Монгол Улсын бэлчээрийн байдал 60 гаруй хувийн доройтолтой байна

VTV HD телевизийн нийгэм улс төрийн хүрээн дэх тулгамдсан асуудлыг хөндөж ярилцдаг “De Facto” нэвтрүүлэг  энэ удаагийн дугаарын зочноор "Ногоон Алт" бэлчээрийн экосистемийн удирдлага төслийн менежер Ц.Энх-Амгалантай ярилцсаныг trends.mn тоймлон хүргэж байна.

Д.Жаргалсайхан: Монгол улсын бэлчээрийн байдлыг дүгнээд бүх нутгийн 60 хувь нь доройтож байна гэж хэлсэн байсан. Энэ бүхний цаад шалтгаан нь бэлчээр чинь хэний ч биш болчихжээ. Нийтийн өмч  эмгэнэлээ гэж хэлсэн байна. Яагаад ингэж хэлэх болов?

Ц.Энх-Амгалан: Энэ сэдэв бол миний хувьд амьдралын нэг хэсэг болсон асуудал юм. Тийм учраас 10 гаруй жил судлагааны ажил хийж байна. Олон төсөл хөтөлбөрүүд дээр ажиллалаа. Нутагтаа очиж ажиллалаа. Ах дүү хамаатан садан таньж мэдэх хүмүүсийн хэмжээнд энэ ажлаа суртачилаад таниулаад явж байна. Үндсэн хуулиар бол бэлчээр бол төрийн өмч, хувийн аж ахуй эрхлэгчид малаа өсгөөд адгуулаад амьдралаа аваад явж байгаа. Өнөөгийн орчин нөхцөлд Монголын хөгжлийн зааг зөрөг дээр ирчихсэн юм болов уу гэж бодоод байгаа. Сүүлийн 25 жил малын тоо өслөө гээд талархалтайгаар хүлээж авч байгаа гэтэл нөгөө малыг тэжээж байгаа бэлчээр нь талхлагдаад сүүлийн 8 жил гаруй явуулсан судалгааны дүнгээс үзэхэд нийт газар нутгийн 65 хувь нь доройтсон гэж байгаа. Доройтсон гэдэг нь ямар утгатай байна вэ гэвэл бэлчээр гэдэг нь байгалийн баялаг тэр нь дээр байгаа өвс ургамал хөрс газрын гадарга дээр байгаа малчдын мал биш зэрлэг ан амьтдын амьдрах орчин ерөнхийдөө аюулд учраад байна гэсэн дүгнэлт гараад байгаа юм. Орон нутгаар явж үзэхэд бэлчээрийн асуудлыг хэн хариуцах юм бэ малчид дээр очихоор малчид олигтой зүйл хэлэхгүй. Бэлчээр бол талхлагдаад байгаа малын тоо ихдээд байгаа малын даац хэтэрсэн. Хэн үүнийг анхаарах вэ хэний эрх үүрэг вэ гэхээр малчид нь их ойлголт муутай мэдээлэл байхгүй тэгсэн хэрнээ  асуудлаа ойлгоод байдаг. Сумын засаг дарга, аймгийн засаг дарга, тэндхийн мэргэжилтнүүд дээр очихоор олигтой юм мэдэж өгдөггүй. Ингээд хууль эрх зүйн орчныг судлаад үзэхээр нийт газар нутгийн 70 гаруй хувийг эзэлж байгаа бэлчээр гэдэг маш том нөөцийг зохицуулах хууль эрх зүйн орчин ерөөсөө байхгүй. Бэлчээрийн хууль, бэлчээр ашиглалтыг зохицуулах төрийн том өмчийн ашиглалтыг зохицуулж байгаа эрх зүйн орчин байдаггүй. Газрын хууль дээр 2-хон хууль байдаг. Тэр нь өвөл, хаврын бэлчээрийн асуудлыг малчид сайн дурын үндсэн дээр зохион байгуулалттайгаар ороод гэрээгээр ашиглаж болно гэсэн ганцхан заалт байгаа. Иргэн хүний хувьд төрийн өмчийг ашиглаж байгаа ямар үүрэгтэй вэ гэхээр тодорхой хэмжээний байгалийн өмчийг ашиглахдаа тодорхой хэмжээний үүрэг хариуцлагатай байх ёстой гэсэн ийм заалт байгаа. Байгаль орчин гэдэг үүднээсээ бэлчээр, байгалийн нөөц гэдэг утгаараа хөрс усыг нь хамгаалах гээд олон зүйл байгаа ч гэсэн энэ нь дунд нь орхигдоод яваад байгаа.

Д.Жаргалсайхан: Тэрийг ялгаж тодорхойлоход хэцүү юу? Нийтийн өмч гэдэг маань хэний ч биш юмаа гэдгийг 200 жилийн өмнө Англичууд бас ийм олон хоньтой байхдаа бас манайх шиг байдалд ороод хүн болгон хонио үржүүлээд хамаг бэлчээр нь унаж эхлэхэд шийдвэр гаргасан нь бүгдээрээнд нь хамтын эзэмшлийн газар гэж байна энэ газар луу хонио гаргалаа. Өвөлжөөнөөс цааш та бидний хамтын газар энэ хамтын газар луу адилхан тооны хонь оруулахгүй бол бид нар ерөнхийгөө устгаад дууслаа гэдгийг маш том хэрүүл зодооноор шийдсэн байгаа. Хэрвээ тухайн газар луу илүү их хонь оруулах юм бол нөгөө хүн ямар нэг хэмжээгээр хариуцлага хүлээх хэрэгтэй болно гэж шийдвэрлэсэн. Үүнийг монголын нөхцөлд яаж хийж болох вэ?

Ц.Энх-Амгалан: Энэ дээр сүүлийн 10 жил миний ажилладаг байгуулагаас гадна монголын эрдэмтэд туршлага хуримтлуулж байгаа. Хүмүүс бэлчээрээ зохицуулъя, эрх зүйн орчинтой болъё, бэлчээр ашиглалтад хяналт тавъя  гэхээр нүүдлийн аж ахуй нь хаа хамаагүй нүүдлээд явж байх ёстой юмаа нүүдлийг нь хязгаарлаж болохгүй гээд байдаг. Сүүлийн үед Завханы хойд талын сумууд, Ховдын Үенч Булган, Увсын Зүүнговь, Малчин, Наранбулаг зэрэг сумдад малчид нь яг л уламжлалт хэдэн арван мянган жилийн бэлчээрийн хувиарлалтаар эдгээр айлууд хамтраад ашиглаад яваад ирсэн гээд зохион байгуулалт нь байж байгаа. Сүүлийн үед малын тоо хяналтгүй өсөөд малчдыг мянгат малчин болгон, малаа өсгөөд байвал сайн гэдэг зүйл яваад байхаар мал нь өсөөд бэлчээрийнхээ даацаа хэтрүүлж ашиглаад бэлчээрийн даац хэтрээд байгаа. Энд асуудал байгаа.

Д.Жаргалсайхан: Хотод байгаа хүмүүс өөрсдөө хэзээ ч хөдөө амьдардаггүй мөртлөө мал худалдаж аваад өөрийн малчинтай болоод тэр мал юу идэж байгаа талаар ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа. Хоёрдугаарт хүмүүс тодорхой газрыг хашаа бариад авчихаж байгаа юм. Нийгмийн өөрийгөө зохицуулж байсан харилцааг алга болгочиж байгаа юм. Хурдан морьд гээд адууг олноор нь тавьчихаж байна. Энэ аж ахуй маань монголын нүүдлийн аж ахуй өнөөдрийнхөөрөө явж чадахаа байлаа гэж үзэж байна. Сумын багууд ийм маягаар оролцох хүсэл эрмэлзэл мэдлэг аль зэрэг байна вэ?

Ц.Энх-Амгалан: Малчдын хувьд бол малчид сүүлийн 25 жил энэ асуудлаа ойлгуулаад, удирдаад, ойр дотно ажиллаад зохион байгуулаад явж байгаа зүйл байхгүй байна л даа. Малчид өөрсдөө ойлгомжгүй байдалд ороод уламжлалт зүйл нь байлаа ч гэсэн малын тоо нь хэтэрчихсэн хэн хариуцлага хүлээх, багийн малчид хоорондоо 4 улирлын бэлчээр ашигладаг хот айл ч юмуу нэг нутаг усныхан бүлгийн зохион  байгуулалтанд ороод яваад байгаа. Малчид хэдий олон жил хүлээгээд төрийн бодлого байхгүй болохоор тодорхой арга хэмжээ аваад эхэлж байна л даа. Энэ хэсэг газраа ингэж хамгаалъя, ингэж зохицуулъя манай хот айл энэ хэсэг газарт 4 сарын 10 хүртэл байна тэгээд бүгдээрээ нэгэн зэрэг нүүгээд хэсэг хугацаанд энэ газраа амраагаад 9 сарын 1 хүртэл нэг ч айл орж ирэхгүй шүү гээд өөрсдөөс нь ийм санаачлага гарч байна. Бид нар төрөөс юу хүсч байна гэхээр энэ бий болж байгаа санаачлагуудыг нэгтгээд түүнийгээ төрийн бодлогоор дэмжээд өгөөч. Хэн ч төрийн газрыг хувьчлах тухай яриагүй байна. Төр өмчөө ашиглаж байгаа малчид нь ямар эрхтэй, ямар үүрэгтэй хүмүүс вэ яаж ашиглах вэ гэдгийг тодорхой болгоод өгөөч гэсэн зохицуулалтыг санал болгоод байгаа.

Д.Жаргалсайхан: Энэ ажлыг явуулахын тулд малчдад багуудыг хоршуулаад 20 айлтай баг гэж бодоход 20 айл бүхэнд өөрийн өвөлжөө байгаа өвөлжөөгийн тодорхой талбайгаар өмчлүүлээд тэр хүн зарж болохгүй үр удамдаа үргэлжлүүлээд өмчлүүлээд, өвөлжөөнөөс цааш ерөнхий газартаа адилхан тооны мал оруулна илүү тооны мал оруулсан нь илүү татвар төлнө гэсэн зохион байгуулалттайгаар явбал яах вэ?

Ц.Энх-Амгалан: Тэр талаар бол зохион байгуулалтанд орохын хувьд бол орчихоод байгаа. Монголд бэлчээрийн даац хэтэрсэн нь сумын захиргаа ч юм уу, малчид хоорондоо хэдий зөвлөлдсөн ч нийт бэлчээрийн даац хэтрээд байгаа болохоор яаж ч чадахгүй байна. Заавал бэлчээрийн газрыг хувьчлах гээд бусад орнуудын туршлагыг автоматаар авч ирээд хуулах бол буруу гэж бодож байна. Яагаад гэхлээр манай бэлчээрийн байгалийн цаад өгөгдөл эмзэг манай орж байгаа хур тунадас бол 250 мм. Тийм чийгшилтэй нөхцөлд бэлчээрийн өнгөн үржил шимтэй хөрс нимгэн, ерөнхийдөө дэлхийн эрдэмтэд манай бэлчээрийг маш эмзэг амархан элэгдэлд орох экологийн систем гэж тодорхойлоод байгаа. Үүнийг тогтвортой удаан хугацаанд ашиглахаар нүүдлийн аж ахуйг сэлгэж, нөхөн сэргээх чадварыг нь үлдээх маягаар явуулахгүй бол өргөн уудам газар нутгийг нэг цөлжүүлчихвэл монгол улс улаанаар эргэлдээд дуусна гэсэн үг.

 

Д.Жаргалсайхан: Бэлчээрийн газрыг яаж зохицуулах тухай яг энэ чиглэлээр Нобелийн шагнал авсан тэр хүний тухай ярьж өгөөч?

Ц.Энх-Амгалан: Урьд нь бол газрыг хувьчилж байж л эзэнд нь өмчийг нь ойртуулна энэ хамгийн зөв арга гэдэг ийм хувьсгал явж байсан. Элинор Остром гэж энэ  эрдэмтэн хэдийгээр нийтийн өмч гэсэн ч дундаа байлгаад зөв ашигладаг арга замууд байна гэсэн. Энэ хүн бодит байдал дээр тулгуурлаж байж онолоо гаргасан. Дэлхийн улс орны нийтийн өмчийн газраа зөв ашиглаж ирсэн арга туршлагаа судалж байгаад 8 зарчим гаргасан байгаа. Энэ 8 зарчим байгаа тохиолдолд хэдийгээр бэлчээр нутаг нь дундын өмч ч гэсэн зөв зүйтэй ашиглах арга зам байна. Энэ 8 зарчим нь:

  1. Хил хязгаар нь тодорхой байх
  2. Дүрэм журам тодорхой байх
  3. Хамааралтай бүх талын оролцоотой газрынхаа ашиглалтыг хийх
  4. Дүрэм журмаа хүлээн зөвшөөрсөн байх
  5. Хяналтын механизмтай байх
  6. Маргааныг таслах механизмтай байх
  7. Хариуцлагатай байх

Энэ судалгааны үр дүнд аль ч оронд ажиллаж болохоор журам гаргасан. Үүний үндсэн дээр энэ эрдэмтэнд Нобелийн шагнал олгосон.

Д.Жаргалсайхан: Энэ дотроос монголчуудын хийж чадахгүй зүйл юу байна?

Ц.Энх-Амгалан: Ерөөсөө байхгүй. Нэг л юм байгаа нь төр л бодлого тодорхойлох байна. Төр нийтийн өмчийн бэлчээрийг малчид яаж ашиглах ёстой вэ гэдэг бодлого хуулиа тодорхой болгомоор байна.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4878

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%