Үндсэн хууль, шударга ёсны тогтолцоонд халдвал тэмцэхээс өөр гарц үгүй-1

2000 онд тухайн үеийн Улсын Их хурлаас Үндсэн хуулийн бус аргаар 1992 оны шинэ, ардчилсан Үндсэн хуульд “нэмэлт, өөрчлөлт” оруулснаас Үндсэн хуульд ноцтой эмгэг үүссэн ба хуулийг алдааг залруулах зайлшгүй шаардлага гарч, дахин өөрчлөх, шинэчлэх асуудал хурцаар тавигдаж, хууль эрх зүйн шүүмжлэл, эсрэгцэл тасралтгүй өрнөсөөр байна.          

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд дутуу орхигдсон асуудлаас гадна Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санаа, үнэт зүйлс, шударга ёсны тогтолцоонд ноцтой халдсан алдаа, зөрчлүүд цөөнгүй байх тул хуульчийн үүргээ ухамсарлан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай зарим асуудлаар үзэл бодлоо сийрүүлж байна.     

Үндсэн хууль эмгэгтэй болсон нь хуулийн буруу биш. Хуулийн эмгэг гэдэг бол төрийн ой санамж, хуулийн бодлого тодорхойлогч, хууль тогтоогчдын мэдлэг, чадвар, үнэт зүйлс, нийтлэг эрх ашгийг хамгаалах бодлого сэтгэлийн илрэл юм.  

“Үндсэн хуулийн эмгэг”-ээс улбаатай сөрөг үр дагавар нь улс төр, эрх зүй, эдийн засгийн хөгжлийн явцад нөлөөлдөг учраас эмгэгийг эмчлэх, энэ хүрээнд нэг мөр тодотгон боловсронгуй болгох цөөн зарим асуудлын хүрээг зөв, бүрэн, оновчтой тогтоох нь зайлшгүй чухал.   

Ардчилал ухаалаг ба ухаалаг бус олон үзэл агуулдаг. Үнэт зүйлс, нийтлэг эрх ашиг, эрх зүйт ёсны асуудлыг олон өнцгөөс харах хуульч болон улс төрчдийн өнцөг, хуулийн утга агуулга, нийцэл зохицлын гүнд нэвтрэх чадвар, алсын хараа харилцан адилгүй.   

Ямартаа ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон талт өнцгөөс харж, үзэл  бодлоо чөлөөтэй уралдуулснаар хуулийн төсөл нь шударга, эрх зүйт мөн үү, амьд үйлчлэлтэй болж чадсан уу, төслийн цаад утга агуулга, ил ба далд санаархал нь үндэсний эрх ашиг, зүй ёс, шударга ёсны шаардлагад нийцсэн эсэх, улс төр, эрх зүй, ёс суртахууны болон эдийн засгийн онолтой байсан эсэх, бодлогын болон  зарчмын үндэслэл нь юу болох эсэх зэргийг илрүүлэх өргөн боломж нээгдэнэ.

Улсын төсөв, УИХ-ын бүрэн эрх бөгөөд хяналтын өөрчлөлтийн төсөлд өгөх санал

 Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт

“УИХ улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр улсын төсвийн зардлын шинэ төрөл үүсгэх, зардал нэмэгдүүлэхийг хориглоно” гэснийг : 

“УИХ улсын төсвийг хэлэлцэн батлах, төсөвт тодотгол хийх явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр болон зохих үндэслэлгүй саналын хүрээнд улсын төсвийн зардлын шинэ төрөл үүсгэх, зардал нэмэгдүүлэхийг хориглоно” гэж зохицуулалтынх нь хүрээг арай өргөтгөх нь улсыг өр, зээл, аюултай байдалд оруулах зэрэг улс төрчдийн буруу үйл ажиллагаа, хандлагыг хязгаарлах, учрах аюулаас бага ч атугай урьдчилан сэргийлэхэд тустай байж болох юм.

Аль ч нам сонгуульд ялахын тулд Улсын Их хурал, Засгийн газар улс төрийн явцуу сонирхлоор улсын төсвийг “намын нь өмч мэт” элсэнд цацсан ус шиг үргүй үрэн таран хийж, улсын өр, зээлийг үндэслэлгүй нэмэгдүүлдгийг иргэд мэднэ. Эдийн засаг дампуурлын ирмэгт байгааг мэдсээр, ярьсаар атлаа “түргэсгэх буюу луу, баавгай, барын ам уруу түлхэх” мэт төсвийг үргүй үрдэг, цөлмөдөг, хэрэгжих үндэслэлгүй бодлого, зохицуулалт хийдэг улс төрийн бусармаг үйлдлийг” таслан зогсоох ёстой.

Гагцхүү “санал” авсан гэхийг оромдож улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцэхгүй буюу хуйвалдаан өнгөлөгдөн далдлагдах ёсгүй, саналын үндэслэл нь зөв, хангалттай, ил тод байх нэн чухал.  

Үндсэн хуулийн 25дүгээр зүйлийн УИХ-ын бүрэн эрхийн тухай 1, 2, 28 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн нэмэлт гэх асуудлуудыг заавал Үндсэн хуулиар зохицуулах шаардлагагүй гэж үзэх дараах үндэслэл байна.

  1. Нийт иргэн, Улсын ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах чин ариун хүсэл зориг үнэхээр байвал УИХ-д Үндсэн хуулиар онцгой эрх хэмжээ, өргөн боломж олгосон.   

Ингэхдээ байнгын хороо, дэд хороо, түр хороо, ажлын хэсэг байгуулан тэдгээрт тусгайлсан эрх хэмжээ олгох, эрх хэмжээг нь өөрчлөх, өргөтгөх болон бусад олон арга журмаар УИХ хяналт шалгалтын бүрэн эрхээ хүссэн цаг үедээ хэрэгжүүлж болно.      

  1. Үндсэн хууль, бусад хуульд зааснаар төрийн хяналтын байгууллага хангалттай байгуулагдсан, эрх хэмжээ нь хуваарилагдсан.

100 ямаанд 60 ухна гэгчээр өөр юу нэмж байгуулахыг тааж барахгүй. Үнэхээр чухал, тулгамдсан гэдгийг нотолбол байгаагийнхаа эрх хэмжээг байгаад нь зохистойгоор нэмж, хасаад хуваарилж бас болно.       

УИХ онцгой бүрэн эрхийн хүрээнд ноцтой зөрчил илрүүлсэн, эсхүл ноцтой байж магадгүй хэмээн үзвэл хууль тогтоомжийн дагуу төрийн холбогдох хяналтын аль ч байгууллагаар шалгуулах, хариуцлага тооцох, тооцуулах бүрэн боломжтой.  

Харин тухайн хяналтын байгууллага хуульд зааснаар хараат бус, шударга, нээлттэй ажиллаж байгаа эсэх, хэрхэн хангах эсэх нь өөр нэг анхаарах асуудал юм.  

Жишээ нь : Аудитын байгууллага улс төрждөг, зарим зөрчлийг дарагдуулдаг гэх хардлага үүсдэг тул Аудитын даргыг Улсын Ерөнхийлөгч томилох эсхүл бүрэн эрхийн хугацааг нь урт болгох тухай асуудлыг Үндсэн хуулиар зохицуулах эсэхийг хөндөн тавих нь илүү нөлөөтэй байж болно. Учир нь Улсын төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан үй түмэн зөрчлүүд дандаа хойно илэрдэг. Тэр байгууллагын дарга нь УИХ дарга санал болгосноор томилогддог, гэвч тус байгууллага ил тод биш үхмэл мэт ажилладаг, улсын төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан эсэхэд хэрхэн хяналт тавиад, ямар зөрчил илрүүлэн шалгасан, холбогдох байгууллагад шилжүүлсэн, шалгуулсан нь нээлттэй бус.  

  1. УИХ-д олгогдсон бүрэн эрх багадаагүй, хэрэгжилтийг хангах зөв бодлого, зохицуулалт нэн чухал.

Харин УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг нэгэн зэрэг хашиж байгаа байдал нь УИХ хяналт шалгалтын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад, барьцаа, нөлөөлөл, тулгалтад автаж байгааг үгүйсгэхгүй учраас залруулж болно. Хуульд нийцэхгүй буюу салаалж, давхцуулан онц эрхтэй байгууллага байгуулан ажиллуулснаар ноцтой аюул, үр дагаварт хүрч байсан гашуун түүх бас бидэнд бий.

УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн хүрээнд зарчмаа барин  дээд эрэмбийн эрх ашгийг зорин зүтгэвээс хяналт шалгалтын бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүх талын боломж, гаргалгаа, баталгаа нээлттэй байгаа гэж харж байна. Хэлдэг биш хийдэг байх ёстой. Уул үзээгүй хормой шуух, ус үзээгүй гутал тайлдаг байх ёсгүй. 

Үргэлжлэл бий...

Хоёрдугаар хэсгийг эндээс үзнэ үү

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5142

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%