Нийтлэл 12 сарын 19, 2017

Т.Доржханд: Үндсэн хуульд УИХ-ын сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог тусгах нь зүйтэй

Улсын Их Хурлын Тамгын газраас “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа . Энэхүү бага хуралд оролцсон илтгэгчдийн илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Удирдлагын академийн захирал, доктор, профессор С.Зүльфикар:

УИХ нь Засгийн газрыг байгуулах, өөрчлөх, огцруулах асуудалд шийдвэрлэх эрхтэй оролцдог нь гүйцэтгэх засаглалын тогтвортой байдалд нөлөөлж байна.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, дэд профессор,  О.Мөнхсайхан:

Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний аудитын газар зэрэг төрийн хяналтын байгууллага байгаа учир эдгээр байгууллагаа  төлөвшүүлж ажиллуулах нь үр дүнтэй.

Ингэхдээ эдгээр байгууллагын удирдлагыг улс төрөөс хараат бусаар томилж, улс  төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрх  мэдэлтэй болгох, үйл ажиллагаа явуулах төсвийг нэмэгдүүлэх замаар төлөвшүүлэх нь зүйтэй.

 МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор, дэд профессор,  Д.Гангабаатар:

Шүүгчийн томилгоо улс төрөөс хараат байж болохгүй.

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа:

Өнөөдөр Монгол Улс Үндсэн хуулийн ба Үндсэн хуулийн бус хоёр яамтай болж байна.

Үндсэн хуулийн 5 яам, Үндсэн хуулийн бус 7 яамтай болохоор байна гэсэн үг. Ийм байж таарахгүй.

Яам байгуулахын төлөө Үндсэн хуулиар оролдох хэрэггүй

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа:

Үндсэн хуульд зааж өгснөөр хууль хэрэгждэг, нийгмийн харилцаа сайжирдаг, амьдрал сайхан болдог гэж үзэх нь ташаа ойлголт юм.

Иймээс аливаа асуудлыг Үндсэн хуульд тусгаснаас илүүтэй холбогдох хуулиудад нарийвчлан тусгаж, хүлээлгэх хариуцлагыг оновчтой зааж өгөх нь чухал 

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл:

Манай төрийн байгууламж төвөөс зугтаах хүчний нөлөөлөлтэй хуульчлагдсан тул “Бүтээгч төр бус-Нураагч төр” болсон

Үндэсний валютын үнэ цэнийг хамгаалах үүрэгтэй Төв банк, улсын төсөв, гадаад өр, зээл, нийгэм, эдийн засгийн хөгжлийн амин чухал асуудлууд Үндсэн хуулийн гадна үлдсэн байна

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл:

Үндсэн хуулиа л сайн болговол, өргөс аваад хаясан мэт сайхан болно гэж бодож суугаа бол энэ их эндүүрэл гэдгийг судлаачийн хувьд хэлмээр байна.

Өнөөдөр монголын нийгэм бүхэлдээ ёс суртахуунгүй, хариуцлагагүй болсон. 

Монголын өнөөгийн гарцгүй мэт нийгэм улс төр, эдийн засаг, эрх зүй, оюун санааны гүн хямралаас гарах цорын ганц гарц нь ёс суртахууныг бүхнээс дээгүүр тавих явдал юм

Хууль зүйн ухааны доктор  Б.Гүнбилэг:

Мөн өнөөгийн улс төрийн хямралыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийснээр засрахгүй бөгөөд харин улс төрчдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд Үндсэн хуулиас бусад хуулиа ягштал сахих, сахиулах нь зүйтэй байна. 

Аль нэг нам сонгуулийн үр дүнд ялалт байгуулбал тухайн намын төлөөлөл болсон албан тушаалтан төрийн албан хаагчдыг хоморголон халдаг байдлыг эрүүжүүлж, албан тушаалын гэмт хэрэгт хамруулан шийтгэж эхлэх цаг нь болсон.

Судлаач нийтлэлч Б.Баабар:

Үндсэн хуулийн заалтуудын хэдэн хувь нь хөндөгдсөн ба хөндөгдөөгүй байгааг тооцсон судалгаа одоо болтол алга.

Хууль тогтоох байгууллага буюу ард түмнийг төлөөлж буй элч төлөөлөгчид хэзээ ч хаалттай хуралдаан хийж болохгүй. Энэ бол эрх зүйн аксиом.

Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд нь Засгийн газартай зөвхөн сайдаар нь дамжуулж асуулга тавин харилцах ёстой. Элдэв шалгалт нэрээр Гүйцэтгэх засаглал руу шууд биеэр орон үүрэг даалгавар өгөх нь үгүйдээ л бие даасан инстүүцийн хэрэгт дураар орж буй хэрэг юм.

Олон улсын “Улаанбаатар” их сургуулийн проректор, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор Ц.Сүхбаатар

Монгол Улсын Үндсэн хуулинд эдийн засгийн бүлэг шинээр нэмж боловсруулан оруулах саналтай байгаа

Стратегийн орд газруудын нөөцийн олборлолт, боловсруулалтыг зөвхөн төрийн өмчийн үндэсний компаниуд гүйцэтгэх, уул уурхайн олборлолт, боловсруулалт хийх компаниуд заавал хөрөнгийн биржид бүртгүүлэн хувьцаат компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах, хувьцааны тодорхой хэсгийг орон нутгийн иргэдэд хөрөнгийн биржээр дамжуулан эзэмшүүлж ногдол ашиг хуваарилахаар Үндсэн хуульд тусгах нь зүйтэй.

Монгол Улсын  иргэдийг аль болох уул уурхайн компаний хувьцаа эзэмшигч болгож Монгол Улсын Үндсэн хуулийн “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх шаардлагатай.

ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын зөвлөх, хууль зүйн шинжлэх ухааны доктор Б.Мандахбилэг 

Засгийн газрын гишүүдийн “давхар дээл” Германд улс төрийн тогтвортой байдалд муугаар нөлөөлдөггүй.

Парламентын засаглалтай Герман Улсад “давхар дээлийг” бэрхшээл, зөрчил гэж огт үздэггүй.

Манай улс УИХ-ын 76 гишүүний тоог нэмэгдүүлж 100 гаруй болгоход  “давхар дээл” улс төрийн “хурц зэвсэг” биш болж хувирна

МАХН-ын дэд дарга, хуульч Ц.Оюунбаатар

МАХН Монгол Улсын 5 дахь Үндсэн хуулийн төслийг боловсруулж Монголын бүх ард түмнээр хэлэлцүүлж  эхлээд байна.

Хууль тогтоох эрх мэдлийг улсын бага Хуралдай болон Үндэсний их хуралдай хэрэгжүүлж, Үндэсний Их Хуралдайг 21 аймаг, хот, 330 сумын иргэдээс шууд нэр  дэвшүүлэн сонгох бөгөөд төр засгийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, өргөн эрхийг эдэлнэ хэмээн энэхүү хуулийн төсөлд заасан.

Судлаач, эдийн засагч Т.Доржханд

УИХ-ын сонгуулийн хувь тэнцүүлсэн (пропорцианоль) тогтолцоог Үндсэн хуульд тусгах нь зүйтэй.

Улсын төсвийн алдагдлын хэмжээг Үндсэн хуульд тусгах, ингэхдээ төсвийн алдагдал ДНБ-ий 2 хувиас хэтрэхгүй байх, зээлжих зэрэглэл буурсан бол дараа жил нь Засгийн газар гадаад арилжааны зээл авахыг хориглохоор Үндсэн хуулиар хуульчлах гэсэн саналтай байгаа.

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХ, baabar.mn

Сэтгэгдэл бичих

arrow icon