Нийтлэл 04 сарын 17, 2018

Н.Жаргалцэцэг: НӨАТ-ын баримт олгоогүй хувь хүнийг 150 мянга төгрөгөөр аж ахуйн нэгжийг 1.5 сая төгрөгөөр торгодог

Манай улс 2016 оноос эхлэн нэмэгдсэн өртгийн албан татварыг олгож эхлэн өнгөрсөн оны байдлаар 88 мянга гаруй бизнес эрхлэгч НӨАТ-ын баримтын бүртгэлийн системд холбогджээ. Энэхүү татварын системд худалдаа эрхэлж байгаа бүх аж ахуйн нэгж, хувь хүн заавал нэмэгдсэн өртгийн албан татварыг олгох хэрэгтэй. Харин НӨАТ-ын баримт олгоогүй тохиолдолд хувь хүнийг 150 мянга, аж ахуйн нэгжийг 1.5 сая төгрөгөөр торгож байгаа юм.  

Гэхдээ хуулийг үл ойшоож НӨАТ-ын баримт өгдөггүй бизнес эрхлэгчид чамгүй олон байна.  Тухайлбал  хүмүүсийн хамгийн их үйлчлүүлдэг томоохон зах, худалдааны төвүүдэд бизнес эрхэлдэг хувь хүн, аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын баримт  хэвлэх машинтай байсан ч ямар нэг шалтаг тоочин баримт өгдөггүй.

Тодруулбал Нарантуул захын хувьд өргөтгөлийнх нь түрээслэгчдийн 70 орчим хувь нь НӨАТ-ын баримт хэвлэх боломжтой ч өгдөггүй. Мөн Барс 1 худалдааны төвийн ихэнх лангуу НӨАТ-ын баримт хэвлэгч машинтай боловч заавал нэхэж авахгүй л бол барим өгдөггүй гэдгийг иргэд хэлж байлаа.

Тэгвэл энэ мэт НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа аж ахуй нэгжүүдэд ямар арга хэмжээ авдаг талаар ТЕГ-ын татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Н.Жаргалцэцгээс тодрууллаа.

НӨАТ-ын баримт өгөөгүй бизнес эрхлэгчдэд эхний ээлжинд шаардлага хүргүүлж, 14 хоногийн дотор баримт хэвлэх төхөөрөмж авч, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг сануулдаг. Шаардлагыг биелүүлээгүй бол эхний удаа хувь хүнийг 50, аж ахуйн нэгжийг 150 мянган төгрөгөөр торгодог. Үүний дараа ч үүргээ ухамсарлахгүй бол хувь хүнийг 150, аж ахуйн нэгжийг 1.5 сая төгрөгөөр торгох ногдуулдаг. Зарим иргэд хэвлэгч машин үнэтэй дарамттай байна гэдэг.  Хэвлэгч төхөөрөмж худалдаж авахад үнэтэй байлаа гэхэд гар утсандаа суулгах боломжтой аппликэйшн байгаа. Үүнийг  хэрэглэхэд  их хялбар. Үнийн хувьд 60-150 мянган төгрөгийн үнэтэй байдаг юм" гэсэн юм.

Мөн бид Нарантуул захын зарим худалдаа эрхлэгчдээс НӨАТ-ын баримт яагаад өгдөггүйг тодруулахад:  

М.Гэрэл: “Би ч бас амьдрах гэж ядаж яваа шүү дээ. Яг үнэндээ бол баримт хэвлэх машин аваад л баримтаа хэвлээд өгчихмөөр байдаг. Би ч ялгаагүй өөрөө энэ тэндээс юм худалдан авахад баримт нэхдэг. Тийм болохоор баримт өгдөг болохыг хичээж байна. Гэхдээ яг үнэндээ боломж болохгүй байна шүү дээ. Ялангуяа хүнсний ногоо, жимс жимсгэнэд НӨАТ өгөх үнэхээр хэцүү”.

Ч.Лхамсүрэн: "Манай зах саяхнаас л баримт өгдөг болж байна. Иргэд нэг их нэхдэггүй болохоор тоодоггүй байсан. Одоо харин хүмүүс баримт гэж шаардах болж. Удахгүй хэвлэх машинтай болно".

Б.Уянга: "Тухайн хүний эрхэлж буй бизнессээс л шалтгаалах юм шиг санагддаг. Тийм ч ашигтай биш хүмүүс тогтмол авахгүй. Сардаа нэг хоёр, заримдаа бүр жилдээ нэг авдаг эдлэл зардаг тэгээд дээр нь лангуугаа түрээсэлдэг хүмүүст тэр бүр  үнэтэй хэвлэх машиныг авах шаардлага байхгүй шүү дээ".

Худалдаа эрхлэгчдийн зүгээс өөрсдийн боломжоороо хэвлэх машин авч НӨАТ-ын баримт өгдөг болно гэж байгаа боловч цаг хугацааны хувьд нэлээд сунжрах бололтой. Уг нь нийслэлийн хэмжээнд нийт 196 зах, худалдааны төвүүд үйл ажиллагаа явуулж байгаа. Үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн аж ахуйн нэгжүүдийн 42 хувь нь өнөөдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварыг олгодог. НӨАТ-ын баримт олгохгүй байгаа иргэд аж ахуй нэгж байгууллагуудад удаа дараа шаардлага хүргүүлсэн ч шаардлагыг хүлээж авалгүй өдийг хүрсэн.  Энэ оны эхний 4 сарын байдлаар гэхэд л худалдаа эрхэлдэг нийт 305 хувь хүн аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлсэн ч шаардлагыг хүлээж аваагүй хэвээрээ л байна. 

Сэтгэгдэл бичих

    • Ундрах
    • 2018-05-14

    Жимс ногооны худалаачид хэзээ ч НӨАТ баримт өгч байгаагүй. Мөн цайны газрууд байна, зөндөө газар байнга элдэв асуудал тоочдог, сүлжээ тасарчихлаа, цаас дуусчихлаа, эсвэл ямар нэг асуудал тоочдог. Ер нь ямар газрууд өгөх ёстой байдаг, НӨАТ бас 10% бичихгүй хэвлээд өгөх юм... Зөвхөн сугалаатай баримт авмааргүй байна...

    • zochin
    • 2018-04-18

    horoolold baigaa belen huvtas zardag Bozooloi gedeg delguur mash ih guilgeetei 3 hun mungu huraadag yamar ch kacc bhgui eniig anhaaraldaa avaach iim tom delguur ulam urgujuud bdag getel barimt ugduggui Bayan gol duurgiin tatvariih gazar anhaaraach 2 jil medehgui bhuu

    • зочин
    • 2018-04-17

    Экстра дэлгүүр хүнснээс бусад бараандаа нөт авчихаад баримтыг нь кассан дээрээ өгдөггүй, нягтлангаас ав гэж загнадаг. Их удаж байна даа,

arrow icon