С.Бадрал: Монгол Улсын гадаад бодлогын алтан аргамжааг богиносгож болохгүй

Ерөнхийлөгч Х.Баттулгаас Монгол Улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага дахь ажиглагчийн статусаа шат ахиулах санаачлага гарсантай холбогдуулан олон нийтийг хамарсан хэлэлцүүлэг өрнөж байна. Тус асуудлаар Ерөнхий сайд М. Энхсайхан, Р. Амаржаргал нарын гадаад бодлогын зөвлөх, ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар ажиллаж байсан ахмад дипломатч С. Бадралтай ярилцлаа.  

Олон улсын, бүс нутгийн нэгдлүүд тодорхой зорилгын дор байгуулагддаг. ШХАБ ямар зорилготой байгуулагдаж, ямар үр дүн гаргаж ирсэн нэгдэл вэ?

Товчхондоо ШХАБ анх 1996 онд “Шанхайн Тав” нэртэй байгуулагдахдаа оролцогч орнуудын хил орчимд цэргийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, хил орчмын цэргийн хүчний тоог багасгах зорилго тавьсан байдаг. Угтаа бол Исламын хэт даврагсдын өдөөн хатгалгаар ямар нэг үл ойлголцох байдал үүсч, хил орчимд будилаан, зэвсэгт мөргөлдөөн гарахаас сэргийлэх үүрэгтэй байж. 1997 онд ШХАБ-ын хүрээнд ОХУ, БНХАУ-ын удирдагчид дэлхий “олон туйлт” байх ёстой гэж тунхагласан.

Эндээс харвал ШХАБ нь дотогшоогоо бол Дундад Азийн орнуудыг Орос, Хятад хоёр талаас нь хашиж, тэндээс терроризмын аюул занал гаргуулахгүй байх, гадагшаагаа бол АНУ тэргүүтэй барууныхныг сөргүүлэн ажиллах шинэ туйл бий болгох үүрэг хүлээсэн байгаа юм. Өнгөрсөн хугацаанд ШХАБ нэг хэсэг улсын бүлэглэлээс олон улсын байгууллага болж, гишүүн орны тоо 6-гаас 8 болж өргөжсөн, дан цэрэг-аюулгүй байдлын чиглэлтэй байснаа одоо бүх чиглэлийн салбарыг хамарсан зорилготой болсон байна.

Байгууллагаа тэлэх, гадаад харилцаагаа өргөтгөн бэхжүүлэх, гадна талдаа хүлээн зөвшөөрүүлэх тал дээр төвлөрч ажилснаас биш яг эдийн засгийн үр өгөөжтэй хийсэн ажил юу байгааг мэдэхгүй байна.

ШХАБ-д ажиглагч гишүүний статутаас жинхлэх болсон шалтгааныг энэ байгууллагад Энэтхэг улс элссэнтэй холбож тайлбарлах талууд байна. Энэтхэг улс элссэнээр энэ байгууллагын бүс нутагт гүйцэтгэх үүрэг хэрхэн өөрчлөгдөнө гэж үзэж байна вэ?  

Миний бодлоор Энэтхэг улс нэг их ач холбогдол өгөөд л орчихсон хэрэг биш байх. Хятад Пакистаныг, Орос Энэтхэгийг оруулах сонирхолтой байсан, тэр хоёр хоорондоо зөрчилтэй гэх энэ хайчин дунд л элсчихсэн болов уу. Энэтхэг, Пакистан хоёр ШХАБ-д орсноор байгууллагын үйл ажиллагаа сайжрах биш, харин ч бүр ээдрээтэй болох магадлалтай. ШХАБ-ын Дүрмээр бол асуудлаа санал нэгдэж шийдэж байх журамтай юм билээ. Тэгэхээр нэг улс л эсэргүүцвэл асуудал шийдэгдэхгүй гэсэн үг. Ийм нөхцөлд шийдвэр гаргах чадвар нь багасна, эсвэл их мөлгөр шийд гарах болоод байгаа юм. 

Та Монгол Улсын гадаад бодлогын алтан аргамжийг зарж идэх гэж байна гэж хэлсэн байсан. Энэ алтан аргамжийг уншигчдад энгийн ойлгомжтой тоймлож өгвөл?

Алтан аргамж гэж нэр томьёо яаж гарч ирсэн, ямар утга агуулгатай юм гэдгийг эрдэмтэд судлаад л, санал онол дэвшүүлээд л явдаг юм билээ. Би зүгээр өөрийн ойлголтоор л тайлбарлая. Аргамж бол амьтан, малыг зохих хүрээнд холдуулалгүй барьж байх хэрэгсэл. Энэ утгаараа гадаад бодлого бол хууль тогтоомжийнхоо хүрээнд л хөдөлж байх ёстой гэсэн санаа байх шиг байгаа юм. Энэ аргамж нь алтан болоод ирэхээр юу болох вэ? Алт бол их уян хатан, цувьж сунгахад маш урт болж чаддаг онцлог металл. Тэгэхдээр алтан аргамж бол сунах газраа сунаж, агших газраа агшиж байх уян хатан чанартай байх ёстой л гэсэн үг гэж бодоод байгаа юм.

Тийм учраас бид энэ алтан аргамжийнхаа хүрэх холд хүрч, тэр тойрог дотроо ажиллах гадаад бодлоготой байх ёстой юм. Манай улсын гадаад бодлого өдий хүртэл тийм л явж ирсэн. Одоо харин ШХАБ-д элсвэл, аргамжаа богиносгож, алт биш  болгох болоод байна. Өөрөөр хэлбэл, алтан аргамжны хэрэггүй болох биз.

Одоо харин ШХАБ-д элсвэл, аргамжаа богиносгож, алт биш болгох болгох болоод байна. Өөрөөр хэлбэл, алтан аргамжны хэрэггүй болох биз.

Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр "Нэг бүс" санаачлагад багтах, эдийн засгийн коридор, эсвэл эрчим хүчний хэлэлцээр хийх гэх мэт эдийн засгийн шинжтэй арилжааны улмаас гишүүнчлэлээр элсэх сонирхолтой байгаа бололтой. Богино хугацааны эдийн засгийн ололтыг дагалдах урт хугацааны эрсдэлүүд юу байж болох вэ? 

Хятадын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Хятад-Монгол-Орос гэсэн гурван орныг дамнасан эдийн засгийн коридор байгуулах асуудал яригдаад удлаа. Хөдөлсөн юм одоо болтол алга. Монгол өөрөө бодлогоо гаргаагүй, ТЭЗҮ боловсруулсан бол түүнийгээ ил гаргаж тавиагүй. Орос, Хятад хоёр бас удаан хөдлөөд байгаагийн цаад сэдэл нь юу бол гэх асуулт гарна даа. Манай улс төр-эдийн засгийн бүлэглэлүүд эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтаас ашиг хонжоо унагахын төлөө ажиллаж байгаа нь ойлгомжтой. Энэ коридор байгуулахад шаардлагатай 50-60 тэрбум долларын хөрөнгө оруулалт хэн хүний хорхойг хөдөлгөж л байгаа. Тэгэхээр “та нар хөрөнгө оруулалт авъя гэвэл ШХАБ-д элс” гээд Орос, Хятад хэлчихсэн байх боломжтой.

Эдийн засгийн коридор байгуулах ажил эхэлбэл мэдээж эхний 5-10 жилд манай улс төр-эдийн засгийн бүлэглэл маш их мөнгө хийх байх л даа. Гэхдээ тэр их хөрөнгө оруулалт манай улсад зээл болон үлдэнэ. Одоо бараг 30 тэрбум  доллар хүрч байгаа манай гадаад өр ойрын 10-15 жилд дахиад 30 тэрбумаар нэмэгдэж магадгүй юм.  Уг нь эдийн засгийн коридор байгуулах нь улс орны эдийн засагт ашигтай. Гэхдээ бид өөрийн гэсэн бодлогоор, зээлийн эх үүсвэрийг дан ганц Хятад, Орос гэлгүй олон эх сурвалжаас аваад явбал ганц нэг улсаас хамааралтай болохоос сэргийлж чадах юм.

Бидний олон тулгуурт гадаад бодлого гэж яриад байдаг маань ийм зорилготой юм шүү дээ. Уул нь ШХАБ бол эдийн  засгийн коридор байгуулахад огт хамаагүй байгууллага байгаа юм. БНХАУ “Бүс ба Зам” санаачилгаа хэрэгжүүлэх шал өөр, тусдаа механизмтай. Бид л муу ажиллаад тэр механизмыг ашиглаж чадахгүй явсаар нэг иймэрхүү ацан шалаанд орчихоод байх шиг байна.

Хүмүүс Ц. Элбэгдоржийн гаргаж тавиад байсан “Байнга төвийг сахих” санаачилгыг зөв байж гэх болоод байгаа. Одоогийн өнцгөөс харахад энэ зөв алхам байсан уу? 

Зөв байсан гэж бодохгүй байна. Төвийг сахивал бид ганц Орос, Хятад гэлтгүй, бүх дэлхийгээс зайгаа барина аа гэсэн үг. Тэгэхээр хоёр хөршдөө хаалт тавих гээд нөгөө “жоомоо алах гээд байшингаа шатаачих” шиг юм болж болохгүй биз дээ. Манай гадаад бодлого бол тун их нарийн, торгон тэнцвэр дээр явж ирсэн. Бид том гүрнүүдийн дунд үнэндээ сиймхий ашиглан, ашиг сонирхлоо ахиулж явдаг. Үүний тулд, маш нарийн мэдрэмжтэй, мэдлэгтэй, ухаалаг ажиллах шаардлагатай. Түүнээс биш ухаан гаргахаас залхуурсан маягтай нэг гэрт өөрийгээ түгжихэж болохгүй л дээ.

 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4467

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%