Цаазын ял, Сирийн дайн хоёр  ямар хамаатай юм бэ гэж үү?

Зуун зуун дамжин агуа сайхнаараа гайхагдаж  ирсэн алдарт “1001 шөнийн үлгэр” чинь харах өнцгөө солиод сонсвол аймар түүх л дээ. Хатандаа нэг хууртсан хаан Шахриар  шөнийн нэг онгон бүсгүйг хатнаар авч өглөө нь хороодог болтлоо эмэгтэйчүүдэд хорсдог.  Үүнийг нь ухаант Шахерезада бүсгүй  1000 шөнө үлгэр хэлж илааршуулснаар  хатан суудаг тийм түүх. Нөгөө талаас, шөнийн нэг үзэсгэлэнт хатны амь гэдгээс Арабын ертөнц хэчнээн баян тансаг, халгиж цалгиж байсныг харж болно.  Өнөөгийн Сирийн нийслэл Дамаск хот уг цоморлигт ийнхүү бичигдэж үлджээ:

 “Дамаскт ирээд энэ хотыг эмжсэн гоёмсог цэцэрлэгүүдээр хэд хоног зугаалсны эцэст диваажин дунд оршдог гэгдэх суу алдар нь үнэн болохыг баталж мэдэв. ”

Эд агуурс, эрдэнийн чулуун чимэглэлт орд сууц,  үзэмжит сайхан цэцэрлэгүүд нь үлгэр домогт мөнхрөн үлдсэн энэ хот гэхдээ зөвхөн арилжаа наймаа, зугаа цэнгээний төв байсангүй. Дэлхий дахин өнөөдөр араб тоо бичдэг. Алгебр, Хими гэх үгс ч араб хэлнээс гаралтай.  Мусалмены халифатууд долоо, наймдугаар зуунаас огцом хүчээ авч, Испаниас Ази хүртэлх өргөн уудам газар нутагт эртний Грек, Египет, Загалмайтан, Араб, Ази соёлыг нийлэгжүүлсэн их гүрэн улс байгуулсан.  Дамаск бол дэлхий дахинд тооцоолон бодох, анагаах ухаан, философи, шинжлэх ухааны асар их өв өвлүүлж, хүн төрөлхтний оюун санааг хэдэн шат өргөж үлдээсэн халифатын нийслэл байсан тийм хот.

Энэ бүхнийг дурдахын учир нь олон жил иргэний дайн, риалполитикт талхлуулж буй энэ улсын сууринд хүний түүхийн хамаг ололт амжилт, хөгжил цэцэглэлтийн түүх булагдаж буйг сануулах зорилготой.  Дэлхийн түүх гэмээ нь үргэлж урагшлан хөгждөггүйг өнөөдөр Дамаск хотын нурангиас харж болохоор болжээ.  Тэгээд түүх хэрвээ ухарч нүүвэл, тусгаар тогтнол маань  хэрвээ риалполитикын  бай болж ирвэл бид яах билээ? Бидний монголчуудын хувьд Сирийн дайн хаа нэг өрөвдөж, эсвэл юу нэг шог бичиж суух сэдэв ердөө ч биш болох талаар хэдэн зүйл.  

Нэгдүгээрт, өөртөө л найд. Олон улсын харилцаанд чамд найз гэж байхгүй.  Цагаа тулахад хэн ч чамайг бодохгүй, хэн ч чамайг аврахгүй. Их гүрнүүдийн ашиг сонирхол, түүнээс үүдэлтэй дайн хуульчлагдаж амжаагүй.  Хуульчлах оролдлогын хамгийн том бэлэг тэмдэг  НҮБ-д  ч албан ёсоор хамгийн эртний, хамгийн үнэтэй өв соёлд бүртгэсэн хотоо  хамгаалчих хүч байхгүйг бид өнөөдөр гэрчилж амьдарч байна. Өөрөөр хэлбэл, олон улс хооронд ямар нэг асуудал үүсэхэд дотоодын төр шиг зохицуулалт хийх тогтолцоо хөгжөөгүйгээр барахгүй зарим талаар ухралт харагдах болов (риалполитик эргэн сэргэх тухай энд бичиж байсан).  Монголчууд цаашид өөрсдийн толгойг ажиллуулж, өөрсдөө хөлсөө урсган хөдөлмөрлөж бодит хүчтэй болохгүй бол их хүчнүүдийн тоглоомын дүрэм нэг өдөр өөрчлөгдвөл онгон байгаль, их түүх энэ тэрийг чинь хэн ч хайрлахгүй. Эх орон, төрсөн гэрээсээ дүрвэж яваад эрэгт хаягдсан бяцхан хүүгийн цогцос Трамп, Путин хоёрын хэнд нь ч падлийгүй байгаатай адил.  

Хоёрдугаарт,  нэгдмэл бай.  Эрх биш тодорхой хэмжээнд хуульчлагдсан олон улсын эрхзүйд зөв дайн just war, дайны зөвтгөл war justification  гэх ойлголт бий. Дайны хамгийн том зөвтгөл дотоодын хагарлаас гардаг. Дотоодын хагарал нь нэгдүгээрт улстөр эдийн засгийн хувьд Венесуэл шиг төрийн инстүүц сулын дээр байгалийн баялаг ихтэй орнуудад, хоёрдугаарт Сири, Украин шиг шашин, үзэл суртлын зөрчил ихтэй орнуудад гүнзгийрч, энэ нь эсрэгээрээ их гүрнүүдийн оролцоонд зөвтгөл үүсгэдэг хэв маяг бий.  Бид улстөр эдийн засгийн хувьд Венесуэлийн араас шааригдаж, хэдэн толгой тойроод хэдэн жил хэдэн бүлэг болон хэрэлдэж яваагаа энд давтан нуршимгүй. Шашин, үзэл суртлын хувьд яалаа? Монголын ганц давуу тал: indigenous people буюу казах түмнийг эс тооцвол нэг үндэстнээс бүрдсэн соёл уламжлалын хувьд нэгдмэл төрт улс ховор. Ийм өгөгдлөө  хужаа монгол зэргээр хуваан бутаргаж УТ хийгсэд ба тэдний жийпэнд арц уугиулахаас өөр шидгүй шашны тэргүүнүүд монголчуудын сүсэг бишрэлийн оронзайг хэний гарт эзгүй орхиж, оюунсанааны нэгдэл дээр ямар гээчийн сангас унагаж яваагаа санаж сэрэх цаг уг нь болсон. Хагарлаас хэн хождогийг харуулах бэлээхэн хичээл нүдэн дээр чинь өрнөж байна.

Нэмээд хэлэхэд их түүх, үндэсний ялгарлаа өөрсдөө дэлхий дахинд идэвхитэй түгээж, дүрээ бэхэлж явахгүй бол нэгэн цагт хүмүүнлэгийн их өв бүтээж үлдээсэн исламын шашны имиж өнөөдөр өөрсдийн дотоод зөрчил ба олон улсын хэвлэл мэдээлэл, үзэл суртлын машинд эргэсээр алан хядагчдын шашин, хүмүүнлэгийн атаат дайсан болж шалдаа буугаад байна. Энэ нь ч дайны зөвтгөлд хэрэг болдог. Юутай даажинтай!  PR matters!

Гуравдугаарт, зөвхөн либерал дүрмээр тогло. Либерал дүрмээр тоглох гэдэг нь энгийндээ бол барьж зодох ямар ч зөвтгөл өгөхөөргүй байхыг хэлж байна. Ангид бүгдтэй эвтэй найрсаг, шударга харилцдаг сурагчийг  ямар ч атаман шууд барьж аваад зодоход хэцүү байхтай агаар нэг юм. Өмнө нь олон улсын харилцааг тодорхойлдог хоёр гол идеологийн тухай бичиж хүргэсэн. Танк байтугай тэрний ганц хадаас  ч үйлдвэрлэж чадахгүй байж хужаа нарыг барьж зодоод, риалполитик буюу хүчтэй нь хүчгүйгээ барих төрлийн тоглоомд бусдыг сөдөөд байлгүй шиг явах нь аминд өлзийтэй.  Нэн ялангуяа төр тэргүүлж буй Ерөнхийлөгчөөс хөрш улсууд ба Европын Холбоо зэрэг power хүчнүүдтэй чармайн хөгжүүлж ирсэн найрсаг харилцаанд сэв суулгах үг хэлэх, олон улсын гэрээ цуцлах хууль оруулах гэх мэт дураар авирлаж байгаа нь урт хугацаандаа тусгаар тогтнолын хамгаалалт болох учиртай олон талт гадаад харилцаанд маш уршигтайг дээр дооргүй анхаармаар байна. Дипломат харилцаа бол хэл, спийч. 

Тэгээд эхэнд асуусан асуулт. Сая саяараа эх орноо орхин дүрвэж буй  Сирийн ард түмний зовлон бидэнд падлий байна уу?  Цаазын ял ба Сирийн дайнд ямар нэг хамаа байна уу?

Хамаатай, хамгийн их хамаатай гэдэг чинь тэр. Ийм аюул зовлонгоос хол ирээдүйн төлөө олон улсын өмнө либерал  ардчилсан тоглогч болохын хувьд Монгол Улс хэдэн том дэвшил гаргасны нэг нь цөмийн зэвсэггүй орны статус ба цаазын ялыг халсан явдал, парламентын засаглал байлаа. Цөмийн зэвсгийн хувьд их гүрнүүдээс гадна Иран, Хойд Солонгос гэх мэт коммунист болон риалполитик хэрэгжүүлдэг орнууд гадаад харилцаандаа хөшүүрэг болгож ашиглаж байна. De facto их гүрэн биш хэрнээ цөмийн зэвсэг бүхий риалполитик  хэрэгжүүлэх нь  худалдааны санкц зэрэг дотоод эдийн засгийн чадамжид дарамт учруулж, ард түмний амьдралд тусдаг.  Нөгөө талаар цаазын ялыг халах нь үүний нөгөө туйл буюу хүмүүнлэг ардчилсан нийгмийн статусын суурь нь болдог.  Яагаад? гэж гайхах хүн гарах нь дамжиггүй.  Хууль зүйн хувьд цаазаллаа гээд гэмт хэргээс сэргийлдэггүй, үзэл хандлагын хувьд хэний ч эрхэм чанарыг хүлээн зөвшөөрсөн утгаараа цаазын ялыг хамгийн хүмүүнлэг зорилгоор халдаг учраас.

Тиймд монголчууд бид агаараар пуужин харваж, газраар танк оруулах хэмжээнд риалполитик тоглох ямар ч de facto эдийн засаг, цэрэг зэвсгийн чадамжгүй жижиг улсын хувьд энэхүү либерал туйлаас эргэж хургаж, олон улсын коммюнитигийн өмнө амласан амнаасаа  буцаж, буцахын тулд их хүчнүүдийг элдвээр хэлж суух нь ямар их харалган, ямар их тэнэглэл гэдгийг төрийн бодлогын түвшинд ч, иргэдийн хувьд ч том агуулгадаа ойлгомоор байна. Алдаж оносон  ч парламентын засаглалаас эдгээр дэвшил төрж, ард түмнээс сонгосон нэг хүнээс эдгээрийг цуцлах алхам гарч байгаа нь ч цаашид Үндсэн Хуулийн өөрчлөлт хааш чиглэх ёстойг сануулж буй шар гэрэл.

Ямар дэлхийд ямар тоглогч ямар дүрмээр тоглох ёстойг цаг үе, олон улсын харилцааны агуулгад эрүүл ухаанаар харж явахгүй бол  диваажинг там болгож хувиргах хүч түүхийн гарт байдаг юм шүү ялсан монголчуудаа, худлаа гэвэл Дамаскыг хараарай.

 

 

 

 

 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3252

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%