Нийтлэл 11 сарын 27, 2017

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувийн туслахтай болсноор нийгмийн амьдралд оролцох боломж бүрдэнэ

 Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хуулиар зохицуулсан байдаг ч тэдний хөдөлмөр эрхлэлт  тулгамдаж буй асуудлын нэг хэвээр байдаг. Тухайлбал айлд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн байхад түүнийг асран хамгаалах нэг хүн зайлшгүй хэрэгтэй болдог учир тэдний хөдөлмөрлөх, нийгэмд идэвхтэй оролцох эрх нь зөрчигдөж байдаг. Харин энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хувийн туслахтай болох үйлчилгээг нэвтрүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон асран хамгаалагч нарыг ажилтай орлоготой болгох боломжийг нээжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй гол асуудал нь хөдөлмөр эрхлэлтийн асуудал байдагМУ-д 25 ажилтантай албан байгууллага тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулна гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Гэвч энэ хуулийн хэрэгжилт төдийлөн сайн биш. Энэ  нь ажил олгогчийн талаас хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, тэдний ажиллах орчинг бүрдүүлээгүй учраас нэмж бэртэж, гэмтэх эрсдэлийг дагуулна хэмээн болгоомжилдогтой холбоотой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг ярихад тэдний боловсролын асуудал хөндөгдөнө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг хэсэг нь ямар нэгэн осол гэмтлийн улмаас гэмтсэн байдаг бол нөгөө хэсэг нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Ямар нэгэн осол гэмтлийн улмаас бэртсэн иргэд харьцангуй боловсрол эзэмшин ажил олгогчийн шаардлагыг биелүүлэх боломжтой. Харин төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс боловсрол эзэмшин ажил хийх боломж хомс байдаг байна.

Хэрвээ ажил олгогчийн зүгээс ажлын байр санал болгоод хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллууллаа гэхэд тухайн хүн ганцаараа бүхнийг хийж чадахгүй байх эрсдэлт асуудал үүсдэг. Харин энэ асуудлыг шийдэх үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний туслах үйлчилгээг нэвтрүүлсэн. Үүний журам нь батлагдсан ч хараахан хэрэгжиж эхлээгүй туршилтын шатандаа явж буй юм. Хэрэв хувийн туслах үйлчилгээ бүрэн хэрэгжиж эхлээд мөрдөгдөх юм бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн болоод түүний асран хамгаалагч ажилтай, орлоготой болох бодит боломж бий болох юм. Хувийн туслах үйлчилгээг хэрэгжүүлэх нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон түүний асран хамгаалагч мөн хувийн туслах зэрэг  нь бодит орлоготой нийгэмд идэвхтэй оролцох боломж нээгдэнэ гэсэн үг. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн оролцоог нэмэгдүүлж тэднийг зөвхөн халамж  хүсэгч төдий биш хөдөлмөр эрхлэх боломжтой татвар төлөгч болгох боломж бий болох юм. 

Сэтгэгдэл бичих

arrow icon