Нийтлэл 02 сарын 22, 2018

АМЬДРАЛ САЙХАН: Аавтайгаа уулзаж чадахгүй алдахвий гэхээс айсан

Амьдрал сайхан булангийн энэ удаагийн зочин МУИС-ийн оюутан Э.Нансалмаа

Өнгөрсөн хавар аав маань их хүнд өвчнөөр өвдсөн. Эмч нар бид хийх зүйлээ хийсэн. Эмчилгээ авах магадлал наян хувь, амь эрсдэх магадлал хорин хувь гэж хэлсэн. Хэдийгээр амь эрсдэх магадлал бага ч гэсэн хүн гэдэг чинь сайнаас илүү мууг нь боддог хойно тэр хорин хувийн эрсдлээс айж, түгшиж сандарч байсан тэр өдрүүд миний амьдралын хамгийн хүнд үе байсан. Хүн ер нь тэгээд заавал үзэж туулж байж л зовлонг мэдэрч, айж сандардаг юм билээ. Аавыгаа өвдөхөөс өмнө би аавтайгаа халуун дотноор ярилцаж, тэвэрч, хайрлаж, ядаж л ааваа бие нь яаж байна та зүгээр үү гэж асууж байгаагүй. Аав маань өвдлөө зовлоо гэдэггүй болохоор ч тоодоггүй байж. Гэтэл хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин нэг л өдөр ирсэн. Тэр үед аав маань хаа байсан мянга гаран километрийн цаана үхэл амьдралтай тэмцэж байхад би энд уйлахаас өөр зүйл хийж чадахгүй өдөр шөнөгүй сэтгэл чилээж нүдээ хавдтал уйлдаг байсан. Хүн чинь аргаа барахаараа лам, бөө, үзмэрч гээд байж болох бүгдийг туршиж үздэг итгэдэг, сүсэглэдэг юм билээ. Яг үнэндээ би аавыгаа өвчтэй байхад ингээд л уулзаж чадахгүй, ярилцаж чадахгүй алдахвий гэхээс л айсан. Одоо харин элэг бүтэн эрүүл саруул сайхан байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon