Нийтлэл 12 сарын 14, 2017

С.Эрдэнэ: Ийм Оюутолгой байснаас байгаагүй нь дээр

АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар тайлбар өглөө.

АН-ын дарга С.Эрдэнэ: Банкууд баяжаад, бизнес эрхлэгчид нь улам ядуураад хамаг байснаа барьцаанд алдаад ядуурлын доод түвшин рүү яваад байна. Ийм нөхцөлд төр зохицуулалт хийхээс өөр аргагүй болчихоод байна.  Банк санхүүгийн тогтвортой байдал ярьж байгаа хүмүүс нөгөө талд бизнес эрхлэгчдийн тогтвортой байдлыг бас ярих ёстой. Бизнесийн аюулгүй байдал, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр төр юу ч хийхгүй байгаа. Татвар л нэмээд байгаа болохоос бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан нэг ч алхам хийхгүй байгаа. 1-р сарын 1-ээс 7 төрлийн татвар нэмэгдэнэ. Нөгөө л бизнес эрхлэгчдийн нуруун дээр бүх ачаа ирнэ. Нийгмийн даатгал, хүн амын орлогын татвар гэх мэтээр. Төр бизнес эрхлэгчдийн нуруун дээр бууж байгаа татварын ачааллыг бууруулах замаар асуудлыг шийдэх ёстой байтал банктайгаа нийлээд, татварыг нь нэмээд байж болохгүй. Банк маш олон хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Жишээ нь: Зээлийн үйлчилгээ өгснийхөө төлөө зээлийн 1 хувьтай тэнцэх шимтгэл авч байна зэргээр бизнесийнхний ачаа хүнд байна. Энийгээ төр засах цаг болоогүй юм уу.

Эдийн засгийн идэвхигүй хадгаламж хэлбэрээр байршиж байгаа 8,1 их наядын хөрөнгийг эргэлтэнд оруулах гээд байгаа юм. Хадгаламж эзэмшигчид бол нэгэнт эрсдэлгүй орчинд мөнгөө хадгалах нь зөв. Хадгаламжийн хүү ,зээлийн хүүг давхар бууруулаад явах юм бол хадгаламж эзэмшигчид эдийн засагт хөрөнгө оруулах боломж нэмэгдэнэ. Хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаа нь мөнгө орохгүй байгаатай холбоотой. Мөнгөний урсгалыг нь арилжааны банкууд хаачихаад байгаа юм.

Энэ хууль нь арилжааны банкуудын эрх ашгийг хөндөх гэсэн, тогтвортой байдлыг алдагдуулах гэсэн хууль ерөөсөө биш. Хоёр жил гаруй хугацаанд энэ хуулийг судалсан. Дэлхий дээр 76 улс орон зээлийн хүүг тогтоосон хуультай байдаг. Мөнгө хүүлэлтийн асуудал яг энэ асуудалтайгаа цуг байдаг юм. Нэг талдаа энэ хууль нь улс орны хөгжлийн бодлогын асуудал, нөгөө талдаа бизнес эрхлэгчдийн эрх ашгийг асуудлыг хөндсөн хууль юм.

Инфляци өнгөрсөн 6 сараас хойш огцом өссөн тохиолдолд он гараад хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын татварыг нэмэгдэж байгаа. Бодит орлого өсөөгүй байхад татвар нэмэгдэнэ. Татварын хуулийг эргэн харах боломж бий юу?

Эрх баригчид нөгөө л ОУВС гэсэн улиг болсон зүйлээ урдаа барьж байгаа. МАН-ын 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөлбөр дээр цалин нэмнэ,  татвар нэмэхгүй, өрийг өрөөр хаахгүй гээд олон гоё амлалт бий. МАН-ын мөрийн хөтөлбөр 100 хувь эсрэг хэрэгжиж байгаа. Тэрийгээ болохоор эдийн засаг унасан байсан, ОУВС орж ирээд ингэж тэгж шаардаж байна гэдгээр тайлбарлаж байгаа. Үнэндээ бол ОУВС-г урьж авчрах шаардлага байгаагүй. Эдийн засаг 1,3 хувьтай байсан. Эдийн засаг 5,3 хувьтай болсныг хүний хийдэггүйг хийсэн юм шиг ярьж байна. 2016 оноос хойш түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ өссөнөөс  орж ирсэн мөнгөний урсгал эдийн засгийг 4 хувиар өсгөсөн. Эрх баригчид нэг жил зургаан сард юу ч хийгээгүй.  1 км зам ч тавиагүй. Түрүүгийн 4 жилд эхлүүлсэн  ажлыг дуусгаж тууз хайчлаад байгаа болохоос өөрсдийн санаачлан эхлүүлсэн нэг ч ажил байхгүй. Дотроо сандал суудал булаацалдсаар жил зургаан сар дууссан. Одоо ч зодоон нь дуусаагүй байна.

Таван толгой, Төмөр замын төсөл, Эрчим хүчний төслүүд хаана явна вэ?

Улс орны бодлогын өргөн хүрээнд алс харах ёстой. Тэгтэл зөвхөн хамар доорхоо хараад өрсөлдөгчөө л дарж авах, байхгүй болгох, хязгааргүй монополио болгох чиглэлд л хамаг бодлого явж байна. Ипотек бараг зогсчихлоо.  Таван толгой, Оюутолгой, Төмөр замын төслүүд хаа байна. Оюутолгойд бол эмзэглэж байна. Ийм Оюутолгой байснаас байгаагүй нь дээр.  Үндсэндээ 2012, 2013 онд эдийн засаг тэлсэн үү гэвэл тэлсэн. Зүгээр л Рио Тинто хагартлаа баяжаад байгаа болохоос Монголын засгийн газарт орж ирж байгаа дорвитой хөрөнгө байхгүй. Тэр үед эрх баригч нар Оюутолгой ороод ирвэл Монголчууд бараг л доллар дунд живнэ гэж ярьж байсан. Өнөөдөр хаа байна тэр доллар. Өнгөрсөн хавар УИХ Оюутолгойн мөнгөний урсгалыг монголын банк санхүүгийн байгууллагаар дамжуулна гэж зөв тогтоол үйлчилсэн. ОУВС тэр үед Рио Тинтогийн талд үйлчлээд хэрвээ энэ тогтоолыг татаж авахгүй бол саналаа татаж авлаа гэж шахалт үзүүлсэн. Тэр үед нь л болиулчих байсан. Бид өнөөдөр нэг талынхаа гараар баялгаа дээрэмдүүлчихээд, нөгөө гараараа гуйлга гуйгаад яваад байж болохгүй биз дээ. Өнөөдөр  Оюутолгойгоос орж ирэх мөнгөний урсгалаа авч чадсан бол ОУВС-тай сангүй манайх босоод л ирэх байсан.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ? Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьсан санал асуулгын үр дүн гарсан байна?

Ерөнхийдөө жинхэнэ ард иргэд ороогүй санал асуулга. Дандаа 21 аймаг, 9 дүүргийн төрийн албан хаагчдыг хүчээр оруулаад болсон болоогүй баахан санал бичүүлсэн. Улс орны эрх ашигт санаа зовж байгаа иргэдийн саналыг тусгаагүй. Энэ бол зохион байгуулалттай тавьсан жүжиг. Нөгөө талдаа үндсэн хуулинд өөрчлөлт оруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ нэг нам нь үнэмлэхүй болчихсон, дотроо эв түнжингүй, бодлогоо тодорхойлж чадахгүй, сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө нэг ч алхам хийгээгүй улс төрийн хүчин Үндсэн хуулинд гар хүрч болохгүй. Тэгээд ч эдэнд ёс зүй байхгүй. Оффшорын хэрэг, 60 тэрбумын хэрэг зэрэг эрх баригчдын увайгүй үйлдэл олон түмэнд ил болчихсон ёс зүйгүй ийм цаг үед үндсэн хууль өөрчлөх эрх зүй, ёс үзүйн чадамжгүй гэж харж байна.  Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүх ард түмний саналыг бодитой  тусгаж байж хийх ёстой.

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2017-12-15

    имй Оюу Толгой гэж юу хэлээд байнаа ианай намынхан батлалцаа биз дэ. Дубайн нэмэлт гэрээг ианай намын Сайханбилэг бас хийгээ биз дээ. яг юуг хэлээд байна

    • Зочин
    • 2017-12-15

    надад өгөөжгүй бол хэнд ч оногдохгүй гэдэг муйхар сэтгэлгээгээр л яваад байх юмаа. ямар өгөөж өгөв гэдгийг эхлээд сайн судлаад энэ 'дүгнэлтээ' хэлдэг болоосой.

arrow icon