Нийтлэл 11 сарын 02, 2017

Ч.Хүрэлбаатар: Би болон манай ах нар нэг ч лиценз эзэмшиж байгаагүй, эзэмших ч үгүй

УИХ-ын чуулганаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг авч хэлэлцээд УИХ-ын чуулганд оролцсон 66 гишүүний 84.4 хувийн саналаар хүлээж авсангүй. МАН-ын бүлгээс Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Ч.Улаан, Д.Ганболд, Ж.Мөнхбат, Д.Тэрбишдагва нар Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. 

Х.Болорчулуун: Хүрэлбаатарын эсрэг кноп дараад хэрэггүй гэж олон найз маань хэлсэн. Гэхдээ үзэл бодлоосоо би зөрж чадахгүй. Хүрэлбаатар гэдэг хүн бол том том ордуудтай маш их холбоотой. Үгээрээ биш үйлдлээрээ холбоотой. Оюутолгойн гэрээг Дубайн гэрээгээр бүр муу болгочихсон. Хүрэлбаатар гишүүн надтай Дубайн гэрээг хамгаална гэж маргалдаж байсан. Монголд ашиггүй болсны төлөө тэр гадны хөрөнгө оруулагчдыг хамгаална гэдэг чинь ойлгомжтой байхгүй юу? Иймээс энэ хүнийг Оюутолгойн гол хамгаалагч гэж харагдахаар байна.  Ийм хүнийг Сангийн сайдаар тавих гэж байгаад туйлын харамсалтай байна. Сангийн сайд, уул уурхайн сайд дээр зөв хүнээ тавиарай гэж ерөнхий сайдад захиж байсан миний итгэл 50 хувь буурсан. Энэ байдлаас манай намын нүүр царай харагдана. Улс орны эрх ашиг гэж бий шүү. Оюутолгой чинь Эрдэнэтээс 4 дахин том шүү дээ. Эдийн засгийн хямралаас өр зээл тавьсаар байгаад гарах юм уу? Та өөрөө энэ суудлаас татгалзчихмаар байна Хүрэлбаатар гишүүн ээ. Ихэнхи гишүүд хоригийг хүлээж авахгүй юм шиг байна. Харамсалтай байна. Эдийн засгийн өөрчлөлтийг ийм байдлаар хийж чадна гэж бодож байна уу? Би Хүрэлбаатар гишүүнтэй хувь хүнийхээ тухайд ямар ч асуудал байхгүй. Эсрэг кноп дарна гэдгээ хэлье.

Л.Энх-Амгалан: З.Энхболд гэж хүн УИХ-ыг хүндэтгэх ёстой. Улс төрийн зорилготой, хариуцлагагүй мэдэгдэл хийчихээд гараад явчихаж болохгүй. 7 дахь удаагийн парламент, би өөрийн бүрэн эрхээс татгалзсан анхны гишүүн. УИХ-ын ёс зүйн хороо хуралдаж шийдэх ёстой. Бүгд бие биенээ хардаж сэрдэж байна. Бүгдээрээ шалгуулъя. Үндсэн хуулиар угсаа гарал, нэр ус, алдар хүндээрээ ялгагдахгүй гэж хэлсэн байгаа. Монгол улсын ЕТГ-ын дарга Ерөнхийлөгчид туслах л ёстой.  З.Энхболд 1990-2000 онд ТӨХ-нд ажиллаж байсан, цэнхэр ягаан тасалбарыг тараасан. Одоо матрын нулимс гаргаад сууж байж болохгүй. Тэр хариуцлагаа хүлээх ёстой.

О.Баасанхүү: Өнгөрсөн парламентад суусан эрхээсээ татгалзсан ганцхан хүн байдаг. Хүрэлсүх сайд. Татгалзах өргөдлөө та өгсөн бол Энхболд таньтай хуйвалдаад хэлэлцээгүй юм байна гэж ойлголоо. Засаг унагаасан дүр одоо харагдаж байна. Энэ дотор нууц ерөнхий сайдууд сууж байгаа. Утаатай тэмцэх ёстой гээд бөөн зуух танай компани тараасан. Нямдорж сайд хаа байна. Элбэгдоржийг шалгах хэрэгтэй. АСЕМ гээд түүний нэр дээр 300 сая доллар хийж өгсөн. Сандаг-Очир гуайн бүх хүн сахилга хариуцлагаа яриад хуучин ерөнхийлөгчийг шалгах хэрэгтэй. Чанга ярьсан нь үнэн байдаггүй. Баримттай ярьсан нь үнэн байдаг. Сан хөмрөгөө Монголоо зардаггүй хүнд л өгмөөр байна. Монголын газар нутгийг барьцаалсан банкийг оруулж ирж байна гэж хэлсэний төлөө намайг гүтгэж доромжилж байсан. Ийм хүнээр Монголоо заруулахыг зөвшөөрөхгүй.

Ц.Гарамжав: Нэг хүний томилгооноос нийт төрийн ажлыг хямрааж байгаа нь харамсалтай. Нийт бухимдал өнөөдөр энд задарч байна уу? гэж харж байна. Хямралын жилүүдэд хүнс хоолтой, өмчийн харилцаанд тулгуурласан зах зээлийн харилцаанд шилжихийн тулд Ашигт малтмалыг олгох эзэмшүүлэх, хуулийн дагуу лиценз өгөх аргыг олсон. Гэхдээ энэ нь алдагдсан л даа. Сүүлд онлайнаар бүр мафижсан хэлбэрт орсон. Анхнаасаа яах гэж лиценз гаргаж өгсөн юм. Өөр салбаруудаа, бүх үйлдвэрээ яагаад яаравчлан хувьчилсан юм. Лиценз чинь төрийн бодлогоор олгогдож байгаа. Энэ олон хариуцлагагүй бодлого хэний үед гарсан юм, ямар нам, ямар бодлогоор өгсөн гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хэдэн хувь нь олборлож ашиглаж, хэдэн хувь нь цааш нь дамлаж зарж байгааг тооцож, хариуцлагаар нь тодорхойлж гаргах хэрэгтэй. Бүгдийг нь буруутгаж харлуулж болохгүй. Хариуцлагатай юм гэж байна. Олон ажлын байр бий болгочихсон. Олон байгууллага бий. Хэн хариуцлагагүй ашигласан. Хэн орлогоо нуусан, худалдсан гэдгийг гаргаж ирэх ёстой. Өөрөө арчаагүйдээ малаа барчихаад, малаа буруутгаж байгаагаас ялгаа алга байна. Өөрсдийн анхиагүйгээс улс төр хийж ард иргэдээ хохироож байгаа нь бидний буруу шүү. Ганц нэг хүн чичлэхгүйгээр, шүүхээр шүүж хэлэлцэж гаргаж ирж болно. Гүтгэлэг хэмжээ хязгаараас хэтэрч байна. бид ийм байгаагаас цахим ертөнцөд залуучууд цадигаа алдаж байна. Бид өөрсдийгөө буруутгах ёстой. Зөв бодлого, хууль тогтоомж гаргаж, улс орноо зөв авч явах ёстой.

Г.Занданшатар: Монгол төрийн дархлааг сулруулж, тогтвортой байдлыг алдагдуулж байна. Томилгоон дээр ҮХЦ-н гишүүнд нэг удаа хориг тавигдаж байсан. Аливаа хориг үндсэн хуультай холбоотойгоор хуулийн хүрээнд тавигдах ёстой. Хуулиас хальвал 1937 он шиг хэлмэгдүүлэлт болж хувирна. Авилгалаас ангид шударга төрийг бий болгоно гэж зарласан Монголын засгийн газрыг ард түмэн харж байгаа. Алдаа дутагдал үнэн байгаа бол хууль дүрмийнхээ дагуу шийдэх хэрэгтэй. Засгийн газар зөвд зөөлөн бурууд хатуу ажиллана гэсэн. Энэ асуудалд шударга цэгцтэй хандаж, хүний Үндсэн хуулиар олгогдсон хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх эрхийг нь зөрчиж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй. Хориг дээр УИХ-ын гишүүд өчүүхэн үл ойлголцол гаргаж битгий шийдвэр гаргаасай.

Ж.Мөнхбат: Энэ удаагийн засгийн газарт ерөнхий сайд ямар зарчим барьж байгааг ойлгохгүй байгаа. Баримттайг нь зүтгүүлээд, баримтгүйг нь татгалзаад байгаа. Дубайн гэрээний эсрэг ажлын хэсгийг Хүрэлбаатар гишүүнээр ахлуулаад гарын үсэг зур гэхээр зурахгүй алга болчихсон. Үлдсэн 4 гишүүн нь зурсан. Эрдэнэтийг буцааж авахад намын шийдвэр гарчихаад байхад эсрэг кноп дарж л байсан. Ийм хүнийг сангийн сайдад зүтгүүлж байна. 55 тэрбум төгрөг 55 цэцэрлэг барих мөнгө. Бодлого зарчмын алдаа, байр суурийн алдаа гаргасныг өмөөрөх хэцүү байна. Төрийн эрх ашгийн эсрэг, Монголын ард түмний эсрэг зогсож байсан түүхэн баримтууд ш дээ. Сайд болчихоосой гэж бодож л байсан. Ингэж зүтгүүлэх ямар хэрэг байгаа юм. 2, 3 удаа сайд хийсэн хүн. Энэ бүх зүйлээ шалгуулаад цэгцэлчихээд, үнэн учраа ард түмэндээ хэлчихээд сайд болж болно шүү дээ. Эргээд 20 онд очихоор засгийн газарт лицензийн наймаачин байна гээд л ярина. Дэмжих боломжгүй байгаа юм. Хүрэлсүхийн засгийн газрын хамгийн эмзэг цэг болж байна.

Л.Болд: Хоригийн асуудлыг хоёр өнцгөөс яръя. Төрийн ажлыг хямруулахгүй гээд наймаалцаад явах юм бол бүр буруу тийшээ явна. Шийдлүүд болгоны дараа ард түмний сэтгэл гонсгор үлдээд байгаа. Үндсэн хуулийг хамгаалмаар байна. Монголын хувьсгалын онцлог бол нэг ч хүн алаагүй, нэг ч цонх хагалаагүй хувьсгал байсан. Хувьсгалын эсрэг тэмцэл бол үргэлж Үндсэн хуультай хийх тэмцэл байдаг. Та бүхэн УИХ-д 65 суудал авсан, 21 аймгаас 20 аймгийн эрх мэдлийг, 300-сумаас 200 гаруй сумын эрх мэдлийг нь авсан.  Өнөөдөр ард түмэн сөрөг хүчнээс ерөнхийлөгчийг сонгосон. Үндсэн хуулийн гайхамшгийг шүтэх ёстой. Раднаасэд даргад хүн үг хэлж болно, алдаж болно. Ард түмнээ доромжлоод Монгол улсад гэмт хэрэг хийгээгүй хүн байхгүй гэж ингэж хэлж болохгүй. Бид эндээ шүүнэ. Гадаадаас хэнийг ч авчрах хэрэггүй.

Б.Элдэв-Очир: Хоригтой холбоотойгоор төрийн механизм гацчихаад байна. Том хэрүүлийн алим шидчихээд хагалан бутаргах үйл ажилгагааг зохион байгуулалттайгаар хийж байна. цаашид нэг нэгээр нь батлагдаагүй үндэслэлээр намнах юм байна гэж харагдаж байна. Мөнхбатыг яах аргагүй гүжирдсэн. Жил боллоо асуудал нь юу болсон юу ч болоогүй. Сөрөг хүчний хэрэглэдэг арга нь энэ. Бүлгийн гишүүд хүний хийсэн хортой алимыг амсчихаад эе эвдэрч болохгүй. Баасанхүү царцаагаар ялсан гээд байгаа. Сонгогчид хууль ёсны дагуу шилжилтээ хийлгээд саналаа өгсөн. Сонгогчийг царцааг гэх гүжирдлэг хэрээс хэтэрч байна. Тэрэнд итгэсэн хүмүүс ард түмнээс уучлал гуйх хэрэгтэй. Лицензийг төр олгосон юм байгаа биз дээ. З.Энхболд нарыг Таван Толгойд хувь эзэмшүүл гэхээр нь үгүй гэхээр хонзогносон. Хонзогнолоороо төрийн ажлыг гацааж байна.

Д.Цогтбаатар: Макро эдийн засгаар мэргэшсэн хүн нь Хүрэлбаатар. Агуулга зөрчигдөх ёсгүй гэж олон улсын гэрээг соёрхсон УИХ-ын хууль байгаа. Энэ гэрээний 18-р зүйлд соёрхон батлаагүй байхдаа гэрээний агуулгатай зөрчилдсөн хууль батлахгүй байх ёстой. 

Д.Бат-Эрдэнэ: Аж ахуй, бизнестэй холбоотой хүмүүс сонгогддоггүй жишиг олон улсын парламентад байдаг. Тэр байтугай улстөрчид карьераа дуусгаад аливаа бизнестэй холбогдож зөвлөгөө өгч болдоггүй юм билээ. Монголын нийгмийн хандлага  улстөрчдийг энэ рүү шахаж байна. Уул уурхай, тусгай зөвшөөрөл лиценз эзэмшдэг хүмүүсийг гүйцэтгэх засаглалд оруулахыг хязгаарлах нь зөв гэж ойлгодог. Дубайн гэрээг хийснээрээ гадаадын хөрөнгө оруулалт 14 дахин нэмэгдсэн явж байна. Энийг цээжээрээ хамгаалдаг хүнийг сайд болгоно гэж явж байна. Тиймээс би хоригийг хүлээж авна.

Б.Баттөмөр: Төсөв хэлэлцэх чухал ажил байна. Монголчууд бид бие биетэйгээ ноцолдоод өнгөрч байна. Монгол төрийг төвхнүүлэх хүн нь Хүрэлбаатар мөн. Монгол хөгжихгүй байх нь бүх Монгол хүнд ашиггүй. Улс төр хийх биш Монголоо хорлож байна. Раднаасэд Монголын тонуулчидтай төгс тооцоо хийе гэсэн утгаар хэлсэн. Төрийн өндөр албан тушаалтай эрх мэдэлтэй цөөн хүн Монголыг тонож байгаа. Ченжүүд лиценз зарж амьдарч байгаа. Тэр 4500 лиценз Хүрэлбаатар сайдад ямар хамаа байна. Ажил хийж чадах хүмүүсээ дэмжих ёстой.

Ч.Хүрэлбаатар: Би болон манай ах нар нэг ч тендер, нэг ч концесс, Чингис, Самурай бонд, Хөгжлийн банкнаас зээл авч байгаагүй, нэг ч лиценз эзэмшиж байгаагүй эзэмших ч үгүй. Хотгор шанагын тухайд Алтангэрэл гэж хүн тэр лицензээ барьцаалж ах нараас зээл авсан. Зээлийн гэрээ нь энэ байна. Зээлээ төлөхгүй байж байгаад 2009 онд 2 тийшээ болсон. Ямар нэгэн лиценз зарж наймаалцаагүй. Оюутолгойн тухайд 2006 онд М.Энхболд даргын үед хийсэн би өөрөө ахалсан сайн гэрээ бий. Гэхдээ Энхболд даргын үед хийсэн гэрээг батлаагүй. 2009 онд Оюутолгойг батлуулах гэрээнд би ороогүй. Муутгаж байгаа гэдгийг мэдэж байсан учраас тэр гэрээнд би ороогүй. Дубайн гэрээг хийж байхад би сөрөг хүчин байсан. Дубайн гэрээг хийсэн Сайханбилэгийн засгийг огцруулахад гарын үсэг зурсан гишүүдийн нэг нь би. 55 тэрбмын асуудал бол 3 талын хэлэлцээрийн үр дүн. Ажил олгогч эздийн холбоо, засгийн газар, Үйлдвэрчний эвлэлийн тохиролцсон зүйлийн мөнгийг олох ажлыг нь би хийсэн. Байшингийн тухайд би 3 өрөө байранд амьдардаг. ТВ тойрсон диван дээрээ манай гэр бүл амьдардаг. Надад болон манай гэр бүлд тийм зүйл хэрэггүй. Сангийн сайдад нэр дэвшсэн, хориг тавьсан энэ хугацаанд дэндүү балбаж байна. Хүнийг ингэж доромжилж болохгүй. Буруу байгаа бол хууль шүүхийнх нь байгууллагаар шалгуул. Сөрөг хүчин байхад намайг хангалттай шалгасан. 

Ц.Нямдорж: Ерөнхийлөгч, УИХ ын харьцаа зөв эхлэхийг хэдэн сар харлаа. энэ хуралд их сэтгэл дундуур байна. Харамсаж байна. Хор хов хоёрт ховсдуулсан юм шиг харагдаж байна. 30 гэр бүл гэдэг үлгэр гарч ирлээ. Ингэж хэлсэн хүмүүс нь энийгээ зарласан нь дээр. Өөрсдөө хайж ол гэж тавлаж байна. Хаанаас хайх юм? Зандаахүүгийн Энхболдын толгойноос, Баттулгын тархин дотроос хайх юм уу? МУ-ын ерөнхийлөгч нь үндэсний эв нэгдлийн баталгаа байна гээд тангаргаа өргөчихсөн хүн. ЕТГ-ын дарга нь АН-ын дарга, УИХ-ын дарга байх үеийнхээрээ аяглаж эхэллээ. Зүгээр л ерөнхийлөгчийн аппаратыг удирдаж байх ёстой. Өөр зүйл илэрхийлэх ёсгүй. Манай улс хоёр, гурван ч ерөнхийлөгчтэй харагдаж байна. Ерөнхийлөгчтэй 2 удаа уулзахдаа хэлсэн юм. Харамсалтай нь юм эсрэгээрээ явлаа. 2012-2016 оны хоорондох АН шиг л байна ЕТГ. Ингэвэл Монголд ямар ч зүйл шийдэгдэхгүй. 1994 оны ашигт малтмалын хуулийг баталж байхад 680 ашиглалт, хайгуулын лиценз байсан. 1998 онд Энхсайханы засгийн газар Дэлхийн банкны төслөөр Ашигт малтмалын хууль батлуулсан. Хүсэлт гаргасан нь шууд лиценз олго гэдэг хуулийн үр дүнгээр 7000 лиценз гарсан. Сүүлд би ядаж л стратегийн ордуудыг ард түмний мэдэлд оруулъя гээд зассан сүүлдээ би өөрөө хууль зассан болоод шангаа хүртсэн юм. Болохгүй байсан юм бол 12 жил, сайд гишүүн байхдаа засах нь яасан юм. Өөрсдөдөө холбоотой лицензүүдийнхээ тухай яагаад ярихгүй байгаа юм.

Д.Эрдэнэбат: 65 гишүүнтэй бүлэг шүү дээ. Ерөнхийлөгчийн ганц хоригоос болж хоорондоо талцчихаад АН-р уу буруугаа чихэхээ боль. Хувь хүн рүү битгий дайр. Буруу замаар будаа тээсэн тухай хоригийн агуулга байгаа. Асуудал нь хэн нэгэн хувь институцийн зөрчлийн асуудал биш. Хоригоо шийдээд яв. Ард түмэн та нарыг хараад сууж байгаа. Төрд итгэх итгэл ард түмэнд одоо байхгүй. Таван толгой, Оюутолгой улс төр гээд байгаа улс төр биш шүү дээ. Ард түмний талхыг авсан тухай ярьж байна. Юундаа хаацайлаад байгаа юм. Ганц хоригон дээр Энхболдод дээрэлхүүлж байгаа бол та нарын хохь. Монголчууд анх 2000 онд Голланд өвчнөөр өвчилсөн. Төр цаашаа явах чадваргүй болно. Оюутолгой, Тавантолгойгоос гарч байгаа мөнгийг оруулж ирж чадахгүй бол Хүрэлсүх та удахгүй.

З.Нарантуяа: Хоригийн гол агуулга нь байгалийн баялгийг нийт ардад яаж хуваарилдаг болгох агуулга байсан. Харамсалтай нь сайд лицензтэй байсан эсэх дээр маргалдаад том агуулгаа ярьсангүй. Баян ядуугийн ялгаа, ядуурал ажилгүйдэлтэй тэмцэхэд бэлэн байна уу гэдгийг сая харлаа. Иргэн болгонд байгалийн баялаг хуваарилагддаг хуулийн төсөл өргөн барих гэж байгаа. Улсын мөнгөөр хайгуул хийгээд тогтоосон ордуудын ашгаас иргэд хүртдэг байх хууль орж ирвэл УИХ-ын одоогийн гишүүд дэмжих юм болов уу? гэдэг байдал сая харагдаж байна. Баялгийн менежментийн хуваарилалтад садаа болохгүй ЗГ, УИХ байх хэрэгтэй. Хэрвээ тийм хууль ороод ирвэл субьектив талаас нь биш агуулга талаас нь харж ярих хэрэгтэй. 

Сэтгэгдэл бичих

    • Боль үз Хүрэл нараа
    • 2017-11-02

    Д.Эрдэнэбат, З.Энхболд, З.Нарантуяа та хэд больж үз. Төрийг самарсан хүмүүс нь танай нам. Гэхдээ энд Хүрэлбаатар, Хүрэлсүх 2 бол зүгээр гай л байна. Төрөөс зайлвал таарна

arrow icon