Нийтлэл 09 сарын 19, 2017

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Оросын жолоочгүй машинууд

Оросын технологийн тэргүүлэх компаниуд жолоочгүй машины үйлдвэрлэлийн өрсөлдөөнд орж, дэлхийн тэргүүлэх компаниудтай өрсөлдөхийг зорьж байгаа аж. Оросын "Яндекс", "Когнитивные технологии" зэрэг компаниуд  сүүлийн жилүүдэд энэ чиглэлд идэвхитэй ажиллан, шаардлагатай технологиудыг хөгжүүлж чаджээ. Энэ талаар есдүгээр сарын 18-нд Radio Free Europe вэб сайтад нийтлэгдсэн сурвалжлагыг орчуулан хүргэж байна. 

Шинэ технологи нэвтрүүлэх тал дээр олон жил удаан доголож явсан Оросын автомашин үйлдвэрлэгчид, технологийн аваргууд жолоочгүй машин бүтээх замдаа шулууджээ.

"Бакулин Моторс групп"-ын бүтээсэн Оросын хамгийн анхны жолоочгүй автобус Матрёшкаг энэ сарын эхээр Владивостокт бол хурлын үеэр туршиж үзсэн. ОХУ 2018 оны Дэлхийн хөлбөмбөгийн цомын тэмцээнийг зохиох үеэрээ энэ автобусыг тээврийн гол хэрэгсэл болгохоор зорьж байгаа аж.

Цаашлаад өнгөрсөн зун Оросын интернетийн аварга "Яндекс" буухиаг үргэлжлүүлэн "Камаз", төрийн судалгаа групп "НАМИ", Германы автомашин үйлдвэрлэгч "Даймлер"-тэй хамтран жолоочгүй машин үйлдвэрлэхээ зарлалаа.

Яндекс нь мөн Оросын хамгийн том такси үйлчилгээний компани бөгөөд саяхан "Uber"-ийн Оросын үйл ажиллагааны эрхийг авсан байна. Энэ эрхийг авсан шинэ охин компани нь 3,7 тэрбум ам.долларын үнэлгээтэй ба Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн зургаан улсад үйлчилгээгээ эрхэлдэг.

Энэ үйл явц Германы олон улсын автомашины үзэсгэлэнтэй давхацсан ба цахилгаан болон автомат удирдлагатай машинууд анхаарлын төвд байсан зэрэг нь жолоочгүй машинууд уламлалт автомашинуудад ноцтой сорилт болж байгаа юм. 

Яндексийн төслийн удирдагч Дмитрий Полишчук “Жолоочгүй машин 10 жилийн дотор бидний зорчих хэв маягт хувьсгал авчирна.” гэж зорилгоо тайлбарласан байна.

Олон жилийн турш Оросын автомашин үйлдвэрлэгч компаниуд дотоодын үйлдвэрлэлээ аль чиглэлд орчин үежүүлэх талаар бүрхэг ойлголттой байв. Оросын тогтворгүй автомашины зах зээл нэгэн үе дэлхийн хамгийн ирээдүйтэй зах зээл гэж үнэлэгдэж байсан. Гэвч 2012 онд автомашины борлуулалт 3 сая хүрсэнээсээ хойш сүүлийн дөрвөн жил аажмаар унаж байна. Тийм учраас үрүүл эргүүлж, тормоз гишгэдэггүй машин хөгжүүлэх ажил зогсонги байдалд орсон юм.

Гэхдээ одоо автомашин үйлдвэрлэгчид илүү өндөр хөгжсөн үйлдвэрлэл, илүү нарийн төлөвлөгөө боловсруулан ажиллахаар болж байна. Эхлээд 2018 онд жолоочгүй ачааны машин, 2022 он гэхэд бүх машин автомат тормозны системтэй болох зэрэг бусад аюулгүй байдлын технологиудыг нэвтрүүлэх аж. Зарим судлаачид 2035 он гэхэд Оросын нийт машины 2/3 нь автомат жолоодлоготой болно гэж тооцоолжээ.

Жолоочгүй машинуудыг нэмэгдүүлэхийн тулд наймдугаар сарын эхээр Москвад жолоочгүй машинд зориулсан тусгай зам нээжээ.

Уг зам байрласан гудамжны урт нь дөнгөж 400 метр боловч хотын нийтлэг гудамж шиг автобусны зогсоол, явган хүний гарц болон бусад тохижилттой юм.

Москвад байрлалтай “Когнитивные технологии” компаний захирал Андрей Черногоров дээрх замыг зөв алхам гэсэн боловч “туршилтын жижиг газарт жинхэнэ юм шиг орчин бүтээх боломжгүй” гэж гомдоллосон юм. Цаашлаад “шинэ, өндөр түвшний технологи нийтийн зам дээр туршигдах ёстой, гэвч Орост ийм боломж одоохондоо алга.” гэжээ.

Орос ганцаараа жолоочгүй машин нэвтрүүлэхээр зүдэрч байгаа юм биш. Дэлхийн улс орнуудад хэд хэдэн ноцтой осол гарсан нь үйл явц ихээхэн ярвигтай гэдгийг харуулж байна.

Magna International конгломерат Берлинд 11 километрын зам дээр олон сарын турш машинаа туршсан. Гэвч гудамжны хог хийсч өнгөрөх зэрэг нийтлэг зүйлийг мэдрэгч нь "зохицуулж" чадахгүй байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Франкфурт хотод болсон авто үзэсгэлэнд BMW AG компаний бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал Клаус Фрөлих "Автомат жолоодлого бол уралдаан" юм гэж байв.

Германы автомашин үйлдвэрлэгч BMW AG компани бүрэн автомат машиныг 150 сая километр явуулж турших ёстой ба энэ нь 3,600 удаа дэлхийг тойрсонтой тэнцүү гэж мэдэгдсэн байна. Клаус Фрөлих жолоочгүй машин бусад машин, унадаг дугуйчид болон замын хөдөлгөөний бусад оролцогчдыг шинжлэх асуудалтай холбогдуулан "Жолоочгүй машины тооцоолох хүчин чадал гол асуудал болоод байна. Мөн машины мэдрэх хүчин чадал өөр нэгэн асуудал болоод байна." гэж мэдээллэж байв. 

Гэхдээ энэ асуудал автомашин үйлдвэрлэгч болон технологийн компаниудыг нягт хамтран ажиллахад хүргэж байна. Яндекс Америкийн өрсөлдөгч Гүүглийг даган, технологийн салбар асар их хөрөнгө оруулж байна. Гүүгл шиг Яндекс мөн навигаци, геолокаци, компьютер тооцоолол болон Яндекс.Навигатор; Яндекс.Карты (интернет газрын зураг) зэрэг өөрсдийн хөгжүүлсэн системүүд ихээхэн найдаж байна. Ингэлээ гээд Яндекс хөгжүүлэлтээсээ хөндийрөөгүй. 

Яндекс одоо 5-р зэргийн автомат жолоодлоготой болохыг зорьж байна. Энэ нь жолоочийн оролцоогүйгээр жолоодлогын бүх үйлдлийг машин гүйцэтгэдэг түвшин юм. Арай доод түвшний зорилго тавьж, амжилтаа ахиулдаг бусад жолоочгүй машин үйлдвэрлэгчдээс ялгаатай нь Яндекс томоохон зорилго тавьж буй юм.

Макинзейн судалгааны дагуу 2030 он гэхэд жолоочгүй машины (зөвхөн жижиг, дунд оврийн машин) зах зээл 2 триллион ам.долларт хүрнэ гэж дүгнэжээ. Яндекс үүнийг мэдэж буй учир гүйцэж түрүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна.

Яндексийн Полишчук "Одоохондоо хэдэн арван компани тус тусдаа жолоочгүй машинуудаа үйлдвэрлэж байна. Гэхдээ цөөн хэдэд нь л энэ төслийг бодит амьдралд нэвтрүүлэхэд чухал шаардлагатай хэсгүүд бий." гэж байв. Мөн "Энэ хэсгүүд гэдэгт найдвартай технологи болон үйлдлийн систем, инженерийн экпертиз, нөөц мөн жолоочгүй машины зах зээлд нэвтрэх боломж зэрэг багтана. Яндекс.Такси дээрх бүгдийг нэгтгэсэн цөөн тоглогчдын нэг юм." гэж нэмж хэлэв.

Дэлхийн хөлбөмбөгийн цомын аваргын тэмцээнд ашиглагдах автобусыг бүтээж буй "Когнитивные технологии" компани зөвхөн авто замд зориулан жолоочгүй машины технологи хөгжүүлж байгаа биш аж. Өнгөрсөн зунжин туршилт хийсний үр дүнд Оросын хамгийн анхны жолоочгүй тариа хураагч комбайн үйлдвэрлэхэд ойртож байна. Хэдийгээр Жон Дийр компани (John Deere) 200,000 жолоочгүй трактор зах зээлд борлуулж, ийм төрлийн машинууд нийтлэг болсон ч "Когнитивные технологии" компаний захирал Олга Ускова өөрийн компаний технологио давуу болгож чадна гэж үзэж байгаа аж.

Олга Ускова жолоочгүй комбайны онцлог нь лазер сканнер биш видео камер ашиглан орчноо мэдэрдэг гэдгийг онцолж байв.

"Бид өндөр түвшний компьютер тооцооллын систем ашиглан, бусад алдартай брэндүүд шиг 3 эсвэл 4 камер ашиглахын оронд, 1 камер ашиглах чадвартай болсон. Үр дүнд нь бидний технологийг ашиглах өртөг 3-4 дахин буурсан." гэжээ.

Таван жилийн турш алдаж, онож явсны эцэст Орос жолоочгүй машины технологитой бусад орнуудын түвшинд ойртож байна. Одоо Орос 2023 эсвэл 2024 он гэхэд автомат удирдлагатай трактор үйлдвэрлэхээр зорьж байгаа ба "Оросын автомат удирдлагатай тракторууд дэлхийн тэргүүлэх брэндүүдтэй өрсөлдөнө".

Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.rferl.org 

Сэтгэгдэл бичих

arrow icon