НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: Арьсан хүрэмтэй Мадонна

Туркийн зохиолч Сабахаттин Алигийн “Арьсан хүрэмтэй Мадонна” романыг “Оршихуйн хийгээд амьдралын мөн чанарын асуудал, нийгмээс гадуурхагдаж ганцаардсан хүний дотоод сэтгэлийг тод томруун дүрсэлсэн гэж  утга зохиол судлаачид үздэг. Харин би энэ удаад зөвхөн зохиолын гол дүрүүдийн хайр дурлалын талаар товч өгүүлье. Хүүрнэлийн хувьд ар араасаа хөврөх адал явдлууд өрнөхгүй ч ямар нэгэн нууцлаг үйл явдлыг зохиолын төгсгөл хүртэл хадгалсаар байдаг энэхүү зохиолд ямар нандин хайр, тэр тусмаа эмэгтэй хүний сайхан сэтгэл, тэсвэр тэвчээрийг ямар гоёор дүрсэлдэг гэж та бодно.

 Уг зохиолын үйл явдал Туркийн Истанбул болон Германы Берлинд  өрнөж, Мариа Пүдер хэмээх германы жүүд бүсгүй, Раиф Эфэнди хэмээх турк эр хоёрын хайр дурлалын тухай өгүүлнэ.

Романы  товч

Турк улсын Анкарад Расым хэмээх залуу, өөрийн хүндлэн бишрэх болсон Райф Эфэнди хэмээх хүнтэй хэрхэн танилцсан, ямар сэтгэгдэл төрүүлж, хоорондоо санаа нийлж хэрхэн дотносох болсон талаар зохиол эхэлнэ.

Райф Эфэнди бол орчуулагч мэргэжилтэй  хэн ч үл анзаарам нас хэвийсэн эр. Гэвч түүний даруу царай, гунигтай харцанд ямар нэгэн сонирхолтой түүх бий. Расым ч үүнийг анзаарч Раиф Эфэндигээр яриулахыг оролддог байв.

Энгийн л нэг өдөр ажлаа тараад Раиф давчидсан сэтгэлээ тайтгаруулахаар алхаж явахдаа хүйтэн салхинд цохиулаад хатгаа тусаж хэвтэрт орсон үеэс зохиол жинхэнэ утгаараа эхэлнэ. Түүнд амьдралынхаа турш бичиж, тэмдэглэсэн нандин хайрын дурсамжийг багтаасан нэгэн дэвтэр бий. Гэхдээ тэр дэвтэр нандин хайрын түүх бичигдсэн байгааг түүний эхнэр , хүүхдүүд мэдэхгүй. Харин Расым болон уншигч та л тэрхүү гайхалтай хайрын түүхийг мэднэ.  Энэ хайрын түүх зохиолын  үйл явдлын эхэл ч болж зангилаа ч болж бас төгсгөл ч болсон.

Хайрын түүх ингэж эхэлсэн

Раифын бага нас дайн самуунтай тарчиг үед өнгөрсөн ч түүний аав тухай үедээ хөрөнгөтэй нэгэн байсны ачаар түүнд гадагшаа явж сургуульд сурах боломж олдсон. Тэрээр 1920-иод онд Берлинд амьдарч байхдаа галлериад нэгэн бүсгүйн зургийг харж тэр зурагт өөрийн мэдэлгүй татагдаж, өдөр бүр тэр л зургийг харах гэж үзэсгэлэнд бүхий л цагаа өнгөрүүлдэг болно. Энэ тухай зохиол дүрслэхдээ:

"Өдөр бүр, үдээс хойш тийшээ очиж, хүссэн зураг руугаа хүрэх гэж тэсэж ядсан хөлөө албадан захирч хонгил дахь зургуудыг үзэж байгаа дүр үзүүлэн алгуурхан тэнүүчлэх боловч удах төдөх юмгүй л хөл минь намайг “Арьсан хүрэмтэй Мадонна” руу чирээд очдог байв. Нэгэнт тэнд хүрсэн хойноо зургийг анх харж байгаа юм шиг нүд салгалгүй ширтэж, музей үүдээ барих хүртэл сууна. Үзэсгэлэнгийн жижүүрүүдээс гадна өдөр бүр тэр хавиар эргэлддэг хэдэн зураач намайг анзаарсан нь мэдээж. Намайг дотогш хөл тавив уу үгүй юү, тэдний царайд инээмсэглэл тодорч, уран зураг сонирхдог энэ хачин хүнийг удаан гэгч нь дагуулж харцгаана. Сүүлийн өдрүүдэд би бусад зургийг сонирхож байгаа юм шиг дүр эсгэж жүжиглэхээ ч болив. Шууд л ангийн арьсан хүрэмтэй бүсгүй рүү очиж, тэндхийн вандан сандлуудын нэгэн дээр суугаад, түүн рүү нүдээ чилтэл ширтэн суудаг болов, хааяа ядарч харж чадахаа больсон үедээ доошлуулж шал руу чиглүүлнэ.”

Раиф Эфэндийгийн Мариа Пүдэрийг хайрлаж, хамгаалж түүнд сэтгэлийг илчлэхийг оролдох тэдгээр үгсүүд хэдэн хуудсаар үргэлжлэх хэдий ч үг өгүүлбэр бүр яг л бодит амьдралыг дүрсэлж тухайн газар орны байдал, тухайн цаг үеийн хүмүүсийн хэв маяг, ааш араншинг гайхалтай сайхан дүрсэлсэн байдаг.

Ингээд Мариа Пүдер Раиф Эфэнди нарын хайр гайхалтай  сайхнаар эхэлсэн ч тэд удалгүй хагацах болов. 

Хайр ингэж төгссөн

Раиф Эфэндигийн гэрт асуудал гарч тэр гэртээ буцаж харихаар болох үед Мариа Пүдэрийн ч бие тааруу байсан. Гэвч зайлшгүй гэртээ харих болсон учир Райф гэрт харьж Мариа гэртээ үлдэхдээ дахиж хэзээ ч уулзахгүй гэдгээ тэд мэдээгүй.  Хос хоёрын хагацаж сэтгэл шимшрүүлсэн энэ хэсэгт үйл явдлын гол оньсогын суурь тавигдаж, улмаар төгсгөл хэсэгт гунигтай, харамсмаар эсвэл бүүр сэтгэл хөдөлгөм тайллаар энэ роман төгсөнө.

“Аз жаргалын гашуун дурсамж цаг хугацааны эрхэнд мартагдах ч алдсан боломж хэзээ ч санаанаас гарахгүй, санах бүрд гүн харамсал төрүүлнэ”

Амьдралд нэг хаалга хаагдаж байхад нөгөө хаалга нээгдэж байдаг гэдэг шиг. Райф Арьсан хүрэмтэй Мадоннагаа үүрд алдсан ч түүнд дахиад нэг Мадонна үлдсэн. Тэдний охин тэдний хайрын эхлэл ч байж, үргэлжлэл ч байж төгсгөл нь ч байсан.

 

 

 

 

Зургийн эх сурвалж: UB LIFE

 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2826

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
67%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 67%