Нийтлэл 05 сарын 23, 2017

ТВИТТЕРТ ЮУ ТРЭНД БОЛЖ БАЙНА ВЭ?: #Төрийн минь сүлд өршөө

Богдхан уулын бидний нэрлэж заншсанаар Соёмбот уулыг ар талаас нь ухаж барилгын ажил эхлүүлж буйг харсан нийслэлийн оршин суугчид хилэгнэж #Төрийн минь сүлд өршөө хаштагтайгаар жиргэж эхэллээ. 

Богдхан уул нь 1778 онд Богд хаант Монгол Улсын үед дархлагдаж  дэлхийн  анхны Дархан цаазат уул гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдсэн уул билээ. Богдхан уулыг УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газар хэмээн нэрлэж, 1996 оны 05 дугаар сард ЮНЕСКО-оос Дэлхийн шим мандлын сүлжээнд оруулах шийдвэр гарч, 1997 онд гэрчилгээг олгожээ. Гэвч хэн нэгэн түүх рүүгээ ийнхүү халдаж эхлэв.

Тэмдэглэгдэн үлдсэнээр бол Богдын ундны усыг ариусгах зорилгоор Өндөр гэгээн Занабазарын төрсөн дүү Засаг бэйл Шижирбаатарын удмын хүн Жүн ван Юндэндоржийн санаачлагаар дээр дурьдсан газар дээр буюу Зайсангийн амны доод боргионы ам дээр 1837 оны үед Умаа хум гэсэн үгийг Түвдээр цагаан чулуугаар шигтгэн бичсэнээс хойш "Умаа хум толгой" гэх болжээ.

Соёмбо уул руу дайрагчийг олох ажиллагаа одоо үргэлжлэх нь мэдээж. Гэхдээ хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүйгээр эзнийг нь олж зогсоох арга хэмжээ авах хүртэл жиргээчид дуугүй байхгүй гэж найдна. 

Тухайн үедээ умаа хум үсгийн туяа Туулын уснаа тусч харагдахад хүмүүс хир буртаг муу муухай зүйлээ угаахгүй усаа цэвэр байлгахыг эрхэмлэдэг байсан гэнэ. 1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор Умаа хум үсгийн оронд Соёмбо тэмдэг шигтгэснээр уг толгойг "Соёмбо толгой" гэх болсон байна.

Соёмбо уулыг 2014 онд өмнө талаас нь Их мандаат гэх компани ухаж барилгын ажил эхлүүлж байсныг байгаль орчны хяналтын байцаагчид газар дээр нь очиж дүгнэлт гарган зогсоож байсан байна. Харин нэг л  өглөө хотын иргэд сэрээд цонхоороо харахад цочмоор дүр зураг харагдсанд эмзэглэж байгаагаа илэрхийлсээр...

 

Хэрвээ та хотдоо хайртай, хотын оршин суугч мөн бол өглөө сэрээд Хан уулаа харж баясаж байх уу, шилэн байшин харж нүдээ гялбуулж  суух уу гэдэг таны асуудал. Хотод бүх зүйл бий. Ганцхан зүйлийг хүмүүс хүсч түүнийг бий болгож, бүтээхээр оролддог нь  байгаль. Бид хотынхоо яг дэргэд дархан цаазат уултай жинхэнэ шороо, жинхэнэ мододтой хотынхон. Иргэн таны оролцоо чухал. Жиргэ бас хүргэ. 

Сэтгэгдэл бичих

arrow icon