Зээлийн хүү популизм хийх сэдэв биш

Монголд арилжааны банкны зээлийн дундаж хүү өндөр байгааг хэрхэн бууруулах вэ? Зээлийн хүү юунаас бүтэж байгааг харвал хариулт нь амархан гараад ирэх болно. Сүүлийн хэдэн жил Монголын банкны сэкторын эрсдэл, ашигт ажиллагаа, зохицуулалт тал дээр ажилласан, судалсан зүйлсээ эмхэтгэвэл ийм хариулт гарч ирж байна.

Зээлийн хүү = 1.Эх үүсвэрийн хүү + 2.Үйл ажиллагааны зардал + 3.эрсдлийнэрсдлийн зардал + 4.Цэвэр ашиг

Хүүг бууруулахад зээлийн өртөгт шингэсэн эдгээр зардлуудыг хэрхэн бууруулахаас хамаарах бөгөөд, 2017 оны эхний 10 сарын тоонууд дээр үндэслээд дараах энгийн тооцоонуудыг хийж үзье.

#4 буюу Цэвэр ашиг: Банкны систем 222 тэрбумын ашигтай, үүнийг бууруулах шаардлагатай гэж зарим хүн их ярьж байна. Абсолют дүнгээрээ энэ тоо мэдээж өндөр сонсогдож байгаа. Гэхдээ 27.7 их наяд төгрөгийн активыг эргэлдүүлэхэд ийм хэмжээний ашиг гарч буй гэдгийг санах хэрэгтэй.

Хэрэв банкны ашгийг ₮3.3 их наядын өөрийн хөрөнгөд харьцуулж үзвэл өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) = 6% орчим байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр: Банк бизнес хийн ашиг олж буй актив хөрөнгийн 10% орчим нь л өөрийн хөрөнгө буюу банкны эздийн мөнгө. Энэ мөнгөөр жилд 6%-ийн ашиг олжээ гэсэн үг. Хөгжиж буй орнуудын хувьд банкны ROE ядаж 13%-аас дээш давж байж сайн ашигтай ажиллалаа гэж үздэг.

Тэгэхээр, хачирхалтай сонсогдож магадгүй ч -- банк байгуулаад жилд 6%-ийн ашиг олж байснаас тэр мөнгөө банкинд хадгалуулчихсан нь илүү ашигтай байна гэсэн үг. Жишээ нь, хадгаламж эзэмшигчид мөнгөө банкинд хийгээд, зээл болгож эргэлдүүлэх ажлыг нь банкинд даатгаад, олж болох ашиг = хадгаламжийн хүү хэд байдаг билээ?

#3 буюу эрсдлийн  зардал: 14 банкны хувьд нийт чанаргүй зээлийн хэмжээ 974 тэрбум байгаа нь нийт зээлийнх нь 7.4%-тай тэнцэж байна. Ийм хэмжээний зээл эргэж төлөгдөхгүй байлаа ч банкууд хадгаламж эзэмшигчдэд мөнгийг нь анхны шаардлагаар гаргаж өгөх үүргийг хүлээдэг. "Уучлаарай, таны хадгаламжийг зээл болгоод гаргатал энэ нөхөр эргүүлж төлсөнгүй" гээд сууж байж болохгүй. Ийм байдал үүсгэхгүйн тулд эргэн төлөлт нь асуудалтай болсон зээлүүдэд "Эрсдлийн сан" гэдэг тусгай дансыг нээж, чанаргүй зээлтэйгээ дүйцүүлж хадгаламж эзэмшигчид буцааж өгөх мөнгөө хуримтлуулж бэлддэг. Үүнийг ямар хэмжээтэй эрсдлийн сан байгуулахыг Төв банкнаас журмаар тогтоосон бөгөөд, биелэлтийг нь байнга шалгадаг. Энэхүү эрсдлийн сан нь банкны хувьд зардал бөгөөд, эцсийн дүндээ зээлийн хүүнд шингэдэг.

Тэгэхээр зээлийн хүүг бууруулахын тулд эрсдлийн сангийн зардлыг бууруулах шаардлагатай. Үүний тулд нэг талаас эдийн засгийн орчныг тогтвортой байлгах хэрэгтэй. Эдийн засаг сайнгүй үед иргэд, ААН-ууд зээлээ төлөхгүй, эрсдлийнэрсдлийн санд зориулж бэлдэх мөнгө өснө гэсэн үг. Харин нөгөө талаас банкууд эрсдлийнэрсдлийн удирдлагаа сайжруулж, чанаргүй зээл гаргах эрсдэлээ багасгах хэрэгтэй. Үүний тулд засаглалын тогтолцоогоо сайжруулах, зээл судлах, зээлдэгчийн санхүүгийн тайланд шинжилгээ дүгнэлт хийх, шийдвэр гаргах аргачлалаа боловсронгуй болгох гэх мэт арга замууд бий. Зээлийн мэдээллийн сангийн хөгжил зээлдэгчийн талаарх оновчтой дүгнэлт хийхэд чухал хувь нэмэр оруулах боломжтой.

Түүнчлэн, нэгэнт чанаргүй зээл үүссэн үед маргааныг түргэн шуурхай, зардал багатай шийдэх хуулийн тогтолцоо (одоогийн байдлаар чанаргүй зээл шийдвэрлэж дуустал 5-7 жил ч шаардагддаг), чанаргүй активыг борлуулах зах зээлийн дэд бүтэц (актив удирдлагын тогтолцоо) ч үр дүнтэй. Мөн хэрэглэгчийн санхүүгийн боловсол нь зээлдэгч орлого зарлагаа оновчтой төлөвлөх, зээлээ хугацаанд нь төлөх чадварыг дээшлүүлдэг. Тэгэхээр эдгээрийн үр дүнд эрсдлийнэрсдлийн сангийн зардал буурч, зээлийн хүү буурах нөхцөл бүрдэнэ.

#2 буюу Үйл ажиллагааны зардал

Банкуудын нийт зардлын задаргааг харахаар 20% нь үйл ажиллагааны зардал байдаг. Үйл ажиллагаандаа IT ашиглах, үргүй зардлуудаа бууруулах г.м. арга хэмжээ авснаар зардлаа бууруулах боломжтой. Түгээмэл яригддаг Пос машин, АТМ-тэй холбоотой зардлууд үүнд хамаарах юм.

Гэхдээ үйл ажилллагааны зардал буюу хүний нөөц, аж ахуйн зардлууд нь орлоготой нь харьцуулахад хэр түвшинд байгаа, үр ашигтай бизнес хийж байна уу гэдгийг харуулдаг Cost/Income харьцаа банкуудын хувьд 40-50% байдаг нь тийм ч өндөр үзүүлэлт биш. Уг харьцаа 60% давбал шар гэрэл, 80% давбал улаан гэрэл буюу зардал хэт өндөр, үр ашиггүй гэж үзэх нь түгээмэл. Тэгэхээр, үйл ажиллагааны зардал нийт зардалд жин багатай, одоогийн үр ашигт түвшин нь тийм ч муу биш учраас салбаруудаа олноор нь хааж, боловсон хүчнээ бөөнөөр нь цомхотгож байж л нийт зардалд мэдэгдэхүйц бууралт авчирна гэсэн үг. Эндээс үйл ажиллагааны зардлыг огцом буулгах орон зай хомс гэж дүгнэх боломжтой (магадгүй блокчейн г.м. цоо шинэ технологи ашиглаж, зардлыг огцом хэмнэх, эсхүл мобайл банк хүчтэй дэлгэрч салбарууд хаагдах г.м. том өөрчлөлт гарч ирэхгүй л бол).

#1 буюу Эх үүсвэрийн зардал

Зээлийн хүүнд нөлөөлөх хамгийн гол хүчин зүйл бол эх үүсвэрийн зардал. Учир нь банкуудын нийт зардлын 70% нь хүүгийн зардал байдаг (Үлдсэн 20% нь боловсон хүчин, захиргаа аж ахуй, 10% нь эрсдэл болон бусад зардлууд). Үүнд эх үүсвэрийн 50% гаруйг бүрдүүлдэг хадгаламжийн хүүгийн зардал өндөр нөлөөтэй.

Тийм ч учраас хадгаламжийн хүүгийн зардал зээлийн хүүний гол бүрэлдэхүүн хэсэг болдог: 19.9%-ийн зээлийн хүүний 13.1 нэгж буюу 2/3-ийг хадгаламжийн хүүгийн зардал бүрдүүлж байна.

Иймд хадгаламжийн хүүг хэрхэн бууруулах вэ гэдэг нь зээлийн хүүг хэрхэн бууруулах вэ гэдэг асуултын гол хариулт болно.

Хадгаламжийн хүү буурахад мэдээж ханш тогтвортой байх хэрэгтэй, инфляци нам дор байх шаардлагатай, зээлжих зэрэглэл сайн - хямд эх үүсвэр татах бололцоотой байх ёстой гээд эргээд л макро орчны тогтвортой байдлын асуудал яригдаж эхэлнэ.

Гэхдээ дэлхийн 130-аад орны хадгаламжийн хүүг жагсааж үзвэл 13%-ийн хадгаламжийн хүүтэй Монгол дээрээсээ 5-д ордог. Тэгвэл бид Аргентин, Венесуельтэй зэрэгцэх өндөр эрсдэлтэй орон уу гэвэл --үгүй. Иймд, хадгаламжийн энэхүү өндөр хүүний оньсого юунд байна вэ?

Үүний гол шалтгааныг эрэлт нийлүүлэлтийн зөрүүгээр тайлбарлаж болно. Монголын эдийн засагт зээлийн эрэлт маш их. Том банкуудаас санхүүжилт авч чадахгүй нь жижиг банк, тэнд чадахгүй нь банк бусууд, тэнд чадахгүй нь ломбард, өдрийн зээл гээд явна. Хүү нь ч энэ дарааллаар өснө. Харин энэ их хэмжээний зээлийн эрэлтийг санхүүжүүлэх эх үүсвэр хангалтгүй. Хадгаламж харьцангуй цөөн хүнд төвлөрдөг учрас ялангуяа өндөр дүнтэй хадгаламж эзэмшигчид хэлэлцээрт давуу талтай, өндөр хүү авах бололцоотой. Банкууд хадгаламжийн хүүгээрээ өрсөлддөг гол шалтгаан ерөөсөө энэ юм. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй учраас, компаниуд банкнаас л санхүүжилт авдаг. Түүнийг нь нийлүүлэхийн тулд банкууд хадгаламж дээр хоорондоо ширүүн өрсөлддөг.

Харин энэ бүх зүй тогтлыг банк өөрөө зөрчөөд, зах зээлийн бус өндөр хүү тулгах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал яригддаг.

Тэгэхээр, ажиглаад байхад зээлийн хүүг хэрхэн бууруулах вэ гэдэг хэлэлцүүлгүүд нэлээн буруу, мэргэжлийн бус явагдаад байгаа нь анзаарагддаг. Хүүнд шингэдэг эдгээр зардлыг хэрхэх вэ гэдэг дээр бус, дээд хязгаар яаж тавих вэ гэдэг үр дүнгүй аргын талаар хүчтэй яригдаж байна. Энэ арга яагаад үр дүнгүй вэ гэхээр, хүүнд хязгаар тогтоосон дэлхийн 76 орны туршлагыг Дэлхийн банкнаас судлаад, "Still Popular but Blunt instrument" буюу, үр дүн муутай мохой арга гээд дүгнэчихсэн.

Гэтэл зарим эдийн засагч нэр зүүсэн эрхмүүд "Манайхаас бусад газар дээд хязгаар тогтоочихож" гээд нөгөө судалгааны ажлыг (Энэ http://documents.worldbank.org/…/8767514681…/pdf/WPS7070.pdf ) барьчихсан хээв нэг яриад сууж байх...

Зүйрлэвэл, жишээ нь талхны үнийг 500 төгрөг гээд тогтоочивхол, бөөнөөр нь их хэмжээгээр авах хүнд л талх зарна, эсхүл жижигхэн талх л зах зээл дээр үлдэнэ. Энэ нь хэнд тустай вэ?

Уул нь 90 онд 300% байсан зээлийн хүү 40%, 30%, 20% руу удаан ч гэсэн орж ирж байна.

 

Энэхүү трендийг цааш үргэлжлүүлэх арга замыг зөв тодорхойлохгүй бол, популизмд дийлдвэл зээлийн хүү буурах хугацаа богиносох бус, сунах дүр зураг харагдана. Уул нь эдийн засгийг тогтворжуулах цогц арга хэмжээ, банкуудын засаглалыг сайжруулах хууль эрх зүйн шинэчлэл, санхүүгийн боловсролын хөтөлбөр, зээлийн мэдээллийн сангийн хөгжүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төсөл гээд зээлийн хүүг бууруулах нөлөөтэй олон ажлууд хийгдээд явж байгаа. Гэхдээ үр дүн нь мэдээж нэг өдрийн дотор гарахгүй-- тэвчээр шаардана, хөдөлмөр шаардана.

Сонирхуулахад: Дэлхийн улс орнуудын хадгаламжийн хүү (2016 он)

1 Argentina 24.3 
2 Venezuela, RB 15.1 
3 Madagascar 15.0 
4 Turkey 14.6 
5 Mongolia 13.3 
6 Uganda 13.2 
7 Iran, Islamic Rep. 12.8 
8 Brazil 12.4 
9 Armenia 11.6 
10 Malawi 11.6 
11 Ukraine 11.5 
12 Zambia 10.8 
13 Mozambique 10.8 
14 Moldova 10.7 
15 Tanzania 10.5 

 


avatar
    • albaker
    • 172.68.110.*

    Сайхан өдөр , Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу? зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл, үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү? нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газарт байна Зээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодог бага хүүтэй, бага хүүтэй 2%. И-мэйлээр бидэнд хандаарай: [email protected]

    • munguu
    • 133.237.7.*

    thumbs up !

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%