Нийтлэл 01 сарын 29, 2018

АМЬДРАЛ САЙХАН: Амьдралд минь олон шинэ өнгө нэмдэг болохоор би ажилдаа дуртай

 Амьдрал сайхан булангийн маань дараагийн зочин  МУИС-ийн оюутан Г.Цэлмэгийн дурсамжаар хамтдаа аялцгаая. 

 

 

Хичээлийн шинэ жил болоход ангийн хүүхдүүдээс хамгийн борлосон нь би байдаг байлаа. Учир нь би зуны гурван сарын турш хөтөч хийж Монголын үзэсгэлэнт газруудаар аялдаг юм. Би уг нь сэтгүүлч мэргэжлээр суралцдаг энэ жил төгсөнө. Аялал бүр сургамжтай, сонирхолтой, адал явдалтай өнгөрдөг.  Уг нь би говиор хэд хэдэн удаа аялж байсан ч миний сэтгэлд тодоос тод үлдэж маш олон зүйлсийг ухааруулсан нэг аялал байдаг юм. 

Нэг удаа би 6 Солонгос  охидтой хамт 9 шөнө 10 өдрийн аялалд дандаа говиор аялсан юм. Тэр аялал миний хувьд үнэхээр гайхалтай аялал байсан. Цуг явсан охид маань хэдийгээр яг надтай адил сонирхолтой байсан болохоор юу ч хийсэн жаргалтай адал явдал ихтэй байсан. Бид Өмнөговь аймгийн Сэврээ сумын Дуут Манхны орой руу гарахаар төлөвлөөд явж байсан ч би бол дотроо энэ хэд ч оройд нь гарч чадахгүй дээ гэж бодоод л. Би ч өөрөө өмнө нь хэд хэдэн удаа ирж байсан ч нэг ч удаа оройд нь гарч үзээгүй  юм. Гэтэл нөгөө охид маань Монголын үзэсгэлэнт байгалийг Дуут Манхны орой дээрээс харна гэж зүтгэж намайг чирсээр байгаад орой дээр нь гарсан. Би орой дээр нь гараад үнэхээр гайхамшгийг мэдэрч Монгол нутагт төрсөндөө маш их баярлаж, омогшсондоо Монгол улсынхаа түүх соёлыг, өв уламжлалыг, бүгдийг нь тэр охидод яримаар санагдаж билээ. Анх удаа л тэгж огших, бардамнах сэтгэл төрж Монголын сайхан нутгаа бусдад бахархан ярьж байгаадаа өөрөөрөө ч бахархсан. Хөтчийн ажил хийхэд амьдралд минь олон шинэ өнгө нэмэгддэг болохоор би ажилдаа үнэхээр их дуртай. 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon