Нийтлэл 03 сарын 06, 2018

Me too хөдөлгөөн хэрхэн эхэлсэн бэ?

1909 оны 2 сарын 28-нд Нью Йорк хотын иргэд эмэгтэйчүүдийн бага орлого, сонгуулийн хязгаарлагдмал эрх, урт ажлын цагийг эсэргүүцэн жагсаж байсан. АНУ-ын Социалист Намын зохион байгуулсан уг жагсаал эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилготой анхны жагсаал гэгддэг. 

Жилийн дараа, Дани улсын   Копенгаген хотноо Олон улсын Эмэгтэйчүүдийн хурал болсон бөгөөд энэ үеэр Америкийн Социалист Намын төлөөллүүд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг жил бүр зохион байгуулах санал дэвшүүлжээ. Хуралд оролцсон 17 улсын төлөөлөгчид саналыг дэмжин, эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг дэмжих зорилгоор тэмдэглэж байхаар болов. 

1911 онд Австри, Дани, Герман, Швейцари улсууд гуравдугаар сарын 19-нд энэхүү өдрийг тэмдэглэж, 1913 оноос хойш гуравдугаар сарын 8-нд албан ёсоор тэмдэглэх болжээ. 1975 онд НҮБ уг өдрийг хүлээн зөвшөөрч, жил бүр тодорхой уриалгын хүрээнд тэмдэглэх болжээ. Үүнээс хойш жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг бид тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхий нийт 100 гаруй жилийн турш эмэгтэйчүүдийн ололт, амжилтыг тэмдэглэн, жендерийн эрх тэгш байдалд нөлөөлөх зорилготойгоор уг баярыг тэмдэглэдэг.

Гэсэн ч эмэгтэйчүүдийн эрх ил далд хэлбэрээр зөрчигдөж нэн ялангуяа хамгийн ихээр бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан учир өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн Me too хэмээх хөдөлгөөнийг эхлүүлж, эмэгтэйчүүд өөрт тохиолдсон хүчирхийлэл, аюул эрсдлийг чөлөөтэй илэрхийлэх болсон. Энэхүү санаачлагыг жүжигчин Алисса Милано  гаргаж өдгөө дэлхийн 85 гаруй орон нэгдсэн төдийгүй Монгол улс ч энэ хөдөлгөөнд нэгдэн З.Номуундарь, Ч.Наранзаяа гэх бүсгүйчүүд хүчирхийлэлд өртсөнөө илэрхийлсэн. 

Metoo хөдөлгөөн хэрхэн эхэлсэн бэ?

Кино найруулагч Харви Вайнштейн охид бүсгүйчүүдэд бэлгийн дарамт учруулдаг байсан хэргийг олон нийтэд илчилсэн энэхүү хөдөлгөөн Холливудын жүжигчин Алисса Милано твиттер хуудаснаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн найзынхаа тухай бичсэнээр эхэлжээ. Үүний дараагаар жүжигчин Эшли Жадд, Анжелина Жоли, дуучин Тайлор Свифт, жүжигчин, загвар өмсөгч Роуз МакГоун зэрэг олны танилууд бэлгийн дарамтын талаар үзэл бодлоо хуваалцан, хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлэхэд уриалсан юм. 

Алисса Милано твиттертээ “Бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж байсан бүх бүсгүйчүүд энэхүү жиргээний дор “MeToo” (Би ч бас) гэж бичээрэй. Ингэснээр бид хүчирхийлэл ямар аймшигтай том асуудал болоод байна вэ гэдгийг бусдад бага ч гэсэн ойлгуулах юм бил үү” хэмээн бичиж энэхүү хөдөлгөөнийг улам идэвхжүүлжээ. Тэрхүү жиргээний дор хүчирхийлэлд өртөж байсан олон мянган охид бүсгүйчүүд “Би ч бас” хэмээн бичиж, өөрт тохиолдсон аймшигт хэргүүдийн талаар ам нээхээс гадна хүчирхийлэлд өртсөн, бэлгийн дарамтад орж байсан хохирогчдод дэм үзүүлэх зорилгоор өөр бусад хүмүүс ч идэвхтэй жиргэж байлаа. Твиттерээс өгсөн мэдээллээр тухайн жиргээг бичсэнээс ердөө 24 цагийн дотор хагас сая хүн Алиссагийн жиргээнд хариу бичсэн байна.

Энэхүү жиргээ цаашлаад бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг MeToo нэртэй хөдөлгөөн болон хувирч дэлхийн 85 гаруй орныг хамарч дэлхий нийтээр хүчирхийллийн асуудлыг хурцаар хэлэлцэж эхлэсэн. Францад BalanceTonPorc, Италид, QuellaVoltaChe, Хятадад #我也是, Вьетнамд TôiCũngVậy гэх зэргээр улс бүр тухайн хэл рүү хөрвүүлсэн “MeToo”, эсвэл өөр хувилбарын хаштагуудыг үүсгэн цахим орчинд хүчирхийллийн тухай айж, ичилгүй ярих тохиромжтой орчин бүрдүүлж чадсан билээ. Өмнө нь ярихад хорио цээртэй мэт байсан хүчирхийллийн сэдвийг ийнхүү ил гаргаж, хүчирхийлэгчдийг олон нийтээр жигшин зэвүүцэж, хүчирхийллийн даван туулагчдад сэтгэлийн дэм өгөх хөдөлгөөн дэлхийн олон оронд хүчтэй өрнөж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon