Нийтлэл 06 сарын 07, 2018

Үе тэнгийн дарамтад өртдөг хүүхэд өөрөө дарангуйлагч болох магадлал өндөр

Хүний амьдралын нэг мөчлөгийг л өсвөр үе гэдэг. Өөрөөр хэлбэл, хүүхэд наснаас насанд хүрсэн хүн рүү шилжих шилжилтийн үеийг хэлнэ. Энэ үед тухайн хүүхдэд сэтгэлзүй, бие махбод болон нийгмийн талаас маш олон өөрчлөлт гарч байдаг. Бие махбодын өөрчлөлтийг хүн бүр л мэднэ. Гэтэл сэтгэлзүй, нийгмийн талаас ямар өөрчлөлт гардаг вэ гэдгийг төдийлөн мэддэггүй. Тухайн хүүхэд насанд хүрсэн хүн болж төлөвшихийн тулд нийгэмтэйгээ, бусадтайгаа хэрхэн харилцах ёстой, яаж зөв хандлага, төлөвшлийг олох талаар ярьдаггүй. Үүний улмаас хүүхдүүд сэтгэл зүйн ямар нэгэн өөрчлөлттэй байдаг байна. Тэгвэл өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн байдал нийгмийн зүгээс ямар дарамт шахалт ирдэг, хүүхдүүд чухам яагаад сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай болоод байгааг энэ  асуудлуудыг яаж шийдэх тухай дараах мэдээллийг бэлтгэлээ.

 “Монгол Өрх” сэтгэлзүйн хүрээлэнгээс нийслэлийн 11-17 насны 8461 хүүхдийг хамруулан сурагчдын сэтгэлзүйн хямрал ба зан төлөвийн тулгамдсан асуудлыг эрт илрүүлэх, эрсдэлтэй хүүхдүүдэд сэтгэлзүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор судалгаа хийхэд судалгаанд оролцсон өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай гэж гарчээ.

Өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай байна.  

 Сэтгэл зүйч Ч.Лхагвадулам:  Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 10 хувь амиа хорлох үйлдэл хийж байсан

Бид нийт 20 сургуулийн 8461 хүүхдээс судалгаа авсан. Судалгаагаар 54 хувь нь  сэтгэлийн тулгамдсан асуудалтай байна . Эдгээр 54 хувийн сэтгэлийн тулгамдсан асуудалтай хүүхдүүдтэйгээ ганцаарчилж уулзаад сэтгэлийн дарамтад орох шалтгааныг тодруулахад 40 хувь нь гэр бүлийн асуудал байсан. Өөрөөр хэлбэл хүүхдүүддээ хоол тэжээлээс өөрөөр анхаарал халамж тавьдаггүй тэдэнтэй ярилцдаггүй, утаснаас өөр найзгүй болсон зэрэг ганцаардлын шинж чанартай асуудлууд байдаг. Мөн 35 хувь үе тэнгийн дарамт байна.  Үе тэнгийн дарамт нь сургууль дээрээс болон цахим орчинд болж байна.

Эдгээрээс гадна үерхэл нөхөрлөл, цахим тоглоом болон дэлгэцийн хамаарлаас болж тодорхой хэмжээний сэтгэл зүйн асуудалтай болж байна.  Мөн манай судалгаанд  хамрагдсан хүүхдүүдийн 10 хувь амиа хорлох үйлдэл хийж байсан хүүхдүүд 25 хувь нь амиа хорлох тухай бодож байсан хүүхдүүд байгаа. Эдгээр  хүүхдүүдийн голлох шалтгаан нь ганцаардал. Хэн нэгэн хүнд өөрт тулгамдаж байгаа асуудлаа ярьж ойлгуулж чадахгүй байдлаасаа болж бухимдсаар эцэстээ амиа хорлох тухай бодож эхэлдэг. Ихэнх тохиолдолд бусдыг дууриаж бусдаас үлгэр дууриалал авсан байдаг.  Хамгийн чухал нь хүүхдүүдийг сонсоод зөв зөвлөгөө өгөх хэрэгтэй байна.

Бусдыг даган дуурайх нь өсвөр насныхны  зан төлөвийн онцлогтой холбоотой. “Мансууруулах бодис гэж юу байдаг юм бол, хэрэглээд үзчих юм сан”, “Гоё мэдрэмж төрдөг гэсэн, үнэн болов уу. Би ч бас үзэх юмсан” гэх мэт бусдыг даган дуурайх өсвөр үеийнхний зан төлөвийн онцлог нь нөлөөлөөд байгаа хэрэг. Тухайн хүүхдийн өөрсдийнх нь онцлогтой л холбоотой. Эсвэл буудалцаантай кино үзээд хүн алж үзэх ч бодол төрж болно шүү дээ.

Мэдээллийн эрин зуун, цахим орчноос хүүхэд сайныг нь ч, саарыг нь ч тусгаж авч болно. Даган дуурайх нь тэдний насны онцлог учраас сайн, муу, ямар сөрөг үр дагавар гарах вэ гэдгийг мэддэггүй.  Мансууруулах бодис хэрэглэх нь сөрөг үр дагавартай гэдгийг мэдэж байсан  ч, хэрэглээд үзчих юмсан гэсэн хүсэл байгаад байдаг.

Сэтгэл зүйч С.Хишигтогтох: Үе тэнгийн дарамтад өртдөг хүүхэд өөрөө дарангуйлагч болох өндөр

Үе тэнгийн дарамтад өртдөг хүүхэд өөрөө эргээд үе тэнгийн дарамт үзүүлэх магадлал өндөр байдаг. Эндээс урьдчидан сэргийлэхийн тулд тухайн хүүхэд сул талд дээрээ төвлөрөхгүй өөртөө итгэлтэй байх, өөрийн үнэлэмж нь өндөр байх,  ялгаатай байдлыг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрдөг байх нь чухал. Бас нэг чухал асуудал бол хүүхэд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтандаа хандахад түүнийг маш сайн сонсож, сайн зөвлөгөө өгөхгүй бол хүүхэд гэдэг асуудлыг хүндрүүлж бодсоор элдэв гаж үйлдлүүдийг гаргаж эхэлдэг. Нарийвчилсан оношилгооны үр дүнд  Гэр бүлийн асуудлаас үүдэлтэй сэтгэл гутрал, зан төлөвийн өөрчлөлт, Бүрэн бус гэр бүл хойд эцэг эхийн асуудал, Хүчирхийлэл, Үе тэнгийн дарамт, Үерхэл нөхөрлөл, Цахим орчин дахь ялгаварлан гадуурхалт, Компьютер ийн тоглоом, дэлгэцийн хамаарал, хорт зуршил зэрэг асуудлаас үүдэлтэй сэтгэлзүйн хямрал зонхилон тохиолддог.

Хүүхдүүддээ хэрхэн туслах вэ

Хүүхдүүддээ өдөрт чанартай 20 минут зарцуулж байх

Хүүхдээ сонсох

Хүүхдийн хийсэн зүйлийг нь шударгаар үнэлэх

Худлаа магтахгүй байх

Насанд нь тохирсон шаардлага тавих

 Өөрийгөө хайрлахын хүндлэхийн учрыг ойлгуулах

Өөрийгөө бодитой үнэлж сурахад нь туслах

“Би чадна” гэсэн итгэл үнэмшилтэй болоход нь туслах

Сэтгэл хөдлөлөө хянах, илэрхийлэх ур чадварт сургах

Цагаа зөв зохистой төлөвлөж сурахад нь анхаарах

Амьдрах ухааны чадварт суралцуулах

Мэдээлэл техноогийн эрэн зуунд хүүхдүүдийн дундах хамгийн том  асуудлын нэг нь цахим гадуурхал. Энэ тал дээр БСШУС-ын яам онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна.  Хүүхэд, өсвөр насныхны дунд цахим орчин ялангуяа фэйсбүүкээр нэг нэгийгээ доромжлох гутаах, янз бүрийн үг хэллэг хэрэглэсэн, дарамталсан  мессэж, мэдээллийг нэг нэгэндээ өгдөг. Тэр нь хүүхдийн  сэтгэлзүйд маш том гэмтэл үүсгэдэг. Сэтгэлийн дарамт удаан хугацаагаар үргэлжилбэл, сэтгэлзүйн эмгэг болох аюултай учир хүүхэддээ бага боловч анхаарал хандуулж зөвхөн утастай найзлахыг нь бүү зөвшөөр.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon