Нийтлэл 03 сарын 27, 2018

Нийгмийн ёс суртахууны хэм хэмжээ ба хүүхдийн хүмүүжил

Хөгжингүй нийгэм буюу иргэдийн төлөвшилт өндөр нийгэмд анзаарагддаг зүйлийн нэг бол яах аргагүй сургуулийн өмнөх насны хүүхдийн нийгэмшлийн асуудал байна. Ялангуяа нийгэмд олон хүнтэй амьдрах арга, хүнийг хэрхэн хүндлэхийг ухамсарт бус хүүхэд насанд нь яс маханд шингээдэг талаар олон зүйлээс харж болно. Тэр дундаа бага насны хүүхдүүдэд хандах томчуудын хандлагаас анзаарч болно. Гадаадад амьдарч байсан, хүүхдээ хүмүүжүүлж байсан ээжүүд бол нэг биш удаа анзаарч байсан зүйл болов уу?

АНУ-д амьдарч эхлээд удаагүй байх үед, нэг удаа 6 сартай охиноо нярай хүүхдийн гулгуур дээр гулгуулж байсан үеийн явдал. Манай охины урдуур нэг ойролцоо насны нялх хүүхэд ороод гулгах гэтэл ээж нь учиргүй хүүхдэдээ учирлан “өөрийнхөө дарааллыг заавал хүлээх ёстой за юу?” гээд. Би дотроо, ийм жаахан хүүхэд, хэлд ч ороогүй ойлгож байгаа юм болов уу даа? гэсэн шиг юм бодоод өнгөрч билээ. Түүнээс хойш маш олон ээж нар нярай тэр байтугай 2, 3 сартай хүүхдэдээ дарааллаа хүлээ! гэж зааж ойлгуулах гэж олон удаа давтан давтан хэлж байхыг тоглоомын талбайд очих болгондоо харах болсон. Жаахан гэлтгүй хүүхдүүд маш сайн өөрийн дарааллаа хүлээж байх нь ч гайхалтай. Энэ нь тэр чигээрээ хүний нийгмийн тусгал байгаа юм. Харин Монголдоо хариад хүүхдээ бусад хүүхдийг хүндэтгэж өөрийн дарааллаа хүлээж хүмүүжүүлэхэд олон бэрхшээлтэй тулгарах болсон. Тэр бол хүүхдүүд биш эцэг эхчүүдийн хандлага ойлголт байв. “Энэ жаахан хүүхэд юу ойлгодог юм бэ?”, "Чи яасан сүртэй юм ярьдаг юм бэ, хүүхэд л биз дээ" гэх эцэг эхчүүд. Бараг л “миний хүү гялс хажуугаар нь түрүүлээд гулгачих“ гэх нь холгүй.

Энэ нь жижигхэн жишээ бөгөөд инээдтэй санагдаж магадгүй. Гэхдээ энэ жижиг "дарааллаа хүлээх" асуудлаас нийгэм эхэлж байгаа гэдгийг ойлгосон цагт бид ая тухтай нийгэмд нэгнийгээ хүндэлж амьдрах боломжтой гэж би боддог. Энэ удаа хоёр зүйлийн тухай онцлох гэсний нэг нь Монголын нийгмийн хөгжлийг нярай хүүхдийн хүмүүжлээс эхлэх хэрэгтэй гэсэн санаа. Нөгөө нь “хүүхэд” гэдэг ухагдахууныг шинэчлэх тухай юм. Нийгэмд бид олуулаа сайн сайхан амьдрахын тулд өөрсдийн эрхээ бас тодорхой хэмжээнд үүрэг хэлбэрээр төрд шилжүүлэн өгдөг. Гэвч бид төрөөс өнөөдөр хатуу(hard) дэд бүтцийг л голчлон авч чадах ч, зөөлөн(soft) дэд бүтэц буюу хүн хүнээ хүндлэх, иргэн хүн байх, нийгмийн ёс суртахууны хэмжээг өндөрт барьж хадгалах зөв гэр бүлийн хүмүүжил олгох асуудлыг төр шийдэж өгөхгүй. Бид хүн хоорондын ёс зүйн хэм хэмжээг өөрсдөө, өдөр тутамдаа тогтоодог билээ. Өөрөөр хэлбэл, нийгмээс авах ёстойгоо авахын тулд тогтсон шалгуур буюу ёс зүйн хэм хэмжээг өөрсдөө тогтоож тэрийгээ нялх хүүхдээсээ эхлээд сургах ёстой байдаг. Ойлгох хийх хоёрын хооронд л ялгаа байгаад байгаа хэрэг. Харин хийж чаддаг хүнийг бэлдэх хямдхан арга бол багаас нь дадуулах. Хамгийн үр дүнтэй хурдан арга буюу боловсролын ид шид….Боловсрол нь зөвхөн сургуулиар хязгаарлагдах боломжгүй. Нийгмийн боловсрол, гэр бүлийн боловсрол гээд бидний өдөр тутамд амьдарч байгаа нийгэм өөрөө боловсролын талбар билээ. Харин эцэг эхчүүд өөрсдөө хийж чадахгүй зүйлээ хүүхэддээ хэзээ ч сургаж чадахгүй тул насанд хүрсэн хүмүүсийн нийгмийн боловсролын төвшин чухал болоод ирэх нь.
Хоёр дахь асуудал бол хүүхдийн тухай ухагдахууны шинэчлэл. 18-р зууны Францын хувьсгалаас өмнө буюу орчин үе эхлээгүй үед, хүн төрөлхтөн хүүхдийг “жижигхэн том хүн” хэмээн хардаг байж ээ. Хүүхдийн тоглоом байгаагүй байсан бөгөөд хүүхдийн хувцас нь хүртэл яг том хүнийхийг жижгэрүүлсэн хүүхдийн хөдөлгөөнд таарахааргүй зүйл байдаг байсан байна. Харин хүүхдийн танин мэдэхүйн тухай сэтгэл судлалын (шинжлэх ухааны) ойлголтуудын ачаар хүүхдийг илүү үе шаттай онцлогт нь тааруулан хөгжүүлэх ухагдахуун үүссэн байдаг. Харин өнөөгийн Монголын хувьд, хүүхэд аль хүртэл ойлгож сурах боломжтой, дадал зуршлыг ээжүүд хэрхэн гэртээ олгож чадах, унтах идэх явцад хэрхэн анхаарах талаар нийгмийн төлөвшилт харьцангуй нэг ойлголтод хүрээгүй байгааг зарим зүйлүүд харуулж байна. Мэдээж өрх айл болгон өөр, хүн болгон өөр тул нэгтгэн дүгнэх нь өрөөсгөл боловч нийт массын хандлагын тухай ярьж байгааг ойлгоорой. Жишээлбэл, 0 настай хүүхдийг хэлд ороогүй гээд юу ч ойлгохгүй гэж бодох, ухаан ороогүй дээр нь хүнээр харуулаад гадаад явах зэрэг түгээмэл үзэгдэл болсон байгаа нь харамсалтай.

Сургуулийн өмнөх насанд хүүхэд эцэг эхтэйгээ байх нь цаашдын амьдралд маш чухал нөлөөлдөг.

Сургууль хүүхдийг нийгэмшүүлдэг ч сургуульд орох үедээ аль хэдийн олоод авсан тэр хүртэлх хүмүүжил, гэр бүлийн соёл нь хүүхдийн сурлагыг тогтоодог тухай судалгааны ололтууд (жишээлбэл, Pierre Bourdieu-ын ”Socila capital - соёлын капитал”-ын онол) гарч ирээд нэлээн олон жил болжээ. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөх, ямар хоолыг таалан иддэг, спортоор тогтмол хичээллэдэг гэх мэт соёлын капитал хүнийг ямар зиндаанд амьдрахыг тодорхойлох тохиолдол байдаг учир баян ядуу, анги давхаргын ялгаа арилдаггүй гэгддэг. Манай Монголын хувьд арай өөр онцлогтой боловч бид өөрсдийн амьдрах зуршил, амьдралын чанараа дээшлүүлэх нь хүүхдийн ирээдүйд нөлөөлж чадна. Эдгээрээс харахад, эцэг эх тэр дундаа олон цаг хамт байдаг хүйн холбоот ээжүүд маань хүүхдээ хэрхэн харж, хэрхэн ёс суртахууны хэмжүүрийг тогтоож, түүнийг дадал болгон хүүхдэдээ олгох вэ гэдэг нь хүүхдийн ирээдүйг тодорхойлохоос гадна нийгмийн хөгжлийн амин сүнс болдог байна.


2018. 2. 8
Г. Суурь
Боловсролын ухааны магистрантур

Сэтгэгдэл бичих

arrow icon