Нийтлэл 04 сарын 24, 2018

Хог дахин боловсруулах үйлдвэрийн асуудлыг түргэвчлэх шаардлагатай байна

Нийслэлчүүд амралтын өдрөөр их цэвэрлэгээ 90 минутад нэгдэж Улаанбаатар хот хогоосоо салсан. Гэвч цэвэрлээд хоёр ч хоноогүй байхад хотын гудамжаар хуванцар сав хөглөрөөд эхэлсэн байна. Энэ нь урд хөрш хуванцар авахаа больсонтой холбоотой гэдгийг хоёрдогч түүхий эд авах цэгийнхэн хэлж байна.

Хоёрдогч түүхий эд авах үйлчилгээ эрхлэгч Ц.Гантөмөр

Би 2002 оноос хойш хоёрдогч түүхий эд авах цэгийг ажлуулж байна. Монголд хуванцар сав авах үйлдвэр байхгүй учир хятад руу гаргадаг. Анх хуванцар сав авч эхлэхэд 300-500 төгрөгөөр авдаг байсан. Одоо бол 100 төгрөгөөр ч бараг авахгүй байна.  Хэдхэн хятууд ирээд 100 төгрөөгөөс дээш нь авахгүй гээд л үнээ барьчихдаг.  Манайд үүнийг боловсруулах үйлдвэр байх биш хятуудад л өгч байна. Тэгэхээр  тэд давраад улам л хямдхан авдаг. Ингэхээр хүмүүс хуванцар сав түүхээ ч больж зүгээр л хог болж хэвтсээр л байна.

Ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг 200 гаруй цэг байдаг. Үйлдвэр комбинатад байрладаг энэ цэг л гэхэд 10 орчим жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд иргэн Гантөмөр өөрөөсөө гадна 3 иргэнийг ажлын байраар хангаж, цалинжуулдаг гэлээ. Гэхдээ үүнээс хэд дахин олон хүний өдөр тутмын амьдрал энэ цэгтэй салшгүй холбоотой байдаг.

 Их цэвэрлэгээнд нэгдсэн Улаанбаатарчууд хотоо урьд байгаагүйгээр цэвэр цэмцгэр болгосон. Гэвч хоёр хоногийн дараа их хотын гудамж ундааны савтай нөхөрлөж байна. Нэг үе хуванцрын үнэ нэмэгдэж 500 төгрөгийн ханшнаас илүү гарч байсан ч өнөөдөр арай л гэж 100 төгрөг хүрч байна. Бидний ирсэн энэ түүхий эд авах цэгт өдөрт дунджаар 1 тонн хог хаягдал ирдэг. Өдөртөө ачуулаад илүү том цэгт аваачиж тушаадаг. Авсан түүхий эдийг ихэвчлэн хятад руу гаргадаг юм байна.

 Улаанбаатар хот экопаркийг байгуулж, хоёрдогч түүхий эд авдаг цэгүүдийг цэгцлэх арга хэмжээ авна гэсэн. Гэхдээ ТББ болон төрийн байгууллагын энэ шийдвэр төдийлөн тэдэнд нэмэр болдоггүй.  Уг нь улсын хэмжээнд нийт 16 хог дахин боловсруулах үйлдвэр бий. Гэхдээ хуванцар авдаг хуванцар дахин боловсруулах нэг ч үйлдвэр байхгүй учир эдгээр хүмүүс яах аргагүй хямд үнээр ч болов хуванцраа тушааж амьжиргаагаа залгуулдаг байна. Эндээс харвал хөрсийг 500 орчим хордуулдаг хуванцар, шил, лаазыг түүж эх орондоо хувь нэмрээ оруулдаг тэдний амьдралд Монголын төрийн бодлогоос илүү урд хөршийн шийдвэр шууд нөлөөлдөг нь харагдаж байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon