Нийтлэл 03 сарын 28, 2018

Тиффани дахь өглөөний цай номын тэмдэглэл

Миний бие мэргэжлийн хүн биш бөгөөд уран зохиолыг мэргэжлийн түвшинд судалдаггүй, цэвэр “уншигчийн” үүднээс номыг уншдаг гэдгийг ойлгоорой. Зөвхөн эрхэм уншигчидтай номыг хүртэн ойлгодог арга барилаасаа хуваалцъя гэж бодсон төдий. Хамгийн сүүлд уншсан номоосоо жишээ татан өөрийн бодлоо сийрүүлэхийг оролдлоо. 

1. Дүрслэлийг таашаах

Дүрслэл гэдэгт орчин байдал, хүн, хүний бодол санаа гээд өргөн ойлголтыг хамруулан үзэж болох юм. Чухам үүнээс зохиолч, орчуулагч, редактор хүний ур чадвар, уран сайхны мэдрэмж харагддаг гэлтэй. Дийлэнх уншигчид үйл явдлын огцом эргэлт, нууцлаг байдалд дуртай байдаг ч, тэдгээрийн амин сүнс болох дүрслэлээр баяжаагүй бол сүнсгүй биетэй адил. Ихэнх хүмүүс дүрслэл, өгүүлэхүйн байдал уран яруу байх ёстой хэмээн ойлгодог ч бас тийм биш. Зохиолчийн хэв маяг, мөн зохиолын өнгө аясаас шалтгаалан янз бүрээр дүрсэлсэн байж болно. Тиффани дахь өглөөний цай зохиолын тухайд Капотегийн мэдрэмтгий зан чанарыг бүрнээ илтгэжээ. Зохиол маань өөрөө үйл явдал гэхээсээ хүмүүсийн харилцаа, сэтгэлийн хөдөлгөөн, бодролыг далд байдлаар чухалчилсан шинжтэй бөгөөд зохиолч ч ажлаа сайн гүйцэтгэж, ганцаардал, айдас зэрэг хүн гээч оршихуйн сэтгэл дотор юу өрнөж болдгийг, нэгнээсээ юу хүлээж хүсдэгийг, яагаад бид ганцаараа байхыг хичээдэг ч, яг үнэндээ ганцаараа бид хэн ч биш болохыг чадмагаар дүрсэлжээ. 

2. Цаг үетэй нь холбож ойлгох

Мөнхийн сэдэв гэж байдаг. Мэдээж мянган жилийн өмнө хүмүүс бие биедээ хайртай болж, уурлаж, тунирхаж, үзэн яддаг л байсан байж таарна. Гэхдээ цаг үе, нийгмээ дагаад дээрх процесс бүгд өөрөөр илэрдэг. Сайн зохиол цаг үеийн байдлаа сайн гаргадаг бол сайн уншигч тухайн цаг үеийг нь сайн ойлгодог байх ёстой. Зохиолын маань үйл явдал 1943 онд өрнөдөг. Холли Гөүлайтлигийн дүрийг ойлгохын тулд тэр үеийн Америкийн нийгмийг ойлгох хэрэгтэй. Их хямралын үед буюу 30-аад оноос өмнө эмэгтэйчүүд ажил хийх эрхгүй, зөвхөн гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгэдэг байлаа. Их хямралын үед эмэгтэйчүүд ажил хийх эрхтэй болсон ч цалин хөлсний ялгавартай байдал, ажлын цаг урт, нэг үгээр бол эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг шулж байв. Дайны үеийн нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг роль өссөн ч гэлээ, ялгавартай байдал хэвээр, хуучин үзэл амь бөхтэй оршсоор л байсан гэдгийг Холлигийн дурсан ярьж буй хүүхэд ахуйгаар, учир мэдэхгүй өсвөрийн охиныг эхнэрээ болгон авсан эрийн дүрээр гарган харуулжээ. Ийм бурангуй нийгэм дэх эмэгтэйчүүдийн дуу хоолой, нэг талаараа тэрхүү нийгмийн золиос, нөгөөтэйгүүр эрчүүдийн ертөнцөд өөрийнхөөрөө байж чадсан эрх чөлөөт эмэгтэй бол Холли Гөүлайтли. Олон хүмүүс Холлиг хөнгөмсөг эмэгтэй, муухайгаар хэлбэл биеэ үнэлэгч гэж нэрлэдэг ч тэр цаг үеийн талаар эргэцүүлж үзвэл зөвтгөж болох талтай юм. Өдрийн 16 цаг сунаж унатлаа ажиллах уу, амар хялбар аргаар мөнгө олон сэтгэл амар суух уу гэдэг нь цагаа тулбал хэцүү л сонголт байдаг байх. Тиймээс Тиффани дахь өглөөний цай зохиолыг феминизмийн дуу хоолой гэж үзэж болох нь. 

3. Симболизм, зүйрлэлийг сайн анзаарах

Симболизм ашигласан зохиол бүрийг сайн гэж болохгүй ч, сайн зохиол бүгд симболизм, аллегор зэргийг ашигласан байдаг. Зохиолчийн санаа илэрхийлэх хамгийн уран арга нь энэ бөгөөд уншигчийг эргэцүүлэн бодохыг шаарддаг. Энэхүү зохиолд ч мөн адил симболизмыг хэд хэдэн газар, нилээн шууд утгаар ашиглажээ. Юун түрүүнд нүдэнд туссан хэдийг доор жагсаав. 
Холлигийн нүдний шил – дотоод ертөнцөө бусдаас нуухыг эрмэлзсэн, сэтгэлээ дотно нээхээс зайлсхийдгийг илтгэнэ.
Шувууны тор – Холли эртний эдлэлийн дэлгүүрээс шувууны тор авч би хүүрнэгчид бэлэглэдэг ч, өөрөө “аливаа нэг хэв журамд баригдан, торонд байхыг үзэж чаддаггүй нэгэн”. 
Муур – Холли муур тэжээдэг ч, эзэн нь байхыг хүсдэггүй, нэр ч өгдөггүй, чухамдаа хэн нэгэн өөр нэгэн хүнд харъяалагдах ёсгүй гэсэн санаатай. Сүүлд Холли муураа танихгүй гудамжинд үлдээдэг ч, гэнэт алдаа хийснээ ухааран буцаж хайдаг, их айдаг нь Холлигийн амьдралыг ч давхар бэлгэдсэн байх магадлалтай. 
Тиффанигийн үнэт эдлэлийн дэлгүүр – Амар амгалан оршиж болох ганц газар, тэнд өглөөний цай уух нь Холлигийн мөрөөдөл нь. Холлигийн шуугиан дуулиант, учир утгагүй мэт амьдралыг нь, мөн түүнээс зугтан оргонох газар хайж байгаа бяцхан охиных мэт сэтгэлийг нь харуулж байна. 

4. Өөрийнхөөрөө ойлгох

Миний бодлоор уншигчдад төсөөлөн бодох орон зайг нь олгодог зохиол хамгийн сайн нь. Ихэнх хүмүүс амар хялбарыг нь бодож, шүүмжлэгч, судлаач нарын бичвэрийг унших гээд байдаг гэм бий. Номыг өөрийнхөөрөө бодож, тайллыг нь өөрөө гаргах зөв буруу нь хамаагүй амттай зүйл биш гэж үү? Капоте өөрөө ижил хүйстэн байсан бөгөөд уг зохиолоо өөрийн амьдралаас сэдэвлэн бичсэн гэж судлаачид үздэг. Тэдний үгэнд итгэх юм бол Холли өгүүлэгч хоёрын харилцаа бол цэвэр нөхөрлөлийн шинжтэй. Гэхдээ би үүнийг хайр гэж бодох дуртай. Миний хувьд тэр нь хайр байж гэмээ нь л зохиол утга төгөлдөр санагдаж байгаа бол бусад хүмүүсийн үзэл хэнд хэрэгтэй гэж?

Хатантөмөр Болдбаатар

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon