Нийтлэл 05 сарын 25, 2017

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Америкчууд Хятадын манлайллыг дагах цаг боллоо

Америк-Хятадын харилцаа өнөөгийн олон улсын системийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа билээ. Ингээд Америкийн манлайлал хэрхэн Хятадад шилжиж буй тухай Сингапур дахь Ли Куан Югийн нэрэмжит Төрийн бодлогын их сургуулийн захирал Кишор Мабубанигийн (Kishore Mahbubani) бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Ли Куан Югийн тухай бичсэн түүний өөр нэгэн нийтлэлийг орчуулж байсныг манай уншигчид мэдэж байгаа гэж найдаж байна.

АНУ-Хятадын харилцааны Үндэсний хорооны 2005 онд болсон хуралд Дэлхийн банкны ерөнхийлөгч асан Роберт Зеллик Хятадын Засгийн газрыг олон улсын системийн үндсэн оролцогч болж бусад олон улсын хүчирхэг улстай дэлхийн аюулгүй, тогтвортой байдлыг хадгалахаар  хамтран ажиллах хэрэгтэй гэж байсан. Нью Иоркын хаврын тэр өдөр АНУ олон улсын системийн үндсэн оролцогч мөн харин Хятад биш гэдэг Зелликийн үгэнд эргэлзэх хүн Америкийн ихэнхи удирдагч, бодлого боловсруулагчдын  дунд байсангүй.

Гэвч өнгөрсөн жилийн Америкийн ерөнхийлөгчийн сонгууль АНУ ба Хятадыг харах байрыг солигдов. Ерөнхийлөгч Трамп “Америк Нэгдүгээрт” хэмээх нэг талт бодлого баримтлана гэж сүр дуулиантай мэдэгдсэн. Мөн АНУ-ыг Дэлхийн Худалдааны байгууллагаас гаргана хэмээн сүрдүүлж байсан. 2016 онд “NBC”-гийн “Meet the Press” хэмээх ярилцлагын үеэр Трамп “Бид дахин хэлэлцээ хийнэ эсвэл гарна. Энэ худалдааны гэрээнүүд гамшиг болсон. Дэлхийн Худалдааны байгууллага бол гамшиг.” гэж байсан. Нөгөө талд Хятадын дарга Си Жинпин 2017 оны нэгдүгээр сард Давос болон Женевт Хятад оршин буй олон талт дэг журмыг хамгаалагч болсон гэсэн утгатай хоёр гайхалтай илтгэл танилцуулсан юм. Харин Зеллик 2005 оны илтгэлээ 2017 онд танилцуулах боломжгүй болов. Улсуудын байр солигджээ.

Клинтоны гярхай анхааруулга

Ер нь ийм зүйл тохиолдох хэрэггүй байсан. Ерөнхийлөгч өөрөө хэлсэнээр хүч чадлын хувьд харьцангуй буурч буй АНУ-ын хувьд олон улсын дүрэм, үйл явцыг бэхжүүлэх нь үндэсний ашиг сонирхолд нийцнэ. Энэ үнэнийг ерөнхийлөгч асан Билл Клинтон 2003 онд Иэлийн их сургуульд танилцуулсан илтгэлдээ хэлсэн:

“Хэрвээ та эрх мэдэл, хяналт, чөлөөтэй зорчих эрхийг хадгалж бүрэн эрхт байдлыг улсынхаа ирээдүйд чухал гэж бодож байвал үүнд ямар ч зөрчил байхгүй. Бид одоо дэлхийн хамгийн хүчирхэг улс, бидэнд хүч чадавхи бий, үүнийгээ ч ашиглана...Гэхдээ хэрвээ бид цэрэг, улс төр, эдийн засгийн сүпер хүч байхаа больж хамтын ажиллагаа, дүрэм, заншил дээр суурилсан ертөнцөд амьдарна гэвэл та хамгийн эхэнд хэлсэн зүйлээ хийж чадахгүй. Энэ нь зөвхөн та юунд итгэж байна вэ гэдгээс хамаарна.”

Түүнийг сонссон хүмүүс тухайн үедээ бүрэн ойлгоогүй байж болох ч нэг удаа ерөнхийлөгч байсан хүний хувьд бас ч овсгоотой зөвлөгөө байсан. Клинтон тэдэнд АНУ дэлхийн номер хоёр улс болж Хятад нэгдүгээр улс болоход бэлэн байх тухай ярьсан. АНУ дэлхийн хоёрдугаар улсын хувьд “дүрэм, хамтын ажиллагаа болон заншил дээр суурилсан ертөнц”-ийг дэмждэг нэгдүгээр улстай амьдрахыг илүүд үзнэ. Цаашлаад Клинтон АНУ өөрийн олон улсын дүрэм, үйл явцын “гаваар” Хятадыг мөн адил гавалж болох ба  Америк “гавтай” байсан ч дэлхийн хүчирхэг гүрэн хэвээр байх юм гэсэн нилээн овжин санал гаргаж байсан юм.

Клитон илтгэлдээ Америкийн бодлого олон улсын дүрэм, институтиудыг бэхжүүлэх гэхээсээ сулруулах чиглэлд ажиллаж байсныг шударгаар хүлээн зөвшөөрсөн бол дээр байсан. Энэ бол 1984-1989 он хүртэл дараа нь 1998-2004 он хүртэл НҮБ-д Сингапурын элчин сайд байхдаа миний олж мэдсэн бяцхан нууц юм. 1985 онд АНУ Дэлхийн шүүхийг орхиж явсан, 1982 оны НҮБ-ын Далайн хуулийн конвенцийг батлахаас татгалзсан, 2002 онд Олон улсын гэмт хэргийн шүүхийг доройтуулах гэж оролдсон зэргээс нь дээрхи бодлого тодорхой болсон. Америкчууд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад сул дорой, зориггүй хүн сонгох гэж үргэлж оролдож байсан. НҮБ дэх АНУ-ын төлөөлөгч асан Жон Болтон өөрийн дурсамждаа тухайн үед Төрийн нарийн бичгийн дарга байсан Кондолиза Райс “Бид хүчтэй ерөнхий нарийн бичгийн дарга хүсч байгаа гэдэгт би итгэлтэй биш байна.” гэж хэлж байсныг хүлээн зөвшөөрсөн. Харамсалтай нь ийм нээлттэй байх явдал АНУ-ын удирдагчдад ховор юм.

Нөгөө талд олон улсын харилцааны асуудалд Америкийн хамгийн шулуун шударга ерөнхийлөгч нь Трамп байж болох юм. Тэрээр олон улсын дүрэм, инститиудыг жигшиж буйгаа нийтэд илэрхийлсэн. Номхон Далайг дамнасан түншлэлийн гэрээг (TPP-Trans Atlantic Partnership) цуцалж, уур амьсгалын өөрчлөлтөд АНУ дахин хувь нэмрээ оруулахгүй гэж сүрдүүлж байсан. Энэ жилийн эхээр Цагаан ордны хэвлэлийн хуралд Төсөв, удирдлага хариуцсан дарга Мик Малвэйни “Уур амьсгалын өөрчлөлтийн тухайд миний бодлоор ерөнхийлөгч нилээн шулуухан хариулсан: Бид үүнд дахин мөнгө зарцуулахгүй.” гэжээ.

Олон талт хамтын ажиллагаатай Хятад

Дээрх яриа Бээжингийн чихэнд хөгжим шиг л сонсогдож байгаа. Ирэх арваны дотор эсвэл түүнээс их хугацаанд дэлхийн хамгийн том эдийн засаг болох гэж буй улсын хувьд НҮБ шиг олон улсын инститиудууд доройтож сулрах нь Хятадын сонирхол байх болно гэж хэн нэгэн маргаж магадгүй. Эцсийн эцэст энэ бол АНУ хэдэн арваны турш хийсэн зүйл юм.

Гэхдээ Хятад өөр чиглэл сонгожээ. Олон талт инститиудыг сулруулах биш бэхжүүлэхээр шийдвэрлэсэн нь гайхалтай бүр шоконд ормоор шийдвэр гэж харагдахаар байна. Яагаад Хятад дэлхийн номер нэг улсын зам мөрийг дагахгүй байна вэ? Хятад яагаад АНУ-ыг дуурахгүй байгааг тайлбарлах нэг боломжит шалтгаан нь хоёр улс дэлхийд гүйцэтгэх өөрсдийнхөө үүргийг ялгаатай байдлаар хардагт байдаг. АНУ өөрийгөө “онцгой” улс гэж хардаг. АНУ бусад орнуудын дотоод хэрэгт оролцохоороо олон улсын дүрмээр хязгаарлагдахаас татгалздаг. АНУ 2005 оны Киргизстаны Алтан зулын хувьсгал, 2011 онд Египтэд болсон Арабын хавар зэрэг өнгөт хувьсгалуудыг дэмжсэн. АНУ-аас өөр ямар ч улс итгэл үнэмшлийг ингэж дэвждэггүй.

Эсрэгээр Хятад 1,4 тэрбум хүнийхээ (дэлхийн хүн амын тавны нэг) амьдралын чанарыг дээшлүүлэх сонирхолтой байна. “Тамаас” гарч бүтэн хагас зуун өнгөрсний дараа буюу 1839 оны Хар тамхины нэгдүгээр дайнаас 1976 оны Соёлын хувьсгал дууссаны дараа Хятад “диваажинд” очиж дэлхийн хамгийн хурдацтай өсөж буй эдийн засаг болсон. Ялангуяа Дэлхийн хоёрдугаар дайны дараа Барууны үлдээсэн бэлэг болсон олон улсын дэг журамд нэгдсэний дараа шүү дээ. Дэлхийн худалдааны байгууллагаас Хятад шиг хожсон улс байхгүй. Тийм учраас Хятад дэлхийн хамгийн том худалдааны улс болоод байна.

Маогийн тусгаарлах бодлогоос холдож Дэн Сяопингийн интеграцийн бодлого руу явсанаар Хятад маш их хожсон. Дүрэмд суурилсан олон улсын дэг журамд нэгдэх нь Хятадад нааштай туссан гэдгийг Хятадууд туршлагаасаа мэдэж буй. Өөр нэгэн гайхалтай солигдлыг тайлбарлавал чөлөөт худалдааны үр өгөөж, үнэт зүйлүүдийг Хятадын биш Америкийн сэтгэгчид тайлбарладаг байсан. Гэтэл өнөөдөр АНУ-д НАФТА эсвэл Номхон далайг дамнасан түншлэлийн гэрээ зэрэг чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг хамгаалах нь улс төрийн хувьд хортой болсон. Эсрэгээр Хятад маш олон чөлөөт худалдааны гэрээг идэвхитэй байгуулж байна.  Хятад 2001 онд Дэлхийн худалдааны байгууллагад нэгдсэнээс хойш Австрали, Өмнөд Солонгос, Перу зэрэг 14 орнуудтай чөлөөт худалдааны гэрээ байгуулж 2002 онд “АСЕАН”-ы 10 оронтой чөлөөт худалдаагаа өргөжүүлэхээр тохиролцсон.

Вашингтон Бээжинг дагаж чадах уу?

Тийм учраас Америкийн их мэдэгчид энэ жилийн эхээр хийсэн Си Жинпиний хоёр илтгэлийг олиггүй гэх нь алдаа юм. Эдгээр илтгэлүүд хүчирхэг дүрэмд суурилсан олон улсын дэг журмаас Хятад хожсон гэдгийг ойлгомжтой тусгасан. Үүнтэй адилаар Хятадын бодлого боловсруулагчдын хүрээлэлд нийтлэг байдаг ойлголтын дагуу Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон АНУ-Хятадын харилцааг “зөрчилгүй, эсрэгцэлгүй, харилцан хүндэтгэсэн, аль аль нь хожсон хамтын ажиллагаа” гэж тайлбарласныг хурцаар шүүмжлэх нь ухаалаг биш юм. Эцсийн эцэст НҮБ-ын дүрмийн хоёрдугаар зүйлд бичсэн олон улсын хамтын ажиллагааны зарчмуудыг Тиллерсон давтаж хэлсэн юм.

Харамсалтай нь Тиллерсон Хятадыг хялбархан дагачихлаа гэж шүүмжлүүлсэн. Эдгээр шүүмжлэлийн ард Америк олон улсын зөв бодлого баримталж байгаа бол Хятад буруу замаар явж байна гэсэн илэрхий үндэслэл байна. АНУ олон улсын дүрэм, үйл явцыг сулруулахаар ажилласаар байна, харин Хятад үүний дагуу ажиллахыг үндэсний сонирхлын эсрэг гэж итгэж буй.

Билл Клинтон ухаалгаар зөвлөсний дагуу олон улсын дүрэм, инститиудыг бэхжүүлж үйл явцыг өөрчлөх нь АНУ-ын үндэсний сонирхол юм. Дэлхийн санхүүгийн хямрал, уур амьсгалын  өөрчлөлт, цөмийн болон терроризмийн аюул цаашлаад өлсгөлөн, кибер-халдлага зэрэг янз бүрийн олон улсын сорилтууд нөмөрсөн үед АНУ дахин олон улсын системийн үндсэн оролцогч болж олон улсын инститиудыг ивээн тэтгэх оргил үе ирээд байна.

Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.realclearworld.com

Сэтгэгдэл бичих

arrow icon