Нийтлэл 03 сарын 05, 2018

Д.Сумъяабазар: Бид хуримтлал бий болгож дэд бүтэц бусад салбарт хөрөнгө оруулалт хийж өгөх ёстой

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар алтны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж сэтгүүлчдийн асуултанд хариулт өглөө.  

Алтны салбарт өнөөдөр тулгамдаж буй зүйл юу байна?
Монгол улс нөхөн сэргээлтээ хийдэг, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг аж ахуйн нэгжүүд бий болоосой гэж хүсч байгаа. Мэдээж аж ахуйн нэгжүүд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болох 2.5 хувийн татвар, хүн амын орлогын албан татвараа төлж байгаа. Гурван тэрбумаас дээш орлоготой аж ахуй нэгжүүд маань 25 хувийн татвар төлдөг. Тиймээс энэ тал дээр жаахан зугтах тал руугаа байна уу гэж бодож байна. Бид цаашид татварын шаталсан бодлого хэр оновчтой вэ, эсвэл худалдааны нэг татвартай болох юм уу маш ойлгомжтой байдлаар шийдэх ёстой..

Нөхөн сэргээлт хийхгүй байгаа компанитай орон нутгийн иргэд хэсэг эсэргүүцээд л эргээд намждаг. Харин салбар яамны зүгээс ямар арга хэмжээ авах вэ?
Орон нутгийн иргэдийн бухимдаж байгаа зарим зүйл байгааг үгүйсгэж болохгүй. Ялангуяа, байгаль орчны нөхөн сэргээлттэй холбоотой асуудал дээр онцгой анхаарах ёстой. Аж ахуй нэгжүүд нөхөн сэргээлтээ хийгээд, байгаль орчиндоо нийгмийн хариуцлагаа хүлээгээд явж байна уу, үнэхээр бичил уурхайчид нөхөрлөл хэлбэрээр ороод нөхөн сэргээлтийг буцаагаад бусниулаад байна уу гэдгийн ялгааг бодитоор мэдэх ёстой. Үүний тулд яамнаас тодорхой ажлын хэсэг гаргаж байдал дээр нь очиж үзэх төлөвлөгөө гаргаж байгаа. Гэхдээ яг нарийвчилсан байдлаар урьдчилаад хэлчихээр арга чарга ихтэй болчихсон өнөө үед  хариуцах хүмүүс нь зугтаах гэх зэргээр олон хүндрэлтэй зүйл гардаг.

Ер нь цаашид уул уурхайн салбар дотроо алтны салбарыг зайлшгүй үндэсний хэмжээнд  дэмжиж явуулах ёстой. Гол нь хариуцлага дутагдаад байна. Бичил уурхайг бид татвар төлдөг, нөхөн сэргээлт хийдэг, сум орон нутгийн хөгжилд тус дэмээ өгдөг байвал иргэд олон нийт бухимдахгүй.  Үүн дээр ажлын төлөвлөгөө гаргаж ажиллана.

Юм болгоныг шинэ хууль гаргаж ажиллана гэхээс илүү орон нутаг, хүн рүүгээ чиглэж ажиллах бодлого хамгийн чухал. Хүнийг ажил хийх боломжоор нь хангадаг, эргээд нийгмийнхээ үүргийг ухамсарладаг тал руу явуулах хэрэгтэй. Түүнээс биш болохгүй бүтэхгүй бүх зүйлийг хуулиас боллоо гэж болохгүй. Үүнээс зайлсийж явах ёстой.



Баялгийн сан байгуулах гэж байгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
 “Эрдэнэс Монголыг" бид  баялагийн сан болгоно.  Энэ нь компаниудын нэгдэл байгаа. Жишээ нь 16 стратегийн орд дээр суурилсан 12 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Идэвхигүй байгаа нь 4, идэвхитэй нь 7 байна. Энэ 16-аас гадна 39 орд байгаа шүү. Тиймээс төр өмч рүүгээ ойртох ёстой. Хамгийн наад зах нь 1072 хувьцааг бид бүртгэлжүүлж,  баталгаажуулна. Бүртгэлжүүлж баталгаажуулна гэхээр шууд мөнгөн хэлбэрт шилжих юм шиг хүмүүс ойлгоод байна. Энэ бол хамгийн сүүлийн үйл явц байна. Энэ төсөл эхлээд амжилтад хүрэхийн тулд гэрээ хэлцэл хийгдэж, дараа нь үүнийг дагасан бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажил явна. Үүний дараа ямар хэлбэрээр хөрөнгийн бирж дээр гаргах вэ, хичнээн хувьцааг ямар үнээр гаргах вэ гэсэн нарийн судалгаа тооцоо гарна. Энэ бүхний эцэст хувьцаа мөнгөжих хэлбэр рүү орно. Сүүлд болох ажлыг хамгийн түрүүнд авчирчихаад үржүүлээд тооны машин дээр бодоод байж болохгүй.

-Баялгийн санг хаврын чуулганаар хэлэлцэх үү?

-Ер нь манай УИХ-ын гишүүд,  Засгийн газрын төлөөллүүд Норвегийн баялгийн сан, Эмиратын баялгийн сан гээд их явж танилцсан байдаг юм билээ. УИХ-ын гишүүд Норвегийн баялгийн сангаас жишээ татсан байдаг. Энэ нь Хүний хөгжил сан. Хүний хөгжил сан дээр хөрөнгө мөнгө татан төвлөрүүлж байгаад тэндээсээ зохицуулалт хийх хуулийн төслүүд явсан байдаг. Мөн Ирээдүйн өв сангийн хуулиа бас Норвегийн баялгийн сангаар жишээ татсан.

Гэхдээ Баялгийн сан арай өөр зохицуулалтаар явна. Ер нь Демасек гэдэг бол  Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг бүртгэсэн бүртгэлийн хэлбэр. Норвегийн баялгийн сан гэхэд тусдаа зохицуулалтаар явдаг. Жишээ нь, 10 тэрбум ам.долларын өгөөж бий болж хуримтлал үүслээ гэхэд Норвегийн баялгийн сан 9,7 тэрбумыг сан дээрээ татаж, үлдсэн 3 хувийг нь л засаг руугаа өгдөг. Тэндээс төсөв рүүгээ ороод үйл ажиллагаанд зарцуулагдаад явдаг. Харин 97 хувийг хуримтлал болгоод гадаадын хамгийн өндөр үнэтэй аж ахуй нэгжүүдийн хувьцааг худалдаж авдаг. Тэр нь бас хязгаарлалттай. Нэг хоёр хувиас хэтрүүлэхгүйгээр авдаг.  Тухайлбал, Фэйсбүүк, Nestle-ийн хувьцааг ч юм уу худалдаж авдаг. 9000 аж ахуйн нэгжийн хувьцааг худалдаж аваад эхний топ 20 дотор өгөөжийг нь хардаг. Жилдээ 20-23 хувийн өгөөжтэй явж байгаа.

Харин бид хуримтлалаа шууд эдийн засаг руугаа оруулаад алдаа хийсэн шүү дээ. Үүнээс болж үнийн өсөлт явагдсан. Энэ бүхнийг Голланд өвчин гэж ярьсан. Тиймээс өнгөрсөн алдаагаа дүгнээд явах хэрэгтэй. Ер нь хязгаарлалтууд тавьж өгөх ёстой юм байна гэсэн бодол байгаа. Сангийн сайд, Ерөнхий сайдын хүрээнд ярьж зөв шийдлээр явах ёстой. Одоо бид орлогоо олчихоод үрэн таран хийж болохгүй. Ялангуяа халамжийн бодлого огт болохгүй. Бид хуримтлал бий болгож дэд бүтэц бусад салбарт хөрөнгө оруулалт хийж өгөх ёстой.

Сэтгэгдэл бичих

    • ddf
    • 2018-03-06

    afafa

arrow icon