Нийтлэл 12 сарын 21, 2017

АМЬДРАЛ САЙХАН: Ном уншина гэдэг хүний өмнөөс ертөнцийг харж, хаа нэгтээ өрнөх өөр амьдралаар амьдрах боломж гэсэн үг

Бодит амьдрал дээр мэдэрдэггүй, мэдрэхээ больсон тийм л мэдрэмжүүдийг ном өгдөг. Тэгэхээр  ном бидэнд цаг хугацаа, орон зайгаар чөлөөтэй аялах боломж олгодог гэсэн үг. Бид Улаанбаатар хотод амьдарч буй хүмүүсийн гэрэл гэгээтэй сайхнаас амьдралын алдаа оноо бодит байдлыг хүргэдэг Амьдрал сайхан буланг хүргэдэг билээ. Манай энэ удаагийн зочноор Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын редактор Аюурын Бямбасүрэн оролцсон юм.

Би эх орныхоо ирээдүйн төлөө сэтгэл, оюунаа чилээж явдаг жирийн нэгэн залуусын л нэг. Манайх гэр хороололд байдаг. Тийм ч болохоор би манан мэт хөшиглөн татах утаа, оюутнуудын ярьдагчлан 90 саяын унаа хоёртой "мөнхийн л" найзууд. Анх дөрвөн жилийн өмнө оюутан болоод гэрээс их сургууль хүрэх зам асар хол санагддаг байсан сан. Мэдээж арын суудалд суувал тэр өдөржингөө аз жаргалтай байдаг сан.

Гэхдээ гэрээс сургууль хүрэх тэр зам миний хувьд дэндүү хол ч маш их үр бүтээлтэй байдаг. Энэ үед л би номын хорхойтон болсон. Би МУИС-ийн Утга зохиол судлал шүүмж ангийг төгссөн. Эхэндээ хичээлийн шаардлагаар л ном уншдаг байсан юм. Заримдаа дэндүү залхмаар. Утга зохиолын янз бүрийн онол, изм, хүмүүсийн амьдралын намтар унших дэндүү төвөгтэй сонирхолгүй санагддаг байлаа. Тэгээд 2-р курст байхад “Өрнө дахины уран зохиол” гэдэг хичээл үзсэн юм. Тэр хичээл дэлхийн сонгодог 100 зохиолыг оюутнууд хувааж авч уншаад уншсан номоо бусаддаа ярьж өгдөг байсан юм. Ойролцоогоор нэг хүн 3-6 ном уншиж бусадтай хуваалцсан.

Би хэд хэдэн том романыг авчихсан. Түүнийгээ бусдад ойлгомжтойгоор ярьж өгөхийн тулд маш хичээнгүйлэн уншиж миний ярих ээлж болоход өөрийгөө яг л уран зохиолын багш болчихсон юм шиг эсвэл маш сайн лектор болчихсон юм мэтээр төсөөлөөд л ярьдаг байсан. Тэгэхээр энэ хичээлээр би дэлхийн сонгодог 100 зохиолыг мэддэг болсон гэсэн үг. Цаг хугацаа маш их давчуу байсан болохоор өдөр шөнөгүй л уншсан юм. Эдгээр номоос Франц Кафкагийн “Цайз” гэдэг зохиол надад маш олон зүйлийг ойлгуулж утга зохиол шимтэн унших  үндэс нь болсон гэж хэлэхэд болно. Кафка бол 1800-аад оны зохиолч гэтэл тэр хүний сэтгэлгээ орчин үеийн өнөөгийн нийгмийн байдлыг яг л бодитоор дүрсэлсэн байсан. Тэр номыг уншаад л энэ хүний дотоод ертөнц ямар гоё юм гэж үнэхээр гайхширсан. Энэ үеэс л номонд улам хорхойсож, ном унших хүсэл маань маш их дэвэрсэн.  Шинэ ном гарах бүрд худалдан авч хичээлийнхээ цонхтой цагаар, цагийн ажлынхаа зав зайгаар, гэр сургууль хоёрын хооронд явах цаг гаруй хугацаанд гээд л боломж л олдвол номоо шүүрч аваад суучихдаг.  Нөгөө хол санагддаг байсан газар маань дэндүү ойрхон санагдаж замын түгжрэл хүртэл заримдаа таатай санагддаг. Заримдаа номоо уншаад нойргүй хонох ч үе бий. Энэ хичээл зүтгэл минь миний амьдралд маш сайхан гэгээн дурсамж бүтээхэд нөлөөлсөн. Би Монсудар хэвлэлийн газар Жагар  редакцад ажилладаг юм.  Тиймээс өдөр бүр сонирхолтой ном зохиол бичвэр уншина. Тэр хэрээр утга зохиолд улам их дурладаг.  Ер нь  энэ бүхэнд утга зохиолын ангид 4 жил сурахдаа номтой чин үнэнчээр нөхөрлөсний үр шим жинхэнэ утгаараа гардаг юм.

 Би хуучинсаг санагдаж магадгүй ч би одоог хүртэл ном ертөнцийг харах цонх мөн гэж хэлэх дуртай.  Орчин үед интернэт, кабел гээд мэдээлэл олж авах өчнөөн суваг байхад ном уншаад залхуутай юм гэж зарим хүмүүс хэлдэг л юм. Тийм ээ бид ертөнцийн нөгөө өнцөгт хүрэх олон аргатай болсон. Гэвч ном уншина гэдэг хүний өмнөөс ертөнцийг харж, хаа нэгтээ өрнөх өөр амьдралаар амьдрах боломжтой байдаг. Энэ бүхнийг ном уншингаа нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрч болдог.

Сэтгэгдэл бичих

    • д.нарантуяа
    • 2019-07-01

    ном болоюуны цонх би хүүхэд байхдаа маш их ном уншдаг байсан номоо уншиж байгаад орой болсныг чмэдэлгүй ахдаа загнуулан номооч шатаалгаж байсан.одоо энэ хүүхдүүд ер ном уншихгүй юм.энэ маш муу.

arrow icon