Нийтлэл 06 сарын 01, 2017

Хүүхдийн баярын хөгжилтэй 10 зөвлөгөө

Жил бүрийн 6 дугаар сарын 1-нд хот тэр чигээрээ хүүхдүүдэд "эзлэглэгдчихвүү" гэмээр хөл үймээнтэй, хөгжөөн цэнгээнтэй Хүүхдийн баяраа тэмдэглэдэг. Хүүхдийн баярын өдөр эцэг эхчүүд жолооч, харуул, манаач, ачаа баригч, тээш зөөгч, зурагчин, хүслийг биелүүлэгч, бэлэн мөнгөний машин гэх мэт хөгжилтэй давхар давхар үүрэг хүлээх нь бий. Энэ өдөрт зориулсан амьдралд ойр 10 зөвлөгөөг хүргэж байна. 

1. Дүрмээ тохирох 

Баярын өдөр хүүхдүүдээ авч гарахаасаа өмнө дүрмээ сайн тохирохгүй бол очсон газраа эцэг эхчүүд  хүүхдийнхээ төлөө "За" гэж хэлэх ч хэцүү, байх ч хэцүү байдалд орж магадгүй шүү. Тиймээс эхлээд хаана очиж баярлах, юу хийх, хийхгүй, юу идэж уух, юу идэж уухгүй талаараа сайн тохиролцоорой. Жишээ нь, хоолой нь өвдөх учраас хүйтэн зайрмаг идэхгүй харин оронд нь амттан идэж болно, хийжүүлсэн ундаа уухгүй хэдүүлээ зөвхөн жимсний шүүс уух болно гэх зэргээр тохиролцоо хийнэ. Мөн парк, тоглоомын талбай зэрэг томоохон газар орохоор бол хэрвээ төөрчихвөл тэр харагдаж байгаа газар очино, мөнд тэнд энэ газрыг хариуцдаг хүмүүс суудаг гэх мэтээр зааж өгнө.

2. Хуурай, нойтон салфетка

Хүүхдийн баяраар гарахдаа хамгийн эхэнд зэхэх зүйл бол хуурай, нойтон салфетка. Халтартсан, асгасан, халууцсан гэх мэт түмэн зүйлийн шалтгаанд даруй арга хэмжээ авахад танд тусална. Үүний араас “Ааваа, ээжээ би шээмээр байна!” гэх танил дуудлагад ч бас салфеткаа бариад бэлэн зогсож байх хэрэгтэй болно.

 3. Зайтайхан шиг цүнх

Хүүхдүүдтэй явахад ачаагүй явна гэж үгүй. Гэрээсээ гарахдаа хайртай бамбаруушаа тэвэрч явахыг хүснэ. Заримдаа нохой, мууртайгаа явахыг хүртэл  хүсдэг. Замдаа авахуулсан гоё тоглоом, бэлэг сэлтний баригч нь  аав, ээжүүд. Тиймээс  задраад унахаар олон гялгар ууттай юм  барьж ачаатай тэмээ шиг явахаар зайтайхан шиг цүнх, үүргэвч зэхээд гарсан нь дээр

4.Гялгар уут хэд хэд

Баяраар хүүхдүүд хүссэн бүртээ ам хүрч тэгсгээд уйдаж дахиад шинийг хүсдэг. Энэ бол хүүхдийн л зан. Эцэг эхчүүд уут бүрийг нь задалж орхисон чихэр шоколад, амсаад буцаасан ундаа шүүсийг асгаж цутгахгүйгээр манаж хамгаалах ажилтай болно. Аягүй бол дурлаж захиалаад харангуутаа цадчихдаг хоол ч энэ дээрээс нэмэгдэж магадгүй. Тиймээс уутыг нь задалж орхисон чихэр жимсийг хольж хутгахгүйгээр авч явахаар хэд хэдэн хүнсний уут цүнхэндээ авч яваарай. Гэртээ ирээгүй байхдаа л тэд “Бэлгээ авъя” гээд буцаагаад нэхнэ гэдгийг бид мэдэх хойно. 

 5. Нарны малгай

Зуны халуун өдөр гадаа талбайд баярлахаар бол хүүхэд бүрт нарны малгайг нь өмсгөөрэй. Хүүхдийнхээ хувцсыг тохируулан өмсгөх нь чухал. Нар хэт шараад байвал зоогийн газруудад хүүхдээ хооллуулаарай. Ихэнх  ресторанууд энэ өдөр баярт зориулсан хүүхдийн цэсээр үйлчилдэг гэдгийг дуулгая.

6. Борооны шүхэр

Зургадугаар сарын 1,2-ний  өдрүүдийн цаг агаар +24,21 хэмтэй бага зэрэг үүлтэй халуун байхаар байна. Тиймээс хүүхдүүдээ нарнаас хамгаалж шүхэр заавал авч гараарай. Мөн чийгшил багатай хуурай, халуун үргэлжилж байгаа тул чийглэж хэрэглэхээр жижиг алчуур авч явахад гэмгүй.

7. Хөгжилтэй агшинг буулгах камер буюу камертай утас

Баярын утга учир нь мэдээж гэр бүлээрээ дурсамжтай нэгэн өдрийг өнгөрөөх. Завгүй эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ хэрхэн баярлаж хөөрч, юу сонирхож, юунд дурлаж байгааг нь ажиглах таатай өдөр. Тиймээс энэ агшныг алдахгүй хүүхэд насыг нь үлдээх гэрэл зурагчин, камермэний үүргийг энэ өдөр өөртөө хүлээж утас, камераа цэнэглээд гарахыг сануулж байна. 

8Буцалгасан ус буюу уух зүйл

Баярын өдрийн чихэр жимсний хэрэглээ ихийн зэрэгцээ цаг агаар халуун байж таардаг. Баярын өдрийн уух зүйлийн сонголт ихэнхдээ саахарын орц өндөртэйн дээр хийжүүлсэн байх нь элбэг. Тиймээс хүүхдийнхээ амыг цангахад уулгах зорилгоор гэрээсээ савтай буцалсан ус, гар аргаар бэлтгэсэн үзэмний болон бусад жимсний шүүс авч явахад гэмгүй.  Баярын өдөр мөн хугацаа нь дууссан чанаргүй бүтээгдэхүүнээс сэрэмжлүүлсэн НМХГ-ын зөвлөгөөг дараах холбоосоор уншаарай.

http://ub.inspection.gov.mn/?p=6615

9. Хогийн уут

Ямар ч  баяраар хүмүүс маш их цаасан хог тарьдаг. Олон хүнтэй газар хүүхдүүдээ дагуулж явахдаа хотоо цэвэрхэн байлгаж,  өөрсдөө үлгэр жишээ байхын тулд  жижиг сажиг хогоо хийчихээр хогийн уут авч яваарай. Баярын өдөр эцэг эхчүүд нэгэнт хүүхдүүдийнхээ бараа бологч болдог тул нэг хогийн уут бариад явж байхад ачаа нэмэхгүйн дээр гэртээ харихдаа ойр хавийнхаа хогийн саванд хийчихнэ. Хотын ирээдүйн иргэнтэй та хамт явж байгаагаа мартаж болохгүй. 

10. Солионы нэг хоёр хувцас

Энэ өдөр автомашинаар явахыг санал болгомооргүй байна. Учир нь баярын өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй тул хот чигээрээ хүүхдүүдээ суулгасан олон машины халуун дээрээс  нарны илч нэмж төөнөсөн, зам  гацсан төвөгтэй байдалтай болно. Хотын төв хавиар хүүхдээ баярлуулахаар бол хөнгөн эвтэйхэн гутал өмсөөд гэр бүлээрээ алхаж яагаад болохгүй гэж. Хүүхдүүд баярынхаа өдрөөр шинэ хувцас өмсөж гарах дуртай.  Гэхдээ хөөрсөн сэтгэлээсээ болоод тоглож байхдаа хувцсаа бохирдуулж заримдаа шинэ гутландаа түүртдэг. Тиймээс гэрээсээ гарахдаа хөнгөн ганц нэг хувцас гэртээ өмсдөг ч хамаагүй углааш ботинкыг нь цүнхэлчихэд гэмгүй.

Хүүхдийн баярын төрөл бүрийн хөтөлбөртэй дараах холбоосуудаар танилцаарай.  

https://www.facebook.com/MaamuuBrand/

https://www.facebook.com/events

https://www.ticket.mn/event/172/

https://www.facebook.com/gencotourbureau

https://www.ticket.mn/event/229/

 

Гэр бүлээрээ, үр хүүхдүүдтэйгээ сайхан баярлахыг хүсье! 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon