Нийтлэл 12 сарын 05, 2017

Засгийн газар агаар шүүгчид 4 тэрбум төгрөг зарцуулна

Монгол Улсын өмнө тулгамдсан гол асуудал бол Улаанбаатар хотын агаарын бохирдол. Тиймээс Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар, нийслэлийн сургууль, цэцэрлэгийн анги, танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Энэ ажил энэ сарын 15-наас хэрэгжиж эхлэх аж.

Гадна орчны агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн хугацаа шаардана. Тиймээс Засгийн газар нэн тэргүүнд дотоод орчны бохирдлыг бууруулах, тэр дундаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн анги танхимуудад агаар цэвэршүүлэгч суурилуулах зорилго тавьж, 4 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд агаар цэвэршүүлэгч импортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, бүтээгдэхүүн үйлчилгээтэй нь танилцлаа. Импортлогчдын зүгээс 30 ам дөрвөлжин метрээс 100 ам.дөрвөлжин метр өрөөний агаарыг бүрэн цэвэршүүлэх боломж бүхий агаар цэвэршүүлэгч танилцуулж байна.

Агаар шүүгч импортлогч компаниудын үнийн хувьд 340 мянгаас нэг сая төгрөгийн хооронд байгаа юм. Хотын захиргааны зүгээс эдгээр компаниудад нэгдсэн стандарт, үнийг санал болгож байгаа төдийгүй маргааш болох Засгийн газрын хуралдаанаар сонгон шалгаруулах болон холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргах юм байна.

Түүнчлэн  сургууль, цэцэрлэг болон эмнэлгийн барилгууд хуучирч, муудсан байдаг тул мөөгөнцөртөх тохиолдол элбэг байдаг. Тиймээс агаар цэвэршүүлэхээс гадна нян бактер устгадаг олон үйлдэлт бүтээгдэхүүн авах хэрэгтэй гэдгийг аж ахуйн нэгжүүдийн зүгээс санал болгож байгаа юм.  Мөн нэг аж ахуйн нэгж дангаараа бүх барилгыг агаар цэвэршүүлэгчээр хангах боломжгүй тул сонгон шалгаруулах журам болон бусад шаардлагаа уян хатан байлгаж аль болох олон компани сонгох хэрэгтэй гэсэн санал хэлж байв.

Сэтгэгдэл бичих

arrow icon