Нийтлэл 04 сарын 13, 2017

Оффшорын хууль батлагдлаа

УИХ-ын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад зарчмын зөрүүтэй зарим саналаар санал хураалт явуулж, хуулийн төслийг олонхийн саналаар дэмжиж баталлаа.  Хуралдаанд 58 гишүүн оролцож, 74.1 хувийн саналаар Оффшорын  хуулийг батлав.

Хуулийн төсөл батлагдахаас өмнө Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн  10.1-д “Нэр дэвшигч болон сонгогдсон албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээд нь офшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэсэн байгуулахыг хориглоно” гэсэн заалтын талаар гишүүд зарчмын зөрүүтэй санал хэлж, асуулт асуусан юм.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын нэр бүхий дараах гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

Энэ хууль нилээн маргаан дагуулах байх. Хамаарал бүхий этгээд гэдэгт хэнийг оруулах, оффшорыг шалгах асуудлын хөрөнгө санхүүг яаж шийдэх гээд олон асуудал бий. Оффшороос болж олон хүн хэлмэгдэж байгаа. Эдийн засаг, ард иргэдийн амьдрал хүнд байгаа нөхцөлд өдөөн турхирах үйлдлүүд гарч байгаа нь харамсалтай байна. Тийм учраас Оффшорын хууль батлагдаж байгаад талархаж байна. Хууль батлагдсаны дараа гүтгүүлсэн, доромжлуулсан хүмүүсийн нэр цагаадах байх гэж найдаж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Монгол Улс эдийн засгаа бодож байгаа бол ийм хууль хэрэггүй. Би Ц.Мөнх-Оргил сайдаас асуумаар байна. Энэ хууль батлагдсанаар эргийн бүс гэгдэх 42 улсыг муухай улс юм гэж ойлголоо. Ийм ойлголт нийтэд төрөх нь эдийн засгийн болоод улс төрийн харилцаанд сэв суулгах вий. Матаас их нэмэгдэнэ гэдэгтэй санал нэг байна. Тиймээс хуулийн төслийг буцаасан нь зөв. Улсын эдийн засагт ямар ч ашиггүй. Малайз, Швейцарь үэрэг олон улсад оффшор бүс бий. Тиймээс хуулийн төслөө эргэж харна биз дээ.

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил:

Засгийн газраас өргөн барьсан хууль арай өөр хэлбэр, агуулгатай байсан. Гэтэл зургаан сарын дараа хөл, толгой нь мэдэгдэхгүй болчихсон. Хууль батлагдсанаар харилцаанд өөрчлөлт орохгүй. Зөвхөн эргийн бүсэд хөрөнгө мөнгө хадгалахыг хорьж байгаа юм. Дотоодын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж бодож байна. Учир нь энэ 42 улсаас Монгол руу хөрөнгө оруулж ирж болохгүй гэж хэлээгүй. Зөвхөн ХОМ гаргадаг төрийн албан хаагчдад дээрх 42 улсад мөнгө байршуулах хориг тавьж байгаа юм. Бусад хүмүүст хориг байхгүй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Би энэ хуулийг ойлгохдоо эргийн бүсэд хадгалсан мөнгө байгаа бол түүнийг хууль бусаар олсон эсэхийг шалгах хууль гэж ойлгоод байгаа. Түүнээс хуулийн дагуу олсон мөнгөө гадаадад хөрөнгө оруулж, хадгалж болохгүй гэж хориг тавьж болохгүй. Хүнийг төрийн албан хаагч болсны төлөө шийтгэж байгаа юм уу. Өөрсдийгөө аргалах төдий хууль гаргаад, сонгуулийн дараа заваан юм болж хувирах вий дээ. Ийм хууль дэлхийд хаана ч байдаггүй юм байна лээ шүү.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

Өмнөх парламентын үед би энэ төрлийн хууль санаачилж байсан. Гэтэл явцуу болгоод, Монгол Улсынхаа гурван сая хүн нялзаагаад хаячихсан. Энэ нь өөрөө буруу жишиг тогтоож байгаа юм. Болж өгвөл хойш нь тавиад, дахиад сайн ярилцахгүй бол УИХ өөрөө эвгүй байдалд орж болзошгүй. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Энэ хууль батлагдсанаар  Монголд мөнгө орж ирэх нөхцөл байдал үүсэхгүй. Сайн судалж, боловсруулж оруулж ирэхгүй бол дутуу дулимаг хууль гарах гэж байна шүү. 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

Оффшорын асуудал анхаарлын төвд байгаа. Хууль гарах юм байна. Байнгын хороон дээр нилээн ярьсан. Сүүлд тэгээд хамаарал бүхий этгээд гэдэг нь хэдэн хүн болчихсон бэ? Хууль зүй, дотоод хэргийн сайдаас сая асуусан. 100 мянган хүн хамаарах байх гэнэ. Төрөл садан, ах дүү, үр хүүхдийг нь шалгаад явах хүчин чадал хэр байна. АТГ баахан цаастай ноцолдсоор байгаад ажил явахгүй юм болох вий. Хамрах хүрээ маань юу болчихов, хэдэн мянган хүн хамрагдах вэ? АТГ ажлаа хийж дийлэх үү, орон тооны боломж хэр байна гэдгийг асуумаар байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Нийтийн албанд ажиллах гэж байгаа 40 орчим мянган хүн өөрөө хамаарал бүхий хүнийхээ талаар мэдүүлэх үүрэгтэй. Мэдээж АТГ хүн хүч, программ хангамжийн асуудлаа шийдвэрлэх үүрэгтэй. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 39 мянган хүний хэдэн хамаатан садантай гэдэг тоо, мэдээллийг гаргах боломжгүй байна. Гэхдээ бид энэ хуулийг баталснаар тодорхой хориг тавих эрх зүйн орчин үүснэ.

АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж:

АТГ-аас Хөрөнгө орлогын мэдүүлэг авахдаа цахим хэлбэрээр авч эхлэх техникийн асуудлыг шийдээд явж байгаа. Хүн хүчний хувьд зохицуулаад явах боломжтой. Гэхдээ тодорхой хэмжээгээр ажлын ачаалал нэмэгдэнэ.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт :

Яах аргагүй энэ хууль бол өргөн хүрээг хамарсан хууль боллоо. Оффшорын хуулинд төрийн албанд мэдүүлэг гаргадаг 37942 албан хаагч түүний хамаарал бүхий этгээдүүд хамрагдлаа. Хамаарал бүхий этгээдүүд гэхээр 700 орчим иргэд Хонгконг явахдаа дэлгүүрээс буйгуйн цаг худалдаж авах эрхгүй болж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Энэ хуульд оффшортой холбоотой нэмэлт зохицуулалт оруулахын тулд Монгол Улсын парламент сүүлийн гурван жил ажиллалаа. Ажлын хэсэгт орсон хүмүүс нэлээд их зүйл хийсэн. Гэхдээ хууль батлагдсанаар оффшортой тэмцэх асуудал төрийн албаны чиг үүрэг болно. АТГ ч тодорхой чиг үүрэгтэй ажиллана. Монгол Улс гадны байгууллагатай нягт хамтарч ажиллаж байж энэ асуудал цэгцэрнэ гэж үзэж байна. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагч, тэдний хамаарал бүхий этгээд оффшор данс эзэмшихийг хориглоно гэхээр Үндсэн хуулийн цэцийн түвшинд явах байх.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon