Нийтлэл 03 сарын 30, 2017

Хувийн сахилга бат амьдралд түлхүүр үүрэг гүйцэтгэдэг

“Өдөр тутмын хүсэл шуналаа мөрөөдөлтэйгөө битгий андуур.” – Жорж Клэсон

Чи хувийн сахилга бат хэр сайтай вэ?

Хувийн сахилга бат сайтай байх ёстой гэж хамгийн сүүлд хаана, хэзээ уншиж эсвэл сонсож байснаа санаж байна уу? Ажлын зарууд дээр л хувийн сахилга бат сайтай хүнийг ажилд авна гэсэн байх нь харагддаг ч энэ яг юу гэсэн утгатай вэ?

Хувийн сахилга бат амьдралд түлхүүр үүргийг гүйцэтгэдэг. Зүв зүгээр мөрөөрөө амьдарч байгаад бүтэлгүйтсэн нэгэн эсвэл гэнэтхэн л хоногийн дотор амжилтанд хүрсэн нэгэн гэх мэт түүхүүд олон бий. Гэвч үнэндээ хоногийн дотор бий болдог бүтэлгүйтэл эсвэл амжилт гэж байдаггүй. Харин ч эсрэгээрээ. Бид амжилтанд хүрсэн нэгний нэр алдрыг сонсохоос л биш түүнд хүрэхийнхээ төлөө зарцуулсан 10 жилийн тухай сонсох нь ховор. Хэн нэгнийг бүтэлгүйтжээ,  дампуурчээ гэдгийг л бид сонсохоос биш тэр сүүлийн 10 жилийн турш өөрөө ч анзааралгүйгээр үл ялиг алдаатай шийдвэрүүд гаргаж, үйлдлүүд хийж ирсэн тухай сонсох нь ховор.

Тэгэхээр хувийн сахилга бат бол тэр амжилт, бүтэлгүйтлийн ялгаа заагийг тодорхойлдог хамгийн том хүчин зүйл. Энэ бол төлөв даруу, төвшин амгалан нэгэн байх тухай биш. Харин энэ бол чи 10 жилийн дараах зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр тухайлбал өнөөдөр хийх ёстойгоо хийж байна уу гэдэг тэр л асуултын хариулт юм.

Бусдын хувьд хийсэн ч хийгээгүй ч ялгаагүй, өнөөдөр яахав дээ нэг алгасчихаж болно доо гэж боддог тэр л зүйлсийг огтхон алгасалгүйгээр, шантралгүйгээр хийдэг байх тэр сахилга бат.

Жилд 20 ном уншина гэсэн бол өдөр болгон номын 10 хуудас тасралтгүйгээр уншдаг байх тэр чадвар.

Жилийн дараа өөрийн хүссэн  өв тэгш, эрүүл саруул, бие бялдартай болохын тулд хичнээн хэцүү байсан ч долоо хоногт 3 удаа заавал фитнест явж чаддаг байх тэр сахилга бат.

Өөрийн бардам зан, омогшилоо даван байж илүү том агуу зүйлийн төлөө бусдаас уучлал хүсч, бусдад буулт хийж чаддаг байх тэр сахилга бат.

10 жилийн дараах зорилгоо өнөө маргаашийн хүсэл шуналаасаа илүү дээгүүр тавьж чаддаг байх тэр сахилга бат.

Харин одоо чи өөрөөсөө асуу.

Би хувийн сахилга бат хэр сайтай вэ?

Сэтгэгдэл бичих

arrow icon