Нийтлэл 05 сарын 31, 2017

ЭРҮҮЛ ЭНХИЙН ЖАРГАЛАН

Д. Нацагдоржийн алдартай шүлгийг амандаа маань мэгзэм шиг уншаад л эрүүл амьдарчих гээд амь тэмцэж яваа нэгэн эмэгтэйн түүх оршвой.

Нас явах ч лүд юмаа гээл эрэгнэг, диван хавьцаагаа эргэлдсэн шиг. Эрүүл саруул урт насалчих гээд үзэж тарж байна. Эрүүл мэндийн салбарыг болж бүтэхгүйгээр нь хангалттай шүүмжилдэг тул болж бүтэх гээд байгаа зүйлийг нь өөрийн туршлага дээрээ үндэслэн бичье.

  1. Өрхийн эмнэлэг

Манай өрхийн эмнэлэг хаа байдгийг ч мэддэггүй 2000-д оныг үдэж. Өвөө эмээ нар даралтаа үзүүлдэг нэг тийм газар байдаг гэдгийг онолын хувьд мэдэх ч яг юу хийдэг, ямар үйлчилгээ үзүүлдэг, санхүүжилт нь хаанаас гм сонирхдоггүй байж.

1999 оноос эхлэн АХБ-ны санхүүжилтээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил" төслийн хүрээнд хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор энэ тогтолцоог байгуулжээ.

Санхүүжилт: Төсвөөс 100%  байснаа аажмаар ЭМД-аас санхүүжүүлэх рүү шилжиж байгаа. (2008 оны үед лавтай 40:60 харьцаатай байж) Тухайн хамрах хүрээнд бүртгэлтэй оршин суугаа нэг хүнд ноогдох зардалд үндэслэн олгодог. Тэр нэг оршин суугчаа тооцохдоо баян ядуу, байшин гэр, УБ хөдөө гэх мэтээр ангилан үзэж хувьсах зардал тооцон санхүүжилт хийдэг, зардлын хэмжээг мэдээж Засгийн газар тогтооно  Хамгийн сонирхолтой нь энэхүү төвүүд нь Нөхөрлөлийн тухай хуулиар зохицуулагддаг аж.

Өрхийн эмнэлгийн давуу тал.

  1. Гэрийн ойрхон, хорооны хажууд
  2. Цаг авах шаардлагагүй. Үүдэнд нь өтгөс нялхастай зад оочирлож байгаал ажлын 8 цагийн хугацаанд орчихно
  3. Эмчийн үзлэг, акт бичиж өгнө, бас эм бичиж өгнө. Хөнгөлөлттэй эмийн бланкыг тэтгэврийнхэн, хүүхдүүдэд л бичдэг бололтой. Ганц удаа хөнгөлөлттэйгээр эм авч үзээгүй хүн байнаа байна.
  4. Эмчийн заавраар дусал, шарлага, тариа, зүрхний бичлэг хийнэ.
  5. Шээс, цусны ерөнхий шинжилгээ өгчихнө. Дүүргийн эмнэлгийн лаб руу явдаг тул өдөрт тооны хязгаартай. Бас эмчийн бичгээр
  6. Улс даяар явж байгаа дархлаажуулалт, умайн хүзүүний эсийн шинжилгээг авчихна.
  7. Дүүргийн эмнэлэг рүү илгээнэ. Тэнд нь бол оочир дугаар, цаг авна. Тэндээсээ бүр хэцүүдвэл 1, 3, хавдар гм эмнэлэг рүү явна. Халдварт өвчний хувьд шууд тийшээ.

Тэгэхээр гол ачаалал өрхийн эмнэлэг дээр байгааз? Хотын төв болоод чиг тэр үү, манай өрхийн эмнэлэг лавтай сүүлийн 8 жилд нөөц сайтай болсон.  Хөгжиж байгаа байтугай Англи, Австралийн туршлагатайгаа харьцуулахуйц үйлчилгээ үзүүлж чадаж байгаа. Тийм болохоор надад муулах үндэслэл алгаа.

Тэгж ярих юм бол тэнд чинь чи ярьж, бас гарын үсэг зурсаар эмчид үзүүлж буй хамаг цагаа авдаг гэж өмнө энд бичсэн байгаа.

   2. Дүүргийн эмнэлэг

2-р шаталбарын энэ эмнэлэг нь хэвтэн эмчилдэг эмнэлэгтэй. Бас өдрийн амбулатор эмчилгээтэй Зайлшгүй хэвтэж эмчлүүлэх шаардлагатай хүмүүс гэхээсээ илүүтэй сувилал хэлбэрээр ашиглагдах нь элбэг. Хүүхэд, мэс заслын тасаг нь яалт ч үгүй зайлшгүйчүүд очдог байх.

Чингэлтэй дүүргийн эмнэлэгт гурван удаа үзүүлсэн.  Анх утсаар цаг авсан бөгөөд миний тухай мэдээлэл огт байдаггүйг хэлэв. Анх удаа л улсын эмнэлэг явж байна гээд үнэнээ л хэллээ. Хамаг мэдээллийг маань гялалзтал шивж оруулаад дор нь цаг өгөв. Мэс заслын эмч залуухан бүсгүй манайд энэ шинжилгээг хийдэггүй, та 1-р эмнэлэг явах уу гээд 13 гэдэгт маягт гээчийг өгсөнөөр тийшээ явсан түүхтэй. Энэ талаар дараагийн бүлэгт гарах тул тэвчээртэй цааш уншаарай.

Хоёр дахь удаад нүдэнд юм ороод ажлаасаа харайлгаж очтол цаг байхгүй гээд төлбөртэй үйлчилгээ авч болохыг үүдний бүртгэл нь эелдэг гэгч нь хэлж, нүдний эмч дээр учир байдлаа хэлж мөнгө төлж байгаад үзүүлсэн

Гурав дах нь саяхан зүрхний эмч явлаа. Өнгөрсөн хавар гэнэт эрүүл мэндээ анхаарч жимэнд явав. Нэг юманд донтохоороо тултал донтдог зантай хүн чинь ачааллаа хэтрүүлсэн юм байлгүй зүрхээр хатгуулж өвдөв. Тэр үедээ зүрхний бичлэг хийлгэхэд зүгээр байсан тул тэгсгээд орхисон саяхнаас бүр их хатгуулан өвдлөө дөө. Өмнөх Баасанд нь  утасдаад бараагүй тул өөрийн биеэр очиж үүдэнд нь оочирлон 78 хүний дараа 32 минут хүлээсний эцэст очиж маргаашийн 14.30-д цаг авлаа.

Маргааш нь очлоо. Яг л австрали шиг бүртгэлийн системд нь лавтай дотроо холбогдсон болтой юм. Өрх дээрээ хийлгэсэн зүрхний бичлэгээ өмнө хийлгэж байсан бүх бичлэгтэйгээ хамт үзүүллээ (Дөхх. миний өвчний түүх гэж хоёр дэвтэр, бас 2 СД байдаг юм КККК). Тэгсэн хэлж байнаа та зүрхний эхо хийлгэ гэж. Өөрөө ухаж мэдсэн зөвхөн 3-р эмнэлэгт хийдэг прононин энзимны шинжилгээг хэлтэл “Өө тэрийг тань шиг ийм хүнд үзэхгүй, тэр чинь үнэтэй" гэв. Тэгээд 13-р маягт авах хүсэлтэйгээ хэлтэл та манай дүүргийн зөвлөх эмч байсан багшид үзүүл. Хувийн эмнэлэгтэй энд гээд уриалгахан нь аргагүй заагаад явууллаа даа. Найзын эгч алдартай зүрхний эмч байдаг, ЭХО нь ажиллахгүй байгаа юм байна. Өөр нэг эмч зааж өглөө. Тэр нь хол юм. Хамгийн хачирхалтай нь зүрхний ЭХО гээчийг хийх төлбөртэй үйлчилгээ нь дүүргийн эмнэлгийн даргын баталсан тамгатай бичгэн дээр байсан төдийгүй үүдэндээ ил тод наасан байв. Тэгэхээр тус эмнэлэгт зүрхний ЭХО байх магадлалтай төдийгүй тухайн эмч ядаж энэ тухай надад хэлээгүйд нь гайхсангүй.Учир нь таньдаг хүнээ зааж өгдөг тэр нь тухайн эмчид төлбөрийн 15%-р орлого болж очдог тухай сонсож байсан болохоор Эвдэрсэн байсан юм болов уу даа гэж эерүүлэн бодоод зааж өгсөн эмч рүү нь очив.

“Багадаа хоолой их өвдөж байснаас зүрхэнд нөлөөлсөн. Гэхдээ энэ бол зүрх, судасны өвчинтэй харьцуулахад айхтар зүйл биш" гэв. Би хэллээ, яахав бид өндөр уулын бүсд амьдардаг, тэгээд чиг хоолой нь өвдөөгүй монгол хүн байдаггүй байхөө. Сайн тал нь хавдар тусаж чадарснаас зүрхээр явчихвал амархан юм даа.. Эмч инээж байна, тань шиг ингэж өөдрөгөөр боддог хүн олон бол би ажилгүй болноо. Манайхан чинь заавал нэг өвчин олох гээд чичрээд дайрчихдаг юмаа л гэж байна. Кккк

    3. Улсын том эмнэлэг

Хоёр гурван жилийн өмнө болох юм уу даа, 1-р эмнэлэг гээчид очлоо. Гол шалтгаан нь өтгөн хатсан, цустай гарсан. Манайхан хоол боловсруулах замын хавдраар өвчлөх магадлал өндөр тул Сонгдод 4 жилд нэг үзүүлдэг юм. Өвчний шинж тэмдэг нь Баримт бичгээ өгтөл гялс тэр дор нь цаг өгчихлөө. Оочир дугааргүй хурдан л шийдэв. Барууны эмнэлэг шиг зүг чиг заасан тэмдэг тэмдэглэгээ өнгөний ялгарал сайтай, бас дотор нь кофе шоптой гм. Проктологийн эмчийн үүдэнд нь очтол яг миний цагтай ижил цагтай 3-4 ч хүн байх юм. Давхардуулж олгодог юм байх даа гэж гайхав.За тэгээд ороод л учир явдлаа ярилаа. Цаад орон дээрээ өвдөглөөд тонгойж бай гэв. Ккк Хаалт итар байхгүй. Цагаан мах нь эргээд бүр эвхэрчихсэн нэг эрэгтэй хүн хүнээр түшүүлсээр орж ирэв. Тэгсэн өнөө эмч залуу хуруундаа бээлий углаж байгаад нэг шургуулж үзээд л боллоо гэв. Гэрэлтэй зонд шургуулж харах юм бодсон чинь их санасан газар хоосон хоцровоо. Эм бичиж өгөөд (Даатгалын талаар юу ч дурдсангүй!) зүв зүгээр. Таны хоолны найрлага өөрчлөгдсөн болохоор гадаадад байжаагаад ирсэн хүмүүс ингээд байдаг юм. Энэ эмчилгээг хийлгээд зүв зүгээр. Сонгдодоо үргэлжлүүлэн үзүүлж харуулаад байгаарай гэж байна.

Дараагийн удаад нь нэг дүүгээ дагуулан MRI гээчид нь харуулахаар очив. Харин хаа очиж рентген кабинетынх нь үүдэнд жирэмсэн бол хэлээрэй гэсэн бичиг байв. Өмнө нь жирэмсний хяналтад ороход заавал рентген зураг авахуулах ёстой ч бил үү нэг тийм домбоо юм байсан. Сайн тал руугаа өөрчлөгдсөн бололтой. Хамгийн хөгжилтэй нь бүхэл биеэр нь харах боломжгүй, зөвхөн тодорхой хэсгийг л хардаг гэнэ. Миний ойлгосноор ихэнх хүмүүс тархи толгой, нуруу нугас л их харуулдаг бололтой юм байна лээ. Хувийн биш, улсын эмнэлгийг сонгосон нь аминдаа төсвийн мөнгөөр авчихсан юм чинь өртгөө нөхөхөд нь ядаж туслаж байгаа, бас улсын эмнэлгийн ачаалал өндөр учраас техникчид, эмч нар нь олон тохиолдолтой таарсан, туршлагатай гэж сэтгэсэн хэрэг.

Хэвлэл мэдээллээс харахад нээрээ л хувийн эмнэлэгт болохоо болихоороо улсын эмнэлэг бараадаж байгаа дүр зураг харагдах. Ялангуяа, эх нялхас, төрөхийн асуудлаар.

Энэ бүхнээс харахад хүүхдийн найз хэн бэ? Эмээ өвөө гэдэг шиг эрүүл мэндийн тал дээр чиний хамгийн сайн найз өрхийн эмч. Мэдээж эрхзүйн тогтолцооны хувьд асуудалтай ч гэсэн анхан шатны чанартай үйлчилгээг бид авч чадаж байна. Эрүүл мэнд төрийн өмч байсан социализм дууссан өнөө үед хувь хүний төдийгүй нийгмийн хамгийн том капитал эрүүл, боловсролтой иргэн. Ийм болохоор иргэн бүр өөрийн эрүүл мэндэд анхаарч залуу наснаасаа биеэ хайрлаарай.

Хайрладаггүй юмаа гэхэд багахан шинж тэмдэг гарангуут л арга хэмжээ аваарай. Интернетэд энэ тухай олон нийтэд зориулсан мэдээлэл маш их болжээ. Шамбарамын талаар энэ нэвтрүүлэг их хөөрхөн, заавал үзээрэй.

Зүрх судасны өвчин, хавдар нь үхлийн голлох шалтгаан болсон улсад эрт оношилгоо илрүүлэлт хамгийн чухал.

Жаргалан, жаргалан, жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний доторх чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан

Залуу бие эрүүл бол
Өдөр бүр амгалан
Нэгэн өдрийн амгалан
Мянган жаргалын үүд

Өтгөс өвгөд эрүүл бол
Насан бартал амар
Амар байж нөгчвөл
Орчлонд төрсний гавьяа

Жаргалыг хүсвэл
Эрүүлийг хүс,
Эрүүлийг хүсвэл
Эмнэлгийг хүс [Д.Нацагдорж]

Жич: Ганц санаа хэлэхэд эрүүл мэндийн мэдээллийн системээ өрх-дүүрэг-эмнэлэг-даатгал-төрийн сан гэсэн сүлжээ холбоостой хийчихвэл асуудал уг нь цэгцэрчихээр л юм билээ. Удахгүй байхаа.

2016 оны 10 сарын 4 

Сэтгэгдэл бичих

    • Адъяасүрэн
    • 2019-11-18

    Сайхан санаанууд бодит зүйлийг дурьдаж. Амжилт хүсье.

arrow icon