Нийтлэл 04 сарын 19, 2017

Диалог: Чингис хааны ЁС СУРТАХУУН өнөөдөр үйлчлэх үү?

Академич, хуульч С.Нарангэрэлийн “Ёс суртахуун хуулийн амин сүнс болох нь” илтгэлээс дуулсан, ойлгосноо амалсан ёсоор аль болох товчхон хуваалцаад диалог байдлаар өөрийн сэтгэгдлээ хуваалцъя. Эргээд нийтлэлээр хариу авбал уншигчдад сонирхолтой байх болов уу.

Нэгд, ёс суртахуун яагаад хуулийн амин сүнс байх ёстой вэ? Товчдоо хүн төрөлхтөнд өөрсдийн ухамсар, ёс суртахуунаар зохицуулж хүчрэхгүй асуудлууд байсан учраас бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ буюу хуулийг үүсгэж хөгжүүлжээ. Тийм хэм хэмжээ зохиож, хөгжүүлэхэд хөдөлмөр хүч хэрэгтэй тул төр үүсч, тэдний цалин хөлсийг бүрдүүлэх үүрэгтэй татвар бий болжээ. Өөрөөр хэлбэл төр ба түүний албатууд анхнаасаа ямар нэг эдийн засаг, бизнесийн зорилгоос илүүтэй ёс суртахууныг нөхөх, орлон хэрэгжүүлэхийн тулд үүсч бий болсон тул ёс суртахуун нь хуулийн ба түүнийг зохиох, мөрдүүлэх үүрэг хүлээсэн хүмүүсийн ухамсар сэтгэлгээний амин сүнс байх ёстой аж. Янз бүрийн оролцогчтой, янз бүрийн шинж чанартай асуудлуудыг зохицуулах дүрмийг нийтлэг эрх ашгийг хангах байдлаар, заавал дагаж мөрдөх хэм хэмжээ болгож хөгжүүлэх ажлыг хариуцсан төрийн албатууд нэг хэсэг, цөөн хүний харилцаанд шаардагдах ёс суртахуунаас ч илүү өндөр ухамсар, ёс суртахуун, шударга ёсны мэдрэмжтэй байх шаардлага эндээс урган гардаг байна.

Хоёрт, Монтескье нарын бидний даган дууриаж, хуулбарлаж ирсэн барууны хуулийн системийн үндэс суурийг тавьсан сэтгэгчид нүүдэлчдийг хамгийн бүдүүлэг үндэстний нэгээр нэрлэсэн байдаг ч Чингис хааны байлдан дагуулалт, Монголын эзэнт гүрний ялалт бол ёс суртахууны ялалт байсныг С.Нарангэрэл академичийн судалгааны үр дүнгээс харж болох ажээ. Тухайн үед тархай бутархай монголчууд, 38 овог аймгийн 70 хувь нь Чингис хаанд сайн дураар дагаар орсон байдаг нь үнэн сэтгэл нэр төрийг эрхэмлэдэг, шударгууг үнэлдэг, сувдгийг гэсгээдэг маш өндөр ёс суртахуунт засаглалын үр нөлөө байсан гэж үзжээ. Түүнчлэн 60 сая хүн амтай Алтан улс, 20 сая хүн амтай Хориэзм, Оросын ванлигууд зэрэг хүчирхэг, хөгжин цэцэглэж байсан их гүрнүүдийг 600-700 мянга орчим байсан цөөн тооны Монголчууд дагаар оруулсан их түүх бол даян дэлхийг байлдан дагуулж, эд агуурс олзолж их гүрэн байгуулах зорилгоос илүүтэйгээр дотоодын дайны өрнөлд Кипчакуудтай хийсэн аян дайны явцад эдгээр улсын хаад ноёдоос илүү өндөр ёс суртахуунтай засаглал гэж үнэлэгдсэн учраас л тохиолдсон ёс суртахууны байлдан дагуулалт байсан гэж дүгнэсэн байна.

Сэтгэгдэл: Дээрх дүгнэлтүүд нэгд хууль төр ба түүний гишүүд ёс суртахуунтай байх ёстой, хоёрт өмнө нь тийм байж амжилтад хүрсэн түүх бидэнд бийг харуулж байна. Харин одоо яагаад уналтад байгааг, яавал дахин тийм болох тухай далайцтай судалгаа, хэлэлцүүлэг хийхгүй бол ийм байх ёстой гэж шаардаад, ийм байсымда гэж гуниглаад явахгүй байна. Миний зүгээс нэг ийм санал, асуулт хэлсэн юм.

Аливаа харилцааг зохицуулах төр шударга байх ёстой нь онол, зарчим боловч түүгээр зохицуулагдах аж ахуй эдийн засаг бол амьдрал, бодит байдал юм. Амьдрал аж байдал ба ёс суртахуун хоёр хүйн холбоотой. Жишээ нь нүүдлийн мал аж ахуйтай, түүнээс илүү гарсан эдийн хэрэгцээг байлдан дагуулалтаар нөхдөг феодалын нийгэмд чин шударгуу занг үнэлдэг эзэндээ үнэнч байж, отог омгоо боддог байх нь тухайн цагийн хам сэдвийн хүрээнд үнэ цэнэтэй “ёс суртахуун” байх жишээтэй. Харин энэ зан суртал нь баялгийг бяр чадлаар шилжүүлэх биш мэдлэгээр бүтээдэг болсон эринд боловсрол мэдлэг,ур чадвар харж бүрдүүлэх ёстой албанд өөрт үнэнч буюу ойр дотнын хүнийг үнэлж татах(непотизм), төр нийгмийн хөрөнгөнөөс “биеэ засаад” “гэрээ засаад”(отог омгоо) яваад байх мэт гажуудал болж илэрдэг. Ядаж засагдаж дуусахгүй бие, сэргээж барахгүй хийморьтой гүэмөн зовлонтой. Үр ашиг, ур чадвараас илүү эзэнд, гэр бүлд, омогт үнэнч байх Ази эрдэм жишээ нь Хятадын эхэн үеийн модернизацид сөрөг нөлөө үзүүлж байсан тухай зарим сонирхолтой судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл, миний бодлоор өнөөгийн Монголын үнэт зүйлийн хоосрол бол хуучин аж байдлаас улбаатай үнэт зүйлс ба шинэ аж ахуй хоорондын зөрчил юм. Чингисийн этикийг хаяж гээсэндээ бид хоцроод байна уу, эсрэгээрээ хэт шүтэж зууралдаад байгаагийх уу...хэлцэх ёстой асуулт.

Өнөөгийн Монголын үнэт зүйлийн хоосрол, ёс суртахууны доройтол бол хуучин аж байдлаас улбаатай үнэт зүйлс ба шинэ аж ахуй хоорондын зөрчил юм.

Шинэ аж ахуй гэмэгц нийтэд танил үгээр бол зах зээлийн эдийн засаг, арай хүнд онолын үгээр бол капитализм. Харин монголчууд өөрсдөө барьж бүтээхээр шийдсэн капитализмыг ёс суртахуунгүй амьдрах арга гэж буруу ойлгодог. Буруу ойлгоцоо дагаж буруу хийгээд бүх амьдрал нь буруу тавилтай жүжиг болсон. Тэр нь ч аргагүй, социализмын үеийн сөрөг ухуулга дээр нэмээд “ардчилсан хувьсгал” хэмээх үйл явдлыг тогтолцоо нэрлэдэг “ардчилал” -тай хольж хутгаж улстөржихөөс бусдаар шинэ тогтолцооны ёс суртахууны бүрдэлд албан боловсролоор ч, албан бус контентоор ч хөрөнгө оруулалгүй явж ирлээ. Энэ тухай асуулт асуухад капитал гэмэгц АНУ гэж ойлгох, тэднээс илүү Чингис хааны ёс суртахуун илүү гэж үзэх хандлагатай хариулт авсан нь өнөөгийн бидний сэтгэлгээний хураангуйлсан илрэл гэж санагдаж байлаа. Нэгд аль нэг нь илүү дутуу эсэх нь гол биш, дээр бичсэнчлэн “аж ахуй ба сэтгэлгээний шүтэлцээ”-г цогцоор нь харах хэрэг бий. Хоёрт, АНУ капиталт эдийн засгийн сонгодог загвар мөн эсэх нь өөрсдөө ч энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар өөрсдөө нээлттэй орхиод байгаа салбар судалгааны том асуулт юм.

Ерөнхийдөө Англид тэсэрсэн үйлдвэрлэлийн хувьсгал, Японы Мэижигийн шинэчлэл гэх мэт хөгжлийн практикаас харахад шилжилт гэдэг нь хууль, үнэт цаас, үнэ гэх мэт хатуу тогтолцооны шилжилтээс гадна ёс суртахуун, зан байдал зэрэг зөөлөн соёлын шилжилт байдаг бололтой. Капитализмыг ерөөсөө зөөлөн эдгүй тогтолцоо гэж шийдсэн байдал маань шилжилт хийгээд очих цэггүй гэсэн эндүүрэл, улмаар хуучнаа эрэх, тэр нь таарахгүй баймагц тулгамдах, тэгээд учраа олохоо больмогцоо ширэнгийн дүрмээр зодолдож амьдрах амьдралд түлхээд байх шиг. Зарим нэг тэмдэглэлээр шинэ тогтолцооны үнэт зүйлсээс энгийн байдлаар бичиж ирсэн. Ерөнхийдөө эдийн засгийн боловсрол олгох инстүүцүүдээс авахуулаад энэ мэт лекц яриа, бусад төрлийн албан ба албан бус контентоор сонгосон нийгэмтэйгээ шүтэлцээтэй ёс суртахууны боловсрол олгох цаг болсон. Мэдээж өв уламжлалаасаа авахаа авах ёстой.

Ёс суртахуун хууль ёст төр, хүний нийгмийн амин сүнс байх ёстой. Харин тэр төрийг тэжээдэг татварыг аж ахуйгаас татдаг, аж ахуйд нь хүн ажилладаг, хэрхэн ажиллах юу бүтээхийг ёс суртахуун, хандлага шийддэг, тэр нь байхгүй бол төр, нийгмийн ёс суртахуун хэзээд ёроолгүй байна гэдгийг мартаж болохгүй.

Сэтгэгдэл бичих

    • Оогий
    • 2020-03-02

    “Ёс суртахуун хуулийн амин сүнс болох нь” илтгэл хаана нийтлэгдсэн байна. линк байна уу.

arrow icon