Нийтлэл 01 сарын 19, 2018

П.Наранбаяр: Бага сургуулийн боловсролын талаар хэдэн үг

Шинэ Монгол сургуулийн захирал П.Наранбаярын бага боловсролын тухай нийтлэлийг хүргэж байна.

Г.Тогос захирал “Дургүйд хүчгүй”-д бус “Дуртайд хүчтэй”-д суурилсан боловсролын талаар дурджээ. Энэ бол сургуулийн нэн ялангуяа бага сургуулийн боловсролын хувьд чухал санаа. Зургаан настай хүүхэд сургуульд орохдоо бүгд хичээлээ тэсэн ядан хүлээсэн сэтгэлтэй ирдэг. Энэ үед “Дуртайд хүчтэй” хандлага хүчтэй байдаг боловч харамсалтай нь манай сургалтын тогтолцоо, агуулга хүүхдийн энэ хандлагыг богино хугацаанд эвдэж, “Дургүйд хүчгүй” болгон хувиргадаг.

Шинэ Монгол бага сургууль дээр манай боловсролын тогтолцоо, агуулгад буй дээрхи дутагдлыг арилгахын тулд зарим нэг оролдлого хийж байгаа талаар товчхон өгүүлье.

  1. Зургаан настан сургуульд ормогцоо “Бэлтгэл хичээл”-ийг сар гаруй хийдэг. Энэ хугацаанд үзэг харандаа бариулж гар дадуулах зорилготой зураас татуулах гэх мэт олон дасгал хийлгэсээр хүүхдийг залхаах хандлагатай болгочихдог гэмтэй. Хүүхэд орж ирээд шууд л “А” үсгээ заалгахыг хүсдэг бол амьдрал дээр тийм биш. Тиймээс Шинэ Монгол бага сургуульд бэлтгэлийн хугацааг хумьж, хүүхдэд үсэг нүдлүүлэх зэргээр агуулгыг өөрчлөв.
  2. Хүүхдэд унших чадварыг хялбар олгох, тэдний унших дур сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой “Унших чадварт тайлах Шинэ Монгол арга”1 -ыг нэвтрүүлээд гурван жил болов. Өнөөг хүртэл үеэр тасалж уншуулах арга зонхилж ирсэн бол Шинэ Монгол арга нь үе хэмээх зохиомол бүтцийг хүүхдийн оюунд суулгах ач холбогдол багатай аргаас татгалзан, бүтэн үгийн аргаар, уулнаас цас өнхрөхдөө бөмбөрөх явцдаа томордог шиг хүүхэд уншихдаа дадах тусам үг, нийлэмж, өгүүлбэрийн багтаамжийг нэмэх аргаар сургах болов. Шинэ Монгол сургуульд минутын хурдан уншлага гэж байхгүй. Харин үг, өгүүлбэр, догол мөр бүрээр хүүхэд хэрхэн ойлгож буйгаар нь уншлагын түвшинг хэмждэг болсон нь үүнтэй холбоотой. Бага сургуулийн хамгийн гол зорилго нь зөв унших дадалтай, уншсанаа ойлгон, дүрсэлж, ургуулан бодох чадвартай суралцагчийг торниулахад оршдог юм.
  3. Бага сургуулийн нэгээс гуравдугаар ангид гэрийн даалгаврын ачааллыг бууруулах, гэрийн даалгаваргүй болгох бодлого баримтлав. Гэрийн даалгавар нь хүүхдийг бие даан суралцах хандлагатай болгох, сурснаа бататгах сайн талтай боловч 6-9 насны хүүхдийн хувьд ачаалал хэтэрсэн гэрийн даалгавар суралцах сонирхлыг бууруулах хортой. Тиймээс дуртай зүйлээ өөрөө олоод хийж ирэх, эцэг эх, гэр орны ажилдаа тусалж, тэмдэглэл хөтлөх гэх мэт даалгаврыг өгдөг болсон юм.
  4. Монгол улс эдийн засгийн өсөлттэй үед орж, ард иргэдийн амьжиргааны түвшин 1990-ээд онтой харьцуулахад эрс дээшилсэн, иргэдийн хоорондын орлогын ялгаа ихэссэн энэ цаг үед сургуулийн зүгээс хүүхдийг зөв төлөвшүүлэн хүмүүжүүлэх шаардлага урьд урьдаас илүү тавигдах болов.

    Бага насны хүүхдийн байр, гудамжаараа гадаа тоглох боломж хомсдож, гэртээ ганцаардан суух, эцэг эхийн хэт бөөцийлөл доор өсөх хандлага ажиглагдаж байна. Иймд эцэг эхийг хүүхдээс нь “бие даалгах”, хүүхдийн өөрийгөө арчлах чадварыг нэмэгдүүлэх, амьдрах ухаанд сургах явдал чухалчлагдах болов. Энэ хүрээнд 1-3-р ангийн сурагчдыг “Би том болсон”, 4-5-р ангийг “Боролдой” хөтөлбөрт хамруулан 3-аас 5 хоногийн хугацаанд хөдөө 2 орон нутагт явуулж байна.
  5. Бага сургуулийн хүүхдүүд эзэмшсэн чадвараа анд найз, багш, эцэг эхийн өмнө тайлагнадаг болсноор өөртөө улам итгэлтэй болж, сурах хүсэл эрмэлзэл нь илүү бадрах болов.
  6. Шинэ Монгол сургуулийн төгсөгч хөгжмийн хэл ноотыг уншдаг байх ёстой. Хөгжим хүний мэдрэмж, төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг гол хэрэгсэл юм. Тиймээс Япон, Орос, Монгол улсын хөгжмийн хичээлийн хөтөлбөр, сурах бичгийн харьцуулсан судалгааг хийсний үндсэн дээр тус сургууль өөрийн хөгжмийн сурах бичигтэй болж, сургалтдаа нэвтрүүлснээр бага сургуулийн хүүхдүүд хялбар хөгжмийн зэмсгийг бүгдээрээ эзэмшиж, ноот унших дадалтай болж байна3. Хөгжмийн хичээлийг дагаад зураг, технологи гэх мэт бүтээлч сэтгэлгээ илүү шаарддаг хичээлийн чанарт ч ахиц гарах болов.

Сургалтын аливаа шинэчлэл өдөр тутмын үйл ажиллагаанд өөрт нь агуулагдаж байдаг. Өдөр тутамдаа суралцан, алдаа оноогоо дэнсэлж, хүүхэд хийгээд багш ажилчдын сайн сайхныг бүрдүүлэхийн төлөө ажиллах нь бидний үүрэг билээ. Бид өдөр бүр шинэ байж чадах учиртай. Тийм ч учраас сургууль маань “ШИНЭ МОНГОЛ” хэмээх эрхэм алдартай. 

Эх сурвалж: Шинэ Монгол сургууль

Сэтгэгдэл бичих

arrow icon