Нийтлэл 03 сарын 22, 2018

Д.Даваадорж: Газрын тос боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр байгуулахад 5.8 тэрбум ам.доллар шаардлагатай

Монгол Улсын эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг олон улсад сурталчилан танилцуулах, хөрөнгө оруулалт татах зорилго бүхий “Монголын эрдэс баялаг-Уул уурхай 2018” чуулга уулзалт өнөөдөр эхэллээ.

УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Даваадорж:. Монгол Улс Газрын тос боловсруулах, Нүүрснээс нийлэг байгалийн хий боловсруулах, Хар төмөрлөг болон Зэс хайлуулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж буй юм. Засгийн газраас эхний ээлжинд Газрын тосны үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ суманд, Зэс хайлуулах үйлдвэрийг Оюутолгойн уурхайг түшиглэн байгуулахаар тогтсон. Мөн Нүүрснээс нийлэг байгалийн хий боловсруулах үйлдвэрийг Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт Багануурын уурхайг түшиглэн байгуулахаар төлөвлөж буй юм. Дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд нийт 5.8 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн ТЭЗҮ боловсруулсан бөгөөд Засгийн газраас барих, өмчлөх, ашиглах, шилжүүлэх конессын гэрээ эсхүл олон улсын санхүүгийн байгууллагын урт хугацааны, бага хүүтэй зээлээр хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа юм. Дээрх төслүүд хэрэгжсэнээр ДНБ 15 хувиар өсч, 30 гаруй төрлийн дагалдах үйлдвэр шинээр байгуулагдаж, улсын болон орон нутгийн төсөвт жилд 300 сая ам.доллар төвлөрч, импортын хэмжээг нэг тэрбум ам.доллараар бууруулж, гадаад худалдааны ашиг өснө гэсэн тооцооллыг Засгийн газар, УУХҮЯ-наас гаргасан байна. Мөн 2800 гаруй шууд, 3000 гаруй шууд бус ажлын байр бий болно хэмээн үзэж байгаа юм.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 77 хувь, ДНБ-ий 22 хувь, төсвийн орлогын 25 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг байна. Уул уурхайг даган барилга, зам тээвэр, эрчим хүч зэрэг бусад салбар ч эрчимтэй хөгжиж байна. Монголын уул уурхайн Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийн санд 57 сая тонн зэс, 37.2 тэрбум тонн нүүрс, 1.2 тэрбум тонн төмрийн хүдэр бүртгэгдсэн байна. Мөн 2500 тонн алт, 1.7 сая тонн цайр, 48.3 сая тонн хайлуур жонш, 197 мянган тонн уран, 332.6 сая тонн газрын тосны нөөц бүртгэлтэй байгаа” гэв.



 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon