Кристофер Мелвилл: Монгол улсын хууль тогтоомж сайжирч байгаа ч зайлшгүй шинэчлэх шаардлагатай хэд хэдэн хууль бий

VTV телевизийн “De Facto” нэвтрүүлэгт  ''Мелвилл Эрдэнэдалай'' хуулийн фирмийн үүсгэн байгуулагч, хуульч Кристофер Мелвиллтэй Хоган Ловеллс Монгол дахь салбараа яагаад хаасан болон Монголчууд бизнесийн гэрээгээ баримтжуулахад юун дээр алддаг, бизнесийн маргааныг яагаад гуравдагч оронд шийддэг зэрэг асуудлаар ярилцсаныг   trends.mn тоймлон хүргэж байна.

Юуны түрүүнд та бидэнд Хоган Ловеллс хуулийн фирмийн тухай болон Хоган Ловеллс яагаад Монгол дахь салбараа хаах болсон талаар мэдээлэл өгөх үү?

Би Хоган Ловеллсийн Монгол дахь салбарт 5 жил ажилласан. Хоган Ловеллс нийт 46 салбартай, 2500 гаруй хуульчидтай, дэлхийн эхний 10-т багтдаг олон улсын хуулийн фирм. Анх Монголд салбараа нээх нь уг фирмийн хувьд нилээд аз туршсан хэрэг болсон.  Учир нь Хоган Ловеллс ихэвчлэн томоохон зах зээлүүд дээр төвлөрөн ажиллах стратеги баримталдаг юм.  Миний бодлоор Хоган Ловеллс Монгол дахь салбараа хаах болсон шалтгаан нь стратегийн бодлого байсан байх. Яагаад гэвэл Монголын эдийн засаг  фирмийн хүсэн хүлээж байсан чиглэлд хөгжөөгүй. Харин би Монголын эдийн засагт асар их нөөц байгаа гэж итгэдэг учир анх хаах тухай яриа өрнөхөд л энд үлдэх тухайгаа илэрхийлж байсан. Тиймээс өөрийн түнш Эрдэнэдалайтай хамтран Хоган Ловеллсийн Монгол дахь биенессийг худалдан авахаар шийдсэн. Эрдэнэдалай Хоган Ловеллсд 5 жил ажилласан туршлагатай бөгөөд Монголын талын нөхөрлөллийн гишүүн.

Миний ажигласнаар Хоган Ловеллсд ихэвчлэн монгол хуульчид ажиллаж байсан тийм үү?

Тийм ээ. Монголын хуулийн асуудлаар олон улсын стандартад нийцсэн хуулийн зөвлөгөөг харилцагч нартаа хүргэх зорилгоор ажилласан. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад Монголд орж ирэхэд нь тус дэм болж Монгол улсын Засгийн газар, Монголын дотоодын олон компаниудад зөвлөгөө өгч ажилладаг.

Та сая Монголын эдийн засгийн талаарх Хоган Ловеллсийн хүлээлт биелээгүй гэлээ. Тэр юунаас болоо вэ. Мэдээж энд олон шалтгаан байгаа. Гэхдээ таны саналыг сонсмоор байна?

Монгол хуульчиддаа олон улсын түвшинд нийцсэн цалин олгодог байсан нь Монголын зах зээлийн түвшнээс хамаагүй дээр гэсэн үг л дээ. Зардал өндөр эдийн засаг хүлээлтэнд хүрээгүй гадаадын хөрөнгө оруулалт хүндрээд ирэхээр үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон. Гэхдээ миний бодлоор томоохон ажил үйлчилгээг үзүүлсэн. Манай шинэ фирм, “Эм энд И” (M&E)-ийн хувьд зардалаа багасгах, хэмнэх бодлого баримталж ажиллаж байгаа. Эдийн засаг сэргэх шатандаа орсон болов уу гэж харж байна. Тиймээс арай цомхон, зардалаа хянасан байдлаар бизнесээ цааш авч явах боломж бүрдсэн гэж харж байна.

Танайх хуулийн аль салбарт голлон ажиллаж байна?

Бид ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулагч хувь хүн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдэд компанийн эрх зүйн зөвлөгөө өгч ажиллаж ирсэн. Бид Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк, Олон Улсын Санхүүгийн Корпораци зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд гадаадын арилжааны банкуудын хэд хэдэн томоохон гэрээ хэлцэл дээр зөвлөгөө өгч ажилладаг. Ер нь бид Монголын эдийн засгийн хамгийн чухал салбаруудын нэг болох дэд бүтцийн чиглэлээр мэргэшиж зөвлөгөө өгдөг.

Дэд бүтцийн ямар төсөл дээр ажилласан бэ?

Эгийн голын усан цахилгаан станц дээр чамгүй хэдэн жил ажилласан. Мөн Таван Толгойн цахилгаан станц дээр бас зөвлөгөө өгсөн. Хамгийн сүүлд нарны эрчим хүчний хэд хэдэн төсөл дээр ажиллалаа.

Томоохон гэрээ хэлэлцээр, тэр тусмаа дэд бүтцийн төслүүд дээр яагаад хуулийн фирмүүдийг зайлшгүй оролцуулах хэрэгтэй байдаг талаар ярилцъя. Таны бодлоор Монголчууд юунд анхаарах ёстой, юуг илүү сайн хийх хэрэгтэй вэ. Жишээлбэл таван толгойн цахилгаан станц одоо болтол ажил хэрэг болоогүй байна?

Би 1990 оны үед Москвад ажиллаж байсан юм. Тухайн зах зээлийн хувьд энэ их сонирхолтой үе байсан юм. Гэрээ, хэлэлцээрийг маш түргэн хугацаанд бичиг баримтын бүрдэл муутай хийгддэг байсан. Англичуудын хэлдэгээр тамхины хайрцаг дээр бичигдсэн хэлэлцээрүүд л дээ. Бичиг баримтаа сайн үйлдээгүй төслийн явц цаашаа хэрхэн өрнөх тухай ойлголтгүйгээр ажлаа явуулж эхэлбэл тодорхой хугацааны дараа асуудалтай тулгарна гэсэн үг. Гэхдээ Монголын бизнес эрхлэгчдэд хил дамнасан хэлцэл хийх туршлага харьцангуй бага байдаг. Тиймээс хуульч огт оролцуулахгүй тохиолдол олонтаа. Жишээ нь зээлийн гэрээ байлаа гэхэд зээлээ хурдан авахын тулд нөгөө талынхаа бэлдсэн гэрээнд шууд гарын үсэг зурдаг. Тэр гэрээ нь ямар нарийн утга учир, үр дагавартайг нарийн нягталж шалгадаггүй. Нэг тал нь хашир туршлагатай хил дамнасан бизнес хийдэг байхад нөгөө тал нь туршлагагүй байдаг. Энэ хоёр талын харилцааг тэнцвэржүүлж харилцан ойлголтод хүргэх зайлшгүй шаардлагатай. Энэ нь бизнесүүдэд эрх зүйн дүн шинжилгээ хийх үед анзаарагддаг. Хөндлөнгийн дүн шинжилгээ хэрхэн явагддаг талаар төдийлөн ойлголтгүй байдаг. Зарим гадаадын хөрөнгө оруулагчид энэ байдлыг өөртөө ашигтайгаар ашигладаг. Ийм гэрээ эцэст нь маргаан болж хувирдаг.

Монголчууд тамхины ар дээр хийсэн гэрээнүүдээс суралцаж байна уу?

Тийм ээ. Урьд нь миний ажигласан чиг хандлагууд Монголд ч гэсэн адилхан байна. Даяарчлал их чухал үүрэг гүйцэтгэж Монголчуудад хурдан суралцах боломжийг олгож байна. Суралцах үйл явц ч эрчимтэй үргэлжилж байна.

Хэлэлцээрийн ямар үе шатанд хуульч оролцуулах нь зөв бэ?

Энэ асуудал бизнес эрхлэгчдэд гарах зардалтай холбоотой яригдана. Гэрээний урьдчилсан нөхцөлөө тохиролцох шатнаас эхлээд биднийг оролцуулдаг л даа. Гэхдээ ихэвчлэн бичиг баримт боловсруулах шатанд хуульч нарыг татан оролцуулдаг. Бичиг баримт боловсруулах бол их том ажил. Жишээ нь Таван Толгойн цахилгаан станцын эрх зүйн бичиг баримтын бүрдэл нь мянган гаруй хуудас болсон.  

Хуульчийн төлбөр төслийн хэмжээнээс шалтгаалах уу эсвэл хуульчийн ажиллсан цагаар тооцох уу. Дэлхийн жишигт ямар байдаг вэ?

Төлбөр тооцох дадал өөрчлөгдөж байгаан дээр улс орнууд харилцан ялгаатай байдаг нь их сонирхолтой. Олон улсын стандарт бол цагийн үнэлгээгээр тооцдог. Жишээ нь Хуульчийн цагийн үнэлгээ 200 доллар байлаа гэхэд хуульч 5 цаг ажиллавал 1000 долларын цалин авдаг гэсэн үг. Гэхдээ ингэж тооцох 2007-2008 оны санхүүгийн хямрал хүртэл хэвийн тооцогддог байсан. Одоо харилцагч нар зардалдаа их хянуур ханддаг болсон. Тиймээс хуульчид урьдынх шигээ ажилласан цагаараа нэхэмжлэл гаргахын оронд илүү бүтээлцээр харилцагчдаа нэмүү өртөг бий болгох маягаар ажиллах болсон.

Манай Засгийн газар хэд хэдэн удаа Лондонгийн арбитрт дуудагдаад ялахдаа ялаад ялагдахдаа ялагдаж байсан. Хувийн компаниуд арбитрын маргаанд оролцоход юуг анхаарах нь чухал вэ?

Засгийн газар энэ асуудалд анхаарлаа хандуулж ирсэн нь ойлгомжтой. Засгийн газрын туршлагаас үүдээд арбитрийн асуудалд хандах хандлагад өөрчлөлт орсон нь ажиглагдаж байна. Би Монголын Засгийн газрын нэг маргаан дээр ажилласан. Хан Ресурс арбитад хандсан шалтгаан нь Монгол улсын Засгийн газар нэг талын шийдвэрээр лицензийг нь цуцалсан явдлаас болж 326 сая доллар  нэхэмжилсэн байдаг. Тэгээд 70 сая доллар  дээр тохиролцож чадсан.

Яагаад энэ дүн ингэж буурсан бэ. Юу болсон юм бэ?

Хөрөнгө оруулагч өөрийг нь хохироосон шударга бусаар хандсан гэж үзэж байгаа тохиолдолд хамгийн дээд боломжит хэмжээгээрээ хохирлоо нэхэмжилдэг. Гэвч эцсийн дүндээ тухайн лицензийн бодит үнэлгээ хэд вэ гэдэг чухал. Тиймээс  тухай арбитрын үйл явцын мэтгэлцээний том хэсэг нь үнэлгээ хэд байх вэ? үнэлгээ хийх аргачлал ямар байх вэ гэдэг дээр асуудал үргэлжилсэн.

Тухайн үед хэний саналаар бодит үнэлгээг тооцохоор болж 70 сая доллар дээр тогтов?   

Арбитрын шийдвэрээр 100 сая доллар орчим доллар дээр нь нэмээд хүү тооцох байсан. Шийдвэр гарсны дараа Монголын Засгийн газар сайн ажиллаж сайн хэлэлцээр хийж чадсан учир 70 сая доллар болгож бууруулж чадсан.

Манай одоогийн  хууль эрх зүйн тогтолцооны талаар хэдэн зүйл тодруулах гэсэн юм.  Шүүхийн шийдвэрийг урьдчилан таамаглах аргагүй гэдэг их айдас төрүүлсэн үг байна. Шүүхийн шат бүр өөр өөр шийдвэр гаргаж байна энэ байдлаас яаж гарах вэ?

Монгол улс бол залуухан ардчилалтай улс. Хуулиуд цаг тутамд сайжирч байна. Гэхдээ зарим хуулиудыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Жишээ нь дампуурлын тухай хууль 1997 онд батлагдсанаас хойш 20 гаруй жил өнгөрөхөд нэг ч шинэчлэгдээгүй. Гэтэл бид 1990 онтой харьцуулбал шал өөр нөхцөлд амьдарч байна. Энэ мэт сайжруулах олон зүйл байгаа боловч сүүлд гарсан шинэ хуулиад тэр дотроо Үнэт цаасны зах зээлийн хуульд 20 гаруй дүрэм журам дэмжигдсэн нарийн зохицуулалттай хууль байгаа. Тэгэхээр бас гайгүй сайжирч байгаа л гэсэн үг.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5130

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%