Нийтлэл 03 сарын 01, 2018

САЙН ААВ: Аав маань түлхүүр багаж хийдэг шүүгээндээ гялгар уутанд чихэр цуглуулаад нуучихсан байдаг

"Сайн аав" булангийн энэ дугаарт Архангай аймгийн Өлзийт сумын малчин  Б. Алтанхуяг гуайн охин А.Шинэцэцэгтэй түүний аавын сайхан зан чанар, хүмүүжүүлэх арга барилын тухай ярилцлаа.


Аавыг тань хэн гэдэг вэ. Бидэнд аавыгаа товчхон танилцуулаач?

Аавыг маань Алтанхуяг гэдэг Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн. Малын захад өссөн малчин хүн.

 Бага насны тухай дурсаач аавдаа хэр эрхэлдэг байв?

Эрхэлж байсан шүү айлын бага дээр нь ганц охин нь болоод ч тэр үү. Гэхдээ буруу эрхэлж байгаагүй.  Аав нар охиддоо амь байдаг даа.

Би багадаа "Миний ааваа" гэж хэлж чадахгүй, Би ааваа би ааваа" гээд л тосоод гүйчихдэг байсан гэсэн.

 Аавын тань хамгийн сайхан зан чанар нь?

 Мал малладаг хүн учир их хөдөлмөрч нухацтай хүн дээ. Юмны арга эвийг амархан олчихдог.  Ажилч хичээнгүй хүн. Аливаа зүйлээс шантарч ухарч няцдаггүй хийж буй зүйлдээ сэтгэлээ шингээж, хэнтэй ч эелдэг боловсон харьцаж чаддаг.

 Аавын тань та бүхнийг хүмүүжүүлсэн арга барил?

Маш их хайрлаж л өсгөсөн дөө хатуу үг хэлж хатуурхаж байгаагүй, аргаар эвээр л хүмүүжүүлсэн, Ах бид хоёрын өөдөөс чанга ч дуугарч байгаагүй байхаа би тэгж боддог. Гэхдээ буруу хэрэг таривал хамгийн түрүүнд "аав юу гэх бол" гэж боддог. Аав загнахгүй байсан ч аавын харц бол ямар ч хатуу ширүүн үгнээс илүү бурууг ухааруулж, зөвийг тунгаалгадаг.

 Аав тань та бүхэнд юуг чухалчлан захидаг вэ?

Хөдөлмөр хүнийг хүн болгодог гэдэгчлэн ямарч ажлыг хийж сурах ёстой гэдэг.  Тиймээс охин хүүхэд хэрнээ хонь хяргах, мод түлээнд явах зэрэг хөдөө хийдэг бүхий л ажлаас хойш суулгүй хийж сурсан даа.

Аавыгаа хэр олон удаа гомдоож байв?

Олон гомдоож байгаагүй ч урмыг нь хугалсан удаа бол байгаа. Аавын минь минь ноён нуруу амьдралын олон саад бэрхшээлд хугарч нугарч ааш зан нь өөрчлөгдөж байгаагүй. Хэзээд ноён нуруутай, тууштай, тулгатай байдаг. Харин миний хийсэн  буруу үйлдэлд аав минь үнэхээр их урам нь хугарсан байх.

Гэхдээ охин нь цаашид урмыг тань хугалахгүй хичээж амьдарна.

Аавтайгаа өнгөрүүлсэн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

Хотод оюутан болж ирсэн жил улирлын амралтаараа хөдөө гэртээ харилаа. Гэтэл аав маань түлхүүр багаж хийдэг шүүгээнийхээ нүдэнд гялгар уутанд чихэр цуглуулаад нуучихсан, зарим чихрийн цаасных нь өнгө нь арилаад цайчихсан байж билээ. Багадаа аавтай хамт айлаар орохоор өгсөн чихрийг нь гэртээ ирээд л надад өгнө. Би бодохдоо аав чихэр иддэггүй бас дургүй гэж бодон айлын өгсөн чихрийг аавын хайртай хамтатган хүртэнэ шүү дээ. Одоо ч аав минь надад чихэр хадгалдаг хэвээрээ.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon