Нийтлэл 06 сарын 14, 2018

ЧУУЛГАН: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “төлбөр гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байна” хэмээн заасан нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэснийг зөрчсөн хэмээн дүгнэсэн байна. Уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо өчигдөр буюу энэ сарын 13-нд хянан хэлэлцсэн бөгөөд цэцийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ц.Мөнх-Оргил гишүүн “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо дахин нягтлах шаардлагатай. Дээрх хуулийн заалтаас үүдэн 2017 онд 18 иргэн эд хөрөнгөөрөө хохирсон гэсэн судалгаа бий. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг хойшлуулах хэрэгтэй” гэлээ.

Гэвч хуулийн хүрээнд горимын санал гаргаж, хэлэлцүүлгийг хойшлуулах боломжгүй гэдгийг УИХ-ын дарга тайлбарлав. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзлаа.

Сэтгэгдэл бичих

arrow icon