Нийтлэл 01 сарын 03, 2017

СУДАЛГАА: МОНГОЛ УЛСЫН БИЗНЕСИЙН МӨЧЛӨГ

  1. Бизнесийн мөчлөг

Аливаа улс орны эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа мөчлөг бүхий хөдөлгөөнөөр тасралтгүй өөрчлөгддөг. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, иргэдийн амьдралийн нөхцөл байдал улсын эдийн засаг мөчлөгийн аль хэсэгт байгаагаас хамаарч байдаг. Бизнесийн мөчлөгийг онолын ойлголт талаас анх Митчел болон Бөрнс нар 1946 оны судалгаандаа тодорхойлсон гэж үздэг.

Бизнесийн мөчлөг нь сэргэлт, тэлэлт буюу эдийн засгийн өсөлт хурдсах үе болон агшилт, уналт буюу эдийн засгийн өсөлт удааширсан үеэс бүрдэнэ.

Мөчлөгийн үргэлжлэх хугацаа, цар хүрээ харилцан адилгүй ба дахин давтагдах шинжтэй, нэг жилээс илүү хугацаагаа үргэлжилдэг, жижиг хэсгүүдэд хуваагддаггүй. Эдийн засгийн мөчлөгийн үед мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж, сөрөг нөлөөг бууруулж эдийн засгийг тогтворжуулах буюу дэмждэг. Онолын үүднээс засгийг газрын зардал болон татварын хувьд сангийн бодлогыг энгийн жишээг авч үзвэл: “эдийн засгийн тэлэлттэй үед засгийн газрын зардлыг бууруулж, татварыг нэмэгдүүлэх бол агшилттай үед засгийн газрын зардлаа нэмэгдүүлж эдийн засгийг дэмждэг.”

Төрийн зүгээр мөнгөний болон сангийн хосолсон бодлогын арга хэрэгслээр эдийн засаг үзүүлэх мөчлөгийн сөрөг нөлөөг зөөлрүүлдэг. Байгалийн баялаг ихтэй, уул уурхайн салбараас өндөр хамаардаг орнууд түүхий эдийн үнэ өндөр үед орлогоо баялгийн санд байршуулдаг. Харин түүхий эдийн үнэ унахад хуримтлуулсан хөрөнгөөрөө эдийн засгаа дэмжих замаар түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамаарсан мөчлөгийн сөрөг нөлөөнөөс хамгаалдаг.

  1. Монголын бизнесийн мөчлөг

Өмнөх хэсэгт бизнесийн мөчлөгийг онолын талаас авч үзлээ. Харин Монголын хувьд бизнесийн мөчлөг хэрхэн өөрчлөгдөж байгаа, төрийн зүгээс мөчлөг сөрсөн ямар бодлого хэрэгжүүлж байгааг энэ хэсэг авч үзье.

Монголын эдийн засаг гадаад орчноос дэлхийн болон Хятадын эдийн засаг, түүхий эдийн үнэ, цаг агаарын байдал дотоод орчноос төрийн бодлого, засаглал, уул уурхайн салбарын бүтээн байгуулалт зэргээс хамаарч хэлбэлзэж байна.

Ерөнхийдөө 1990 оноос хойш Монголын эдийн засагт 3 томоохон уналт тохиолдсон байна. 1990-ээд оны эхээр Монгол улс эдийн засгийн хувьд зах зээлийн системд, улс төрийн хувьд ардчилсан засаглалд хос шилжилт хийснээр эдийн засгийн өсөлт -9.2 хувьд хүртэл буурсан. Зах зээлийн системд шилжсэнээр бараа бүтээгдэхүүний хомсдол бий болж, инфляцийн түвшин 3 оронтой тоонд хүрсэн юм. Уг шилжилтээс үүдсэн хямрал 2000 он хүртэл үргэлжилсэн гэж үздэг. Мөн 1999-2002 хугацаанд зуд тохиолдсон нь ХАА салбарт хүндхэн цохилт өгсөн. Монголын эдийн засаг 2000 оноос хойш савалгаа өндөртэй болсон. Шилжилтийн үеийн дараа тохиолдсон хүчтэй хямрал бол дэлхий санхүүгийн хямралаас үүдэлтэй 2008-2009 оны хямрал юм. Уг хугацаанд эдийн засгийн өсөлт -1.3 хүртэл буурсан байна. Үүнтэй зэрэгцээд 2009-2010 шилжих өвөл зуд тохиолдож 8.5 сая толгой мал буюу нийт малын 20 хувь хорогдсон. Санхүүгийн хямралын дараагаар уул уурхайн бүтээн байгуулалт, Оюу Толгойн хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнийн өсөлт зэргээс шалтгаалж Монголын эдийн засаг 17.3 хувь (2011 он) хүртэл өссөн.

Уг өсөлтөөс хойш түүхий эдийн үнэ буурч, ГШХО буурснаар эдийн засаг дараагийн хямралд аажмаар шилжиж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол улс 2016 оны эхний 3 улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс -1.6 хувиар буурсан байна. Энэ бол 2009 оноос хойших анхны сөрөг өсөлт юм. Эдийн засаг 1.6 хувиар агшихад барилгын салбар -20.3 хувиар, худалдааны салбар -8.0 хувиар, аж үйлдвэрийн салбар -7.0 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн. Харин ХАА салбар 2.8 хувиар өссөн бол уул уурхайн салбар 0.1 хувиар өсчээ.

Зураг II-1 харахад Монголын эдийн засгийн өсөлт сүүлийн 3 жил тасралтгүй саарсан байна.  Монгол эрс тэс уур амьсгалтай тул улирлаас хамаарсан нөлөө өндөр байдаг.

1-р улиралд эдийн засаг 40 гаруй хувиар агшдаг бол түүнтэй дүйцэх хэмжээний өсөлтийг 2-р улиралд нөхөж олдог, 3,4-р улиралд  харьцангуй тогтвортой байдаг онцлогтой (Эрдэнэбат, 2016).

Иймд улирлын нөлөөг CensusX12 аргаар хасч Монголын бизнесийн мөчлөгийг ялгавал сүүлийн 6 сар дараалан агшилттай байсан. Эдийн засаг дараалан 2 болон түүнээс дээш улирал бууралттай байхыг эдийн засгийн хямрал хэмээн тодорхойлдог. Харин Монголын эдийн засаг хямралын түвшинд хүрээд 1 жил өнгөрчээ. Энэ удаагийн агшилт нь 2008-2009 оны санхүүгийн хямралаас удаан үргэлжилж байна.

Монгол улсын Нэгдсэн Түрүүлэгч Индикаторын судалгааг хийсэн профессор Б.Эрдэнэбат 2012 онд Сангийн яаманд нэвтрүүлж байсан. Түүний  2016 оны 3 дугаар улирлын тооцооллоор Монголын бизнесийн мөчлөгийн эргэлтийн цэгийг урьдчилан тандах чадвартай байж болох 51 хувьсагчийг шинжилж үзэхэд энэ удаагийн уналт одоогоор ёроолдоо хүрсэн дүн хараахан гараагүй байгаа аж.

  1. Мөчлөгт нөлөөлөгч хүчин зүйлс

Монголын эдийн засаг гадаад орчноос дэлхийн болон Хятадын эдийн засаг, түүхий эдийн үнэ, цаг агаарын байдал дотоод орчноос төрийн бодлого, засаглал, уул уурхайн салбарын бүтээн байгуулалт зэргээс хамаарч хэлбэлзэж байна.

3.1  Гадаад хүчин зүйлс

Мөчлөгт нөлөөлөгч гол хүчин зүйлсийн нэг бол түүхий эдийн үнийн өсөлт байгааг доорх зургаас харах боломжтой. Зурагт Монголын эдийн засгийн бодит өсөлт болон зэсийн үнийн индексийг харуулсан. Түүхийн эдийн үнийн супер циклийн үед эдийн засгийн өсөлт огцом өссөн, харин түүхийн эдийн үнэ унахад эдийн засгийн өсөлт дагаж унаж байгааг харж болно. Энэ нь уул уурхайн салбараас хэт хамааралтай байгааг харуулж байна

.

Сүүлийн хугацаанд түүхий эдийн үнийн өсөлт ажиглагдаж байна. Ялангуяа зэс болон нүүрсний үнэ өндөр өсөлттэй байна. Хятадын засгийн газраас нүүрсний олборлолтын хязгаарлалтаа сулруулж байгаа нь нүүрсний үнийн удаан өсөхгүй байх магадлалтайг харуулж байна. Түүхий эдийн үнээс гадна дэлхийн эдийн засаг ялангуяа Хятадын эдийн засгийн байдлаар Монголын эдийн засаг хамаарал өндөртэй байдаг. Хятадын эдийн засаг бүтцийн өөрчлөлт хийгдэж хэрэглээний эдийн засаг руу шилжиж байна. Экспортлохоосоо илүүтэй импортлох хандлага нэмэгдэж чинээлэг дундаж давхаргынхан өсч байна. Дэд бүтцийн суурь тавигдсан тул барилгын салбарын хөрөнгө оруулалт төдийлөн өндөр өсөлтийг бий болгохгүй байна. Улмаар Хятадын эдийн засгийн өсөлт аажмаар саарч байна. ОУВС Хятадыг 2017 онд 6.2 хувиар өснө хэмээн таамагласан. ОХУ-н хувьд ирэх жил эдийн засгийн хямралаас гарч 1.1 хувиар өсөх хандлагатай байна. АНУ-н хувьд шинэ ерөнхийлөгч сонгогдсон нь тодорхой бус байдлыг нэмэгдүүлж байгаа ч шинжээчид эерэг хүлээлттэй байна.

Биднээс хамааралгүй өөр нэг хүчин зүйл бол цаг агаарын байдал юм. Уул уурхайн салбараас гадна гол салбар бол ХАА салбар. Гэвч цаг агаарын таатай бус байдлаас шалтгаалж эдийн засгийн агшаах эрсдэлтэй байдаг. Ялангуяа энэ өвөл олон жилийн дундажтай харьцуулахад хүйтэн жил бол байна. Олон улсын тусламжийн байгууллагуудаас энэ өвөл зуд тохиолдвол эдийн засгийн хямралын нөхцөл байдалд бий болгох магадлалтай байгааг анхааруулж байна.

3.2 Дотоод хүчин зүйлс

Монголын бизнесийн мөчлөгт нөлөөлөх дотоод хүчин зүйлс бол төрийн бодлого, засаглал, уул уурхайн салбарын бүтээн байгуулалт зэрэг байна.

Сангийн бодлого

Монголын сангийн бодлого сахилга бат маш муу байна. Түүхийн эдийн үнийн огцом өсөлтийн үед засгийн газрын хэрэглээгээ нэмэгдүүлж харин түүхий эдийн үнэ буурч, эдийн засаг агшихад зардлаа бууруулж чадахгүй, төсвийн алдагдлаа улам өсгөсөн. 2016 оны 11 дүгээр сарын байдлаар Монгол улсын нэгдсэн төсөв -2677.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад зарлага нь орлогын өсөлтөөс 25.6 нэгж хувиар илүү байна. 2017 оны улсын төсвийн батлахдаа зарлагыг бууруулах, татварыг нэмэх саналыг дэвшүүлсэн нь дэмжигдэж чадаагүй ба төсвийн орлогыг бодит байдлаас хэт өөдрөгөөр батласан. Сангийн яамны тооцооллоор төсвийн алдагдал ДНБ харьцаа 2017 онд -9.1 хувь, 2018 онд -7.5 хувь байхаар байна.

Үүнээс гадны засгийн газрын өр, бондуудын төлбөр томоохон асуудал болж байна. Тухайлбал ирэх оны 3 дугаар сард 580 сая ам.долларын Евробондын төлөлт хийгдэнэ. Одоогийн нөхцөл байдлаар уг төлбөрийг хийхэд нилээн сорилттой тулгарахаар байна. 3 сарын дараа хийгдэх төлбөрийг хэрхэн хийгдэх нь тодорхойгүй байгаа нь өөрөө том эрсдэл юм. 2017 онд нийт өр ДНБ харьцаа 84.4 хувь байхаар хүлээж байгаа. Өрийн түвшин хэт өндөр байгаагаас Moody’s болон Fitch Монголын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Хэрэв өрийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол Монгол улс дампуурлаа (Default) зарлах эрсдэлтэй байна.

Мөнгөний бодлого

Төсвийн алдагдал өндөр, валютын албан нөөц бага, засаглалын доройтол зэрэг нь Төв банкыг бодлогын орон зайгүй болгож байна. Сүүлийн 1 жилийн хугацаанд ам.долларын ханш 22 хувиар чангарсан. Энэ нь нийт албан нөөц доогуур (2016 оны 1038.7 сая ам.доллар) түвшинд хүрсэн, валютын орох урсгал буурч байгаатай холбоотой байна. Монгол үйлдвэрлэгч орон биш, бүтээгдэхүүний дийлэнх хэсгийг импортолдог тул валютын ханшийн өсөлт нь инфляицийг өсгөх нөлөөтэй. Гэвч эдийн засгийн өсөлт саарч, бизнесийн идэвхжил буурч байгаагаас эдийн засаг дахь эрэлтийн түвшин сул буюу инфляци сөрөг түвшинд буурсан. 11 дүгээр сарын байдлаар инфляци 0.2 хувьтай байна.

Төвбанкнаас валютын ханшийн хүчтэй хэлбэлзлийг тогтворжуулах, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг 8 дугаар сард гаргасан. Эдийн засгийн хүндрэлтэй үед бодлогын хүүг өсгөсөн ядвал нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн буюу мөчлөг сөрсөн бодлого болж чадаагүй. Бодлогын хүүг өсгөснөөс хойших ханшийн хэлбэлзэл төдийлөн буурч чадаагүй байна. Харин 12 дугаар сард бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулсан. Учир нь ирэх онд инфляци зорилтот түвшнээс доогуур, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага, валютын дотогшлох урсгал, төлбөрийн тэнцэл, төсвийн орлогод эерэгээр нөлөөлнө хэмээн дүгнэсэн. Мөн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017 оны улсын төсвийн тухай хуулиар төсвийн сахилга бат сайжирч, дунд болон урт хугацааны өрийн тогтвортой байдлыг хангахад дэвшил гарахаар байгаа аж.

Гэвч цаашдын авч хэрэгжүүлэх төсвийн бодлого, арга хямралаас гарах арга хэмжээнүүдээс мөнгөний бодлогын орон зай тодорхойлогдоно. Цаашид бодлогын хүүг дахин бууруулж эдийн засгийг хэмжих шаардлагатай байгаа ч төсвийн бодлого ойрын хугацаанд төдийлөн эерэг хүлээгдэхгүй байна.

 

4. Хямралаас гарах арга хэмжээ

Монгол анхнаасаа мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж ирээгүй учраас эдийн засгийн хүнд байдлын эсрэг хэрэгжүүлэх Сангийн болон Мөнгөний бодлогын орон зай, боломж байхгүй байна. Мөн эдийн засгаа дэмжих нөөц сан ч алга. Иймд мөчлөг сөрсөн, хямралын эсрэг авч болох арга хэмжээг богино, дунд болон урт хугацаанд хувааж үзье:

4.1  Богино хугацаанд

Богино хугацаанд нэн яаралтай олон улсын байгууллагуудаас санхүүжилт татахаар өөр сонголт алга. Засгийг газрын зүгээс улс орнууд, санхүүгийн байгууллагуудтай яриа хэлэлцээр хийж байгаа ч төдийлөн үр дүнг гараагүй. Хамгийн боломжтой хувилбарууд бол ОУВС-н Stand-by хөтөлбөрт болон Хятадаас зээл. ОУВС-н Stand-by хөтөлбөр нь Монгол илүү ашигтай хувилбар юм. Учир нь Stand-by хөтөлбөрт хамрагдсанаас засаглал, төсвийн сахилга бат сайжрахаас гадна, хөтөлбөрт хамрагдсаны дараа давхар зээл, санхүүжилт авах боломжтой.

Хятадаас авах зээл нь хөрш орноос хэт хамааралтай, урт хугацаанд нөлөөлөлд автах эрсдэлтэй. Далай ламын айлчлалтай холбоотой хориг арга хэмжээ үүнийг илтгэж байна. Үүнээс гадна Хятадын зээл нь Монголын суурь асуудал болон засаглалыг сайжруулах талд эерэг нөлөө төдийлөн байхгүй. Мөн ирэх 2017 оны 3 дугаар сард төлөгдөх 580 сая ам.долларын төлбөрийг асуудлыг тодорхой болгох буюу хугацааг хойшлуулах. Валютын албан нөөцөө нэмэгдүүлэх.

4.2  Дунд хугацаанд

Засгийн газраас баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөр нь бодит байдалтай төдийлөн нийцэхгүй, хэт эерэг төсөөлөлтэй байгаа ч 5 том төслүүдээ хөдөлгөх, яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэн хийх. Төсвийн алдагдал, өрийн хэмжээг зохистой бага түвшинд бууруулах. Улмаар зээлжих зэрэглэлээ сайжруулах.

Монголын эдийн засаг уул уурхайн салбараас өндөр хамааралтай. Зөвхөн нэг салбараас хараат байх нь эмзэг байдлыг нэмэгдүүлэх тул төрөлжүүлэлт хийх шаардлагатай. ХАА салбар болон аялал жуулчлалын салбар ирээдүйтэй салбарууд юм. Уг салбаруудыг дэмжсэнээр ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, валютын орох урсгалыг өсгөх боломжтой.

Хятадад бүтцийн өөрчлөлт хийгдэж хэрэглээнд суурилсан эдийн засагт шилжиж байна. Энэ нь экспортын томоохон зах зээл, шинэ боломжийг бий болгохоор байна. 

Мөчлөгийн агшилтын үе харьцангуй удаан үргэлжилж байгаагаас иргэдийн нуруун дээрх дарамт өссөөх байна. Ажилгүйдэл, ядуурал, эрүүл мэнд зэрэг нийгмийн суурь үзүүлэлтүүд муудсаар байна. Иймд ажлын байрыг бий болгох, бизнес хийх орчныг сайжруулах буюу бизнес эрхлэгчдэд ажлын байр гаргах боломжийг бүрдүүлэх.

Гадаад шууд хөрөнгө оруулалтын дэмжих, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах чиглэлд хүчин чармайлт гаргаж, алхмуудаа улам эрчимтэй хийх.

4.3  Урт хугацаанд

Төсвийн сахилга баттай бодлого явуулах, хамгийн гол суурь асуудал болох засаглалыг сайжруулах. Бодлогын шинэчлэл хийж, тогтолцоонд шаардлагатай өөрчлөлтүүдийг зоригтой хийх.

Гадаад хөрөнгө оруулалтыг татахын тулд бодлогын хувьд тууштай, залгамж халаатай байх.

Нийгмийн асуудлыг шийдвэрлэж урт хугацааны арга зам болох ажил эрхлэлтийг дэмжихийн тулд хүмүн капитал, бүтээмжийг нэмэгдүүлэх буюу боловсрол, чанартай сургалтын тогтолцоог бүрдүүлэх.

Монгол уул уурхайн салбараас өндөр хамааралтай байгаагаас түүхий эдийн үнийн хэлбэлзэл мөчлөгт голлон нөлөөлж байна. Иймд баялгийн санг зүй ёсны дагуу, үндсэн үүргийг алдагдуулахгүйгээр байгуулах.

Сэтгэгдэл бичих

arrow icon