээв нэг ингэж хариулах хүн байх ч гэж дээ.

-Тэгээд, юу хийвэл ашиг хонжоо нь гарах юм бэ?

Үнэндээ, Буддын сургаал гэдэг ашиг хонжоо олохын төлөөх сургаал биш юм. Ямар нэг юм олж авахын төлөөх зүйл огт биш юм. Харин “үүнийг авах юмсан, түүнийг авах юмсан”, “үүнийг хүсч байна, түүнийг хүсч байна” гэсэн сэтгэлийг орхих нь Буддын суртал ажээ.

Зэнгийн гэгээрэл ч мөн адил тийм юм. Хүсэх тусам холдон оддог нь гэгээрэл. Яагаад гэвэл гэгээрэл гэдэг шунал тачаалыг орхихын нэр учраас. Шунал тачаалаа орхилгүйгээр, “гэгээрэл” гэх өөр нэгэн шинэ тачаалыг хөөх нь яавч Буддын суртахуун биш билээ. Сайхан үгийг ч, Амар амгаланг ч, Диваажинг ч шунан хүсэж болохгүй.

Хүсвэл хясаж, орхивол олдоно.

 

Нэлке Мүхо “Герман Зэн Хуваргын Зүрхэнд Цуурайтах Буддын Сургаал 100” Номоос.

Э.Өнөболд
Тохокү ИС, Инженерийн факультет, Электроник М2

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2017-11-03

    Тэгэхээр ямар ч хүсэл тэмүүлэл, үнэт зүйлгүй бүх юм хоосон гээд л орхих нь харгис биш үү, хөгжил дэвшил яаж явах вэ?

arrow icon