Нийтлэл 08 сарын 27, 2017

Сүүлчийн инстүүц буюу 60 тэрбум хэмээх мөсөн уулын орой

60 тэрбум гэсэн тоо харахаар нойл орж намбаа түүдмээр санагддаг боллоо. Абсолют мөнгөн дүн, эсвэл хэн нэгний тухай хов живийг улстөрийн пиарчид зориуд өрддөг. Энэ нь угийн угаар болоод өмхийд утуулсаар хагас муужралын байдалтай амьдарч буй хөөрхий монголчуудын оюусанаа улам бүр явцуурахад хөтлөх ба оройг нь л  харж хэрэлдсээр усанд их бие нь нуугдсан мөсөн уул мөргөж сүйрэхэд ойрхон болжээ, Монгол.

-Усан дор тэгээд юу байгаа юм бэ?

-Тогтолцооны сүйрэл.

 

Сүүлчийн инстүүц буюу 60 тэрбум хэмээх мөсөн уулын орой

Ер нь яах гэж авилга өгдөг вэ? Гишүүн болж, төрийн албанд очих гэж. Яагаад ийм боломж байгаа юм бэ? Төрийн албаны хууль шиг хуульгүй учраас. Төрд очиж байгаад яадаг юм бэ? Мөнгөө буцаагаад хийнэ, яагаад мөнгө хийх боломжтой байгаа вэ? Төсвийн хяналтгүй, Засаг шиг засаггүй. Авсан тал нь яадаг юм бэ? Намаа төрийн эрх мэдэлтэй байхад зардаг. Авилгын мөнгө яагаад зарж болж байгаа юм бэ? Намын санхүүжилтийн хуульгүй учраас. Бүр цааш нь ухаж ч болно, заримыг эндээс. Энэ мэтээр оройд нь 60 тэрбум овойж, бэлд нь 60 тогтолцооны асуудал хөглөрч байдаг.  

Системийн асуудлыг тойруулсгээд 60 тэрбумаар түргэн хэллэг хэлэх нь холгүй байгаа нөхдийг хоёр хувааж болно. Нэг хэсэг нь сэдвийг ашиглан улстөр хийж байгаа попууд. Нөгөө хэсэг нь тэдний пиарт автаж, нээрээ л монгол төрийг 60 тэрбумаар зарсан ба зарсан нөхдийг л аваад хаячихвал асуудал  дуусах мэт сэтгэж байгаа гэнэн тагтаанууд.

Заримыг нь чи жаран тэрбумынх гэж зайлуулаад, зарим нь би биш гэж заларлаа гээд омгийн ахлагч маягтай непотист томилгоо хийхгүй байж чадах уу? Хийхгүй байгаад дараагийн сонгуулиа даах уу? Намдаа мөнгө хийхгүй тойрог авах уу, авсан тойргоо тордохгүйгээр ялах уу? Тордохын тулд Засагт ашиг сонирхлын зөрчилтэй төсөв оруулахгүй юу? Төсөв оруулж, тойрог тордож байхын тулд УИХ төсөв хэлэлцдэг Үндсэн хуульд гар хүрэх үү? Энэ мэтээр улстөрч ба улстөрийн намын өөрийнх нь уг мөнчанар ба хөгжлийн асуудлууд ямар том огтолцлоор зөрчилдөж байгааг хөндөж тавьж, шийдэл олохгүй бол 60 тэрбумын золионд 60 сандуйг дүүжлээд ч сундуй төр суудлаа олохгүй.

Өдгөө МАН-ыг задлахаар мэрийж яваа хүмүүс үйлдвэрлэл, гадаад худалдаа, улстөр эдийн засгийн холимог зутан болж жонхуурсан тогтолцоонд мэс оруулах маягийн хөндүүр ажилбарыг хийх хүсэл, хийхэд хүрэлцэх улстөрийн нөөцгүй хэрнээ сүүлчийн инстүүцээ хэмхэлж хаявал шамбийж байгаа сарампай амбаар шиг төр нь бүр салж унана биз дээ?  МАН энэ задралаар шинээр төрж хүчирхэгжихийн оронд улам задарч АН-ы араас орвол хөгжлийн араам болох учиртай уян болон албан инстүүц гэж юм Монголд байхгүй болох нь. Улстөрийн захиалагч, иргэд бидний хувьд МАН-ын задрал манай улсын өнөө маргаашт  ямар утгатайг, үүний цаана ямар өндөр бараан уул нуугдаж байгааг өнөө л түүхэн агуулгадаа харах ёстой. Түүнээс халиар топоор болсон хувь хүмүүсийн асуудал манд падгүй.

Ер нь Монгол өнөөдөр яагаад ийм байгаа юм бэ? Сонгож төрдөггүй түүхэн өгөгдөл гэж юм байх. Бид нэг их тэнэг мангуудаа төөрч будилж яваа юм биш гэдгийг олон давтдаг. Монголчууд бид эзэн Чингисээр бахархах эрх өвлөж төрсөн шигээ их түүхээс аж ахуй, газарзүй, соёл сэтгэлгээний өнөөдрөө бас авсан. Тэр замд уян ба албан инстүүцийн хөгжлийн нөхцөл, шаардлага харьцангуй сул байсан гэж хэлж болно. Уян ба албан инстүүц гэж юу хэлээд байгаагаа улстөрөөс намаар, эдийн засгаас зах зээлээр, соёл сэтгэлгээнээс идеологи, үзэл суртлаар нэг нэг жишээ татъя.

Сэтгэлгээ

Өнөөгийн хот төвтэй хөгжлийн оюун сэтгэлгээний өв санд манайхаас оруулсан хувь нэмэр гэж нэг их байхгүй.  Энэтхэгээс, Хятадаас, Персээс,  Грек Ромоос…шинжлэх ухааны хувьсгал, сэргэн мандалт, соён гэгээрэл. Харилцаа зохицуулах үүрэгтэй ёсзүйн философи, изм, үзэл суртлууд хүн олноор шавж суусан соёлоос үүсч хөгжжээ.  Монгол бол харин хүн байгалийн харилцааг зохицуулах цогц үзэл хандлагатай. Баастай памперс хүртэл гол усанд хийчихдэг болчихоод байгаа нь гол харламаар болохоос. Нүүдэлчдэд суурин харилцааны тоймтой изм хөгжих нөхцөл шалтгаан нэг их байсангүй.  Бүр ХХ зууны дунд үеэс  анх удаа хот шиг хот байгуулж үзсэн ч дундын зөрчлөөс измээ хэлцэж бичдэг органик явц биш эсрэг нь хэрэгжсэн гэж хэлж болно. Хэрэгжүүлсэн гол аппарат нь МАХН буюу МАН-ын эхлэл. Өөрөөр хэлбэл МАН бол Монголын түүхэнд сайн муу ч улстөрийн цогц үзэл суртлыг мөрдөж хэрэгжүүлж үзсэн анхны инстүүц юм.  Өнөө изм нь гаднаа том нурж, дотроо Баабар нар ч ичгүүрлэх үүргээ сайн гүйцэтгээд “ардчилал” арай дэндүү моодонд ормогц үгүй ядаж социал баримжаатай үзэл үлдээж авахаа авалгүй, тэгсэн хэрнээ либерал болж чадахгүй дүү намаа дагалдан баясаж, харваас коммунист КГБ стилийн хэдэн хөгшин хүний эрх энэ тэр ярьдаг болж мутацид орсон. Даанч ардчилал, хүний эрх хэмээх их ухагдахуунуудыг гучин жил зарж идэж байгаа Ардчилсан нам үнэт зүйлийн манлайлал хийх үүргээ гүйцэтгэж чадаагүй гэдгийг МАН-ыг давж мангар ихээр үнэ, зах зээлээр наадах болсноос нь харж болно. Сүүлдээ бүр яана гэнэ үү, миний өмнөөс миний өрийг төлнө гэсэн жисус женко зика!!  Нэг бодлын МАН чадаагүй бол ману нүүдэлчид чадаагүй нь мэдээжийн юм. Бие хүнд ч тийм байдагчлан үзэл суртал, итгэл үнэмшлийг уйгагүй хөдөлмөр, манлайлал, судалгаа, эрэл хайгуул, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, туршилтаар олж авна. Тэгж байх сөхөө байсангүй, сөхөөгүй явсаар сөхрөхөд хүрээд байгаа нь энэ бололтой. Үзэл сурталгүйгээс задарч үзэл сурталгүйд эргэн төрвөл амьдрах уу? Үүнийг МАН-н манлай залуус өөрсдөөсөө асуугаарай.  Одоо л танай намаас нэгдмэл үнэт зүйл төрөхгүй бол Монголын намууд хагас ком, хагас нүүдэлчин, хагас попуудын эрх ашгийн наймааны хар зах хэвээр хэдэн арваныг үдэх болох юм бүү мэд ээ!

Зах зээл

Саяхан орчуулагдаж гарсан их Вольтерын Кандидыг бүгд нэг уншчихмаар байгаан. Яг л манай зарим зохиолын дууны үг шиг бүхнийг мунхралт өөдрөг үзлээр тайлбарлах Панглос багш, түүний шавь Кандид гарна.  Саяхан нэг ном харж байтал захзээлийг инстүүц биш гэж үзсэн Адам Смитийн “үл үзэгдэх гар”-ыг мухар сүсгээс юуны ялгаа гээд Панглосын ертөнцтэй жишсэн байхаар нэг их загатнасан газар маажих шиг болж билээ. Муу л бол өнөө ганцаараа ажиллаж ирсэн Баабараа хэлэх болохын өршөө, тэрээр коммунизмыг шүүмжилж void вакуум үүсгэхийн сацуу либертар хандлагаар Монголд зарим талаар Пангөрөөс багшийн үүрэг гүйцэтгэж ирснийг нь хэлэхээс өөр арга алга. Бид нэн их өөдрөг кандид үзлээр бүгд гахай чирж үзсэн, гэхдээ инстүүцгүй бол хөгжилгүй хэмээх үнэнд үхэр тэргээр боловч мөлхөөд хүрч, өөрөө хүртэл “ядарч байна!” гэж сүүрс алдсан байх шиг байсан.

Ганц бид ч биш л дээ, бүхэл бүтэн салбар ухаан захзээлийг үл үзэгдэх гар хөгжүүлчихдэг юм уу, инстүүц чухал юм уу гэлцээд хэдэн зуун өнгөрч байна. Гэхдээ нэг хоржоонтой хариулт бий, money мөнгө гэдэг нь угаасаа сүмийн нэрээс гаралтай юм. Бизнес тухай үеийн хамгийн хүчтэй инстүүц сүм хийд түшиж хөгжиж.  Товчдоо гэрээний харилцаа, патент, бирж, банк гэх мэт зах зээлийн инстүүцүүд рент төвтэй гувчуур эдийн засагт хөтөлж байна уу, нэмүү өртөгтэй бүтээлч эдийн засагт хөтөлж байна уу гэдгээс хөгжлийн зам салж байгаа тухай судалгааны үр дүнгүүд хуримтлагдаж ирлээ. Ядаж Смит, Рикардогоос хойш практик хуримтлагдаж, түүх өөрөө дүнгээ гаргаж өгсөөр. Монголын хувьд аль таван зуун жилийн өмнөөс патентын хамгаалалт хийж байсан түүхтэй дэлхийд нэгдэж ороод овоо хурдтай хуулж яваа ч болоогүй. Болоогүй дээрээ болгохын төлөө биш байгаагаа хувааж идэх уралдаан явж байгааг төсөв ДНБ-тэй уралдан томорч ирснээс харж болно.

Ингээд бултаараа бүтээх биш идэх гэж уралдаад, идүүрийн саваа томсгож явсаар энэ мэт болжээ.  М.Энхболд ба Ж.Эрдэнэбат нар үүний эсрэг яваагүйг 2016 онд гэхэд төсвийн зарлага 30 хувь, бодит эдийн засаг нь 3 хувь өссөнөөс харж болно. Тэгэх тэгэхдээ хуваарилалт нь шог юм хийснийхээ горыг хүртэхэд ойрхон ирсэн бололтой.  Бидний хувьд эдний улстөрөөс чухал юм: 60 тэрбум бол  бизнесийн экологигүй нийгэмд эрч хүч, хөрөнгө жам ёсны хөдөлгөөн хийж байгаагийн л нэг илэрц болохыг ойлгох. Тэр тусмаа зардал нь 10 их наяд шахаж байгаа төсвөөс 5 төгрөг тутмаас нэгийг цавчиж байдаг гээд таамаглахад л 2 их наядын бизнес 60 тэрбум хүрээд зогсохгүй гэдэг энгийн мать бодчихмоор байна.  Энэ төсөв, бүтээлч эдийн засгийн урвуу эргэчихсэн уралдааныг халах реформ хийдэггүй л юм бол Хүрэлсүх байна уу Алмаазансүх байна уу ялгаагүй,  инстүүцгүй мөнгө жамаараа урсана, Ванга шиг хэлье энэ тэр гэдэг билүү?

Нам

Мөн л манай түүхэнд шинэ үзэгдэл, шинээс гадна мөн л органик бус үүсэлтэй, ЗХУ-ын төлөвлөгөөгөөр аппаратыг нь байгуулж, үзэлсанааг нь суулгаж усалж өгсөн бололтой. Гээд бодохоор өөрийн зөнгөөр нам болох гэж алдаж онож яваа анхны нам нь Ардчилсан Нам байх.  Ямар ч л гэсэн Монголын заяа түшиж тусгаар тогтнолоо сэргээн мандуулаад нэн далайцтай модернизац явуулсныг гардан хийсэн хамгийн ахмад, хамгийн үзэл сурталтай байвал байхаар нам дотроо хөлөө жийлцэж байна. Энэ намын задралтай хамт иргэдийн талд лав инстүүцийн төгсгөл ирж байгааг нэг энгийн жишээнээс ойрд харж болмоор шиг: Ойрд олон хүн том жижиг ямар асуудал байна,  Ерөнхийлөгч Баттулгыг зарлигаар шийдэж өгөөч гэж хандаад байгааг анзаараарай. Зарлигийн дээр уг нь de jure өч төчнөөн инстүүц бий.  Баттулга өөрөө бол инстүүц гэхээсээ түүний хямралын бэлэг тэмдэг. Буй биеэрээ задралын загалмайлсан эцэг, хөмсөг зангидсан цэвэр цусны хувь тоглогчийн имижээрээ гарч ирсэн.  Өмнө нь нэг бичсэн өнгөрсөн одоогийн зөрчил бүхний бэлэг тэмдэг, өөрийгөө сөрж амжих эсэх нь түүхээс түүнд тулгаад байгаа асуултын тэмдэг.

Ингээд шинээр барьж яваа нийгмийнх нь уян ба хатуу баганууд бэхжих болоогүй Монголын хувьд одоохондоо анхны бөгөөд сүүлчийн инстүүц МАН хаачихаа шийддэг дээрээ иржээ. Ер нь энэ хагарал 60 цаасны тооцоо хийж, бичлэг задарснаас эхэлсэн юм биш нь лавтай.  Хөдөлгүүргүй, хөдөлж байснаа тослохгүй явсаар гацаж гажсан нэг эрин төгсгөлөө нэхэж, инстүүцийн хямрал оргилдоо тулж байх шиг ээ.  Хямрал гэдэг ханзыг боломж, аюул хоёрыг нийлүүлж бичдэг. Үзэлсанаа үнэт зүйлийн ба улстөрийн хаос үүсэх аюултай зэрэгцээд боломж авчрах, чиглэл өөрчлөх нам бий болохгүй бол мөргөлөө сөнөлөө, нээрээ. Чиглэлээ өөрчлөх амбиц тэнд их уул байна гэж хүлээн зөвшөөрөхөөс эхлэх билээ. 60 тэрбум гэж жижиг арал шиг тоо яг тэр хүлээн зөвшөөрөхөд хэрэгтэй харааг боосон хар алчуур болчихоод байгааг анзаарч сэхээрнэ гэж найдсан 2017/08/28.

 

Facebook page @bolushka

Твиттер хуудас: @bolushka

arrow icon