Нийтлэл 09 сарын 10, 2018

Д.Дашдаваа: 1922-1937 оны хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Монголын 36 мянга гаруй сэхээтэн өртсөн

Өнөөдөр хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хилс хэрэгт гүтгэгтэн цаазлагдаж, хоригдсон хүмүүсийн дурсгалд хүндэтгэл үзүүлэх үеэр “Цаазлагдсан хэлмэгдүүлэгчдийн хүүхдүүд” ТББ –ын тэргүүн, судлаач, Д.Дашдаваатай цөөн хором ярилцлаа.

Сайн байна уу. Өнөөдөр бол хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Монгол улс энэ өдрийг яг хэднийнээс эхлэн тэмдэглэн өнгөрүүлэх болсон бэ?

Өнөөдөр Хэлмэгдэгсдийн өдрийг албан ёсоор 24 дэх удаагаа, албан бусаар 26 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Түүнчлэн энэ жил их хэлмэгдүүлэлтийн 80 жил, цагаатгалын тухай хууль гараад 20 жил болж байна.

Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд манайхаас хэдэн хүн хэлмэгдсэн байдаг вэ?

Одоогоор манай улсад 40 мянган хүн хэлмэгдэж, 30-аад мянга нь буудуулсан гэсэн мэдээлэл байдаг. Энэ талаар бүрэн тоо гараагүй, гарах ч боломжгүй болчихоод байгаа юм.  Жишээлбэл, Дорноговь аймагт лам нарыг баривчлаад шоронд багтахгүй байна гээд 30 хүнийг буудаж алаад багтааж байсан. Өмнөговь аймагт хэлмэгдсэн хүмүүсийг ачих машин ирүүл гэж төв рүү захиад машин нь ирээгүй байх хооронд настай болон том лам нарыг аймгийн баруун хойд жалганд аваачиж буудаж байсан гэдэг. Нийслэлд Хамбын овоон дээр мянгаад хүний гавлын яс гарч байсан. Тэр бүх алуулсан хүмүүсийг бүртгэсэн эхэх нь тодорхойгүй. Тиймээс Монголд хэлмэгдлийн үеэр хэдэн хүнийг баривчилж, хорьж буудуулж байсныг яг тоо гарах боломжгүй, баримжаагаар л 40 мянга гэж үзэж байгаа юм.

Есдүгээр сарын 10-ны өдрийг зөвхөн хэлмэгдэгсдийг дурсаж цэцэг өргөхөөс гадна хэлмэгдэгсдийн гэр бүлийн гомдлыг хүлээн авч нөхөн олговор олгодог. Энэхүү олговрыг  хуулийн хүрээнд хэрхэн зохицуулж олгодог юм бэ?

1930-1940-өөд оны үед хэлмэгдсэн хүмүүсээс амьд байгаа хүн байхгүй байх гэж бодож байна. 1996 онд манай ТББ Нийслэлийн цагаатгалын салбар комиссынхонтой ярьж байгаад нийслэл Улаанбаатар хотод амьдарч, оршин сууж байгаа хэлмэгдсэн иргэдийн үр, хүүхдүүдийн шинэчилсэн бүртгэлийг явуулахад 253 хүн бүртгүүлж байсан. Цаазлагдан хэлмэгдэгсдийн хүүхдүүд гэж 171 хүн, цаазлагдаагүй ял эдэлсэн хүмүүсийн хүүхдүүд гэж 80-аад хүн бүртгүүлж байсан. Гэхдээ манай тэр бүртгэлийг бас яг бүрэн гэж үзэж болохгүй. Яагаад гэвэл бүртгүүлсний үр дүн гарахгүй байна гээд бүртгүүлээгүй хүмүүс ч бий. Мөн хэзээ хойно ирээд манайхны нэр алга байна гээд бүртгүүлье гээд ирэх хүмүүс ч байсан учир тэр бүртгэл яг бүрэн биш юм. Нийслэлийн хэмжээнд бүртгэл явуулсан ч улсын хэмжээнд бол хийгээгүй ирсэн гэж үздэг.
Нөхөн олговрыг бол хуулийн хүрээнд “1998 онд УИХ-аас Цагаатгалын тухай хууль гарч цаазлагдсан, баривчлагдаж хоригдсон гээд бүх хэлмэгдэгсдэд тэдний ар гэрт нэг сая төгрөгийн нөхөн олговор олгож ирсэн бол энэ онд дээрх хуулийг шинэчлэн найруулж цаазлагдсан хүмүүсийн ар гэрт 80 сая, хоригдсон хэлмэгдэгчдэд 40 сая төгрөгийг улсаас олгохоор болж энэ оны төсөвт хөрөнгийг суулгаж байгаа.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon