Нийтлэл 07 сарын 02, 2017

Мухар сүсэг ба тархины тураал, түүнийг түүчээлэгчдэд

Сүүлийн үед монгол ёс заншилд огт байдаггүй, мухар сүсгийн зохиомол зан үйл дэлгэрч, нийгэмд тархины тураал газар авах нь. Тухайлбал дөнгөж төрсөн нярайн эхний нэг сарын өтгөн, зунгагийг хогонд гаргаж хаядаггүй гэх мухар сүсгийн улмаас Хатан Туул, Хан Богд уулын минь байгаль ингэж бохирджээ! 

Монгол хүн урсгал усанд хэзээ ч бохир оруулдаггүй заншилтай. Хэдийгээр сүүг дээдэлдэг ч сүүний шавхруутай шанагаар усаа ч утгадаггүй. Нүүхдээ буурин дээрээ хог үлдээдэггүй цэвэрлээд орхидог заншилтай. Угсаатны зүйн ухааны нэрт доктор Х. Нямбуу, Ч. Арьяасүрэн нарын 1991 онд хэвлүүлсэн, "Монгол ёс заншлын бага тайлбар толь" - д бичсэнээр "Монгол хүн ус бохирдуулж, булингартуулахыг их цээрлэнэ! Рашаан, булаг шандны усанд сүү цагаан идээ дусаахыг цээрлэнэ. Тэгэхээр ус авах шанага саваа сайн угааж цэвэрлэнэ... Урсгал усанд юм угаадаггүй. Нүүж суухдаа гэрийнхээ буйрыг торойх ч хоггүй болтол нь цэвэрлэнэ. Аянчин нүүдэлчин гал түймэр гаргачих вий гэж цогтой үнс нурмыг шороогоор булж, чулуугаар дарна... " хэмээжээ. Айл шинэ хүнтэй болоход, айл хотлоороо хүүхэд угаах, даахь үргээх заншил нэн чухал байж. Түүнээс биш, баасыг нь хог руу хаяхгүй гэх мэт уламжлал монголын аль ч ястан, угсаатанд огтоос байгаагүй. Мөн бага нялх хүүхэд нь өвчтэй байгаа айл хөл хорьж, үүдэндээ дээс уядаг, хүүхэд тогтдоггүй бол буруу энгэртэй дээл хийж өмсгөх, чөтгөрийг төөрүүлнэ хэмээн Золбин, Муунохой гэх мэт зориуд чихэнд сонсголонгүй нэр өгөх, нар жаргаснаас хойш хүүхэд авч явахдаа хамар дээр нь хөө түрхэж бор халзан туулай болгох, айж, хөлсөхөд нь давсаар ширгэлэх, тугалга цутгах зан үйл бол бий. Нэрт судлаачдын энэхүү номд хүүхдэд цээрлэх 6 зүйлд: "1. Гашуунаар бүү тэтгэ. 2. Амттанаар бүү цатгалан. 3.Өнгөнд бүү шумуул. 4. Тансагт бүү умбуул. 5.Улайг бүү үзүүл. 6.Нойронд бүү автуул" гэжээ.

Түүнчлэн даахь үргээх ёсны тухай "Эрэгтэй хүүхдийг 3,5-тайд охин хүүхдийг 2,4 насанд даахь үрэвлэгийг нь үргээнэ... Лам болох хүүхдийн даахийг л бүгдийг авдаг ёстой..." гэжээ. Мөхөс миний мэдэхээр хүүхдийн даахийг одоогийнх шиг хуу хусчихдаг байгаагүй, хөөрхөн хоёр сонжуу үс үлдээдэг байж. 

Ер нь үе үе хаа ч дуулдаагүй зохиомол заншил, мухар сүсгийн чанартай мэдээлэл их гарч ирж, үлмэдэгчид, аль эсвэл ихмэдэгчид түүнийг нь ямар ч үндэслэл, эх сурвалжгүйгээр цахим ертөнцөд тарсаар буйд сэтгэл гонсойх юм. Өнгөрсөн намар аав минь гэнэт тэнгэрт буцсан өдөр, ууган охины хувьд би алтан хайрцаг нээлгэхээр гарах гэтэл нэгэн садан маань "Эмэгтэй хүн алтан сав нээлгэдэггүй юм" гэв. Хаана, аль номонд тэгж бичсэн байна? гэхэд хариу хэлэх хүн огт гараагүй агаад, Гандантэгчинлэн хийдийн нэгэн томоохон зурхайчид очиж савыг нь нээлгэх далимдаа лавлаваас тийм ёс байдгийг Лам бугай ч дуулаагүй гэж байв. Миний хувьд түүхэн зохиолууд бичихдээ угсаатны зүйн ухааны нэрт судлаачид доктор Г. Бадамхатан, Х. Нямбуу агсан болон олон эрдэмтэн судлаачдын номыг уншиж монгол уламжлал, зан заншлыг боломжоороо судалдаг тул эх сурвалжгүй зохиомол "ёс", мухар сүсгийг дэлгэрүүлэхгүй байхыг эрмэлздэг. Цааш нь бичээд байвал айл бүрд тодорсон "асман" хутагт хувилгаад, дам сургаар элдэв заншил зохиогчид, их мэдэгчдийн тарааж буй мухар сүсэг, төөрөгдлийн эмгэнэлтэй бөгөөд инээдтэй жишээ үй түм. Харамсалтай нь голдуу эмэгтэйчүүд санаатай, санамсаргүйгээр хэнд ч хэрэггүй, зохиомол "ёс заншил" гээч мухар сүсгийг түүчээлэн мөрдөж, түгээж байгаад харамсах юм. Үнэхээр монгол ёс заншлаа уламжлан авч явъя гэвэл ядахдаа ном судар уншиж, эх сурвалжтай мэдээлэлд итгэж үнэмшиж байх нь 21-р зуунд эрхэм чухал байна.
Ямар ч гэсэн нярай хүүхдийн өтгөн, шингэнийг шингээгч орчин цагийн живхийг хогонд хаяж үл болно гэсэн айлдвар, ариун ёс заншил хэзээ ч байгаагүй тул, амьдралыг тэтгэгч ус эрдэнэ, ариун дагшин хангай дэлхийгээ баас, шээсээр бүү бохирлогтун, мухар сүсгээ таягдан хаяач хэмээн эхчүүд, эмэгтэйчүүдэд уриалж байна!

Б.Шүүдэрцэцэг

https://www.facebook.com/shuudertsetseg.baatarsuren/posts/1284045215027547

 

Сэтгэгдэл бичих

    • unshigch
    • 2017-07-03

    Мунхрал

    • unshigch
    • 2017-07-03

    Олонхи хэр мунхагийг харуулж байна даа!

arrow icon